Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2017/0524    

 

2017 оны 06 сарын 30 өдөр          Дугаар 128/ШШ2017/0524            Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Х, Б.Г, Б.Г

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд.

Гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын болон уг тушаалын дагуу гуравдагч этгээд  ******* д олгосон газар ашиглуулах ******* тоот гэрчилгээний 1554.5 метр газартай холбоотой хэсгийг хүчингүй болгох, энэхүү 1554.5 м кв газраас нэхэмжлэгч Г.Х-д 513.5 м.кв, Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э, нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэгч Г.Х-гийн өмгөөлөгч Н.Д, нэхэмжлэгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, иргэдийн төлөөлөгч Б.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******ын Х би Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны гэр хороололд буюу Зайсанд амьдарч байгаа 612 өрхийн оршин суугчдын нэг билээ. Энэ газарт манайх өөрсдийн дур зоргоор амьдраагүй юм. Учир нь талийгаач нөхөр *******ын Б одоогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн механикийн тэнхимийн эрхлэгч, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга секторын эрхлэгч зэрэг албыг хашиж байсан тул байгууллагаа бараадан Зайсанд 1976 оноос амьдарч байгаа болно. Бид өөрийн гэсэн байр орон сууцгүй байсан тул орон сууцтай болгож өгөхийг хүсч хороо, дүүрэг, Нийслэлийн Засаг даргаас эхлээд Монгол Улсын Их хурлын гишүүд, Ерөнхий сайдад маш олон удаа өргөдөл хүсэлт гаргаж байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ******* хаана ч газар эзэмшиж болно гэсэн утгатай хариуг бидэнд ирүүлсэн учир ажлын газартаа ойр байхыг хичээж олон жилийн хур 10 машин хогийг өөрсдийн хүч, хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэг дэх хогийн цэг рүү зөөж цэвэрлэн Газрын тухай хуулийн заалтын дагуу одоогийн амьдарч буй газраа эзэмшин жижиг байшин барих болсон. Олон жил өөрийн гэсэн байр сууцгүй явж байгаад байр байшинтай болсонд хамт олон ч баярлаж Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн тухайн үеийн удирдлага болох *******, ******* нар гэрт ирж хадаг уяж сүүгээр мялааж байв.

Гэтэл тус нэгдлийн одоогийн удирдлага манай байшин барьсан газрыг байгууллагын агуулах байсан газар гэх мэтээр тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Дүүргийнхээ газрын албанд газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гарган өгснөөр дүүргийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээнд 300 ам метр газрыг эзэмшүүлэх захирамж ч гаргаж байсан.

Мөн Нийслэлийн Засаг дарга *******-******* 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/477 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад манай газрын кадастрын зургийг баталгаажуулж өгөх хүсэлт тавьж байсан болно.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.О надад газрын минь эзэмшүүлэх талаар хэлж байсан атлаа Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдлийн цуглуулсан худал хуурмаг бичиг баримтад үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаар тус нэгдэлд 0,28 га газар эзэмшүүлэх тушаал гаргаснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тус нэгдэлд ******* тоот гэрчилгээ олгожээ.

А-289 дүгээр тушаал ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Хөдөө аж ахуйн яамны

сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар одоогийн тус нэгдэлд олгосон гэх газар өөр байршилтай нь Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаанд байгаа зургаас маш тодорхой харагдаж байгаа бөгөөд уг газрын одоо Анхны анжис компани эзэмшиж байгаа болно.

Ер нь тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамны сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар тус нэгдэлд 0,28 га газар олгосон биш харин Сангийн аж ахуйн дотоод тооцоог зохион байгуулах үлгэрчилсэн түр журам баталжээ. Иймд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн одоогийн удирдлага ХААЯ-ны сайдын 1976 оны 404 дүгээр тушаал гэсэн худал хуурмаг бичиг баримтаар бусдын газрын өөрийнхөө газар мэтээр үндэслэлгүй ойлголт төрүүлж гэрчилгээ авсан байна. Ер нь тус нэгдлийн удирдлага булхайгаа илрэхээс эмээн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1204 дүгээр захирамжаар дагуу уг газартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхгүй байгаа болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6/4440 тоот албан бичгээс үзэхээр Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн гэх газар тус яамны мэдээллийн санд бүртгэгдээгүй аж.

Бид хогийг нь цэвэрлэсэн газар дээрээ байшин барьж орохын өмнө Мал аж ахуйн хүрээлэнгийн бичиг хэргийн агуулахыг цэвэрлэж янзлаад хэсэг хугацаанд амьдарч байсныг болон нас барсан нөхөр маань эхнэр, хүүхдүүдээ гудамжинд гаргачихгүй тулд өөрийн ажиллаж байсан Мал аж ахуйн хүрээлэн болон тус нэгдлээс албан бичиг, тодорхойлолт авч байсныг одоогийн нэгдлийн удирдлага буруугаар ашиглаж өөрийнхөө газар дээр амьдарч байгаа гэж худал тайлбарлаж байгаа болно.

Харин тус нэгдэл Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгээс тасарч гарсны хувьд Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн манай ард буй цех, гараашийн жижиг газрын эзэмшиж болох юм.

Иймд би Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад энэ асуудлыг хянан үзэж надад манай байгаа газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273 тоот албан бичгээр боломжгүй тухай хариу өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хороонд миний адил амьдарч байгаа 446 иргэнд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 онд газар эзэмшүүлсэн болно. Эдгээр болон бусад нөхцөл

байдлыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О-ны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаас 1554,5 метр газарт давхацсан хэсэг буюу уг тушаалын дагуу Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд 0,28 га газар эзэмшүүлэхээр олгосон ******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгох, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Соёмботын 2 дугаар гудамжийн 1 тоот дахь 1554,5 ам метр газрыг нэхэмжлэгч Г.Х Б.Г, Б.Г нарт эзэмшүүлэхийг даалгах гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Бид Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны гзр хороололд буюу Зайсанд амьдарч байгаа 612 өрхийн адил оршин суугчид билээ. Энэ газарт манайх өөрсдийн дур зоргоор амьдраагүй юм. Учир нь бидний эцэг *******ын *******- одоогийн Хөдөө аж ахуйн их сургуульд  механикийн тэнхимийн эрхлэгч, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, секторын эрхлэгч зэрэг албыг хашиж байсан тул байгууллагаа бараадан Зайсанд 19/6 оноос амьдарсан. Бид өөрийн гэсэн байр орон сууцгүй байсан тул орон сууцтай болгож өгөхийг хүсч аав маань амьд ахуйдаа хороо. дүүрэг, Нийслэлийн Засаг даргаас эхлээд Монгол Улсын Их хурлын гишүүд, Ерөнхий сайдад маш олон удаа өргөдөл хүсэлт гаргаж байв. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ******* хаана ч газар эзэмшиж болно гэсэн утгатай хариуг бидэнд ирүүлсэн учир ажлын газартаа ойр байхыг хичээж олон жилийн хур 10 машин хогийг өөрсдийн хүч, хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэг дэх хогийн цэг рүү зөөж цэвэрлэн Газрын тухай хуулийн заалтын дагуу одоогийн амьдарч буй газраа эзэмшин жижиг байшин барин амьдрах болсон. Олон жил өөрийн гэсэн байр сууцгүй явж байгаад байр байшинтай болсонд аавын ажлын газрын хамт олон ч баярлаж Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн тухайн үеийн удирдлага болох ******* ******* нар гэрт ирж хадаг уяж сүүгээр мялааж байв.

Гэтэл тус нэгдлийн одоогийн удирдлага манай байшин барьсан газрыг байгууллагын агуулах байсан газар гэх мэтээр ямар ч үндэслэлгүй тайлбарлаж одоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа атлаа манай газрыг авч бусдад худалдахаар санаархах болов. Дүүргийнхээ газрын албанд газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гарган өгснөөр дүүргийн Засаг дарга өөрийнхөө

 

эрх хэмжээнд 300 ам метр газрыг эзэмшүүлэх захирамж ч гаргаж байв.                         

Мөн Нийслэлийн Засаг дарга *******-******* 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/477 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад манай газрын кадастрын зургийг баталгаажуулж өгөх хүсэлт тавьж байсан болно.

Тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун ч бидэнд газрыг эзэмшүүлэх талаар хэлж байсан атлаа Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн цуглуулсан худал хуурмаг бичиг баримтад үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаар тус нэгдэлд 0,28 га газар эзэмшүүлэх тушаал гаргаснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тус нэгдэлд ******* тоот гэрчилгээ олгожээ.

А-289 дүгээр тушаал ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Хөдөө аж ахуйн яамны сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар одоогийн тус нэгдэлд олгосон гэх газрыг одоо тус байгууллагын эд хөрөнгийг Засгийн газрын болон Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар авсан А ХХК эзэмшиж байгаа болно. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамны сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар тус нэгдэлд 0,28 га газар олгосон биш харин Сангийн аж ахуйд аж ахуйн дотоод тооцоог зохион байгуулах үлгэрчилсэн тү'р журам баталжээ. Иймд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн одоогийн удирдлага Хөдөө аж ахуйн яамны сайдын 1976 оны 404 дүгээр тушаал гэсэн худал хуурмаг бичиг баримтаар бусдын газрыг өөрийнхөө газар мэтээр үндэслэлгүй ойлголт төрүүлж гэрчилгээ авсан байна. Ер нь тус нэгдлийн удирдлага булхайгаа илрэхээс эмээн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1204 дүгээр захирамжийн дагуу уг газартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхгүй байгаа болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6/4440 тоот албан бичгээс үзэхэд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн гэх газар тус яамны мэдээллийн санд бүртгэгдээгүй аж.

Бид хогийг нь цэвэрлэсэн газар дээрээ байшин барьж орохын өмнө Мал аж ахуйн хүрээлэнгийн бичиг хэргийн агуулахыг цэвэрлэж янзлаад хэсэг хугацаанд амьдарч байсныг болон эцэг маань эхнэр, хүүхдүүдээ гудамжинд гаргачихгүйн тулд өөрийн ажиллаж байсан Мал аж ахуйн хүрээлэн болон тус нэгдлээс албан бичиг, тодохойлолт авч байсныг одоогийн удирдлага нь буруугаар ашиглаж өөрийнхөө газар дээр амьдарч байгаа гэж худал тайлбарлаж байгаа болно. Уг бичиг хэргийн агуулах нь тус нэгдлийн одоогийн хашааны зүүн хойд тал руу байсан бөгөөд одоо байхгүй болсон

Харин тус нэгдэл Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгээс тасарч гарсны хувьд Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн манай ард буй цех, гараашийн газрыг эзэмшиж болох юм. Ер нь уг газраа 4 талаараа хашаалж хамгаалаад эзэмшиж байгаа атлаа бусдын газар руу санаархаад байгаа нь буруу билээ.

Иймд бид Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад энэ асуудлыг хянан узэж бидэнд манай байгаа газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273 тоот албан бичгээр боломжгүй тухай хариу өгсөн болно.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хороонд бидний адил амьдарч байгаа 612 өрхөөс 446 өрхөд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 онд амьдарч байгаа газрыг нь эзэмшүүлсэн болно.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 10,14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын болон уг тушаалын дагуу гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон газар ашиглуулах ******* тоот гэрчилгээний 1554,5 ам метр газартай холбоотой хэсгийг хүчингүй болгох, энэхүү 1554.5 ам метр газрыг үүний өмнө нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Г.Х болон Б , Б.Г бидэнд тэнцүү хуваан эзэмшүүлэхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах

Бидний нэхэмжлэлийн шаардлага үүний өмнө нэхэмжлэл гаргасан ээж Г.Х-гийн шүүхэд гарган өгсөн маш олон бичмэл нотлох баримт, гэрэл зургаар нотлогдоно.

Иймд бидний нэхэмжлэлийг ээж Г.Х-гийн өмнө гаргасан нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр тушаал болон уг тушаалын дагуу Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд 0.28 га газар олгосон газраас 1554.5 м.кв газар эзэмших эрхийг нь хүчингүй болгуулах.

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны  Соёмботын 2 дугаар гудамжний 1 тоот дахь 1554.5 м.кв газраас нэхэмжлэгч Г.Х-д 513.5 м.кв, нэхэмжлэгч Б.Г-д 527.5 м.кв, нэхэмжлэгч Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Нэхэмжлэгч Г.Х шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Зайсан толгой хавийг тусгай хамгаалалттай газар гээд газар өгдөггүй байсан. Манайх сургууль болон албан газруудын байрнуудад амьдарч байсан. Улмаар дүүргийн захиргаа, газрын албанаас зөвшөөрөл аван маш их хогтой, байгаль орчин маш муу, хөрсний бохирдолтой, замбараагүй газарт буун хүүхдүүдийн хамтаар, өөрсдийн хүчээр Сонгино хайрхан дүүргийн хогийн цэгийн даргатай ярилцан бүх хогийг цэвэрлэсэн. Тухайн үед Богд уулын захиргаа,  Хан-Уул дүүргийн газрын алба, Төрийн өмчийн хорооноос хүмүүс ирж уг газрыг байгууллагын хашаанаас урагшаа хашаагаар тусгаарлаж ав гэсний дагуу бид нар байгууллагын хашаанаас урагшаа хашаа барьж буусан. Хашааг талийгаач нөхөр маань эрдэм шинжилгээний ажилчидтайгаа нийлж барьсан. Гэтэл Б.Д гэнэт ирэн газар чөлөөлж өг гээд албан бичиг үзүүлсэн. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандахад асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд Б.Д-ээс газрыг маань салгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:” Манай аав ээж хоёр 1976 оноос хойш энэ газар ажиллаж амьдарсан. Тухайн үед өөрсдийн орон гэргүй байсан тул хотын захиргаанд өргөдөл бичин олон газраар хөөцөлдсөний эцэст энэ газарт амьдрах зөвшөөрөл аван одоог хүртэл бид бүгд амьдарсаар байгаа. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас айлуудад газрын гэрчилгээ олгож эхэлсэн боловч манайд газрын гэрчилгээ олголгүй  шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргасан.

Тэр үед Хаан Зайсан холбоо гэдэг төрийн бус байгууллага Зайсангийн ард иргэдээс өргөдлийг нь авч холбогдох газруудад өгч байсан. Үүний дагуу бид 2015 онд газрын гэрчилгээ авахаар болсон. Гэтэл Б.Д2014 онд манай газартай давхардуулан газрын гэрчилгээ авсан байсан. Улмаар бид тухайн үеийн Байгаль орчны яамны сайдад энэ талаар мэдэгдэхэд танайд Арцатад газар өгье.

Энэ газраа чөлөөлчих гэж байсан боловч бид зөвшөөрөөгүй. Улмаар давхардуулсан газрыг чөлөөлүүлэхээр Б.Дрүү яамнаас холбогдоход Б.Д газраа өгөхгүй энэ газар улсын өмч гэдэг байсан. Гэтэл Б.Д-ийн газар нь дуудлага худалдаагаар орж А ХХК авч үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд Б.Д-ээс бидний амьдарч байгаа газрыг салгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол улсын иргэнд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулж болохоор заасан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн ашиглахаар заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д ашиглагдахгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэнд тухайн газрыг эзэмшүүлж болохоор заасан.  Нэхэмжлэгч нар тус газрыг цэвэрлэж, тордож, ашиглах болсон талаар ярьсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй бол газрыг ашиглуулж болохоор заасан. Зайсанд амьдарч байсан иргэд удаа дараа Монгол улсын Засгийн газарт хандсаны дагуу Засгийн газраас тэмдэглэл гаргасны дагуу ажлын хэсэг ажиллан Зайсанд амьдарч байгаа 446 иргэнд газар ашиглуулж байсныг дурдах хэрэгтэй.

Гуравдагч этгээдийн гаргаж ирсэн бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй эх хувь нь байхгүй бичиг баримтаас байгууллагынхаа агуулахыг тордож ашиглаад байшин болгосон талаар харж ярьж байна. Бодит байдал дээр ийм зүйл болоогүй. Тус агуулах нь н. гэдэг хүнд худалдагдсан бөгөөд одоогийн байдлаар зөвхөн суурь нь байгаа. Нэхэмжлэгч нар тусдаа байшин барьсан бөгөөд ингэхдээ байгууллагаас 300.000 төгрөгийн туслалцаа аваад буцааж төлсөн юм байна лээ.

Нэхэмжлэгч нар энэ газрыг ашиглахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд олон удаа өргөдөл гомдол гаргасан. Тухайлбал Богдхан уулын хамгаалалтын захиргаанд 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөдөл өгсөн.

Гэтэл Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Г.Х нь 2014 оноос хойш хүсэлт өгөөгүй гэсэн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 267 дугаар албан бичгийг ирүүлсэн байсан. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/267 тоотод зааснаар Г.Х нь 2014 оны 09, 11, 12 саруудад, 2015 оны 04,11 дүгээр саруудад тус яаманд өргөдлөө өгч байсан. Хан-Уул дүүргийн газрын албанаас авсан албан бичигт зааснаар  Г.Х нь 2013 оны 04 дүгээр сарын 14, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус өргөдөл өгч байсан. Мөн талийгаач н.*******- 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, газрын албанд өргөдөл гаргаж байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, иргэний

гурвалсан гэрээний үндсэн дээр Зайсанд оршин сууж байгаа иргэдэд газар олгож байсан. Сүүлд энэ талаар дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг Нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгосон.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаар тушаалаар Зайсанд газар олгохыг зогсоосон. Үүнийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн гаргасан тушаалаа зөрчин 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий 289 дүгээр тушаал гаргасан. Гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн яамны сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар уг газрыг ашиглах болсон гэж тайлбарладаг. Гэтэл 404 дүгээр тушаал нь гуравдагч этгээдэд газар олгох биш Сангийн аж ахуйд аж ахуйн дотоод тооцоог зохион байгуулах үлгэрчилсэн түр журам гаргасан тушаал байсан. Иймд гуравдагч этгээдээс үндэслэл муутай баримтуудыг бүрдүүлж газар ашиглуулах шийдвэр гаргуулсан нь харагдаж байна.

Гуравдагч этгээд газрыг ашиглах болсон нь үндэслэлгүй эдгээр болон бусад нотлох баримтаас харагдана. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6/4440 албан бичгээс гуравдагч этгээдийн газар нь  мэдээллийн санд бүртгэгдээгүй нь харагдана. Хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 24-ний 6/197, 2016 оны 03 дугаар сарын 16-ны 091329 тоот албан бичгүүдээр гуравдагч этгээдийн газар нь нэхэмжлэгч нарын газартай давхацсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч гуравдагч этгээдэд газар ашиглах шийдвэр гаргаж Газрын тухай хуулийг зөрчсөн. Гуравдагч этгээд өөрийн эзэмшилд байгаа цех, гараашийг эзэмшиж, ашиглаж байгаа нь үндэслэлгүй гэдэг нь Төрийн өмчийн хорооны хэд хэдэн албан бичгээс харагддаг. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2009 оноос хойших хөрөнгийн бүртгэлүүдээс харахад гарааш, цех нь тус газрынх болох нь харагдана. Гуравдагч этгээд уг объектуудыг түрээсэлж байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдээс нотлох баримтын шаардлага хангаагүй бичиг баримтыг үндэслэн ярьдаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гурвалсан гэрээ, олон нийтийн саналаар баталгаажуулах ёстой байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудаар энэхүү байгаль орчны үнэлгээг айлын газартай давхцалтай гэж буцааж байсан. 1966 оноос хойш энэ байгууллага манай амьдарч байгаа газар үйл ажиллагаа явуулсан гэдэг боловч яг хаана гэдэг нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн хороонд Б.ДА ХХК-ийн  газрыг  авахаар  өргөдөл  өгсөн  боловч танай газар хувьчлагдсан гэсэн

хариу өгсөн. Уг газарт ажиллаж амьдраад тэтгэвэрт гарсан хүмүүсээс судалгаа хийхэд энэ байгууллага нь анх Мал эмнэлгийн байрыг түрээсэлж байсан бөгөөд Төрийн өмчийн хорооноос уг газрыг өгсөн байдаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1-т заасныг үндэслэн Төрийн өмчит үйлдвэрийн газарт уг газрыг ашиглах шийдвэр гарган баталгаажуулсан учраас тухайн иргэдэд газар ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдлийн захирлаар 2013 онд томилогдсон. Өмнөх захирал хэлсний дагуу уг газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн, эзэмшлийн газраа өргөсгүүлэхээр ном журмын дагуу өргөдлөө гарган уг газрыг ашиглаж байгаа. 1997 онд тус корпарацийн агуулах байсан байрыг засан сэлбэж орон сууц хэлбэрт оруулан амьдарч байгаа н.Б тодорхой хөрөнгө мөнгө гаргасан тул н.Б-ыг байрлаж бай гэсэн талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн уг газар нь Төрийн өмчит компанийн газар тул газрын асуудлыг уг компани хувьчлагдсан тохиолдолд ярих талаар тусгагдсан. Үүнээс биш би энэ газрыг авах гээд байгаа юм биш. Би нэг л өдөр ажлаа өгөөд яваад өгнө” гэв.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

 Учир нь: Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл Б.Г, Б.Г нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Иргэн Б.Г, Б.Г нарын оршин суугаа гэх газар нь тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжпийн сайдын 2013.10.14-ний едрийн А/289 дүгээр тушаал болон уг тушаалын дагуу ******* тоот гэрчилгээгээр “Хедөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл” Төрийн өмчит ААТҮГ-т 1966 оноос хойш ашиглаж буй газрыг баталгаажуулж Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0,28 га газрыг туршилтын механик цех, лабораторын зориулалтаар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан байна.

Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж Б.Г, Б.Г нарт газар ашиглах эрх олгох боломжгүй юм.

Иймд Б.Г, Б.Г нарын газар ашиглах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч   Байгаль   орчин,   ногоон   хөгжил,  аялал  жуулчлалын  сайдын

 

итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 зүйлд заасанчлан аялал жуулчлалын болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл Г.Х нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 35 дугаар зүйлийн 1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 37 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль  тогтоомжийг  сахин  биелүүлэх  үүрэгтэй.  Энэ  тухай Монгол Улсын Үндсэн

хуулийн 10 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ 1.Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ногдуулсан албан татвар төлөх, үүргээ биелүүлээгүй.

Иргэн Г.Х-гийн оршин суугаа гэх газар нь 1966 онд байгуулагдсан 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл төрийн өмчит ААТҮГ-т 1966 оноос хойш ашиглаж буй газрыг баталгаажуулж Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0,28 га газрыг туршилтын механик цех, лабораторийн зориулалтаар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчсөн иргэн Г.Х-д газар ашиглах эрх олгох боломжгүй юм. Иймд Г.Х-гийн газар ашиглах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн захирал Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Г.Х өргөдөлдөө Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн захирал Б.Дгэгч миний эзэмшлийн газрыг *******-ний газрын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О тоот гэрчилгээ олгожээ, Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Соёмботын 2 дугаар гудамжны 1 тоот дахь 1554,5 ам метр газрыг эзэмших гэжээ. Иргэн Г.Х нь дэндүү хуулийг хэтрүүлж ойлгожээ. Уг асуудал хуулийн дагуу байх ёстой. Би 2013 оны 5 дугаар сард *******-ний нэгдлийн захирлын ажлыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ийн тушаалаар томилогдон ажиллаж байна. Энд газар эзэмших асуудал аль эртнээс шийдэгдсэн. Шав тэмдэг тавьсан. Эдэлбэр талбай хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлж улаан шугам тавьсан акт 2008 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр ХХК-ний захирал Б.Э ахлах инженер Д, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ 2008 онд гарсан. Энэ бүх процесс хуулийн дагуу явагдсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга гэгч сонгуульд нэр дэвшиж гарахын тулд бөөндөж 237 айл 0,3 га газар эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд агуулахын барилгыг засварлаад амьдарч байсан  ******* овогтой Б тухайн

 

газрыг 1421 м2 сунгаж хашаа татан байгууллагын газарт эзэн болсон.

Энэ нь хууль бус Нийслэлийн Засаг дарга 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/607 дугаар захирамжаар 300 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Болсон үнэн процессийн хувьд талийгаач н.Бт Шинжлэх ухаан технологийн нэгдлээс агуулахын байранд байр гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар н.Бт 300 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар Хан-Уул дүүргийн уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд байршлыг нь Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун урд талд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн хашаанд гэж тодорхой зааж өгсөн. Энэхүү захирамж нь хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нар 1554.5 м.кв газрыг юуг үндэслэн эзэмших эрхтэй  байсан талаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд олгосон 0.28 га газраас 1554.5 м.кв газрыг нэхэмжлэгч нар яаж ашиглаж байсан гэдгийг нотлох ёстой. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн ам нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутаг. Энэ газар нутагт гэр бүлийн хэрэгцээгээр газар ашиглах боломж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 дүгээр зүйлд аялал жуулчлал, судалгааны зориулалтаар иргэнд газар ашиглуулж болохыг заасан. Гэтэл нэхэмжлэгч нар нэр бүхий гурван иргэнд уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан байна.  Мөн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулиар эрх нь үүсч байгаа эсэхийг хууль хэрэглээний талаас нь шүүх дүгнэх байх. Эцэст нь хэлэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу газар ашиглах бол байгаль орчны үнэлгээг заавал хийлгэх ёстой гэсэн хуулийн шаардлагыг гуравдагч этгээдийн байгууллага хангасан байгаа” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

             Нэхэмжлэгч Г.Х Б.Г, Б.Г нар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын болон уг тушаалын дагуу гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн

техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон газар ашиглуулах ******* тоот гэрчилгээний 1554.5 метр газартай холбоотой хэсгийг хүчингүй болгох, энэхүү 1554.5 м кв газраас нэхэмжлэгч Г.Х-д 513.5 м.кв, Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

            Тэд он удаан жил Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны гэр хороололд буюу маргаан бүхий газарт амьдарч, одоо байгаа газрын хур хогийг цэвэрлэн, амины орон сууц барин амьдарч байгаа газрыг олгож баталгаажуулахгүй байгаа нь хууль бус гэж маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Г.Х маргаан бүхий газарт 1976 оноос амьдарч ирсэн бөгөөд түүний талийгаач нөхөр А.Б Хөдөө аж ахуйн их сургуулийн механикийн тэнхимийн эрхлэгч, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, секторын эрхлэгч зэрэг ажил хийж 2010 он хүртэл амьдарч байсантай талууд маргаагүй байна.

            Энэ хугацаанд Хан-уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар А.Бт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Соёмботын 2-1-д 300 м кв газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/607 дугаар захирамжаар А.Б-т эзэмшүүлсэн 300 м кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

               Нэхэмжлэгчдийн амьдарч байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа хэдий ч нэхэмжлэгч Г.Х талийгаач нөхөр, үр хүүхдүүдийн хамт он удаан жил тухайн газрын нөхцөл байдлыг засан сайжруулж үл хөдлөх хөрөнгө барин амьдарч, 2012 оны 04 дүгээр сараас Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (өргөдөл нь 2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас), дүүргийн болон Нийслэлийн газрын алба, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа газар ашиглах хүсэлтүүдийг гаргаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, талуудын тайлбараар нотлогддог.

            Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тэдний гаргасан хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгч Г.Х-гийн бодитойгоор амьдарч буй газраа баталгаажуулах,тухайн газрыг ашиглан амьдрах эрх зөрчигдсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд...зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд тэнд суурьшсан 440 гаруй иргэнд амьдарч байгаа газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч Г.Х-гийн хүсэлт гаргасан газрыг газрын давхцалтай гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүй нь төрөөс газрыг ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчимтай нийцээгүй гэж үзнэ.

            Гэхдээ энэ нь нэхэмжлэгч нарт хүссэн хэмжээгээр газар ашиглуулах үндэслэл болохгүй бөгөөд  нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжилсэн 513.5 м кв газрын 300 м кв хэсгийг хангаж үлдэх 213.5 м кв болон нэхэмжлэгч Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч Г.Х-гийн гэр бүлийн хэрэгцээнд  түүний нөхөр А.Б-ын нэр дээр өмнө нь 300 м кв газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж байх үед тэдгээр нь газрын хэмжээний талаар маргаж байгаагүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан Зайсангийн амны 11 дүгээр хороонд...зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд нэхэмжлэгч Г.Х өөрийн амьдарч байгаа газраа бусдын адил бүртгэлд хамруулж баталгаажуулан авах эрхтэй байна.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль,....тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах харилцаанд Газрын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг нөхөн зохицуулах хууль зүйн боломжтой байна.

Хуулийн   дээрх   заалтыг  үндэслэн  нэхэмжлэгч  энэ  газарт  он  удаан   жил

амьдрахдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “......эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн.......д тухайн газрыг эзэмшүүлж болно.” гэж зааснаар газраа нөхөн сэргээж, засан сайжруулан амьдарсныг шууд үгүйсгэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Х-гийн амьдарч байгаа Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботын 2 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлах газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-289 дүгээр тушаалын 1 дэх хэсгээр Хөдөө аж ахуй техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон 0.28 га газартай 300 м кв газраар давхцалтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Тодруулбал хариуцагч Хөдөө аж ахуй техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэлд газар ашиглуулах шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Г.Х-гийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.

Зүй нь хариуцагч тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмын хүрээнд бусдын эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хамгаалах дээрх дүгнэлтүүдийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-289 дүгээр тушаалын Хөдөө аж ахуй техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон 0.28 га газартай 300 м кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

            Харин нэхэмжлэгч Г.Х-гийн хүүхдүүд болох нэхэмжлэгч Б.Г, Б.Г нарын тусгай хамгаалалттай газар нутагт гэр бүлийн зориулалтаар газар ашиглах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

            Учир нь нэхэмжлэгч Б.Г, Б.Г нар 2015 оны 11 дүгээр сараас өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт зааснаар газар ашиглах тухай хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй байна.

            Өөрөөр хэлбэл тэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1554.5 м кв газраас нэхэмжлэгч Б.Г 527.5 м.кв, Б.Г 513 м.кв газрыг нэхэмжлэх эрхтэй талаараа хангалттай нотлоогүй байна.

              Харин нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжлэлийн 513.5 м кв газар ашиглах шаардлагаас 300 м кв газар ашиглах эрхийг нэхэмжлэгч тухайн газарт он удаан жил  амьдрахдаа  газраа  нөхөн  сэргээж,  засан  сайжруулсан,  түүнчлэн  Засгийн

 газраас тус хорооны иргэдэд амьдарч байгаа газрыг баталгаажуулж ашиглуулсан үндэслэлээр хангаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.5, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн Хөдөө аж ахуй техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон 0.28 га газрын бусдын 300 м кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 300 м кв газар ашиглах эрхийг хангаж, Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд олгосон газар ашиглуулах ******* тоот гэрчилгээний 1554.5 метр газартай холбоотой хэсгээс Г.Х-гийн үлдэх 213.5 м кв болон нэхэмжлэгч Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг тэнцүү хувааж  ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах   шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г, Б.Г нарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,нэхэмжлэгч Г.Х-гийн төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.Х-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 А.НАСАНДЭЛГЭР

                                    ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

                                    ШҮҮГЧ                                               Д.ХАЛИУНА