Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 18

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогч: Д.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: С.Нямлхагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рааш овогт Сүрэнжавын Нямлхагвад холбогдох 201720000008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0311 дүгээр ангид механик жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 2 дугаар баг Гадартын заставт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Рааш овогт Сүрэнжавын Нямлхагва /РД:РС75090137/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Нямлхагва нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Оюунчимэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

1. Хохирогч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2013 оны 7 дугаар сард Баруунтурууны хилийн 0311 дүгээр ангийн 6 дугаар застав дээр анх С.Нямлхагватай танилцсан. Түүнээс хойш утсаар холбоотой байж байгаад 2014 оны 1 дүгээр сард Улаанбаатарт С.Нямлхагва манайд ирж ээж, эгч нартай танилцаад ээжээс “ Би танай охин Оюунчимэгтэй гэр бүл болмоор байна” гэж гуйгаад намайг ажлаас гаргаж Увс аймагт авч ирсэн.  Тэр үеэс хойш хамт амьдарч байгаа. Бид хоёрын дундаас төрсөн хүү Сүлд хамт амьдарч байгаа. Миний дагавар 2 хүүхэд Улаанбаатарт сургуульд сурдаг. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед манай заставын жагсаалын даргын эхнэртэй харьцах харьцаан дотносоод байх шиг болохоор нь би С.Нямлхагвад “Чи энэ хүүхнээсээ эртхэн харьцаагаа татаж ав” гэж хэлэхэд С.Нямлхагва “ Би энэ хүүхэнтэй ямар ч холбоо байхгүй ” гээд бид хоёрын хооронд маргаан гарч С.Нямлхагва намайг уурандаа миний гэдэс, бөөр рүү өшиглөхөөр нь би зүүн гараараа хаахад миний гар руу хэд хэдэн удаа өшиглөсний улмаас миний зүүн гар гэмтсэн юм. Би тухайн үед гэр дотроос намайг авраарай гэж хашгирахад манай гэрийн хаалга дотроосоо цоожтой байсан тул Э.Мөнх-Оргил, М.Нурбек хоёр хаалганы цоожийг мулт татаж орж ирээд намайг аваад гарсан. Тухайн үед манай застав Тэс сумаас хол машин явах нь ховор байсан тул эмчид очиж үзүүлээгүй. Мөн цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн маргааны улмаас манай нөхөр С.Нямлхагва намайг зодож миний зүүн талын хацар дээр цохиж миний хацрыг хөхрүүлж гэмтээсэн. С.Нямлхагва нь манай заставын даргын эхнэр болох холбоочин Туяа гэх хүүхэнтэй холбогдож намайг хуурснаас болж бид хоёр маргалдсан. Тэр хоёрын дотно харьцаа үүсгэж байгаа, бэлгийн харилцаанд орж байгааг нь би мэдсэн. Миний зүгээс С.Нямлхагваас нэхэмжлэх зүйл байхгүй. С.Нямлхагва миний гарсан хохирлыг бүрэн барагдуулсан. Эмчилгээг бүрэн хийлгэж өгсөн. Надад гомдол, тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг,

2. Гэрч Ж.Батзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “ С.Нямлхагва нь манай заставд жолооч ажилтай. Эхнэр нь зун нэг сар тогооч, талхчинаар ажиллаж байгаад гарсан. 2016 оны 11 дүгээр сарын хэдэн байсан гэдгийг сайн санахгүй байна. Нэг өдөр С.Нямлхагвын гэрт очиход Д.Оюунчимэг эгч нэг гараа сойчихсон явж байсан. Би түүнээс гараа юунд гэмтээчихсэн бэ? гэж асуухад Д.Оюунчимэг тухайн үед “ Ус авч байгаад гэсэн билүү түлээ мод бэлтгэж байгаад гараа бэртээчихлээ гэсэн билүү нэг тиймэрхүү юм” хэлж байсан. Нөхөр С.Нямлхагвад зодуулсан талаар хэлээгүй. Сүүлд бас Д.Оюунчимэгийн нэг нүд нь хавдчихсан явж байсан. С.Нямлхагва цохьсон нь тодорхой учир би Д.Оюунчимэгтэй уулзаж нүдээ яасан талаар асуугаагүй. Харин С.Нямлхагватай уулзаж “Та одоо эхнэрээ зоддогоо болих хэрэгтэй шүү. Ингэж яваад цагдаа, шүүхэд хүрэх юм бол хууль хэцүү шүү” гэдгийг хэлсэн. С.Нямлхагвын эхнэр Д.Оюунчимэг нь С.Нямлхагвыг их харддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

  3. Гэрч М.Нурбекийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед заставын ажилчдын нийтийн байранд гэр нь байдаг ахлагч Э.Бат-Эрдэнийн гэрт очсон юм. Тэднийд Э.Бат-Эрдэнэ, Золжаргал, Б.Туяа нар байсан. Нийтийн байранд С.Нямлхагва, Э.Бат-Эрдэнэ, Лхайжав гэх гурван өрх айл байдаг юм. С.Нямлхагвын гэр эдгээр гурван айлын дунд талынхан өрөөнд байдаг. Намайг Э.Бат-Эрдэний гэрт ороход С.Нямлхагвын гэрт С.Нямлхагва эхнэр Д.Оюунчимэг нар маргалдаж байгаа нь сонсогдож байсан. Сүүлдээ бүр дуу нь чанга болоод орилж хашгираад эхэлсэн. Энэ үед гаднаас Э.Бат-Эрдэний гэрт заставын орлогч Э.Мөнх-Оргил орж ирээд “Энэ хоёр юу болоод байна. С.Нямлхагвын гэрт хоёулаа орьё” гэж хэлэхээр нь бид хоёр гараад С.Нямлхагвын гэрт орох гэхэд хаалга нь дотроосоо цоожтой байсан. Э.Мөнх-Оргил бид хоёр хаалгыг нь цохиход хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь хаалганы түгжээг татаад ороход Д.Оюунчимэг орон дээр уйлсан сууж байсан. 2016 оны 12 дугаар сарын эхээр байх С.Нямлхагвын эхнэр Д.Оюунчимэгийн хацар нь бага зэрэг хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

 4. Гэрч Б.Туяагийн  мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр яг хэдний өдөр болохыг санахгүй байна. Орой 19 цаг орчимд заставын гэрээт байранд байдаг гэртээ байж байтал хажуу өрөөнд байдаг С.Нямлхагва, Д.Оюунчимэг нар хоорондоо маргалдаад түжигнэх чимээ гарч Д.Оюунчимэг авраарай гэж орилсон тул би болон манай заставын ажилчид өрөөнд нь ороход С.Нямлхагва нь эхнэр Д.Оюунчимэгийг зодсон бололтой байсан. Түрүүлж а/д Э.Мөнх-Оргил орж тэднийг салгасан юм. Тухайн үед Д.Оюучимэгийн нүд хөхөрсөн байсан бөгөөд гараа нугалж өргөөд цээжин тус газартаа байрлуулаад яваад байсан. Тиймээс гар нь гэмтсэн юм байна гэж бодсон юм. Юунаас болсон талаар асуухад хардаж хэрүүл хийгээд байхаар нь С.Нямлхагва түүнийг зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р  тал/

5. Гэрч Э.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “ Д.Оюунчимэг нөхөр С.Нямлхагвыг үндэслэлгүй харддаг юм шиг байна лээ тухайн үед С.Нямлхагва надад Д.Оюунчимэг намайг хардаад миний тэвчээр алдагдаад цохьчихлоо гэж байсан. Д.Оюунчимэг тухайн үед бие өвдөж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй үүнээс  2-3 хоногийн дараа гэрт нь ороход Д.Оюунчимэг гараа даавуугаар сойсон байсан тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь гар даагдахгүй юм өргөж дийлэхгүй байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,       

 

            6. Шинжээч эмч О.Пунцагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “ Эмчийн үзлэгээр иргэн Д.Оюунчимэгийн зүүн хацарт хөх, хөхөрсөн тэр нь бүдгэрсэн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Энэ гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байсан. Д.Оюунчимэгийн зүүн гарын сарвууны үений орчмоор хугарсан байсан тул хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

 

7. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23  дугаартай  Шинжээч эмчийн:  “ Үзүүлэгч Д.Оюунчимэгийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн гарын шууны яс зөрөөгүй хугаралтай, хацар нүүрний хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх  дүгнэлт /хх-ийн 38-р тал/,

            8. Шүүгдэгч С.Нямлхагваын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 58-р тал /,

            9 . Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 52, 53, 55, 56-р тал /,

            10. Хохирогч Д.Оюунчимэгийн Амбулаториор эмчлүүлэгчийн карт / хх-ийн 62-63-р тал /,

            11. Шүүгдэгч С.Нямлхагвын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “ Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрт хашгираад болохгүй болохоор нь түүний гар руу өшиглөсөн. Гэхдээ би эмэгтэй хүнийг цохиж биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би Д.Оюунчимэгээс уучлалт гуйсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид Д.Оюучимэгийг зодож цохихгүй байж чадна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Рааш овогт Сүрэнжавын Нямлхагва нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч эхнэр Д.Оюунчимэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Д.Оюунчимэг, гэрч Ж.Батзул, М.Нурбек, Э.Мөнх-Оргил, Б.Туяа, шинжээч эмч О.Пунцаг нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Нямлхагвын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Нямлхагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч С.Нямлхагва нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

  Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д  “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч С.Нямлхагвад  оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

             

Шүүгдэгч С.Нямлхагвад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэх нь зүйтэй  гэж үзэв.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Рааш овогт Сүрэнжавын Нямлхагвыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Нямлхагвад 2 /хоёр/ жил хорих  ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Нямлхагвад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Нямлхагва нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч С.Нямлхагвад оногдуулсан 2 / хоёр / жил хорих ялыг тэнсэж, 1 / нэг /  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч С.Нямлхагвад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ