Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00763

 

М.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

М.Бгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01414 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаар магадлалтай,

М.Бгийн нэхэмжлэлтэй

Д.Б, Д.Онарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Б, Д.Онарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, хариуцагч Д.Б, Д.Одгэрэл, хариуцагч Д.Бы өмгөөлөгч Г.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. М.Б нь Д.Б, Д.Онарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. М.Бгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01414 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-ээс шланкны үнэ 1000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, Д.О, Д.Б нараас компрессорын үнэ 25.000.000 төгрөг, краз моторын үнэ 2.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Бгийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Од-ээс улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаар магадлалаар М.Бгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Д.Онараас 15 000 000 төгрөг, хариуцагч Д.О-ээс 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, үлдэх 12 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “С” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Д.О-ээс 28 550 төгрөгийг гаргуулан” гэснийг “хариуцагч Д.Б, Д.Онараас 232 950 төгрөг, хариуцагч Д.О-ээс 28 550 төгрөгийг тус тус гаргуулан” гэж өөрчилж,  “2.” гэснийг “3.” гэж, “3.” гэснийг “4.” гэж, “4.” гэснийг “5.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200700104163 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 07 сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Б, Д.Онар  хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Б, Д.Онараас 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй гэж үзэж байна. 1. Давж заалдах шатны шүүхийн 1557 дугаар магадлалын хянавал хэсэгт: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, гомдлын талаар тодорхойлон бичээд: “...Талууд гэрээний зүйл, түүний үнэ, үнийг хэрхэн төлөх хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар аман хэлцэл хийгдсэн гэж үзэх ба энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна...” гэж тайлбарласан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх, нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлдээ “...өөрийн компаний үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан Швед улсын “Атлас кофко-395” маркийн хийн компрессорын нэг хэсэг болох хуйлруулагчийг...” гэж бичсэн байдаг бөгөөд хавтаст хэрэгт тухайн компрессорын баримт бичиг авагдаагүйгээс гадна 2007.01.30-ны өдрийн “Итгэлт-бээс” ХХК-иар хийлгэсэн үнэлгээг хэрэгт хавсаргасан боловч үнэлгээнд бичигдсэн хийн компрессорын нэр, марк зөрсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй интернэтээс татсан компрессорын зурагнуудыг хавсаргасан ба М.Б нь өөрийн хашаанд олон жил байсан ажиллагаатай эсэх нь эргэлзээтэй компрессорын хуйлруулагчийг ажилладаг хэмээн хуурч хариуцагчид худалдсан байхад давж заалдах шүүх энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2. Шүүхээс “...Хариуцагч тал 2016.09 дүгээр сард том хашаанд аваачиж шалгана гэсэн үндэслэлээр “Атлас кофко-365” маркийн компрессорыг ачиж авч явсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хулээн авсанд тооцно. ...Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө тохиолдлоор гэмтэх эрсдэл худалдан авагч буюу хариуцагч нарт шилжинэ...” гэжээ. Тухайн үед Д.Б би хуйлруулагчийг худалдан авахаар тохироод нэхэмжлэгчийг байхад түүний хашаанд шалгаж үзэх гэтэл “...Моторонд ус орчихсон одоо асахгүй авч яваад шалгаад үз” гэж хэлсэн талаар нэхэмжлэгч М.Б өөрөө шүүх хурал дээр мэдүүлдэг. Хариуцагч нар компрессорыг газрын ойрыг бодолцож нэхэмжлэгчийн хойд талын хашаа болох хариуцагч Д.Бы дүү Д.Жаргалсайханы хашаанд аваачиж 2 хоногийн дараа мэргэжлийн хүнээр шалгуулахад ажиллахгүй байгаа нь тогтоогддог. Энэ талаар М.Бд хэлсэн бөгөөд дахин нэхэмжлэгчийг байлцуулж Д.Цоггэрэл гэх хүнээр шалгуулж үзэхэд мөн л ажилладаггүй. Энэ талаар гэрч болох М.Мөнхбат, Д.Цоггэрэл нар тодорхой мэдүүлдэг. Ингээд хариуцагч би удаа дараа хуйлруулагч чинь ажиллахгүй байна, техник /компрессороо/-ээ ирж ав гэж биеэр болон утсаар ярьж хэлдэг боловч М.Б нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүргэсэн байхад давж заалдах шүүх тайлбар бодит үнэнд нийцээгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 3. Давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгийн доголдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгөхдөө “...Хариуцагч нар компрессорын хуйлруулагч доголдолтой байсан хэмээн тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, уг доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргасан болох нь тогтоогдохгүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Б хариуцагч Д.Бы дүү Д.Жаргалсайханы урд талын хашаа бөгөөд таарах бүрт согтуу байдаг ба буцааж ав гэдэг шаардлагыг тавьдаг байсан. Бид яаралтай захиалга авсан байсан тул М.Б гуайн хуйлруулагч ажиллахгүй байсан болохоор Ц.Батбаяр гэх хүнээс хуучин хуйлруулагч худалдан авч компрессороо ажиллагаанд оруулсан талаар гэрч Ц.Батбаярыг асуулгасан байхад энэ талаар үнэлэлт өгөөгүй. Эд хөрөнгийн доголдлын талаар М.Б маш сайн мэдэж байсан. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.3-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч эрхийнхээ дагуу буцааж өгөх хүсэлтэй бол түүнийг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд худалдагч зохих зардлыг төлөх хүртэл худалдан авагч уг эд хөрөнгийг өөртөө үлдээх эрхтэй” гэж заасан байхад шүүхээс “...буцаагаад хүлээлгэж өгөх боломжтой байсан...” гэх үндэслэлээр хариуцагч Д.Б, Д.Онараас 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүйг нотолж байгаа юм. 4. “...Нэхэмжлэгч компрессорыг “задалж хэрэгцээгүй болгосон” буюу эвдэж, гэмтээсэн байдлыг нотлох зорилгоор хавтаст хэрэгт авагдсан зургуудыг гаргаж өгсөн боловч уг зургаар компрессор, түүний моторыг хэрэгцээгүй болгож эвдсэн, гэмтээсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасанчлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй, уг компрессорын хуйлруулагч ажиллагаатай байсан талаар нотлох ажиллагаа хийгээгүй байхад шүүх хуйлруулагч нь бүрэн ажиллагаатай, эд хөрөнгийн доголдолгүй байсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд магадлалын 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг зөрчлийг анхаараагүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөлд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

6. Анхан шатны шүүх хариуцагч Д.Б, Д.Онараас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Б, Д.Онараас 15,000,000 төгрөг, хариуцагч Д.Одгэрэлээс 1,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлийг гаргасан, уг зөрчлийг залруулах боломжгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан. Тодруулбал, хэргийн оролцогч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байвал шүүх хүсэлтийг хангаж, холбогдох ажиллагааг явуулна.

Нэхэмжлэгч М.Б “...тус шүүхийн 2020.02.10-ны өдрийн 2445 дугаар шүүгчийн захирамжаар буцаасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг архиваас татаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргах” хүсэлт гаргасныг 2020.04.16-ны өдрийн 5954 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж, шийдвэрлэсэн боловч уг баримтыг бүрдүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ. /х-58,58/

8. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, хариуцагч нарт холбогдох нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаад шүүх нэхэмжлэлийг буцаасан, үүний дараа М.Б нь дахин нэхэмжлэл гаргасан байх ба талууд өмнөх хэрэгт цугларсан баримтыг зааж, тайлбар гаргаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Тухайн үед Д.Б би хуйлруулагчийг худалдан авахаар тохироод нэхэмжлэгчийг байхад түүний хашаанд шалгаж үзэх гэтэл “...Моторонд ус орчихсон одоо асахгүй авч яваад шалгаад үз” гэж хэлсэн талаар нэхэмжлэгч М.Б өөрөө шүүх хурал дээр мэдүүлдэг. Хариуцагч нар компрессорыг газрын ойрыг бодолцож нэхэмжлэгчийн хойд талын хашаа болох хариуцагч Д.Бы дүү Д.Жаргалсайханы хашаанд аваачиж 2 хоногийн дараа мэргэжлийн хүнээр шалгуулахад ажиллахгүй байгаа нь тогтоогддог. Энэ талаар М.Бд хэлсэн бөгөөд дахин нэхэмжлэгчийг байлцуулж Д.Цоггэрэл гэх хүнээр шалгуулж үзэхэд мөн л ажилладаггүй. Энэ талаар гэрч болох М.Мөнхбат, Д.Цоггэрэл нар тодорхой мэдүүлдэг...” гэсэн байх боловч гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээрх нэхэмжлэгч М.Бгийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй юм.

9. Гэрээний зүйл болох компрессорын хуйлруулагч нь доголдолтой байсан эсэх асуудал талуудын хоорондох маргааны зүйл болсон байх ба уг эд хөрөнгө гэмтэлгүй байсан эсэх, эд хөрөнгийн үнэ хэд болох, уг эд хөрөнгө биетээр байгаа бол үзлэг шинжилгээ хийлгэж доголдол, шалтгааныг тодруулах боломжтой эсэх талаар тодруулж, хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

10. Дээрх байдлаар нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэсэн байх нь эрх зүйн маргааны талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөнд тооцох үндэслэл болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Бгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.11-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ