| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0892/З |
| Дугаар | 221/МА2026/0201 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0201
“И к а с” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гомдол гаргагч: “И к а с” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Х.А
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0881 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Ц.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0892/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “И к а с” ХХК-аас Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0812517 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ/0881 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “И к а с” ХХК-аас Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0812517 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...Шүүхийн шийдвэрт 11. Холбогдогчийн дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч “И к а с” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр спорт заалны зориулалттай барилгын ажил эхлүүлсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна" гэжээ.
3.2. Бодит байдалд манай компани нь үүсгэн байгуулагч иргэн Ж.Ш-ийнҮ-2206121863 дугаарт бүртгэгдсэн 3426.6 м2 талбай бүхий өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг сургуулийн зориулалтаар ашиглахаар 2025 оны 07дугаар сарын 20-ны өдөр "Түрээсийн гэрээ"-г байгуулсан. Уг барилга нь спорт заал байхгүй учраас Гэрээний 3.1.4-д заасны дагуу спорт заалыг түрээслүүлэгч тал хариуцаж бариулахаар болсон.
3.3. Энэ спорт заал барихыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буй Хүүшийн ам, Наадамчдын зам В-1235/3 хаягт байрлах 6-н давхар 3.426.6 м² талбай бүхий үйлчилгээний барилгыг худалдсан “Э т э” ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу барьсан бөгөөд иргэн Ж.Ш-ийн гэрээгээр хүлээсэн үйл ажиллагаа байхад манай компанийг торгосон нь үндэслэлгүй юм.
3.4. Өөрөөр хэлбэл В хотхоны захиалагч “Э т э” ХХК нь 6-н давхар 3.426.6 м² талбай бүхий үйлчилгээний барилгыг боловсролын чиглэлээр худалдахдаа спорт заалыг гурван байршилд барихаар тохиролцсон учраас спорт заалыг барьж эхэлсэн байдаг.
3.5. Шүүхийн шийдвэрийн 12-т “...дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд гомдол гаргагч “И к а с" ХХК нь эрх бүхий байгууллагаас барилгын тусгай зөвшөөрөл авалгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн зөрчлөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн байх тул хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна” гэжээ.
3.6. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим. Нэгдүгээрт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэжээ. Өөрөөр хэлбэл зөрчил үйлдэгч нь “И к а с” ХХК биш байхад торгосон байхад анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийн дагуу гаргаж буй гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/2025/0881 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0812517 дугаартай шийтгэлийн хуудсаар “И к а с” ХХК-ийг барилгын ажлын зөвшөөрөл аваагүй өргөтгөл барьсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10.000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
2. Гомдол гаргагчаас: “...“И к а с” ХХК-ийн үүсгэн байгуулагч иргэн Ж.Ш-ийнY-2206121863 дугаартай бүртгэгдсэн 3426,6 мкв талбай бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн зориулалтаар ашиглахаар 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, сургуулийн өргөтгөл болох спорт заал барих нь иргэн Ж.Ш-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг байхад манай компанийг торгосон нь үндэслэлгүй тул улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0812517 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх шийдвэртээ: “...гомдол гаргагч “И к а с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн улсын ахлах байцаагчийн зүгээс Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй байна” гэж дүгнээд, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
4. “И к а с” ХХК-ийн эзэмшлийн талбайд спорт заалны барилга барихдаа барилгын ажлын зөвшөөрөлгүй барьсан үйл баримт ил тодорхой бөгөөд үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 2-т “эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно” , 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус хуульд заасныг барилгын улсын ахлах байцаагч зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа мөн шийтгэл оногдуулахдаа хэрэгжүүлээгүй байна.
6. Тухайлбал зөвхөн “И к а с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-гийн тайлбараар тус хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотолсон гэж дүгнэх нь хангалтгүй бөгөөд гомдол гаргагч Д.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “...айж сандраад зөрчил үйлдсэн талаар хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарласнаас гадна тухайн барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагаанд “И к а с” ХХК ямар ч хамааралгүй. Харин тухайн компанийг үүсгэн байгуулагч Ж.Шуг барилгыг барих гэрээг байгуулсан, “И к а с” ХХК компани зөвхөн түрээсэлдэг талаар тайлбарладаг.
7. Үүнээс дүгнэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийг зөв тогтоох талаар зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй, барилгын компанитай Ж.Ш болон “И к а с” ХХК-ийн хэн нь гэрээ хийж барилга бариулж эхэлсэн талаар нотлох баримт цуглуулаагүй. Барилгын компанитай хийсэн гэрээг холбогдох этгээдүүдээс гаргуулан авч нягтлан шалгасны эцэст хүн эсхүл хуулийн этгээдийн аль нь гэрээ байгуулсныг тогтоох, цаашлаад Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчилд тухайн барилгын компани, иргэн Ж.Ш, “И к а с” ХХК-ийн хэн нь буруутай болохыг тогтоох, өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн этгээд болох холбогдогчийг зөв тогтоож, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах нь хуульд нийцнэ.
8. Хэрэгт авагдсан баримтаар иргэн Ж.Ш болон “И к а с” ХХК хооронд 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, мөн тухайн компанийн 80 хувийг Ж.Ш, 20 хувийг Д.Б эзэмшдэг гэх үйл баримтууд авагдсан байх тул дээрх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчилд холбогдогчийг зөв тогтоох үүднээс шаардлагатай нотлох баримтуудыг хүн, хуулийн этгээдээс гаргуулан авах, иргэн Ж.Ш болон тухайн барилгын компанийн /барилгын ажил эхлүүлсэн компаниас/ удирдлагаас тайлбар авах гэх мэт хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул барилгын улсын ахлах байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0812517 дугаартай шийтгэлийн хуудсыг 58 хүртэл хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0881 дугаарт шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг баримтлан “Нийслэлийн хяналт, шалгалтын газрын барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0812517 дугаартай “И к а с” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 3 дах заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 58 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн хяналт, шалгалтын газрын барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0812517 дугаартай “И к а с” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэр хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, 3 дахь заалтыг 4 дэх заалт болгон дугаарлаж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР