Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00779

 

    А.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01347 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлалтай,

А.Аын нэхэмжлэлтэй

Г.Өд холбогдох

19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Э.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ы.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. А.А нь Г.Өд холбогдуулан 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01347 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Өгээс 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөргийг гаргуулж нэхэмжлэгч А.Аод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Өгээс 757 950 /долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж А.Аод олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Шийдвэрийн үндэслэлээ “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэд гэж үзэхэд учир дутагдалтай” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх тус дүгнэлтийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч А.А болон хариуцагч Г.Ө нарын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасны дагуу хөөргийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Хариуцагч Г.Ө нь нэхэмжлэгч А.Аод “Хөөрөг буцаан өгөх тухай баталгаа” гарган өгч, үнэ төлбөргүйгээр ашиглахаар тохиролцсон боловч Г.Ө нь А.Аын итгэлийг эвдэж, тус хөөргийг хугацаандаа буцааж өгөөгүй байдаг. Дээрх харилцааг анхан шатны шүүх зөв үнэлэн, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс...2 өөр эрх зүйн харилцаа тул өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалт буюу нотолгооны зүйл өөр болно. Хэрэв өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд өөрийнхөө өмчлөлийн зүйл болох хөөргийн нөгөө талын эзэмшилд бодитой байгаа гэх нөхцөл байдал, мөн уг этгээдийн эзэмшил хууль бус гэх байдлыг нотлох үүрэг өмчлөгч талд хамаарна.” Гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үндэслэлгүй дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн тодорхойлсон нөхцөл байдал болох тус хөөргийн бодит эзэмшлийг нэхэмжлэгчийн зүгээс бодит, боломжит бүхий л нөхцөл байдлаар нотолсон. Нөгөө талаар, тус хөөрөг нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг мөчид Г.Өгийн эзэмшилд бодитой байгаа гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн зүгээс нотлох ямар ч боломжгүй, харин хариуцагч Г.Ө өөрийн эзэмшилд байхгүй гэдгийг нотлох бүрэн боломжтой байсан юм. Учир нь нэхэмжлэгч А.А хариуцагч Г.Өд өөрийн өмчлөлийн хөөргийг өгсөн гэдгээ “Хөрөнгө буцаан өгөх тухай баталгаа”-гаар нотолдог, мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарч, арга хэмжээ авагдсан. Нэхэмжлэлийн зүйл болох хөөрөг нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул түүнийг Г.Өд шилжүүлснээс хойш бодитойгоор хэн эзэмшиж байгааг А.А мэдэх боломжгүй болсон. Харин А.Аын зүгээс Г.Өгийн 2018.05.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “иргэн А.Аод ... хөөргийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй, хөөрөг бүрэн бүтэн хадгалагдаж байгаа” гэсэн баталгаа, 2019.02.01-ний өдөр нэхэмжлэгч А.А, Г.Өд холбогдуулж нэхэмжлэл гаргаж, битүүмжлүүлэхэд хөөрөг Г.Өгийн эзэмшилд байсан зэрэг үйл баримтанд тулгуурлан хөөргийг Г.Өгийн эзэмшилд байгаа гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Нөгөө талаас тус маргааны зүйл болох хөөрөг нь хөдлөх эд хөрөнгө тул нэхэмжлэгчийн зүгээс хөөргийг хэн бодитой эзэмшиж байгааг нотлох боломж хариуцагч Г.Өгийн тайлбараар хязгаарлагдсан болно. Тухайлбал, Г.Ө тус хөөргийг бусдад худалдсан, миний эзэмшилд байхгүй гэх тайлбар хэлдэг боловч уг худалдан авсан хүнтэй холбогдох мэдээллийг удаа дараа шаардахад шүүхэд гаргаж өгдөггүй. Харин тухайн хөөргийг бусдад худалдан борлуулсан гэдгээ гэрчийн мэдүүлгээр нотлох зорилгоор гэрчилж чадаагүй бөгөөд Г.Өд тухайн хөөрөг байсан эсэхийг ч мэдэхгүй байсан болно. Мөн Г.Ө нь тухайн хөөргийг бусдад 15 сая төгрөгөөр худалдан борлуулсан, бусдад өр ширэндээ шилжүүлсэн гэх зэргээр агуулгын хувьд илт зөрүүтэй тайлбарыг удаа дараа гаргаж байсан. Дэлгэрүүлбэл, Өмчлөх эрхээс үүдэлтэй шаардах эрх, үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийн алинаас нь үл хамаарч нэхэмжлэгчийн хүсэлт зорилго нь тус хөөргийг хариуцагчаас гаргуулах зорилготой байсан бөгөөд уг хүсэл зоригийг шүүхэд хангалттай илэрхийлсэн. Хэрэв тус хөөрөг хариуцагч талд байхгүй бол аль ч эрх зүйн харилцаанаас үүссэн шаардах эрх бодитой хэрэгжих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус хөөргийг өөрт нь байхгүй гэдгийг баттай нотлоход нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй болно. Гэтэл хариуцагч талаас бусдад худалдсан гэх тайлбарыг хэлдэг боловч, холбогдох гэрээ хэлцэл, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн тус хөөргийг худалдаж авсан иргэнийг гэрчээр асуулгадаггүй. Хариуцагч Г.Өгийн төрсөн эгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “тус хөөргийг хараагүй, бусдад худалдахад нь дэргэд нь байгаагүй, худалдсан хүнийг нь мэдэхгүй, хараагүй, хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй, зөвхөн дүү Г.Өгээ тус хөөргийг худалдана гэж надад ярьсан, машинаас буусан, эргэж ирсэн” гэдгийг мэдүүлдэг. Иймд тус хөөргийг хариуцагчид байхгүй гэдэг нь дан ганц гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байхад нэхэмжлэгч талын нотлох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодруулаагүй, хоёр эрх зүйн харилцааны аль эрх зүйн харилцаа үүссэнээс шалтгаалан нотлох үүрэг хувиарлагдана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Г.Өгээс өөрийн өмчлөлийн 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй, шаардаж буй эд хөрөнгө хариуцагчид бодитой байгаа эсэх нь эргэлзээтэй, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7. Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр, талуудын хооронд ямар үүрэг үүссэн болохыг тодорхойлж чадаагүй нөхцөлд гэрээний үүргийн эсвэл өмчийн эрх зүйн зохицуулалтын аль хэм хэмжээг нь хэрэглэх талаар дүгнэлт хийх, нотолгооны үүргийн хуваарилалтыг тодорхойлох боломжгүй, маргааны зүйл болох хөөрөг хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байхад анхаараагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч нь Дарь эх бурхан, суваргыг буцаан өгсөн тохиолдолд хөөргийг буцаан өгч болно гэсэн боловч өрөндөө тооцож бусдад шилжүүлсэн, хөөрөг байхгүй...” гэснээс үзвэл энэ талаар тодруулах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020.3.20-ны өдрийн 181/ШЗ2020/03849 дүгээр захирамжаар эд хөрөнгийг /хөөргийг/ битүүмжлэх арга хэмжээг авсан боловч захирамжийг хэрэгжүүлж, хөөргийг битүүмжилсэн ажиллагаа хийгдээгүй байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй хөөрөг хариуцагчийн эзэмшилд байхгүй тохиолдолд “эд хөрөнгийг гаргуулах” бус эд хөрөнгийн үнэ байх эсэх асуудал хөндөгдөх тул энэ нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай юм.

Түүнээс гадна хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн хэргийн 73 хуудас дахь “Эрдэнэ зам” ХХК-иас хөөрөгний үнэ бичсэн нэхэмжлэх гэх баримтууд ямар утгатай, юуг нотолж байгаа, нэхэмжлэгч эдгээр баримтыг хэрхэн үгүйсгэж мэтгэлцэж байгаад дүгнэлт хийх нь зүйтэй байсан.

8.Иймд “хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нотолгооны үүргийн талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн” нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондоржийн хяналтын журмаар  гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА

         ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД