| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0747/З |
| Дугаар | 221/МА2026/0185 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0185
“Л ББСБ” ХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Гомдол гаргагч: “Л ББСБ” ХК, /РД:*******/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.С
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/768 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0747/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Л ББСБ” ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.С-д холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0943163 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0768 дугаар шийдвэрээр: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “Л ББСБ” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.С-гийн үйлдсэн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0943163 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...Маргаан бүхий захиргааны актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх шаардлагагүй талаар: “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 555 дугаар тогтоолоор баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байсан.
3.2. Харин Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХЭГ/395 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 дугаар албан бичгүүд тус хороонд ирсний дагуу холбогдох дүрэм, журмуудад туссан зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдох харилцааг зохицуулсан хэсгийг хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах шаардлагатай болсон.
3.3. Дээрх үндэслэлээр тус хорооны 2024 оны 555 дугаар тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгож, мөн өдөр 68 дугаар тогтоолоор зөвшөөрөл эзэмшигч банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх нөхцөл шаардлагыг тодорхойлох, активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах болон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихтай холбогдсон зохицуулалтын шаардлагуудыг хэвээр үлдээн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасныг үндэслэн дахин баталсан.
3.4. Мөн тус хорооны 2025 оны 68 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нөхцөл шаардлагад мөн оны 78 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.
3.5. Тус хорооноос баталсан дээрх тогтоолууд нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн шинжтэй бус, тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудад чиглэсэн, дотогш үйлчлэлтэй захиргааны акт тул захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй болно.
3.6. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4- т “Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ” гэж заасны дагуу тус Хороо нь банк бус санхүүгийн байгууллагуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг дээрх тогтоолуудаар дагаж мөрдүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
3.7. Дээрх 78 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 3.22-т “Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт нь бусдаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, эрсдэлийг бууруулах зорилготой ба дараах зохистой харьцааг тооцно,” гээд 3.22.4-т “дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” гэх заалт нь Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох, дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын шинжтэй арга хэмжээ юм.
3.8. Хэрэв зохицуулалттай этгээдүүд хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан хариуцлага оногдуулан ажиллаж байна.
3.9. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэр" гэдэгт захиргааны хэм хэмжээний акт биш дотогш чиглэсэн захиргааны актаар торгууль оногдуулсан, хорооноос гаргасан шийдвэр гэдэгт албан бичгийг ч ойлгохоор дур зоргын шинжтэй байна" гэж дүгнэсэн нь хуулийг илт гуйвуулсан, үндэслэл бүхий тайлбар болно.
3.10. Учир нь хариуцагч талаас тухайн “Л ББСБ” ХК-ийг эх үүсвэр татан төвлөрүүлсэн гэж торгосон бус, хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах талаар зохицуулсан журмыг зөрчсөн тул Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасныг хэрэгжүүлэхээр Хорооноос гаргасан шийдвэрийг буюу тухайн журмыг биелүүлээгүй гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан болно. Мөн дээрх Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дур зоргын шинжтэй гэж үзвэл зохицуулагч байгууллага зохицуулалттай этгээдүүдийг хэрхэн зохицуулж, нөхцөл шаардлага хангуулах, нөгөө талаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь тодорхойгүй байна.
3.11. Шүүхээс эх үүсвэр татаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй талаар: “Л ББСБ” ХК-ийн 2025 оны 02 дугаар улирлын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланд зайны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үед “Л ББСБ”ХК нь Голомт банктай 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /зээлийн шугам/-ндээ 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нэг жилээр сунгасныг тогтоосон.
3.12. Тус хороо нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор дээрх “дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүх банк бус санхүүгийн байгууллагад хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн.
3.13. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /зээлийн шугам/ нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болохоор байхад тогтоолд нэмэлт, өөрчлөлт орж, мэдэгдэл хүргүүлснээс хойш зээлийн гэрээ /зээлийн шугам/-ний хугацааг дахин сунгаж “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулсан байгаа нь дотоодын банкнаас эх үүсвэр татан төвлөрүүлснээс ялгаагүй үйлдэл юм.
3.14. Хэрэв тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулснаас өмнөх хугацаанд байгуулсан гэрээгээ дахин нэг жилээр сунгах нь эх үүсвэр татан төвлөрүүлээгүй юм бол бүх зохицуулалттай этгээд гэрээгээ сунгаж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байх практик үүсэх юм.
3.15. Банк санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татан төвлөрүүлэхэд хязгаарлалт тогтоогоогүйгээс дотоодын арилжааны банкнууд Банк бус санхүүгийн байгууллагуудыг санхүүжүүлэх замаар иргэдэд учрах санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж, мөнгө хүүлэлтийг тэтгэх үндсэн нөхцөл болж байна.
3.16. Итгэлцлийн үйлчилгээ, дотоод, гадаадын эх үүсвэр, өрийн бичиг гаргах замаар татан төвлөрүүлэх хөрөнгийн урсгал нэмэгдэж байгаа нь зээлийн тасалдал үүсэхгүй байх үндсэн нөхцөл болж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал, эх үүсвэрийн хүүгийн зардлаас шууд хамааралтайгаар олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү өсөхөд нөлөөлж байгаа тул тус хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд уг арга хэмжээг бодлогын шинжтэй авч хэрэгжүүлж байгаа болно.
3.17. Мөн энэ талаар банк, банкны нэгдлийн бусад оролцогч, банкны харилцан хамаарал бүхий хуулийн этгээдээр дамжуулан шууд болон шууд бусаар банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд банкнаас бусад санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд зээл болон бусад хэлбэрээр санхүүжилт олгохгүй, олгосон байгаа санхүүжилтийн хугацааг аливаа хэлбэрээр сунгахгүй байх тухай Монголбанкны ерөнхийлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А-104 дүгээр тушаал байгаа болно.
3.18. Иймд дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/Ш2025/0768 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч 2025 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №0943163 дугаар шийтгэлийн хуудсаар “Л ББСБ” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр 20,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Анхан шатны шүүх шийдвэртээ “...дээрх журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй нь тухайн журмыг хэрэглэхгүй байх үндэслэл болох бөгөөд ... тухайн шийдвэр нь заавал захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байхаар байна ... гомдол гаргагч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ шинээр зээл аваагүй, харин өмнө нь Голомт банкнаас авсан зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт хийсэн үйл баримт нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байх бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэр нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 78 дугаар тогтоол бөгөөд уг тогтоолын тогтоох хэсгийн 5-д “энэ тогтоол батлагдсан өдрөөс өмнө бусдаас хөрөнгө татан төвлөрүүлсэн харилцаанд энэхүү зохистой харьцааг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь дээрх хуулийн үзэл санаатай зөрчилдөхгүй байна...” гэх дүгнэлтийг хийж гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 555 дугаар тогтоолоор баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байсан ... мөн тус хорооны 2025 оны 68 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нөхцөл шаардлагад мөн оны 78 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно ... тус хорооноос баталсан дээрх тогтоолууд нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн шижтэй бус тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн ... банк бус санхүүгийн байгууллагуудад чиглэсэн, дотогш үйлчлэлтэй захиргааны акт тул захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй болно” ... гэх гомдол нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудыг буруу ойлгож хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, 64.3-т “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэнэ”, 65 дугаар зүйлийн 65.3-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 66 дугаар зүйлийн 66.5-д “Бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байна”, 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй”, 67.4-т “хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлнэ” гэж тус тус заажээ.
5. Дээрх Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хороо нь анх 2024 онд “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн талаар, мөн дахин баталсан 2025 оны 68 дугаар тогтоол, нэмэлт, өөрчлөлт оруулсан 2025 оны 78 дугаар тогтоолуудыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй тул улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд агуулгын хувьд ойлгомжгүй байна.
6. Тухайлбал 2024 онд анх баталсан дээрх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны хэм хэмжээний акт мөн байна гэж бүртгэсэн байхад Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 онд 78 дугаартай тогтоолоор уг журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь захиргааны хэм хэмжээний акт биш гэж үзэж бүртгүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй, тодруулбал 66 дугаар зүйлийн 66.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
7. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” нь банк бус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа нийтээр дагаж мөрдөхөд чиглэсэн, Санхүүгийн зохицуулах хорооноос гадагш банк бус санхүүгийн байгууллагуудад чиглэсэн, Санхүүгийн зохицуулах хорооны дотоод үйл ажиллагаанд чиглээгүй өөрөөр хэлбэл дотогш чиглэсэн шинжгүй үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт мөн.
8. Уг журам нь захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд зайлшгүй улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж /Захиргааны ерөнхий хуулийн 67.2/, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлснээр хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөр байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд уг журмыг зөрчсөн үндэслэлээр иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульд зохицуулсныг хариуцагч зөрчжээ.
9. Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68 дугаартай тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр журмын 3.22.4-т “дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” гэх нэмэлт, өөрчлөлт оруулсан.
10. Гомдол гаргагч “Л ББСБ” ХК нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж 8 тэрбум төгрөгийн зээл авсан байх бөгөөд дээрх журмын нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойш буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр үндсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг дуусаж байгаатай холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл болгож сунгасан байна.
11. Дээрх үйл баримтаас дүгнэхэд гомдол гаргагч нь 2024 онд буюу журмын нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө Голомт банкнаас 8 тэрбум төгрөгийн зээл авсан байх бөгөөд журмын нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойш дахин зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй, харин үндсэн зээлийн буюу өмнө нь авсан 8 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн хугацааг сунгах зорилгоор 2025 оны 04 дүгээр сард буюу журмын нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойш зээлийн эргэн төлөлттэй холбоотой гэрээ байгуулсныг Голомт банкнаас зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлсэн гэж үзэхгүй.
12. Нөгөө талаас 2025 оны Санхүүгийн зохицуулах хорооны 78 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 5-д “энэ тогтоол батлагдсан өдрөөс өмнө бусдаас хөрөнгө татан төвлөрүүлсэн харилцаанд энэхүү зохистой харьцааг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар цаг хугацааны хувьд журамд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахаас өмнө буюу 2024 онд гомдол гаргагч нь Голомт банкнаас авсан зээлийн харилцаанд үйлчлэхгүй бөгөөд харин хариуцагч журмын заалтаа зөрчиж шийтгэл оногдуулсан гэж дүгнэхээр байна.
13. Дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол...” гэж зааснаар шийтгэл оногдуулахдаа хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэр буюу “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 3.22.4-т заасныг зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн бөгөөд уг журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй журмын заалтаар хариуцлага оногдуулсан байхаас гадна нэхэмжлэгч байгууллагын үндсэн зээлийн төлөлтийг сунгасан гэрээ байгуулсныг хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0768 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР