Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 27

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уранцэцэг

     Улсын яллагч С.Ариунаа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр

Иргэний нэхэмжлэгч Ө.Баярханд

Шүүгдэгч Ж.Батбаатар нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Жанцандоржийн Батбаатарт холбогдох эрүүгийн 201611000348 дугаар хэргийг 2017 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 399А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЗЮ72122011 регистрийн дугаартай, Харчин овогт Жанцандоржийн Батбаатар.

      Шүүгдэгч Ж.Батбаатар нь Дорнод аймгийн Булган сумын “Өвөр урт” гэх газраас 2016 оны 7 сарын 25-наас 30-ны хооронд 3.5 тонн байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүй  иргэдээс худалдан авч. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Буян-Овоо” гэх газарт оршин суух иргэн Г.Нараагийн гэрийн гадаа хадгалж байгаль экологид 875000000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                       

Шүүгдэгч Ж.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүгдэгч Ж.Батбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 5 сарын дундуур Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Нарнаа ах/Нараа/-ын гэрт байж байхад хүмүүсийн дам ярианаас Дорнод аймагт Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал ургадаг, тухайн ургамлын үндсийг худалдаж аваад гадагшаа зарж  борлуулвал өндөр үнэтэй зарагддаг гэж сонссон. Тэгээд Улаанбаатар хот руу яваад Хаан банкнаас 35000000 төгрөгийн зээл аваад 30000000 төгрөгийг нь бэлнээр нь бариад өөрийн эзэмшлийн 43-54 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зүс таних Энхтөр, Баясгалан, Одгэрэл нарыг ахдаа туслаад өгөөч гээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Нарнаа ахын гэрт ирсэн. Тэгээд би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас өөрийн эзэмшлийн 43-54 УНЯ  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Энхтөр, Баясгалан, Одгэрэл нарыг дагуулан Дорнод аймгийн Булган сумын нутагт ирж, Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж байгаа иргэдээс 1 килограммыг нь 5000 төгрөгөөр худалдаж аваад Нарнаа /Нараа/ ахын гэрийн гадаа буулгаад буцаад Дорнод аймгийн Булган сумын нутаг руу очих байдлаар 10 гаруй удаа очиж худалдаж авсан юм. Надад Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс зарсан хүмүүсийг огт танихгүй. Худалдаж авсан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Нарнаа ахын гадаа Энхтөр, Баясгалан, Одгэрэл, Батхуяг нарын хамт дэлгээд хатааж байхад Сүхбаатар аймгийн Цагдаа нар ирсэн юм. Би болон Энхтөр, Одгэрэл, Батхуяг, Баясгалан нар дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хориглосон талаар огт мэдээгүй, би тэд нарыг туслаач гэж Улаанбаатар хотоос авч ирсэн юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна гэжээ. /хх-ийн 140-141/

Иргэний нэхэмжлэгч Ө.Баярханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 7 сарын 27-ны өдөр энэ хэргийн талаарх мэдээллийг авч Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагатай холбогдож Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж уг 3500 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураалгуулсан. 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн иргэний нэхэмжлэгчээр томилогдож энэ хэрэгт оролцсон. Булган сумын Засаг даргын томилсон үнэлгээний комиссоос 3.5 тонн ургамлыг 1 килограммыг нь 10000 төгрөгөөр худалдан борлуулж, 2016 оны 8 сарын 25-ны өдөр 35000000 төгрөгийг улсын орлого болгосон. Булган сумын удирдлагуудын зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Ө.Баярханд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Намайг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон учир оролцож байна. Хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Тухайн дэрэвгэр жиргэрүү өвсийг технологийн дагуу хатаасны дараа хадгалалтын чанар даана.  Нойтон тохиолдолд хурдан муудаж ялзрах хөгзрөх их халуун чанартай ургамал байгаа юм.  Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг нойтон болон хуурай үеийн жинг тогтоосон нарын зохицуулалт байхгүй. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь халуун чанартай хуурай, агаар салхитай, нартай газар байх шаардлагатай байдаг. Тухайн ургамлыг ямар нөхцөлд хатааж байгаагаас шалтгаалж чийг алдалт нь янз бүр байдаг. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 27/

-Бичгийн баримтаар:

-Ж.Батбаатарын тайлбар /хх-ийн 6/,

-Иргэний нэхэмжлэгч Ө.Баярхандын мэдүүлэг /хх-ийн 26-27/,

-Гэрч Г.Нараагийн мэдүүлэг /хх-ийн 35/,

-Гэрч С.Баясгалангийн мэдүүлэг /хх-ийн 36, 133/,

-Гэрч Д.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 109/,

-Гэрч Д.Энхтөрийн мэдүүлэг /хх-ийн 135-137/,

-Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28/,

-2016 оны 9 сарын 26-ны өдрийн Шинжлэх ухааны академи, ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/,

- Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 40/,

-2016 оны 8 сарын 08-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 41/,

-2016 оны 8 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 42-44/,

-2016 оны 8 сарын 26-ны өдрийн  Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 61-62/,

-2016 оны 8 сарын 26-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 64/,

-2016 оны  8 сарын 26-ны өдрийн Булган сумын Үнэлгээний комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 63/,

-Шүүгдэгчийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/

-Шүүгдэгч Ж.Батбаатарын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 90/,

-Шүүгдэгчийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл/хх-ийн 138-139/  зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Батбаатар нь Дорнод аймгийн Булган сумын “Өвөр урт” гэх газраас 2016 оны 7 сарын 25-наас 30-ны хооронд 3500 килограмм байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүй иргэдээс худалдан авч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Буян-Овоо” гэх газарт оршин суух иргэн Г.Нараагийн гэрийн гадаа хадгалсаны улмаас байгаль экологид  175000000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Батбаатар, иргэний нэхэмжлэгч Ө.Баярханд нарын өгсөн мэдүүлэг, гэрч Г.Нараа, С.Баясгалан, Д.Батхуяг, Д.Энхтөр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, 2016 оны 9 сарын 26-ны өдрийн Шинжлэх ухааны академи, ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 8 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Батбаатарт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Батбаатарыг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, иргэний нэхэмжлэгч нь "нэхэмжлэх зүйлгүй" гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Батбаатар нь бусдаас худалдан авсан Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болох нь нотлогдож байгаа боловч уг тээврийн хэрэгслийг /үнэлгээний комиссоор үнийг нь гаргуулж ирүүлээгүй/ мөрдөн байцаалтын шатанд хураан авч битүүмжилж ирээгүй тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн...тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана ...” гэсэн заалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

 Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 875000000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж тусгаж ирүүлсэн байх бөгөөд энэ хэргийн хохирлыг Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг /Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутамд 50000 төгрөг/ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /250000х3500кг=875000000/ тооцож ирүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хамаарах боловч уг хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ нь тухайн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй хохирол байх тул яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн хохирлын хэмжээг зөвтгөх нь зүйтэй байна. Ингэж зөвтгөхдөө Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 50000 төгрөгийг/ 1 кг тутамд / шүүгдэгчийн бусдаас худалдаж авсан 3500 килограммаар үржүүлэхэд 175000000 төгрөг /3500кгх50

000=175000000/ болж байх тул энэ хэмжээгээр гэмт хэргийн шууд хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Батбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон 3500 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч бусдад 35000000 төгрөгөөр зарж борлуулж улсын орлогод оруулсан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Ө.Баярханд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ж.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй тул Ж.Амартуяагийн эзэмшлийн 110 м2 талбай бүхий газар, үйлчилгээний зориулалттай 61,85 м2 талбай бүхий хувийн  сууц, 18 м2 талбай бүхий модон гараж зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Батбаатарын ЗЮ72122011 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг түүнд буцаан олговол зохино.

 

    Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Жанцандоржийн Батбаатарыг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч Жанцандоржийн Батбаатарыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтаны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ялтан Ж.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй /иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн Ж.Батбаатарын ЗЮ72122011 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг түүнд буцаан олгосугай.   

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ж.Амартуяагийн эзэмшлийн 110м2 талбай бүхий газар, үйлчилгээний зориулалттай 61,85 м2 талбай бүхий хувийн сууц, 18 м2 талбай бүхий модон гараж зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2017 оны 2 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭНХБААТАР