| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00379/И |
| Дугаар | 00359 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00359
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00359 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн Олзвойн 03-26 тоотод оршин суух, дугаарын регистртэй, Ц овогт Жгийн Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1960 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд Жгийн 6 дахь хүүхэд болон төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд 1969 онд Ховд аймгийн Манхан сумын найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1973 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн хоёрдугаар найман жилийн сургуульд шилжин ирж суралцаад, 1977 онд наймдугаар ангиа төгсөөд, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумийн малын эмчийн ангид элсэн суралцаад 1980 онд сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Гацуурт сангийн аж ахуйн Улиастайн фермийн малын эмчээр ажиллаж байгаад, 1983 онд жирэмсэний амралтаа авчихаад ар гэрийн гачигдлаар тухайн газартаа дахин ажиллаж чадаагүй ба Ховд аймагт шилжиж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оны 10 дугаар сард барилгачнаар ажиллаж эхэлсэн. Тэндээ туршилтын хугацаагаар нэг жил гаруй ажиллаад 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жинхлэн тус газартаа 1994 оныг дуустал барилгачнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч анх ажилд тушаалыг архивт хүлээлгэж өгөхдөө нэр засвартай бичсэн, хөдөлмөрийн дэвтэрт анх ажилд тушаалыг бус сүүлд жинхэлсэн тушаалыг бичсэн ба мөн оныг засвартай бичсэн. Гацуурт сангийн аж ахуйн Улиастайн фермийн малын эмчээр ажиллаж байсныг нотлох гэрч олдохгүй байгаа тул миний бие анх ажилд орсон ба гарсан тушаалыг хавсаргасан ба тэр талаар бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрээ тухайн үед ажлаасаа гарахдаа аваагүй. Учир нь миний бие жирэмсэний амралтаа Ховд аймагт төрөх гэж ирсэн байсан ба ар гэрийн гачигдлаар дахин тухайн газраа очиж ажиллаж чадаагүй тул хөдөлмөрийн дэвтрээ тухайн үедээ аваагүй. Иймд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ж.Ц намайг 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Гацуурт сангийн аж ахуйн Улиастай фермийн малын бага эмчээр, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Мандал ХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Цгийн 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Гацуурт сангийн аж ахуйн Улиастай фермийн малын бага эмчээр, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Мандал ХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Ц нь 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Гацуурт сангийн аж ахуйн Улиастай фермийн малын бага эмчээр, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Мандал ХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь
Гацуурт сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай шинээр сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гацуурт сангийн аж ахуйн даргын 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гацуурт сангийн аж ахуйн даргын 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1157 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 140533 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оны 01 дүгээр сараас 1995 о ны 09 дүгээр сарыг дуустал, 1996 оны 04 дүгээр сараас 1996 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000126 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2151 дугаартай малын бага эмчийн дипломын эх хувь, 35 дугаартай шавардлага мэргэжлийн үнэмлэхийн эх хувь,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/002910 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/002909 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаартай лавлагаа,
Иргэн Д.Наранжавын ...Миний бие 1956 онд төрсөн. Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1976 онд барилгачнаар ажиллаж эхэлсэн. Ж.Ц нь 1984 онд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. 1986 онд шавардлага мэргэжлээр 4 дүгээр зэрэг хамгаалсан. Би 1993 онд жирэмсний амралтаа ба 1984 оноос 1993 оныг дуустал Ж.Цг барилгачнаар ажиллаж байсныг сайн мэднэ... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц овогт Жгийн Цг 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Гацуурт сангийн аж ахуйн Улиастай фермийн малын бага эмчээр, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Мандал ХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ