Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2020/00376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Н.Гантуяа, Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн С.А нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор С.П холбогдох

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2900000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.Дорж, нэхэмжлэгч С.А, хариуцагч  С.П, хариуцагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

2018 оны 01 сарын 30-ны өдөр Ар үндэс гэх газар  С.П нь манайд ирсэн.  С.П намайг баруун талын орон дээр дарж хэвтүүлсэн. Хүчиндэхийг завдсан. 2019 оны 03 сарын 18-нд эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тэрнээс хойш нуруу өвдөх болсон.  С.Паас сэтгэл санааны болон эмчилгээний мөнгө 2000000 төгрөг, тээврийн зардал 900000 төгрөг нийт 2900000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 С.П нь намайг 2018 оны 01 сарын 30-ны өдөр хүчиндэх гэж завдсан нь үнэн. Энэ үед миний нуруунд нурууний суулт гэдэг гэмтэл учирсан, одооч эмчилгээ хийлгэж байгаа. Шүүх эмнэлгийн шинжээч эмч намайг 2018 оны 02 сарын 21-ний өдөр үзэх үедээ зөвхөн бэлэг эрхтэн үзсэн, миний нуруу өвдөж зовиураа хэлсэн ч дүгнэлтэнд бичээгүй байсан. Би нуруундаа гэмтэл авснаас болж олон удаа эмнэлэгт үзүүлэх гэж Өлзийт сум, Баянхонгор аймгийн хооронд нөхөрийн машинд бензин хийж явсан. Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлэх, шүүх хуралдаанд оролцох зорилгоор автобусаар явж их хохирч байна. Миний бие сэтгэл санааны болон эмчилгээний зардал 2000.000 төгрөг, шатахууны болон замын зардалд 900.000 төгрөг нийт 2.9 сая төгрөг нэхэмжилж байгаа болно.  С.П нь шатахууны зардал гэж мөрдөн байцаалтын шатанд байхдаа 150.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг аваагүй. Би аймгийн эмнэлэгт мэдрэлийн Батаа гэдэг эмчид үзүүлж байсан. Эмийн сангаас авсан эмнүүдийг Цэцэгээ гэх хүний эмийн сангаас авч, нурууны өвчиндөө хэрэглэсэн. Хэрэгт авагдсан бүх зардлын баримтууд болон энэ хэргээс болж үүссэн хохирол юм. Гомдолтой байна..гэв.

Хариуцагч  С.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 С.П миний бие нь С.Агийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед С.Агийн надаас нэхэмжилсэн шатахууны гэх 150.000 төгрөгийг төлж барагдуулсан. С.А нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед надаас болон миний ар гэрээс мөнгө, мал нэхэж өгөх юм бол цагдан хорихоос гаргуулна, гомдол саналгүй гэж хэлнэ гэх мэтээр дарамталж байсан. Миний үйлдлээс болж хохирогчийн нуруунд гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй тул би эмчилгээний мөнгө гэж төлөхгүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралд дээр нэхэмжлэх зүйлгүй гэж байсан билээ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэрэг 2019 оны 03 сарын 29-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд авагдсан шинжээчийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 140 дугаар дүгнэлтэнд С.Агийн биед гэмтэл тогтоогдоогүй, хамгийн сүүлд нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орсон гэх асуумжтай.. гэсэн байгаа.  С.Пын зүгээс мөрдөн байцаалтын шатанд С.Агийн нэхэмжилсэн шатахууны үнэ 150.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх хуралдаанд хохирогч С.А нь хохирол нэхэмжлээгүй, хохиролгүй гэж шийдвэрлэгдсэн байдаг юм. Иргэний хэрэгт авагдсан шатахууны гэх баримтууд нь  С.Пын үйлдлийн улмаас автомашинд бензин хийж нааш цааш явсан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ баримтуудыг 2019 оны 01 сараас хойш авсан баримтууд байгаа, энэ үед хэрэг УДШ-д хянагдаж байсан юм. Мөн хэрэгт авагдсан эмийн сангаас эм тариа авсан гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Эбаримт байхгүй байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь ямар эм, тариа хэрэглэж байснаа мэдэхгүй байгааг харахад энэ баримтууд хууль ёсны шаардлага хангасан эсэх, энэ эм тариаг хэрэглэсэн эсэх, нурууны гэмтэлд хэрэглэх эм тариа эсэх нь тодорхойгүй байна. Эмнэлэгт үзүүлсэн гэх магадлагаа нь нь С.Агийнх мөн эсэх нь тодорхой биш, эмчийн гарын үсэг, тэмдэг байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч  С.Пад холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2900.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 С.П нь 2018 оны 01 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар үндэс гэх газарт С.Аг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогдож, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолоор бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогджээ.

Улмаар Улсын дээд шүүхийн 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 471 дүгээр тогтоолоор  С.Пын холбогдсон С.Аг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг нь хянагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч С.А нь  С.Пын гэмт үйлдлийн улмаас нуруундаа гэмтэл авсан, гэмтлээ эмчлүүлэх болон гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирол, бусад зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 229, 230 дугаар зүйлд зааснаар эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч  С.П нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Аг хүчиндэхийг завдсан гэмт хэргийн улмаас түүний нуруунд гэмтэл үүсээгүй, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр энэ байдал нь үгүйсгэгдэж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчийн биемахбодь, сэтгэл санааны ямар хэмжээний хохирол учирсан болох нь тодорхой биш, үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолоор  С.П нь 2018 оны 01 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутагт Ар үндэс гэх газарт иргэн С.Аг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байна. Иймд хариуцагч  С.Пын дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч С.Ад эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон хэмжээгээр эд хөрөнгийн хохирол буюу шүүх хуралдаанд ирж очиход гаргасан зам тээврийн зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно..гэжээ.

Тодруулбал; Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 471 дүгээр тогтоол бүхий шүүх хуралдаанд хохирогч С.А оролцсон байх бөгөөд тус шүүх хуралдаанд оролцох зорилгоор Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах нийтийн тээврийн автобусанд 2019 оны 10 сарын 06-ны өдөр 30.500 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2019 оны 10 сарын 08-ны өдөр 30.500 төгрөгөөр тус тус зорчсон болох нь хэрэгт авагдсан хот хооронд орон нутгийн нийтийн зорчих тасалбаруудаар тус тус тогтоогдож байна. /№1005811539, №101477109 / Иймд хариуцагчаас 61000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь  С.Пын хууль бус үйлдлээс болж эмнэлэгт үзүүлэх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зорилгоор олон удаа Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ар үндэс гэх газраас Баянхонгор аймагт ирж, очихдоо өөрийн нөхөрийн автомашинд шатахуун хийж зардал гаргасан гэж 900.000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан боловч Шижир Ойл ХХК-аас авсан шатахууны НӨАТ-ын баримтууд нь  С.Пад холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан цаг хугацаатай таарахгүй, зөрүүтэй, үнэлэх боломжгүй байна.

Тухайлбал: Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэгт 2019 оны 03 сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээс хойш эрүүгийн хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд дахин шилжээгүй, 6 удаа анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, 3 удаагийн шүүх хуралдаанд С.А биечлэн оролцсон байна.

Гэтэл шатахууны НӨАТ-ын баримтуудад авагдсан огноо нь 2019 оны 01 сараас 2019 оны 10 саруудад нийт 26 удаагийн баримтууд авагдсан, цаг хугацааны хувьд шүүх хуралдаан болсон огнооноос зөрүүтэй, зарим баримтуудад бичигдсэн огноо баларч арилсан тул үнэлэх боломжгүй, шатахуун авсан автомашин, худалдан авагчийн нэр бичигдээгүй зэргээр үндэслэл бүхий эргэлзээтэй байгаа тул шатахууны мөнгө гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа  С.Пын хүчиндэхийг завдсан үйлдлээс шалтгаалж нурууны шахагдал, суулт гэмтэл учирсан гэх боловч үйл баримтаар С.Агийн биед  С.Пын үйлдээс болж нурууны болон ямар нэгэн биемахбодийн гэмтэл учирсан, эмчилгээ хийлгэсэн гэх эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлт авагдаагүй, гэмтэл учирсан, эмчилгээ хийлгэсэн гэх шаардлагаа нэхэмжлэгч нь хангалттай нотлоогүй байна. Иймд С.Агийн эмчилгээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй, эмийн сангаас эм, тариа авсан болон эмнэлэгт үзүүлсэн гэх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болохгүй байна гэж үзэв. Түүнчлэн нэхэмжлэгч нь  С.Пын үйлдлээс сэтгэл санааны хохирол учирсан тул мөнгөөр үнэлэн гаргуулна гэх боловч сэтгэл санааны хохиролд хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй, гэмт хэргийн улмаас сэтгэл санаа нь хэрхэн хохирсон, ямар нотлох баримтаар энэ нь тогтоогдож байгаа, үнэлгээ, дүгнэлт гарсан эсэх нь байхгүй зэргээр энэ шаардлага нь мөн нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.839.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэм хорын хохирол 61.000 төгрөгийг хариуцагч  С.Паас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 61.000 төгрөгт төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч  С.Паас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 61.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.839.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч  С.Паас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ