| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00394/И |
| Дугаар | 00357 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00357
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00357 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянхошуу багт оршин суух, дугаарын регистртэй, Бошигт овогт Цгийн Чын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч нь 1970 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Бага насаа аав ээжийн асрамжид өнгөрөөж, 1979 онд Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1987 онд 8 дугаар анги төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д гарч аав ээжийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт" нэгдлийн Цагаанбулан бригадад бог мал маллаж байгаад Н.Лхагвасүрэнтэй гэр бүл болсон. Нөхөр Н.Лхагвасүрэн нь нас барсан. Одоо хүүхдүүдийн хамт амьдарч байна. Ц.Чын хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, архивын лавлагаагаар 1987 онд илгээлтээр МАА-д гарсан тушаал гарч ирсэн боловч ажиллаж байсан зарим материал олдохгүй ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн тул шүүхэд хандан хүсэлт гаргаж байна. Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Ц.Чыг 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Чын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Ч нь 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 956 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1986 оноос 1987 он, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000476 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон дипломын эх хувь, Ховд аймгийн Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон талархалын эх хувь, 1989 онд эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг,
Иргэн Л.Баттөмөрийн ...Ц.Ч нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оноос 1990 оныг дуустал ээж дүү нарын хамт бог мал маллаж байсан. Бид нэг бригадад айл саахалт мал маллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Б.Дэмбэрэлийн ...Миний бие Ц.Чтай 1985 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Чын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошигт овогт Цгийн Чыг 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ