| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00212/И |
| Дугаар | 00268 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 11-31 тоотод оршин суух, Хорхон овогт Р.Т/ /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00212/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Р.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1965 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1973 онд 1-р ангид орсон. 1976 онд 3-р ангиасаа сургуулиас гарсан. 1983 онд цэргийн албанд татагдаж 1984 оны 10 сард өвчний улмаас цэргээс халагдсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчин хийж байсан нэгдэл хувьчлагдсанаас хойш хувиараа мал маллаж байна.
Одоо малчин гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гарах гэж нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангид цэргийн алба хааж байгаад хээрийн сургууль дээр хатгаа аваад уушги устаад сүрьеэгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад Улаанбаатар хотын цэргийн госпиталд 45 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэх хугацаандаа 3 удаа эмч нарын зөвлөгөөнөөр ороод цэргээс халагдахгүй гэсээр байтал намайг цэргээс халсан....Ах Р.Төмөр-Очир нь 8-р анги төгсөөд Өвөрхангай аймгийн техник мэргэжлийн сургууль аваад сургуульд сурсан. Би ахтайгаа хамт цэргийн албанд явсан. Манай ах жил дарагдаж, би насандаа цэрэгт явсан. Би өвчний улмаас 1984 оны 10 сард цэргээс халагдаад мал дээр гарсан. Манай ах 3 жилийн цэргийн албыг 1986 онд хаасан. Манай ах 1986 онд цэргээс халагдаж ирээд аймгийн төвд ажилласан. Оч нэгдэлд ажиллаж байгаагүй....Миний 1985 онд ажиллаж байсныг Р.Төмөр-Очир ах дээр бичээд миний нэрийг солиод Р.Төмөр-Очир гэж бичсэн байсан.... гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Р.Т нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадын 1982, 1983, 1985-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч П.Самбуугийн “....Намайг 1975 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд агентаар ирэхэд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 3 дугаар ангид сурч байсан. Р.Т нь сургуульд дургүй, зугтсаар байгаад 3 дугаар ангиасаа сургуулиас гарч эцэг эхийн гар дээр мал маллаж байсан. Тухайн үед 15 насанд хүрсэн хүүхдүүд нэгдлийн гишүүн болж, хөдөлмөрийн дэвтэр нээж байсан. Р.Т нь 1980 онд 15 насанд хүрээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн гишүүн болж, Алаг бригадад эцэг эхийн хамт 1990 он хүртэл мал маллаж байсан. Р.Т нь 1983-1984 оны хооронд цэргийн алба хааж байгаад өвчны улмаас цэргийн албаа бүрэн хаалгүй ирж байсан. Р.Тийг аль аймаг руу цэргийн алба хаахаар явсныг мэдэхгүй байна. Р.Т нь нэгдэлд үржлийн хонь ямаа маллаж байсан....” гэх мэдүүлэг, гэрч Л.Эрхэмбаярын “....Р.Т нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн малчин Сэрүүхааны Рангаа гэдэг малчин айлд айлын 3 дахь хүүхэд болж 1965 онд төрсөн. Ээжийнх нь нэрийг Буянтогтох гэдэг ба Ховд аймгийн Манхан сумын хүн юм. Р.Т нь 1973 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын бага сургуульд элсэн орж, 3 дугаар ангид сурч байхдаа сургуулиас гарсан. Ямар шалтгааны улмаас сургуулиас гарсан талаар мэдэхгүй байна. Р.Т нь 1981 онд хөдөлмөрийн насанд хүрээд нэгдлийн гишүүн болж, эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байсан. Р.Т 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд эцэг эхийнхээ хамт нэгдлийн мал маллаж байгаад 1989 онд Мялхаасүрэнгийн Насанжаргалтай гэр бүл болж, нэгдэл тартал малчнаар ажилласан. А.Т нь одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа юм....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 23-29, 46-48, 49-51 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч Р.Т нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Р.Т нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1980-1981 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичилтгүй буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн П.Самбуу, Л.Эрхэмбаяр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Р.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хорхон овогт Р.Т/ /-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Р.Т нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ