Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00366

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00366

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Баянхайрхан багт оршин суух, ... дугаарын регистртэй, Бошгот овогт Б-ийн Б-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан. 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-д малчнаар ажиллаж байсан. Шинэ зам ХК тарснаас хойш 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт малчнаар ажиллаж амьдарч байна. 1990 оноос 2000 оныг дуустал нөхөн бичилтээ хийлгэсэн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний анх ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Б-гийн 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б- нь 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын 1980 оноос 1984 он, 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/612 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн алба хаасан тухай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянхайрхан Хөтлийн улаан давч гарамын хүрэн толгой-д өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшдэг тухай 000597826 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0778153 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000564 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 126/002645 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай лавлагаа,

Иргэн Б.Намхайн ...Б.Б- нь 1980 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Н.Алтан-Очирын ... Б.Б- нь 1980 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Б-гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошгот овогт Бийн Б-г 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ