Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00365

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00365

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Улаан богоч 10-01 тоотод оршин суух, … дугаарын регистртэй, Хөхнүүд овогт Д-ийн Б-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1980 оны 06 дугаар сард Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1980 оны 6 дугаар сарын 25-нд Ховд аймаг дахь Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто курсын тракторчний курсэд сууж суралцаж 1980 оны 12 дугаар сарын 25 -ны өдөр төгсөөд 1981 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторчнаар 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Мянгад сумын Давшилт хувьцаат компанид тракторчнаар ажиллаж байсан билээ. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл болон Давшилт компаний архив шатсан тул үндсэн баримт олдохгүй би хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт хувьцаат компанид тракторчнаар тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт хувьцаат компанид тракторчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Бийн 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт хувьцаат компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1040 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн 443720 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн гишүүнээр элссэн тухай 1149 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн эх хувь, 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тракторч-машинч болсон мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 176 дугаартай лавлагаа

Иргэн Ж.Нямсүрэнгийн ...Миний бие Д.Бтэй хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оноос 1991 оныг хүртэл, Давшилт хувьцаат компанид 1991 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Д.Насан-Энхийн ...Миний бие Д.Бтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оноос 1991 оныг хүртэл, Давшилт хувьцаат компанид 1991 оноос 1994 оныг хүртэл тракторын жолоочоор хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөхнүүд овогт Дийн Бийг 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт хувьцаат компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ