Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

                

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Б.Г******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б******* Г*******д холбогдох эрүүгийн 2331000000022 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С******* аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт С******* аймаг, Жавхлант сумын Моностой 2 дугаар баг, Хөх чулуут 9 дүгээр гудамжны 907 тоотод оршин суух хаягтай, урьд С******* аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хорих ялаар; С******* аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар; Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарны 30-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгэл тус тус эдэлж байсан, Б******* ургийн овогт Б******* Г*******, /РД: /;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Б.Г******* нь 2023 оны 01 сарын 12-ны өдөр С******* аймаг Жавхлант сум Моностой 2 дугаар баг, задгай тоот хашаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үедээ Ч.У маргалдаж улмаар түүний нуруун тус газар цэнхэр өнгийн бариултай хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд бүсэлхий нуруунд хатгасан ил шархтай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С******* аймаг, Жавхлант сум, Моностой 2 дугаар баг, задгай тоот хашаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үедээ Ч.У маргалдаж улмаар түүний нуруун тус газар цэнхэр өнгийн бариултай хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд бүсэлхий нуруунд хатгасан ил шархтай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г******* өгсөн: “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2.Хохирогч Ч.У 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байгаад манай танил ах болох Бийн хамтаар Жавхлант сумын хөдөө Зулаа гэх айл руу мотоцикль авах зорилгоор явсан юм. Ингээд Зулаагийн гэрт очиход тухайн зарах гэж байсан мотоцикль нь хойд дугуйгүй мотоцикль байсан тул би тухайн мотоциклийг авахаа болиод буцаад гэртээ харихаар болсон. Бид буцаж байтал Б ах мотоциклио барилгүй халтиргаатай зам дээр хойшоо хараад байсан тул би “та намайг аллаа, би наад мотоциклыг чинь барья” гэж хэлээд мотоциклиос буутал Б ах “Суусан уу” гэж хэлээд намайг орхиод явчихсан. Ингээд би зам дагаад алхаж байгаад замын машинд дайгдаад Жавхлант сумын төв орсон. Сумын төв ороод явж байгаад “Г” дэлгүүрийн орчимд Г*******, болон түүний эхнэр болон ах нартай нь таарсан юм. Би эхнэр болох ах нарынх нь нэрийг сайн мэдэхгүй. Г******* “Г” дэлгүүрээс хуванцар дөрвөлжин савтай архи аваад дэлгүүрээс гарсан. Улмаар бид Г******* гэр рүү явсан бөгөөд замаараа бид тухайн архийг задлаад уугаад явсан. Улмаар Г******* гэрт очиход гэрт нь Г******* төрсөн дүү Мягмар, үл таних дүү нь бололтой эмэгтэй болон үл таних 5-6 хүн байсан бөгөөд бид тухайн архийг уусан. Г******* эхнэр гэртээ цуйван хийсэн байсан. Гэтэл Г******* эхнэртээ хандаж “ямааны махаар заваан хоол хийлээ” гээд маргасан. Тэгээд Г******* ах /60 орчим насны хөгшин ах/ эхнэрийг нь өмөөрөөд Г*******тай маргасан бөгөөд Г******* 2 удаа гараараа алгадсан. Тэгэхэд Г******* улам маргаад байсан тул би Гантулгыг гэрээс нь аваад гараад жаахан тайвшруулж байгаад буцаад оруулсан. Г******* гэртээ ороод дахиад маргасан. Г******* дахиад маргаад байсан тул би Г******* дахин гэрээс аваад гартал ах нь хойноос нь гараад ирсэн. Ингээд хоорондоо маргаад байсан тул би салгаад байж байтал Г******* гэр рүүгээ ороод удалгүй гартаа хутга бариад буцаад гараад ирсэн. Тэгээд Г******* ах руугаа хутга бариад дайрахаар нь би Гантулгыг болиулах гэтэл Г******* тухайн хутгаараа миний нуруу орчимд хатгачихсан. Тэгээд бид цагдаа, эмнэлэг дуудсан. Би эмчилгээний зардал болон дээрх гэмтэлтэй холбоотой бусад зардлаа нэхэмжилмээр байна. Нийт 250,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн мөнгөн дүн зарлагдсан” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Ч.Х 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Гэрт нь орох үед гэрийн баруун орон дээр У нь доошоо хараад хэвтсэн байдалтай байсан ба зүүн талын бөөр орчимд цус алдсан цагаан өнгийн даавуугаар боосон байсан. Тэгээд хөвөн шатааж тавьсан болов уу гэмээр хажууд нь шатсан хөвөн байсан. Гэрт олон хүн байсан ба хажуу талд нь хутгалсан гэх шар өндөр хамартай 40 гарсан эрэгтэй хүн би буруу юм хийчихлээ би биеэ хамгаалсан гэх утгатай зүйл яриад сууж байсан. Шархыг нь би хэмжихэд 5см дээш байсан болохоор дотор эрхтэнд хүрсэн байх гэж болзошгүй гээд аймаг руу аваад шууд гарсан. Би цус тогтоох өвчин намдаах витамин К 2 ампулаар булчинд, анальгин 50 процентин 2гр, димедрол 1%-ийн 1 граммаар булчинд хийсэн. Тэгээд эрүүл мэндийн төв дээр хийж дахин боолт хийж артерийн даралт унасан тул дексаметизон булчинд тарьсан. Артерийн даралт хоёр талд 100/60 байсан. Тэгээд шууд аймаг руу гарч яаралтай хүлээн авахад хүргэж өгөөд гэмтлийн эмчийн зөвлөгөө авч ЭХО-д үзүүлэхэд дотор эрхтэн дайраагүй гэмтлийн эмчийн үзлэгээр шархны гүн нь 15см байсан ба оёдол тавьсан” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.Я 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хоол хийж байхад Г*******, Б*******, М******* ах, Оюундэлгэр нар орж ирсэн. Тэгээд миний хийсэн хоолыг идэхгүй, ийм хоол идэхгүй гээд Г******* М******* хоёр зодолдоод дараа нь Г******* Б******* хоёр зууралдаад гараад явсан. Гэрт байж байхад Б******* хутга бариад намайг хутгалчихлаа гээд ороод ирсэн. Б******* надад хутгаа өгсөн тэрийг нь би шургуулганд хийсэн. Удаагүй байхад эмнэлэг орж ирээд аваад явсан. Би сайн мэдэхгүй байна тухайн үед хутга авч гарсан талаар мэдэхгүй. Г******* манай отгон дүү Оын нөхөр суугаад 4 жил болж байгаа байх. Г******* бол өдөр болгон уудаг. Б******* бол хааяа манайхаар орж ирдэг уудаг үгүйг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.М******* 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Б*******тай таарсан. Тэгээд Б*******г аваад Батгэрэлийн дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад Г*******, Б*******, Оюундэлгэр бид 4 талыг нь замдаа уугаад үлдсэн талыг нь гэртээ ирж уусан. Гэрт ирэхэд Мягмар гэрт унтаж байсан. Бид дөрөв хуваагаад ууж дуусгасан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Г******* надтай муудалцаад би Г******* толгой руу нэг алгадсан. Г******* зөрүүлээд намайг цохисон. Тэгтэл Б******* намайг өмөөрсөн үү үгүй юу Б*******, Г******* хоёр муудалцаад Г*******, Б*******г чирээд гадагшаа гараад явсан. Би хойноос нь гарахад Г*******, Б******* хоёр газар уначихсан байсан. Би тэр хоёрыг салгаад босгоход Г******* гэр лүү ороод буцаад гарч ирснээ Б******* бид хоёр луу дайраад барьцалдаад авсан. Б*******, Гантулгыг салгах гээд тэврэхэд Г******* Б*******гийн нуруу луу хатгачихсан. Б******* “намайг хутгалчихлаа, шаачихлаа” гээд орилоод байсан. Түрүүлж гэр рүү Б******* орсон. Би Г*******д “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Хутгыг хэн авсан талаар би мэдэхгүй байна. Би нэг их уугаагүй. Болсон явдлыг бүгдийг нь сайн санаж байна. Г*******, Б******* хоёр биеэ хянах чадваргүй байх шиг байсан” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Б.О 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны 17:00 цагийн үед манай эгч Я намайг Баатархүү ахын гэрээс ирэхэд хоол хийгээд байж байсан. Тухайн үед замд Б******* гэх залуу таараад манай нөхөр Г*******тай юм ярьж байгаад манай гэр лүү хамт явсан тухайн үед манай төрсөн ах Б.М******* нь манай нөхөр Гантулгыг хоол ид гэхэд “би наад муухай хоолыг чинь идэхгүй” гээд манай нөхөр Б.М******* ахыг цохиод авсан. Тэр үед Б******* нь манай ахыг өмөөрөөд Гантулгыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад гараад явсан. Гэрийн гадаа Б******* болон манай нөхөр Б.Г******* нар нь хоорондоо зодолдоод байсан. Хэсэг хугацааны дараа Б******* “намайг хутгалчихлаа” гээд хутга бариад гэрт ороод ирсэн. Би тухайн үед итгээгүй. Дээлийг нь тайлаад харсан чинь зүүн талын бөөрний ардаас нь цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэхээс өмнө манай охин Оюуннямын нөхөр Мөнхсайхан нар Б*******гийн шархыг нь боогоод удаагүй байхад эмч орж ирсэн” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.М 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 13:00 цагийн үед Баатархүү ахынд ээжийн хажууд байж байгаад гэр лүүгээ явах замдаа дэлгүүрээс 0.5 литрийн “Хамаг монгол” гэдэг архи аваад ганцаараа уугаад гэртээ ороод унтаад өгсөн. Гэрт хүмүүс чанга яриад маргалдаад байх шиг байсан. Тэгээд сэрээд харсан чинь манай дүү Б.Оын нөхөр Г******* нь Б*******г чирээд гэрээс гараад явсан. Тэгээд би араас дагаад гараад салгах гэтэл дийлээгүй. Тэгээд би гэртээ орсон. Удаагүй гэрт Б******* орж ирээд намайг Г******* хутгалсан гээд ороод ирсэн. Б******* хувцсаа тайлаад шархаа харуулсан цусыг нь арчаад нэг мэдэхэд эмч нар ороод ирсэн. Б*******г эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Б.С 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхээс 13-уулаа. Г******* нь хамгийн багийн дээдэх нь. Зан аашны хувьд төлөв даруу, үгэнд сайн ордог, хар бор ажилд сайн. Дархан-Уул аймагт ээжтэй хамт амьдарч байгаад ээж маань 2015 онд өөд болсон. Түүнээс хойш архи их уух болсон” гэх мэдүүлэг[8],

9.С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Б.Г******* биед бугалга, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлт нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9],

10.С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд байгаа эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт[10],

11.С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ч.У биед бүсэлхий нуруунд хатгагдсан ил шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлт нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[11],

12.Шүүгдэгч Б.Г******* 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “: Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16-17 цагийн үед эхнэрийн ах М******* ах, эхнэр Оюунсондортой хамт Г дэлгүүр орж 0,75 литрийн архи аваад замдаа Б*******тай /У/-тай таараад хамт ууж яваад гэрт ирээд унтаж байсан Мягмар ахыг дуудаж сэрээгээд Отгонбаяр, Мягмар, Оюундэлгэр, Б******* нарын хамт архиа ууж дуусгасан. Эхнэр Оюунсондор муухай амттай ямааны махаар хоол хийсэн байсан. Би уг нь хоол идэх дуртай. Тэр оройны хоол муухай амттай болохоор нь “идэхгүй” гээд М******* ахтай муудалцсан. М******* ах миний хацар луу алгадсан шиг санагдаж байна. Тэгсэн чинь Б******* намайг авч гараад бид гадаа гарч тамхилсан. Тамхилахад Б******* пээдийгээд байсан. Тэгээд буцаж орж ирэхэд М******* ах бас хэл ам хийгээд Б******* /У/ бас хажуугаар нь хошуу нэмэрлээд байхаар нь Б******* /Уыг/ заамдаж аваад гадагшаа гарсан. Б******* миний баруун доод уруул руу нэг удаа цохисон. М******* ах бас хойноос гараад бид хоёрыг салгасан. Би буцаж гэрт ороод хутга аваад гадаа гарч өөрийгөө хамгаалах гээд хутгаараа далайхад Б******* М******* ах хоёр барьцалдаад авсан. Салахдаа би Б*******гийн нурууг хатгачихсан. Б******* “ёооё, намайг шаачихлаа, хутгалчихлаа” гээд орилоод гэр лүү орсон” гэх мэдүүлэг[12], 13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгчийн зүгээс хохирогч Ч.Ут эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Г*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй 24 см урттай хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г******* хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй 24см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 300,000 төгрөг нөхөн төлсөнд үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

      

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ