Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00367

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00367

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянхошуу багт оршин суух, - дугаарын регистртэй, Зуутраг овогт Б-ийн Б-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1968 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1976 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1984 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Миний бие нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажилладаг эцэг эхийн хамт ногоо тарьж байгаад 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Ховд аймгийн Мянгад сумын Хүний их эмчийн сапбарт угаагчаар ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл 34 дэх жилдээ угаагч, асрагчаар ажиллаж байна. Миний бие нь 1987 онд Д.Нямдаваатай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Иймд Зуутраг овогт Б-ийн Б- /ПЗ 68022402/ намайг 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Б-гийн 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б- нь 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02/101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б-гийн 1986 оноос 1994 оны хооронд тус сумын Эрүүл мэндийн төвөөс авч байсан цалингийн цэс

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 781 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн 183859 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мянгад сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зургууд,

Иргэн Д.Алтанцэцэгийн ...Миний бие Б.Б-тэй 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Д.Нямцэрэнгийн ...Намайг 1987 оны 08 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Эрүүл мэндийн төвд асрагчаас ажилд ороход Б.Б- нь ажиллаж байсан бөгөөд бид хамтдаа олон жил ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Б-гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Б-ийн Б-г 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ