| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 114/2026/0002/З |
| Дугаар | 221/МА2026/0161 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0161
Дархан-Уул аймгийн Прокурорын
газрын хяналтын прокурор Ч.Б-ийн
дүгнэлттэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч Г.Саранбаатар
Дүгнэлт гаргагч: Хяналтын прокурор Ч.Б
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Х.У
Гуравдагч этгээд: “Т” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 114/ШШ2026/0006 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Б.А
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 114/2026/0002/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Ч.Б-гаас Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Х.У-д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Т” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл, 2.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Т” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч Г.Саранбаатар гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...Манай компани Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт шалгаран 2024 оны 8 дугаар сараас эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гэр хорооллын доторх 2,2 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажлыг Дархан сумын 1,2,3 дугаар багийн нутаг дэвсгэрт, олон улсын төмөр замын гарамнаас Хараа голын гүүр хүртэл хийж гүйцэтгэн ажиллаж байна.
3.2. Бид 2022-2025 онд Дархан-Уул аймагт гэр хорооллын авто зам, зогсоолын шинэчлэлтийн хэд хэдэн төсөл, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ажиллаж байгаа компани юм. Манай зүгээс энэхүү авто замын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхдээ төр холбогдох зохих зөвшөөрлүүдийг авч, захиргааны байгууллагуудаас гэрээг байгуулан төлбөрийг төлж, авто зам барилгын ажилд шаардлагатай үндсэн түүхий эд болох түгээмэл тархацтай материал авч замын далан байгуулах, хөвөө, далангийн үе шатны ажилд ашигладаг болно. Бид улсаас батлагдсан зураг төсөвт заасан ажлын тоо хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр лабораторийн шаардлага хангасан материалыг олборлон авч үйл ажиллагаа явуулсан. Манай компани Дархан уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр дуудагдан холбогдох тайлбаруудыг өгч шүүх хуралд оролцсон болно.
3.3. Шүүгч О.М даргалж, удирдан явуулсан шүүх хуралд, зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлсэн гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааa явуулсан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Х.У, түүний шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нар болон миний бие оролцсон.
3.4. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр манай өгсөн зарим тайлбарууд, зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд шүүхийн шийдвэр ойлгомжгүй гарсан гэж үзэж бидний зүгээс О.Мшүүгчийн гаргасан шийдвэрт дараах гомдлыг хүргүүлж байна.
3.5. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 114/ШШ2026/0006 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 9 дүгээр зүйлд бичигдсэн "... Манай компани түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох А зөвшөөрөлтэй "С х” ХХК, “Д” ХХК, “Ч к” ХХК-иудаас шаардлагатай түгээмэл тархацтай материал худалдан авсан гэх тайлбараас үзвэл “Т” ХХК нь учирсан аюулыг арилгуулах, цаашлаад талбайн хэмжээг нэмэгдүүлэх, эсхүл өөр бусад карьераас олборлолт хийх хүсэлтээ гаргах шийдвэрлүүлэх, төсөвт өөрчлөлт оруулах, түгээмэл тархацтай материалын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс авах зэрэг өөр арга хэрэгслийг хэрэглэх боломжтой байжээ...” гэж буруу дүгнэсэн нь учирсан аюул гэдэг зүйлийг буруу ойлгох үндэс болжээ.
3.6. Энэхүү замын ажлын төсөвт авто замын далан суурийн үе шатны ажилд зөөврөөр далан байгуулахад 16785 м3 зохист материал, суурийн доод үе 7216 м3 материал, хайрган хөвөө байгуулах 653 м3, ИШС хүчитгэх ажилд тус тус шаардлагатай материал олборлоход дээрх карьер хамаарахаас өөрөөр бусад төсөвт өртөг дотор буй Асфальт бетон хучилт /суурь-1536 м3/, асфальт бетон хучилт /өнгө-1152 м3/ үеүд, цемент бетон суурь үеүдэд орж буй шаардлагатай түгээмэл тархацтай материал болох буталсан чулуу, угаасан элс хайрга дайрга нь тухайн карьераас гарахгүй учир өөр А зөвшөөрөлтэй газраас авдаг гэсэн тайлбарыг буруу ойлгон өөр боломж болгон авч үзжээ.
3.7. Бидний зүгээс бүх тайлбараа эрх бүхий албан тушаалтанд танилцуулж бүтээн байгуулалтын ажилд учирч буй эрсдэл аюулыг тайлбарласан ба зөрчлийн асуудлаар гаргасан түүний шийдвэрийг бидний зүгээс зөв гэж үзэж байгаа болно.
3.8. Иймд анхан шатны шүүхээс гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Х.У-ын гаргасан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Т" ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг дахин шинэ эрх зүйн акт гаргах хүртэл түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгож эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Шийтгэлээс чөлөөлөх хуудас”-аар “Т” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлжээ.
2. Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтдээ Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Х.У-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Т” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
3. Анхан шатны шүүх шийдвэртээ “... “Т” ХХК нь 2.275 км авто замын ажлыг гүйцэтгэхдээ Дархан сумын Засаг даргатай 2024, 2025 онуудад байгуулсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, нөхөн сэргээх гэрээний дагуу хайрга, дайрга, чулууг олборлон авч хэрэглэхдээ зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлж авсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй ... Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж зааснаар шийтгэлээс чөлөөлсөн ... дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд урьдчилсан нөхцөл нь аюул бодитой тулгарсан, тухайн аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл бий болсон, учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлээгүй, зөрчил гаргасан байхыг шаардах төдийгүй тухайн урьдчилсан нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийг гаргах учиртай ... эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-д зааснаар дуусгавар болгох ёстой ба шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцээгүй тохиолдолд бусад хэлбэр болох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах шийдвэрийн аль нэгийг гаргах нь шударга ёсны зарчимтай нийцэх төдийгүй энэ нь хуулиар олгосон эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг юм .... хариуцагчид дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэх, алдаагаа засах боломжийг олгох нь зүйтэй төдийгүй шүүх эрх бүхий албан тушаалтны хуулиар олгосон эрх, үүрэг рүү халдаж холбогдох шийдвэр гаргах эрхгүй ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул ... шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэхээр байна.
5. Эрх бүхий албан тушаалтан “... холбогдогч энэхүү зөрчлийг гаргасан нь үнэн боловч илүү ухсан гэх газар нь нөхөн сэргээлт хийгдсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлээгүй, өөр бусад зүйлд ашиглаагүй, улсын төсвийн хөрөнгөөр авто замын ажил хийгдэж байсан бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдолд төсөв татагдах, нэмэгдэх, Дархан сумын 1, 2, 3-р багийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, цаашлаад авто машин эзэмшигчид тойруу замаар явснаар эдийн засагт нь хохирол учрах эрсдэл үүсэх байсан” гэх үндэслэлээр гуравдагч этгээд “Т” ХХК-нийг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэлээс чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.
6. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлсөн дээрх үндэслэлүүдийг аюул бодитойгоор тулгарсан, түүнийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй.
7. Зүй нь гуравдагч этгээд “Т” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсан газарт нь нөөц багассан, дууссан тохиолдолд Дархан сумын Засаг даргад талбайн хэмжээг нэмэгдүүлэх, өөр газраас олборлолт хийх талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, гэрээнд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдан авах замаар замын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх замын ажлын хувьд гүйцэтгэгч компанид учирч болох эрсдэлийг тооцох боломжит хугацаа хангалттай байх бөгөөд тухайн гүйцэтгэгч компанийн замын ажил гүйцэтгэхтэй холбоотой хувийн шалтгаануудыг /төсөв татагдах, нэмэгдэх гэх мэт/ бодит аюул тулгарсан гэж үзэх боломжгүй юм.
8. Эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох, “Т” ХХК нь 2.275 км замын ажлыг хийж гүйцэтгэхэд ямар бодит аюул тулгарсан болон түүнийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал бий болсон талаар, мөн учирч болох аюул байсан гэж үзвэл “Т” ХХК нь тухайн учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зөрчил үйлдсэн талаар зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь цуглуулаагүй, шалгаж тогтоогоогүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээдийн давж заалдсан гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Дүгнэвэл: Дээрх маргааны хувьд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлүүдийг шалгаж нотлох баримтаар тогтоосны эцэст Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь хуульд нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 114/ШШ2026/0006 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР