| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00221/И |
| Дугаар | 00272 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Тахилт багийн 3-20 тоотод оршин суух, Арлынхан овогт Д.Ц/ /-ийн нэхэмжлэлтэй,
хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00221/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд айлын 7 дахь хүүхэд болон төрсөн. Манайх ам бүл 9-үүлээ. Бага насаа эхийн гар дээр өнгөрөөж 1986 онд Зэрэг сумын 8 жилийн сургуульд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн ХААТМ сургуульд сурч төгсөөд 1988 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад ногоочноор ажилласан.
.....Би 1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зэрэг сумын хүн эмнэлэгт “Цагаан сар”-ын баярын өдөр төрсөн учраас манай аав ээж надад Ц гэдэг нэрийг өгсөн юм байна лээ. Гэтэл намайг сургуульд элсэн ороход Отгонбаяр гэдэг нэрээр бүртгүүлж оруулсан байдаг. Яагаад Отгонбаяр гэж дахиж өөр нэрээр нэрлэснийг мэдэхгүй байна. Ингээд 8 дугаар анги төгсөөд иргэний үнэмлэх авахад Ц гэх нэрээр гарч ирсэн бөгөөд намайг гэртээ очиход ээж аав маань намайг Ц гэдэг юм гээд миний төрсний гэрчилгээг гаргаж өгч, би төрсний гэрчилгээгээ үзүүлж байж иргэний үнэмлэхээ авч байсан. Миний тухайн үед сурч байх үеийн баримтуудад болон хөдөлмөрийн дэвтэр дээр Отгонбаяр гэж нэрээр бичигдсэн байгаа. Харин бусад албан бичгүүдэд Ц нэрээр бичигдсэн байгаа....Иймд 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 270931 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Дамдины Ц нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Арлынхан овогт Д.Цмөн болохыг тогтоож, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 270931 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Дамдины Отгонбаяр нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Арлынхан овогт Д.Цмөн болохыг тогтоолгох гэж, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тус тус тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Дамдины Отгонбаяр гэж бичилт хийгдсэн байна.
Гэрч З.Буяннэмэхийн “....Би Д.Цийг 1988 оны хавраас эхлэн танина. Д.Ц нь Увс аймгийн ногооны техник мэргэжлийн сургуулийг төгсөөд ирж байсан....Би Отгоо, Отгонбаяр гэж дууддаг. Тухайн үед Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад ажиллаж байх үед нь эгч нь эргэж ирдэг байсан. Тэгэхэд эгч нь Цагаанаа гэж дууддаг байсан. Би тухайн үед 2 нэрээр дууддаг юм байна, албан ёсны нэр нь Отгонбаяр гэдэг юм байна гэж боддог байсан....Отгоогийн нөхрийг нь Дашдаваа гэдэг байсан....” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц нь “....Би 1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зэрэг сумын хүн эмнэлэгт “Цагаан сар”-ын баярын өдөр төрсөн учраас манай аав ээж надад Ц гэдэг нэрийг өгсөн юм байна лээ. Гэтэл намайг сургуульд элсэн ороход Отгонбаяр гэдэг нэрээр бүртгүүлж оруулсан байдаг. Яагаад Отгонбаяр гэж дахиж өөр нэрээр нэрлэснийг мэдэхгүй байна. Ингээд 8 дугаар анги төгсөөд иргэний үнэмлэх авахад Ц гэх нэрээр гарч ирсэн бөгөөд намайг гэртээ очиход ээж аав маань намайг Ц гэдэг юм гээд миний төрсний гэрчилгээг гаргаж өгч, би төрсний гэрчилгээгээ үзүүлж байж иргэний үнэмлэхээ авч байсан. Миний тухайн үед сурч байх үеийн баримтуудад болон хөдөлмөрийн дэвтэр дээр Отгонбаяр гэж нэрээр бичигдсэн байгаа. Харин бусад албан бичгүүдэд Ц нэрээр бичигдсэн байгаа....” гэж тайлбарлав.
Дээрх байдлаас дүгнэхэд болон уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, гэрэл зураг, төрсөн он, мэргэжлийн байдал, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас “Дамдины Отгонбаяр” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Арлынхан овогт Дамдины Ц” мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 270931 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Дамдины Отгонбаяр нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн 142 дугаартай жимс ногоочны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүслэн хуулбар, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч З.Буяннэмэхийн “....Д.Ц нь 1988 оны хавар Увс аймгийн ногооны техник мэргэжлийн сургуулийг төгсөөд ирэхэд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад ногоочноор ажиллаж байсан. Тухайн үед Буянт сумын 4-ийн газарт 20-40 СОТ газар өгч, тухайн газартаа Д.Ц нь ногоо тарьж байсан. Д.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 4-5 жил ажиллаж байгаад гэр бүлтэй болоод ажлаасаа гарсан. Би Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад нэгдэл тартал ажилласан....Би Отгоо, Отгонбаяр гэж дууддаг. Тухайн үед Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад ажиллаж байх үед нь эгч нь эргэж ирдэг байсан. Тэгэхэд эгч нь Цагаанаа гэж дууддаг байсан. Би тухайн үед 2 нэрээр дууддаг юм байна, албан ёсны нэр нь Отгонбаяр гэдэг юм байна гэж боддог байсан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8-21, 26, 54 дүгээр тал/
Нэхэмжлэгч Д.Ц нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001924 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 22 дугаар тал/
Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Булгаа, Б.Цогтсайхан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөнбайх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/00483 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Цийн улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг төлөхийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, 270931 дугаартай, Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Дамдины Ц нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ПЭ70020708 регистрийн дугаартай, Арлынхан овогт Д.Цмөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арлынхан овогт Д.Ц/ /-ийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадад 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/00483 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлж, нэхэмжлэгч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ