Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00356

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00356

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Увс аймаг, Завхан сум, Шар булаг багт оршин суух, дугаарын регистртэй, Ар түмт овогт Н Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 оны 05 дугаар сарын 12 -нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 50 настай. Ам бүл 4. Бага насаа эцэг эхийн гар дээр өссөн бойжиж 1979 оны 09 дүгээр сарын 01 -нд Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцан 1987 оны 06 дугаар сарын 20-нд 8 дугаар ангиа төгсөж өөрийн хүсэлтээр илгээлтээр Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад аав, ээж, ах, эгч нарын хамт 1992 оны 02 дугаар сарын 15-нд нэгдэл тарах хүртэл мал маллаж ажиллаж байсан. Чандмань сумын Шинэ зам нэгдэл 1992 оны 02 дугаар сарын 15 -нд Шинэ зам ХХК болж хувьчлагдахад миний бие мөн компанид малчнаар 1994 оны 12 дугаар сарын 31ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Миний бие аав, ээжийн хамт мал маллаж байгаа 2002 оны 06 дугаар сарын 30 -нд Увс аймгийн Завхан сумын иргэн Н.Далайтай гэр бүл болж өнөөдрийг хүртэл тус сумандаа мал маллаж амьдарч байна. Би Нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэлийн нөхөн тооцох хуулинд хамрагдаж чадаагүй хохирсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд тухайн үед малчнаар ажиллаж байсан үеийн холбогдох баримт бичиг, хөдөлмөр өдрийн хөлсний баримт зэргийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас шүүлгэхэд зарим холбогдох бичиг олдохгүй зэргээс ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадад 1987 оны 06 дугаар сарын 20 ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15 ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-нд 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Н.Бгийн 1987 оны 06 дугаар сарын 20 ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15 ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Б нь 1987 оны 06 дугаар сарын 20 ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15 ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 823 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын 1986 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, 00245 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 он, 1992 он, 1993 оноос 1994 оны хооронд төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож байхдаа авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зургууд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/002627 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаартай лавлагаа,

ИргэнД.Энхээгийн ...Н.Б нь 1985 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Б.Баяржаргалын ... Н.Б нь 1987 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ар түмт овогт Н Бг 1987 оны 06 дугаар сарын 20 ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15 ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ