Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2018/1775/И |
Дугаар | 001/ШТ2022/00135 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ШТ2022/00135
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлал,
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны
2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00403 дугаар тогтоолыг
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
БНХАУ-ын иргэн В, Д.Э нарт холбогдох
Орон сууц захиалах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гипэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал нарын гаргасан хүсэлтийг шүүгч П.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гипэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал, хариуцагч БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Я 2014 оны 7 сард хариуцагч В-ээс 2,500,000 юанийг зээлсэн. Зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилгоор “Ж” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2 тоот, 59/3 байрны 3 тоот, 59/3 байрны 4 тоот, 59/3 байрны 5 тоот тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг худалдахаар 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, зарим холбогдох баримт бичгийг авсан бөгөөд “Ж” ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар В-тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, бичиг баримт өгч байгаагүй. “Ж” ХХК-ийн захирал Я 2,500,000 юаны зээлтэй холбоотойгоор 2015, 2016 онд нийт 2,700,000 юань төлж барагдуулсан байхад В 2015 оны 01 сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ашиглан 2017 оны 07 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 59/3 байрны 2, 3, 4, 5 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа В-д 4 ширхэг орон сууцыг худалдаагүй. В-минээс зээлсэн 2,500,000 юань дээр 6 сарын хүү, алданги гэж үндэслэлгүйгээр 1,725,000 юанийг нэмж тооцон зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгуулан “Ж” ХХК -ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2, 3,4, 5 тоот 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой орон сууц захиалах гэрээг 4,225,000 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож 1,309,750,000 төгрөгийн үнийн дүнтэй бичигдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хариуцагч В нь нөхөр В-тай хамтран эзэмшдэг “Б” ХХК-д хөрөнгө оруулсан этгээдэд болон ажил үүрэг гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байна, туслаад хэдэн баримт өгөөч гээд 2015 оны 11 сарын 30-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн гэрээ, бичиг, баримтыг бэлтгэн авчирч монгол хэл, бичиг мэдэхгүй Я-ээр гарын үсэг зуруулж 14 тоотоор дугаарлагдсан 2015 оны 01 сарын 16-ны өдрийн 1,725,000 юань тушаасан гэх, 15 тоотоор дугаарлагдсан 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 1,775,000 юань бэлнээр төлсөн кассын орлогын баримтыг гуйж авсан байдаг. “Ж” ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1,725,000, 1,775,000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй болно. Гэтэл хариуцагч тал 2015 оны 11 сарын 30-ны өдөр өөрөө бэлтгэж авчирсан бичиг баримт, гэрээг ашиглан 2016 оны 02 сарын 08-ны өдөр 4 ширхэг орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, гээгдүүлсэн үндэслэлээр дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 07 сарын 17-ны өдөр гаргуулан авсан байна. Энэ талаар “Ж” ХХК 2018 оны 5 сар хүртэл мэдээгүй байсан. Хариуцагч В нь Я-ээс 2,500,000 юанийн зээлийг төлөхийг шаардаж байсан учир хариуцагчид 1,988,542 юанийг төлсөн. Үүнд: 2015 оны 06 сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Ж нь 500,000 юанийг, 2016 оны 06 сарын 15-ны өдөр “Ж” ХХК-ийн Хаан банкны ........... тоот данснаас В-ийн Хаан банкны ..... тоот дансанд 300,000 юанийг “Ж” ХХК-аас "зээл төлөв" гэх гүйлгээний утгаар, 2016 оны 08 сарын 15-ны өдөр “Ж” ХХК-ийн Капитал банкны ....... тоот данснаас В-гийн Хаан банкны.......... тоот дансанд 250,000 юанийг В..... зээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар, 2016 оны 09 сарын 01-ний өдөр Капитал банкны 2112001772 тоот данснаас Ву шио лигийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 250,000 юанийг Ву Шиоли гэх гүйлгээний утгаар, 2017 оны 10 сарын 20-ны өдөр “Ж.........” ХХК-ийн Хаан банкны ........................тоот данснаас В................-гийн Голомт банкны ................. тоот дансанд 70,000,000 төгрөгийг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 371.27 төгрөгөөр тооцвол 188,542 юанийг “Ж” ХХК-аас гэх гүйлгээний утгаар, 2018 оны 02 сарын 09-ний өдөр “Ж” ХХК-ийн захирал Ян мин-ийн Хаан банкны .................тоот данснаас В-ийн Хаан банкны ................... тоот дансанд 500,000 юанийг тус тус шилжүүлсэн. Түүнчлэн В, түүний нөхөр В нарын эзэмшлийн “Б” ХХК нь 2013 онд БНХАУ-ын Т уул уурхайн хөрөнгө оруулалтын компаниар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт вольфрам, цагаан тугалганы орд газарт нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгүүлсэн байдаг бөгөөд хайгуулын ажлын 1481 метрийн гүнтэй, 5 ширхэг цооног өрөмдсөн “З” ХХК-ийн захирал Л.Б-д 1,200,000 юанийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч В нь “Б” ХХК-ийн 1,200,000 юань төлөх төлбөрийг Я-д шилжүүлэхээр тохирсон тул Л.Б-д 2016, 2017 онуудад 675,000 юанийг төлсөн болно. Хариуцагч В анх зээлүүлсэн 2,500,000 юаниас “Ж” ХХК-ийн захирал Я-ээс 1,988,542 юань, бусдад төлөх өр төлбөртөө 675,000 юань шилжүүлж нийт 2,663,542 юанийг буцаан авсан атлаа “Ж” ХХК-ийн эзэмшлийн 4 ширхэг орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан байна. Иймд 2015 оны 01 сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015 оны 11 сарын 30-ны өдрийн .......... дугаартай орон сууц худалдах-худалдан авах гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч В-д холбогдуулан 2015 оны 01 сарын 16-ны өдрийн "Орон сууц захиалах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 20151130 дугаартай "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Д.Э-д холбогдуулан 2015 оны 11 сарын 30-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Хариуцагч В нь хүчин төгөлдөр бус орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Ар зайсан гудамж 59/3 байр 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 59/3 байр 3 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-.................... дугаар бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 59/3 байр 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044718 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 59/3 байр 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044717 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан нь худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн үр дагавар байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Ву Шиоли-гийн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
Хариуцагч БНХАУ-ын иргэн В болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж” ХХК-ийн захирал Я 2014 оны 7 сард хариуцагч В-гээс 2,500,000 юанийг зээлсэн байдаг. Гэтэл тус компанид төлөх мөнгө байгаагүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас уг мөнгөндөө суутган тооцож, илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, 4 орон сууцыг 4,225,000 юаниар худалдан авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч тал зээл өгөхдөө зээлийн төлбөрийн үүргийг хангах тохиролцоо гэрээ хэлцэл хийгээгүй, харин 6 сарын дараа буюу 2015 оны 01 сарын 16-ны өдөр зээлийн үүргийг хангах арга хэрэгсэл болгож орон сууц захиалах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа бөгөөд хэрэв зээлийн үүргийг төлөх, хангах зорилготой байсан бол тухайн үед барьцааны гэрээ байгуулж болох байсан. Нэхэмжлэгч нь барьж буй барилга нь санхүүжилтгүй болсноос үүдэн зээлж авсан мөнгөө харилцан тохирсон ёсоор буцаан хугацаандаа төлөөгүй, төлөх эдийн засгийн боломжгүй байдлаасаа шалтгаалан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхоны 59/3 дугаар байрны 2, 3, 4, 5 тоот 4 орон сууцыг 4,225,000 юаниар худалдахаар тохирч, 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх зээлүүлсэн 2,500,000 юанийг төлснөөр тооцон 2014 оны 07 сарын 20-ны өдрийн “Ж” ХХК -ийн кассын орлогын 5 дугаартай баримт авсан. Үлдэгдэл 1,725,000 юанийг 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахдаа бэлнээр өгч санхүүгийн баримтыг авсан. Орон сууц захиалах гэрээ нь хууль ёсных бөгөөд “Ж” ХХК-ийн ТУЗ-өөс Зайсан виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон шийдвэрийн хүрээнд Я-тэй В харилцан тохирч гэрээ хийсэн. 2015.07.15-ны өдөр болоход байр ашиглалтад ороогүй бөгөөд “Ж” ХХК-ийн захирал Я үнийг хямдаар тооцсон байна, танаас буцаан 6,000,000 юанаар худалдан авъя, 1,000,000 юанийг 2015.10.15-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016.04.30-наас өмнө 5,000,000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015.07.16-ны өдөр байгуулсан. Ийнхүү орон сууцыг буцаан худалдан авах гэрээ байгуулахдаа 2014.07.20-нд өгсөн 2,500,000 юанийг байрны мөнгөнд тооцож, мөн 2015.01.16-ны өдөр 4 орон сууцны үнэ 4,225,000 юань, үлдэгдэл 1,725,000 юанийг 4,225,000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1,000,000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж, 5,000,000 юань өгөөд 2016 оны 4 сард 3 байр буцааж авах тохиролцоо байсан юм. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, “Ж” ХХК-ийн захирал Я 2015.07.16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1,000,000 юаниа 2015.10.30-ны дотор төлөөгүй. Ийнхүү 2015.11.27-ны өдөр “Ж” ХХК-ийн захирал Я-д уг байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж 4,225,000 юаниар биш 6,000,000 юаниар орон сууцны үнийг тооцон, төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаад түүний хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 11 сарын 27-ны өдөр 1,775,000 юанийг төлсөн. Ийнхүү В эцэст нь уг орон сууцнуудыг 6,000,000 юаниар авахаар болж, 2017.11.30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. 2015.07.16-ны өдөр баталгаажуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээгээр дээрх 4 орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх хүсэл зорилготой байсан болохыг нотлон харуулж байгаа юм. Хэрэв дүр эсгэсэн гэрээ байсан бол зээлээ төлөөд л орон сууцнуудыг авах байж яах гэж буцаан худалдан авах гэрээ хийж, уг гэрээний нийт үнийг 6,000,000 юаниар худалдах ямар ч шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадаагүй учраас харилцан тохирсны дагуу 4 орон сууцыг зарсан бөгөөд уг орон сууцыг хариуцагчаас хэрэв төлбөрийн чадвартай болбол 1,775,000 юань нэмж өгч байж л буцаан худалдан авах байсан. Гэвч буцаан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул түүнд зарах боломжгүй, шаардлагагүй болсон. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа тухайн хэлцлийн үр дүнг бий болгох, эрх үүрэг бий болгох зорилгогүй зөвхөн гадаад байдлын хувьд хэлцэл хийгдсэн мэт харагдуулахыг урьтал болгодог. Тэгвэл 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь харилцан тохиролцож зээлийн төлбөрөө төлж чадаагүйтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгийн талбайн хэмжээ үнэ болон бусад нөхцлийг тодорхой зааж, талуудын хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн. Хэрэв тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хангуулахаар дүр үзүүлж хийсэн бол буцаан худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй байсан. Яагаад 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ хийгдснээс хойш 6 сарын дараа орон сууц буцаан худалдан авах гэрээ хийсэн, яагаад зээлийн төлбөрийн баталгаа байсан юм бол В-д зарсан үнээсээ 1,775,000 юань илүү буюу 6,000,000 юаниар буцаан авна гэж гэрээ хийсэн бэ гэдгээс тодорхой харагдана. Нэгэнт зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул харилцан тохиролцож 4 орон сууцыг худалдсан, ийм л асуудал болсон. Харин төлбөр санхүүгийн чадамжтай болвол тэргүүн ээлжинд буцаан авах, нэгэнт 4 орон сууцаа зарчихсан хариуцагчийн өмч тул дахин тохиролцон буцаан худалдан авах үнээ 6,000,000 юань гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээг хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ харилцан тохиролцсон тохиролцооны дагуу зохих ёсоор хийсэн байж, санхүүгийн чадамжгүйгээс буцаан худалдан авч чадаагүй байж тохирсон үнээсээ 1,775,000 юань нэмж авч өмнөх орон сууц захиалах гэрээний үнэд өөрчлөлт оруулан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан байр зарснаа дүр эсгэсэн хэлцэл гэж шүүхээр хүчингүй болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. В нь БНХАУ-ын иргэн Я-д мөнгө зээлээгүй, харин “Ж” ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж юань зээлсэн. “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Я тул түүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээн дээр зээлдэгч нь “Ж” ХХК гэдэг нь тодорхой байгаа. 2015.07.16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь “Ж” ХХК нь зээлдэгч болохыг баталсан болно. БНХАУ-ын иргэн Я мин 2,500,000 юань зээлсэн, “Ж” ХХК зээлийн гэрээ хийж зээл аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд юань зээлэх гол шалтгаан нь “Ж” ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхонд барьж буй барилгад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсний дагуу 2,500,000 юанийг зээлсэн. Түүнээс биш БНХАУ-ын иргэн Я-д түүний хувийн хэрэгцээнд зориулж мөнгө зээлээгүй. В-гээс өөр ямар ч зээлдэгч байхгүй гэдэг нь анх 2,500,000 юанийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотоос В өөрийн нэр дээрх банкны харилцах данснаас 2,500,000 юань шилжсэн гэсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Ийнхүү 2,500,000 юань мөнгөн гуйвуулга хийгдэхгүй буцаагдаж байснаас болж Я минийн хувийн харилцах руу шилжсэн тул “Ж” ХХК нь уг мөнгийг авсан болохоо нотлон орлогын баримтыг албан ёсоор 2014 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн байдаг. Хятад хүмүүс хэзээ ч аваагүй ийм их мөнгөний баримтыг хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгөхгүй. Компанийн нягтлан бодогч, захирал зэрэг ажлууд хийдэг хэн ч гэсэн уг баримт нь компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт бичиг гэдгийг мэднэ. Хэрэв баримтыг хийж өгөхгүй бол мөнгөө бэлнээр тушаахгүй байсан. Уг баримт нь В-гээс мөнгийг авсан болохыг нотолж байгаа баримт бичиг бөгөөд 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2.1-т уг мөнгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ гэрээ хятад хэл дээр хийгдсэн мөн нотариатч гэрчилсэн болно. “Ж” ХХК-ийн В-д 2016.06.15-наас 2018.02.09-ний өдөр хүртэл 5 удаагийн шилжүүлгээр нийтдээ 1,500,000 юань орсон. Дээрх мөнгө нь 2016 оны 6 сараас эхлэн шилжиж ирсэн бөгөөд зээлийн төлбөр биш. Харин 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу 2016.04.30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 3.6-д зааснаар торгуулийг худалдагч тал нь худалдан авагчид төлсөн мөнгө болно. БНХАУ-ын Т уул уурхайн хөрөнгө оруулалтын компанийн 2013 онд гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөгийн ажлын төлбөр төлөх тухай тодорхойлолт, “З” ХХК-ийн захирал н.Б-тай “Б” ХХК ажил гүйцэтгүүлсний төлбөрийн өртэй байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагчид ямар ч хамааралгүй. Талуудын хооронд хийгдсэн 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон анх “Ж” ХХК-ийн мэдэж харьцсанаас хойшхи бүх асуудлыг тэдний хажууд байсан Ж, В-тэй нар гэрчлэх бөгөөд уг гэрээг хууль ёсных болохыг зөвшөөрч гэрээтэй холбоотой асуудалд батлан даана гэсэн бичиг хийж өгсөн. Аливаа бизнес түншлэл нь харилцан итгэлцэл дээр үндэслэж шударга байх, мөн тохиролцоогоо зөрчихгүй, цаг хугацааг баримтлах нь тулгуур зарчим юм. Гэтэл дээрх зарчмын дагуу явагдсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээг байгуулахдаа талууд монгол хэл дээр байгуулж, орчуулгыг хятад хэл дээр орчуулж, орчуулгын товчооны тамга тэмдэг даруулсан. “Ж” ХХК-ийн захирал, хариуцагч нар хоёулаа өөрсдийн төрөлх хятад хэл дээр гэрээний нөхцөлөө ойлгоод гэрээг байгуулсан. Тухайн гэрээний нөхцөлийг хэн аль нь ойлгосон, тухайн орчуулга дээрээ юу гэж бичсэнийг хэн аль нь ойлгож байгаа учраас нотариат гэрээг гэрчилсэн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гээд ерөнхий захирал Я “Ж” ХХК-ийг төлөөлөн Зайсан Виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна гээд Нотариатын тухай хуульд заасан үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын тухай хуульд үйлдэл өөрөө хүчин төгөлдөр биш гэж үзэж байсан бол энэ гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар цааш нь өгч бүртгүүлэхгүйгээр буцаж маргаан үүсгэх боломжтой байсан боловч дээрх этгээдүүд нь энэ гэрээг үндэслээд Үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт “Ж” ХХК, ерөнхий захирал Я гээд гарын үсэгтэй нэр бүхий 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаарх албан бичиг, худалдах-худалдан авах гэрээ, тухайн байрнуудын албан ёсны хаяг, хаягжилтын талаарх албан бичиг, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэргийг нэмэлтээр хавсаргаж өгсөн байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн фото зураг, кадастрын зураг зэргийг аваачиж өгсөн нь хэлцлийн талаарх үр дагавар, хэлцлийн талаар ямар агуулгатай хэлцэл байсан гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэ үйлдэл хуулийн дагуу бүрэн дүүрэн хийгдээд дуусгавар болсон тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь заасныг баримтлан БНХАУ-ын иргэн В-д холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Э-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйдлийг хүчингүйд тооцуулах тухай “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,164,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00403 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...БНХАУ-ын иргэн В-д холбогдох“ гэснийг ”БНХАУ-ын иргэн В-д холбогдох” гэж, “хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” гэснийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 16,164,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гипэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал нар хүсэлтэндээ: 183/ШШ2019/01864 дугаар шийдвэр, 1812 дугаа магадлал, 001/ХТ2021/00403 дугаар тогтоолтой “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн В-д холбогдох “Орон сууц захиалах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай ”, нотариатч Д.Э-д холбогдох “Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл”, мөн хуулийн 179.1.2-т “Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч...” гэсэн үндэслэлээр, хуулийн 180 дугаар зүйлд заасан журмаар хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг дор дурдсан үндэслэлээр гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрүүд: Анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхээс 2019.09.09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дугаартай шүүхийн шийдвэрээр “Ж” ХХК-ийн захирал Я Хятадын иргэн Ву Шиоли нарын хооронд хийгдсэн 2015.01.16 ны өдрийн “Орон сууц захиалах”, 2015.11.30-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хариуцагч нотариатч Д.Э-д холбогдох 2015.11.30-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2019.10.18 ны өдрийн 1812 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2021.04.29-ний өдрийн 001/ХТ2021/00403 тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг дахин хянуулах үндэслэл: “Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал, хохирогч БНХАУ-ын иргэн Я нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 191002347 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2022.02.09-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1910023470039 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар ирүүлсэн байна. В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд дурьдсан дараах баримт хэргийн материалд цугларсан байх ба уг нотлох баримтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Иймд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн В, Д.Э нарт холбогдох иргэний хэрэгт ач холбогдол бүхий дараах үйл баримтууд шалгагдан нотлогдсон байна. Үүнд: 1. Иргэний хэрэгт хавсаргасан 2015.11.30-ны өдрийн “Орон сууцны худалдах-худалдан авах” гэрээг монгол хэл огт мэддэггүй “Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, ерөнхий захирал, БНХАУ-ын иргэн Я нь танай компанитай “Барилгын материал нийлүүлэх гэрээ” хийе гэж хуурч, төөрөгдүүлэн орчуулагчгүйгээр өөрийнхөө бэлтгэж ирсэн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зуруулж, нотариатаар батлуулсан. Уг гэрээгээ В нь “Рич У-г” орчуулгын товчооны тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн, Хятад хэл дээр болгон хөрвүүлж, 2018.12.03-ны өдөр буюу нотариаратаар гэрчлүүлэн, ерөнхий захирал Я Миний гарын үсэггүй, хуурамчаар үйлдсэн гэрээгээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, хэрэгт хавсаргуулсныг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход хүргэсэн. Энэ нь одоо шалгагдаж байгаа эрүүгийн 1910023470039 дугаартай хэрэгт орчуулгын товчооны орчуулсан гэх хүний гэрчээр өгсөн мэдүүлгээр болон, орчуулагч Ц.Ц-ны 2019.10.11-ний өдөр гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр хөдлөшгүй тогтоогдсон болно. “Ж” ХХК нь харилцагч нартайгаа “Орон сууц захиалах гэрээ” болон “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” гэж огт хийдэггүй ба “Захиалгаар орон сууц барих гэрээ” гэж ганцхан л гэрээ хийдэг байсныг компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцсон Л.Батжаргал нь тухайн үед иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлсөн байна. Манай “Ж” ХХК-ний харилцагч нартайгаа хийдэг үндсэн гэрээ болох Б.Б-тай 2014.08.25-ны өдөр хийсэн “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г нотлох баримтаар хавсаргав. 2. В нь дээр дурдсан 2015.11.30-ны өдрийн хуурамчаар үйлдсэн “Орон сууцны худалдах-худалдан авах гэрээ” гэгчээ үндэслэн 2015.12.01-нд буюу маргааш нь Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд гэж хаяглан, улмаар “Ж” ХХК-ний албан бланкийг хуурамчаар үйлдэн “...төлбөр бүрэн барагдуулсан, нэр шилжүүлж болно” гэх агуулга бүхий хүсэлтийг “Ж” ХХК-ний ерөнхий захирал Я Миний гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдэн гаргаж өгсөн байдаг. Энэ нь эрүүгийн 1910023470039 дугаартай хэрэгт байгаа Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн бичиг баримтын шинжилгээний 2020.03.13-ны өдрийн №1090 тоот дүгнэлтээр хөдөлшгүй тогтоогдсон. Хохирогч “Ж” ХХК-ний захирал Я нь анх 2014.07.20-ны өдөр В-аас 2,500,000 юань зээлсэн байтал 2014.07.09-ний өдөр буюу мөнгө зээлэхээс өмнө тус компаний ерөнхий захирал 95 хувийн хувьцаа эзэмшигч Я-д компанийг төлөөлөн “Зайсан Вилла” дахь 4 ширхэг хаусыг худалдах эрхийг олгов” гэх утга бүхий “ТУЗ-ийн шийдвэр” гэх баримт үйлдэн, Я-ий гарын үсэг огт зурагдаагүй, зөвхөн 5 хувийн хувьцаа эзэмшигч Т-ий гарын үсгийг хуурамчаар зуран, албан бичиг үйлдэн Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд гаргаж өгсөн байна. Гэтэл Т нь тухайн үед Монгол улсад огт байгаагүй нь Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогддог. Ийнхүү дээрх хуурамч баримтуудыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд яллагдагч В ганцаараа барьж очиход нь түүнийг үндэслэн хуулиар тогтоосон журмыг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд давуу байдал бий болгон тус албаны улсын бүртгэгч Ж.Уранцэцэг нь 2016.02.08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Ар зайсан гудамжны нутаг дэвсгэрт байрлах 59/3 тоот байрны 2, 3, 4, 5 тоот дөрвөн үл хөдлөх хөрөнгийг яллагдагч В-гийн нэр дээр өмчлөх эрхийн №000452250 бүртгэлтэй 2 тоот, 000452245 бүртгэлтэй 3 тоот, 000452234 бүртгэлтэй 4 тоот, бүртгэлийн дугаар 5 тоот бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн байдаг. Хохирогч Я нь В-г өөрийнх нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бусаар залилан мэхлэж өөрийн өмчлөлд шилжүүлсэнийг мэдээд, хуульч өмгөөлөгчөөр дамжуулан Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд хандсаны дараа В нь өөрийн энэхүү үйлдлээ халхавчлан далдалж, шүүхийг төөрөгдүүлэх зорилгоор дээрх өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг үрэгдүүлсэн гэх хүсэлтийг гарган 2017.07.17-ны өдөр дээрх 4 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулан авч шүүхэд нотлох баримтаар өгчээ. 3. “Ж” ХХК-ний ерөнхий захирал Я нь В-гээс 2014.07.15-ны өдөр зээлсэн 2,500,000 юаниа буцаан төлөхдөө 2,663,542 юань болгон нэмэгдүүлж, хэд хэдэн удаагийн төлөлтөөр бүрэн төлж, 2018.02.09-ний өдөр тооцоо дуусгасан байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179.1, 179.1.2-т зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар шийдвэр, магадлал, тогтоолыг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн В, нотариатч Д.Э нарт холбогдох “орон сууц захиалах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн, хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ. Шүүхийн уг шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.4.-т зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэж буй шүүх нь шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох эсэх, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад нөлөөлсөн эсэх, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг тус тус шийдвэрлэх үүрэгтэй.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гипэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал нар иргэний хэргийн талаар дээрх шийдвэр гарсны дараа “Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал, БНХАУ-ын иргэн Я нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 191002347 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2022.02.09-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1910023470039 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад, шүүхэд шилжүүлэх санал гаргасан гэж холбогдох баримтуудыг ирүүлжээ.
БНХАУ-ын иргэн В-г яллагдагчаар татсан Нийслэлийн Прокурорын газрын 2022.02.09-ний өдрийн №1910023470039 тоот тогтоолд иргэний хэрэгт хянан шийдвэрлэгдсэн 2015.11.30-ны өдрийн “Орон сууцны худалдах-худалдан авах” гэрээ, гэрээг орчуулсан Ц.Цагааны гэрчээр өгсөн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд хандсан албан бичиг дэх гарын үсэг нэхэмжлэгч “Ж” ХХК-ний ерөнхий захирал Я Миний гарын үсэг биш болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020.03.13-ны өдрийн №1090 тоот дүгнэлт, ...“Зайсан Вилла” дахь 4 ширхэг хаусыг худалдах эрхийг олгосон “ТУЗ-ийн шийдвэр” гэх баримтад Я-ий гарын үсэг зурагдаагүй, хувьцаа эзэмшигч Т-ний гарын үсгийг хуурамчаар зурсан, Т нь тухайн үед Монгол улсад огт байгаагүй нь Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогддог гэх баримт мэдээлэл тусгагдсан боловч уг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй нөхцөлд шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.
Түүнчлэн “Ж” ХХК-ний харилцагч нартайгаа хийдэг үндсэн гэрээ болох Б.Б-тай 2014.08.25-ны өдөр хийсэн “Захиалгаар орон сууц барих гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн баримт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.13-ны өдрийн 102/ШЗ2022/08735 дугаар захирамж, 2015.11.30-ны өдрийн 20151130 дугаар орон сууцны худалдах худалдан авах гэрээ, Мөрдөгчийн санал зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй, “Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ж” ХХК-ийн дүрэм /5 хуудас/, 2015.11.30-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” /3 хуудас/ баримтууд хэрэгт байгаа баримтууд тул шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй.
Хариуцагч В маргаж буй орон сууцнуудын өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт нь талуудын байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнд үндэслэсэн, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй тохиолдолд гэрээг байгуулсны дараа өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой материал буюу Монголын нотариатын танхимын архивын лавлагаа /1 хуудас/, Улсын бүртгэлд гаргасан В-гийн 2015.12.01-ний өдрийн 2 өөр хүсэлт/2 хуудас/, ТУЗ-ийн шийдвэр гэх гарын үсэггүй материал /2 хуудас/, Т-ний хилийн лавлагаа /1 хуудас/, Үл хөдлөхийн гэрчилгээнүүд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн анхны авсан байдлаар /3 хуудас/, Бүртгэлийн газарт гэрчилгээ хаясан дахин гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт /1 хуудас/, Үл хөдлөхийн гэрчилгээнүүд 2017.07.17-ны өдрийн дахин авсан байдлаар /4 хуудас/ зэрэг баримтууд ач холбогдолгүй байна.
Иймд хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 181.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00403 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гипэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал нарын хүсэлтийг хангахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ