Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1304

 

Н.Б, Б.Л, Ц.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00613 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б, Б.Л, Ц.Б  нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “К Б” ХХК, “Г Г” ХХК-уудад холбогдох

“К Б” ХХК болон “Г Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагч “К Б” ХХК-ний гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор, тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэзориг, хариуцагч “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, хариуцагч “Г Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбанаран,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б 2013 оны 08 дугаар сард Б.Бямбанарантай танилцаж улмаар бид жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авч, хамтран ажиллахаар болсон бөгөөд Б.Бямбанаран нь тухайн үед надаас ...банкнаас зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө шаардаад байна, та барьцаа гаргаж өгөөч... гэж гуйсны дагуу миний бие өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг, манай нөхрийн дүү Ц.Б, Б.Л нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 45А байрны 26 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанд тавьж Н.Б, Ц.Б, Б.Л бид өөрсдөө тус банкинд очиж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 200 000 000 төгрөгийн №398 тоот барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан юм. Ц.Б, Б.Л нар нь тухайн үед уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Н.Б надад 2016 оны 10 дугаар сард ... үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан таны өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан ... гэсэн мэдэгдэл ирүүлсэн бөгөөд миний бие тус банкинд очиж мэдээлэл авахад “Г Г” ХХК-ийн захирал Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний болон Ц.Б, Б.Л нарын өмчлөлийн орон сууцыг дахин барьцаалж, нэмж 300 000 000 төгрөгийн зээл авсан талаар олж мэдсэн ба бидний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд давхар барьцаалан нэмж зээл авах, авсан талаараа бидэнд хэлээгүй, мэдэгдээгүй юм. Ингээд Н.Б, Б.Л Ц.Барсбаатар бид Б.Бямбанаранг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд өмчлөгч бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ ашиглан зээл авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэн “Г Г” ХХК-ийн захирал Б.Бямбанарангийн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд орон сууцны өмчлөгч Н.Б, Ц.Б, Б.Л бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн, түүнийгээ ашиглаж ноцтой хохирол учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдсон байх хэдий ч прокуророос Б.Бямбанаран нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гээд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Оюунгэрэлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Иймд хууль зөрчсөн, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн “К Б” ХХК болон “Г Г” ХХК-ийн захирал Б.Бямбанаран нарын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өмчлөгч Н.Б, Б.Л, Ц.Б  бидний зээлийн барьцаанд битүүмжлэгдэн хураагдсан дээрх орон сууцыг К Бны 300 000 000 төгрөгийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Н.Б, Ц.Б, Б.Л нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч “К Б” ХХК-ийн төлөөлөгч З.Бүжидлхам, Б.Насанбаяр нар хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К Б” ХХК нь “Г Г” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №398 тоот зээл барьцааны гэрээ байгуулан 200 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №114 тоот зээл барьцааны гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийн зээлийг тус тус олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурьдагдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш /17011/ Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц /Ү-2206025024, 00259845/, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /Ү-2205049166, №000256088/ ... зэргийг барьцаалсан байдаг. Зээлдэгч “Г Г” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул К Бны зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №183/ШШ2016/00151 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч “Г Г” ХХК-иас 589 488 845 төгрөгийг К Бинд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн шийдвэр гаргасан байхад иргэн Н.Б, Б.Л, Ц.Б  нарын зүгээс гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаартай барьцааны гэрээгээр 200 000 000 төгрөгийг авсныг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 114 тоот зээлийн болон барьцааны гэрээг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлээд талуудаас иргэн Б.Бямбанаранд итгэмжлэл олгосон байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь  хариуцагч “Г Г” ХХК-тай нийлээд хамтран үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас “К Б” ХХК-д холбогдуулж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Өөрсдийнх нь олгосон итгэмжлэлийн дагуу хийгдсэн гэрээ хэлцэл гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагч “Г Г” ХХК-ийн төлөөлөгч Б.Бямбанаран хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 дугаар сард Н.Б нь “Туушин Инвест” ХХК-ийн захирал Б.Баярмаагаар зуучлуулан манай компанийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас авч байгаа 500 000 000 төгрөгийн зээлээс барьцаа гаргаж 50 000 000 төгрөгийг авч хэрэглээд хүүтэй нь буцаан өгнө гэж тохирсон. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээл батлагдан гарч гэрээ байгуулахад /Банктай/ нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулж 50 000 000 төгрөг авсан. 50 000 000 төгрөгийн зээлээс 10 000 000 төгрөгийг буцаан авсан. Одоо 40 000 000 төгрөгөө хүүтэй нь өгөөгүй байгаа болно. Н.Б нараас 40 000 000 төгрөгийг ашигласан хугацааны хүүтэй нь авах бөгөөд бусад барьцаа гаргагч нараас мөн адил авсан мөнгөө хүүтэй нь авч банкны өр төлбөрийг барагдуулж барьцаа хөрөнгийг суллаж өгөх болно. Жич: 300 000 000 төгрөгийн зээл дээр К Бны эдийн засагч Б.Ержан давхар барьцаалж болно гэсний үндсэн дээр давхар барьцаалал гаргасан болно. Би тухайн үед итгэмжлэл над дээр байсан учраас итгэмжлэлээр 200 000 000 төгрөгийг аваад дараа нь 300 000 000 төгрөгийг авсан. Тухайн үед компанийн үйл ажиллагаа нэлээд өргөжиж байсан учраас Н.Б-тай хамтран ажиллаад 300 000 000 төгрөгөө авъя гээд К Бнаас барьцаа хөрөнгөө зохицуулаад ирвэл 300 000 000 төгрөгийг олгох боломжтой байна гэсэн. Ингээд Н.Б, Ц.Б, Б.Л нар бол тухайн үед 200 000 000 төгрөгийг аваад мөнгө өгсөн байдаг. Тухайн үед би 200 000 000 төгрөгийн зээлээсээ бүгдэд нь тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн. Эд нар ч гэсэн энэ мөнгөнөөс зармыг нь төлөөгүй явж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К Б” ХХК болон “Г Г” ХХК-д холбогдох “К Б” ХХК, “Г Г” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот Барьцааны гэрээний 2.1-ийн улсын бүртгэлийн Ү-2206025024 дугаар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаартай бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийнхураамжид урьдчилан төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К Б” ХХК болон “Г Г” ХХК-иас 1 657 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Б, Ц.Б, Б.Л нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “К Б” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед шинжээч томилж, ... 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2253 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай барьцааны гэрээнд зурсан гарын үсэг Ц.Б, Б.Л, Н.Б нарын гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд ... нарын гарын үсгийг Б.Бямбанаран нь хуурамчаар үйлдсэн болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч “Г Г” ХХК-ийн төлөөлөгч маргаагүй байна” гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн гол баримт болох 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг баримтлан хариуцагч “Г Г” ХХК-ийн захирлыг гэм буруугаа хүлээсэн, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаныг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэм буруугаа хүлээсэн, өршөөлд хамрагдсаныг шүүхийн шийдвэр гарсан адилтгах боломжгүй ба өөрөөр хэлбэл түүний гэм буруутай үйлдлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Хүний эрхийн түгээмэл тунгалалын 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж дүгнэлт гаргасан. Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Б, Б.Л, Ц.Б  нар нь хариуцагч “К Б” ХХК-д болон “Г Г” ХХК-д тус тус холбогдуулан “К Б” ХХК болон “Г Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот барьцааны гэрээний өөрсдийн өмчлөлийн орон сууц барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Нэхэмжлэгч Н.Б нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч, нэхэмжлэгч Ц.Б, Б.Л нар нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч “К Б” ХХК нь хариуцагч “Г Г” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 114 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 300 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай, Чацарганы төсөлд зориулан зээлдэгч “Г Г” ХХК-д олгож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-22606025024 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж, 24 дүгээр байрны 2 тоот 58,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45 дугаар байрны 26 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц... зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг мөн өдөр байгуулсан байна. /хх-ийн 8-10, 11-16 дугаар тал/

Б.Б, С.Н нар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “К Б” ХХК-наас 300 000 000 төгрөгийн зээл авахдаа, 114 тоот барьцааны гэрээн дээр Н.Б, Ц.Б, Б.Л нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн ноцтой хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж Б.Б, С.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/ Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тогтоогджээ.

Гэвч 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээг гэрчилсэн нотариатч У.Мөнхзаяагийн гэрчээр өгсөн “...барьцааны гэрээнд нэхэмжлэгч нар гарын үсэг зураагүй, энэ гарын үсгийг манайд ирэхдээ гарын үсэг зурчхаад хүрч ирсэн, тэр хүмүүсийн гарын үсэг мөн эсэхийг би мэдэхгүй,  манай нотариатын үйлдэл хийдэг газар тэр хүмүүс байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109/ хариуцагч “Г Г” ХХК-ийн захирал Б.Бямбанарангийн шүүх хуралдаанд “... хуурамчаар гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, барьцааны гэрээнд нэхэмжлэгч нарын нэрийн ард гарын үсэг зурсан... Н.Б-н утас нь холбогдохгүй байсан, би өөрөө ч зураагүй агрономичтой хамт явж байсан бөгөөд түүгээр зуруулсан...”  гэж тайлбарласан. /хх-ийн 112/ Түүнчлэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2253 дугаартай шинжээчийн “2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ-нд зурсан гарын үсэг Ц.Б, Б.Л, Н.Б нарын гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна”  гэсэн дүгнэлт,  Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоол /хх-ийн 4-7/ зэрэг бусад бичмэл нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан үнэлэхэд Ц.Б, Б.Л, Н.Б нарын гарын үсгийг Б.Бямбанаран хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.   

Нэхэмжлэгч Н.Б, Ц.Б, Б.Л нараас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Бямбанаранд “...К Бны зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах...”  итгэмжлэл олгосон байх боловч уг  итгэмжлэлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай барьцааны гэрээ байгуулахдаа  үндэслэл болгоогүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул эдгээр итгэмжлэл барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхэд үндэслэл болсон, нотариатч гэрээг гэрчлэхдээ үндэслэл болгосон гэх байдал баримтаар нотлогдоогүй. /хх-ийн 84, 85, 86 дугаар тал/

Иймд “Г Г” ХХК-ийн захирал Б.Бямбанаран нь “К Б” ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ байгуулахдаа  барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгч Н.Б, Ц.Б, Б.Л нараас зөвшөөрөл аваагүй, мөн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн буюу хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх  Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь хэлцийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасныг үндэслэл болгож  114 тоот Барьцааны гэрээний 2.1-ийн Улсын бүртгэлийн Ү-2206025024 дугаар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаартай бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэх хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчиж хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “К Б” ХХК-ний давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.