Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00361

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00361

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, төгрөг гол багт оршин суух,  дугаарын регистртэй, Гааж овогт Эгийн Агийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.А, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1969 оны 05 дугаарсарын 04-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Миний бие нь 1977 онд Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1985 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд ажилгүй байсан. Тэр үед миний аав Д.Э нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн аж ахуйд ажилладаг байсан. Э.Адьяахүү миний бие нь 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орж 1989 оныг дуустал туслах тогооч, асрагч, манаачийн ажлуудыг хийж байсан. Дараа нь Манхан сумын эмнэлэгт асрагчийн ажлыг 1990 оноос 1994 оныг дуустал хийж байгаад хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Миний бие нь 1994 оны 11 дүгээр сарын 27-нд Даваасүрэн овогтой Бямбажавтай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Гааж овогт Эгийн А /РД:ПЖ 69050401/ намайг 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгт асрагч, туслах тогооч, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Э.Агийн 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгт асрагч, туслах тогооч, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Э.А нь 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгт асрагч, туслах тогооч, манаачаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 960 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.Агийн цалингийн цэс

Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 1989 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0772472 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000020 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгийн 2011 оны ном

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 126/002427 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000758 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн Я.Гэрэлчулууны ...Миний бие 1981 онд Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгт ахлах тогоочоор анх ажилд орж 18 жил тасралтгүй ажиллаж байсан. Э.А нь 1986 онд цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орж 1989 оныг дуустал ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн Р.Цэндмаагийн ... Миний бие 1979 оны 08 дугаар сард Ховд аймгийн Манхан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ирсэн. Э.А нь 1986 онд цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орж 1989 оныг дуустал ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э.Агийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гааж овогт Эгийн Аг 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын хүүхдийн цэцэрлэгт асрагч, туслах тогооч, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ