Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 17

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогч: З.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Д.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол батлаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тайж овогт Даалхайн Балжиннямд холбогдох 201720000043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 06-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр,  4хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 4-р багт оршин суух, Улсаас авсан гавьяа шагнал, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 1 жил 5 сар хорих, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих,  175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 5 сар хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан Тайж овогт Даалхайн Балжинням. /РД: ОО77030613/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Балжинням нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас З.Мөнхжаргалыг  зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч З.Мөнхжаргалын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 1 дүгээр сарын 19-ны орой 20 цагийн орчим Баяндалай гэдэг хүнтэй гудамжинд 1 шил 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи хувааж уугаад сууж байтал Д.Балжинням гүйж ирэхээр нь бид хоёр мэндлээд ярилцаад зогсож байгаад хоорондоо ам зөрөөд Д.Балжиннямыг би  “Чи муу хулгайч” гэж хэлэхэд намайг боож унагаад миний нүүр рүү өшиглөхөд нь би ухаан алдсан. Би ухаан орж босоод ирэхэд миний үүдэн 2 шүд хугарч, уруул язарсан байсан. Би Балжиннямыг хулгайч гэж доромжилсоноос болж намайг зодсон, түүнээс биш бидний дунд урьд өмнө нь өр авлага, өш хонзон өр авлага байхгүй. Миний хувьд хохирлоо бүрэн төлүүлж авсан. Биеийн байдал сайн, өвдөж зовиурлах зүйлгүй болсон. Надад нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол байхгүй” гэх мэдүүлэг / хх-12, 13-р тал /,

            2. Гэрч Ө.Баяндалайгийн хэрэг бүртгэлтийн шатанд  өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр айлаас очиж машины сэлбэг аваад гэр үрүүгээ явж байтал  З.Мөнхжаргал гэдэг залуу гудамжинд тааралдаад өврөөсөө 1 шил “Улаанбаатар” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд бид хоёр хашааны буланд сууж уугаад дуусаж байтал Д.Балжинням гэдэг залуу гүйж ирээд бид хоёртой мэнд мэдэлцээд Балжинням, Мөнхжаргал хоёр хамт юм яриад цаашаа эргэхээр нь би тэр хоёрт “Ах нь харьж амарлаа” гэж хэлээд явчихсан юм. Намайг явахад тэр хоёр юм яриад үлдсэн. Миний хажууд хэрэлдэж, маргалдсан асуудал байхгүй. Мөнхжаргал надтай 0.5 литр архи хувааж уусан. Балжинням ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 14-р тал /

            3. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч З.Мөнхжаргалын биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд хоёр ширхэг шүдний  булгарал, буйланд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, дээд уруул, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.55.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гамтал болно.. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг 10%-иао тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал /,

 4. Шүүгдэгч Д.Балжиннямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 31, 32-р тал /,

 5. Шүүгдэгч Д.Балжиннямын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 15, 16, 33-р тал/,

  6. Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 37-42-р тал/

  7. Шүүгдэгч Д.Балжиннямын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр би гэртээ байж байгаад хашааныхаа гадна гарахад манай хашааны өнцөгт З.Мөнхжаргал, Баяндалай нар нэг шил 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи тавьчихсан уугаад сууж байсан ба намайг очиход архи нь дуусаж байсан юм. Би Мөнхжаргалтай уулзаад зогсож байтал Ө.Баяндалай гэр үрүүгээ явчихсан. Бид хоёр үлдээд юм яриад зогсож байтал З.Мөнхжаргал намайг “Чи муу хулгайч. Би чамайг ална” гэх мэтээр хэл амаар доромжилж бид хоёр хоорондоо маргалдаад миний гэдэс үрүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд З.Мөнхжаргалыг боож унагаад нүүр үрүү нь нэг удаа тохойдчихсон юм. Мөнхжаргал нэлээн согтуу байсан. Би буруутай үйлдлээ ойлгож байна. Хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгөхийг хүсэ байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд : Шүүгдэгч Д.Балжинням 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас З.Мөнхжаргалыг  зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.Мөнхжаргалын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Балжинням нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 1 жил 5 сар хорих, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих,  175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 5 сар хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ял эдлэж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал нь үргэлжлэж байсан байна.

Иймд шүүгдэгч Д.Балжинням нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйл, 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Даалхайн Балжиннямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан шүүгдэгч Д.Балжиннямд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Д.Балжинням  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Д.Балжинням нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Д.Балжиннямд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ