Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 434

 

 

 

 

 

    2020           4              9                                          2020/ДШМ/434                                 

Ш.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Ц.Энхбаатар, түүний өмгөөлөгч Б.Алдармаа,

шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Н.Одгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Н.Одгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Над холбогдох 1903005160326 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зуун богд овгийн Ш.Н, 1974 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, эрх зүйч  мэргэжилтэй, Үндэсний тагнуулын албаны Академид багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 34б байрны 153 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 105 дугаар байрны 62 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧТ74050673/;

Ш.Н нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутын үед “Тоёота Эстима” загварын 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нисдэг машин” худалдааны төвийн авто зогсоол руу орохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Энхбаатарыг ханатай хавсарч мөргөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ш.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зуун богд овгийн Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Над 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Над оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүх хохирогч Ц.Энхбаатарын нэхэмжлэлээс эмчилгээ болон шатахууны зардалд 15.504.074 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Ш.Н нь хохирогчид нийт 26.000.000 төгрөгийг төлсөн байх тул уг хохирлыг бүрэн төлсөнд тооцож, хохирогчийн нэхэмжлэлээс эргэлтийн хоол хүнсний хохирол болох 1.794.185 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Энхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Н.Одгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын СиДи бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18/ 33 дахь секундэд “...саарал автомашин зогсоолоос гэнэт хөдлөн огцом доошоо буухад зам дээр зогсож байсан хар өнгийн хувцастай эрэгтэйг мөргөх шахаад автомашинаа баруун тал руу дарахад хаалганы баруун талд зогсож байсан бараан өнгийн хувцастай эрэгтэй хүнийг 37 дахь секундэд мөргөөд зогссон” гэж тэмдэглэсэн байна. Үүнээс харахад Ш.Н нь урд тулгарсан саад болох хүн болон гражид байх авто тээврийн хэрэгслүүдэд учрах байсан эрсдэлийг зайлуулах санаатай жолооны хүрдийг өөр чигт өөрчлөх явцдаа бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан байх тул Ш.Нын үйлдэл нь тохиолдлын шинж чанартай гарцаагүй байдлын улмаас хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хүндэвтэр гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан. Би маш хүнд гэмтсэн. Зүгээр яс хугараад өнгөрсөн зүйл байхгүй. Шилбэ, гуяны яс бяцарсан, шилбэний булчин задарсан, шөрмөс нь тасарсан. Би насаараа хазгар, доголон болсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Уг ялаа хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгааг үнэхээр гайхаж байна. Машин болгонд гар тормос байдаг. Ямар ч үед машинаа зогсоох ёстой. Би байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Одоо хүртэл эмчилгээ хийлгээд явж байна. Би сард 3.000.000 төгрөгийн цалинтай байсан. Өнөөдөр эдийн засаг болон эрүүл мэндийн хүнд байдалд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.

Хохирогч Ц.Энхбаатарын өмгөөлөгч Б.Алдармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ц.Энхбаатартай санал нэг байна. Уг хэрэг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хохирогчийн эрүүл мэндийн байдал хэвийн байдалдаа ороогүй, нөхөн сэргээгүй учраас ажилдаа орж чадаагүй. Иймд эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохирсон байдалтай байна. Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Гэтэл уг хэргээ хэрэгсэхгүй болгуулах гээд гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан СиДи бичлэгээс Ш.Нын гэм буруутай үйлдэл нь тодорхой харагдаж байдаг. Жолооч ямар ч үед техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас тухайн үед гражаас гарч явсан явган зорчигч Ц.Энхбаатарыг ханатай хавсарч мөргөсөн. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өөр хүнийг мөргөх аюулаас зайлж, хажуу тийшээ машиныхаа хүрдийг дарсанаас болж гэнэт гарч ирсэн явган зорчигчийг мөргөсөн гэх байдлаар тайлбарлаж байна. Ослын үеийн дүрс бичлэгээс ийм нөхцөл байдал харагддаггүй. Мөн тээврийн хэрэгсэл эвдэрсний улмаас жолоодлогогүй болоод өнхөрсөн гэж ярьдаг. Гэтэл тухайн үед тээврийн хэрэгсэл хэвийн байсан болохыг гэрч болон шүүгдэгч Ш.Н нар мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Ш.Над холбогдох хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ш.Н нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутын үед “Тоёота Эстима” загварын 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нисдэг машин” худалдааны төвийн авто зогсоол руу орохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Энхбаатарыг ханатай хавсарч мөргөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Энхбаатарын “...Тэр өдөр тэр машин хана мөргөн зогссон байсан. Хүмүүс түрж байхаар нь туслах санаатай ойртож очтол тухайн автомашины жолооч рүүлээ зөв тал руугаа ханатал дараад хаазаа гишгээд намайг ханатай хавсарч хүчтэй мөргөсөн. Тэр үед миний, ам, хамар, чихнээс цус гарсан ба тухайн үед ойр хавьд байсан хүмүүс автомашиныг хойш нь бага зэрэг түрсэн боловч дахин намайг ханатай хавсарч мөргөсөн. Миний баруун гуяны дунд чөмөг 3 хугарсан. Шилбэний савхан яс бяцарсан, булчингууд няцарч задарсан. Мөн хойд шөрмөс тасарсан. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5 цаг гаруй үргэлжилсэн хагалгаа амжилттай болсон. Миний зүгээс гомдолтой байна. Цаашид эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилнэ...” /1хх-19-22, 23-24/,

Ш.Нын яллагдагчаар өгсөн “...Би төв замаас гараад засварын газрын гарцанд машин багтахгүй хөндлөн 10 минут зогссон. Ухарсан боловч болохгүй байсан. Би түрээд гаргах гэсэн ч багтахаар санагдсан учир аажмаар явж зай гаргасан. Миний машин эрчээрээ доошоо өнхөрсөн. Би жолоог тултал нь мушгисан боловч аюулгүй байдал алдагдсан. Би энэ хэрэгт харамсаж байна. Өөрийн болгоомжгүй үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Миний амьдралд тохиолдсон хамгийн харамсалтай зүйл. Би 10 жил багшилж байна. Би хохирогчид хохирол барагдуулах талаар хэлсэн. Би зээлтэй олон хүн тэжээж авч явдаг. Би өөрийнхөө хэмжээнд чадах бүхнээ хийсэн гэж үзэж байна. Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх-75-76, 2хх-6-7/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Энхбаатарын биед баруун дунд чөмгөний битүү хугарал, шилбэний тахилзуур ясны ил хугарал, шилбэний хууларсан шарх, булчин, шөрмөсний тасрал, зүүн ташаа, шилбэний хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...”  6014 дугаартай /1хх-38-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шүүх эмнэлгийн 6014 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлээс үүссэн үлдэц уршигт хараа, хэл, сонсголгүй болох, эрхтэнгүй болох, хөл, гаргүй болох, хөл, гарын үйл ажиллагаа бүрэн алдагдах зэрэг нь хамаарах ба Ц.Энхбаатарын биед одоогоор гэмтлээс үүссэн үлдэц, уршигт тогтоогдохгүй байна. Ц.Энхбаатарын биед үүссэн дээрх /баруун дунд чөмгөний битүү хугарал, шилбэний тахилзуур ясны ил хугарал, шилбэний хууларсан шарх, булчин, шөрмөсний тасрал, зүүн ташаа шилбэний хэгсийн цус хуралт, зулгаралт/ гэмтлүүдийн улмаас үлдэц, уршиг үүсэх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй. ...” 794 дугаартай /1хх-46-50/,

Тээврийн цагдаагийн техникийн шинжээчийн “... “Тоёота Эстима” загварын 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх.” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 12 дугаар зүйлийн “Тээврийн хэрэгслийн хурд.” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч Ц.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. ...” 362 дугаартай /1хх-246-248/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-9-11/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18/, техникийн тодорхойлолт /1хх-94/, хохирогчийн өвчний түүх /1хх-112-152/, хохирлын баримтууд /1хх-158-211, 2хх-54-59/, хохирол төлсөн баримтууд /1хх-153-157/, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /2хх-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ш.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Н.Одгэрэлийн “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Над оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Над 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Мөн хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ш.Нын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Н.Одгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ныг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Н.Одгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ