| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00100/И |
| Дугаар | 00275 |
| Огноо | 2020-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 00275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багт оршин суух, Жантекей тайлах овогт Б.Ж/ /-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 153/2020/00100/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1978 онд Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр 10 жилийн сургуулийг 8 дугаар анги төгссөн. Тэгээд Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 2 сар орчим трактор бариад 1978 оны 10 сард Төв аймгийн ТМС-д суралцаад 1979 оны 6 дугаар сард төгсөж ирсэн. Техник мэргэжлийн сургуулиа төгсч ирээд Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сараас эхлэн Буянтын тэжээлийн аж ахуй тартал ажилласан.
Иймд намайг Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ж нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан болох нь 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Буралбайн Жы хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШЗ2020/00571 дугаартай Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжийн дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт хадгалагдаж байгаа 1978, 1979 онуудын Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын тушаал, цалин хөлсний карт /70 дугаар данс/, 1979 оны Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын тушаалаас 1979 онд Техник мэргэжлийн сургууль төгссөн хүмүүсийг ажилд томилсон хэсэгт, Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйн даргын тушаалаас нэхэмжлэгч Б.Жыг тракторчноор томилсон тушаал зэрэгт Б.Ж гэх нэрээр үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШЗ2020/00805 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Лаборатори 1 дүгээр сургуулийн архивт хадгалагдаж байгаа 1978, 1979 оны 8 дугаар анги төгсөгчдийн баримтад үзлэг хийх, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1978 оны тушаалаас техник мэргэжлийн сургууль төгссөн төгсөгчдийг хуваарилсан тушаалд Б.Ж гэх нэрээр үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэл, гэрч Ч.Цагааны “....Б.Ж нь ТМС төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд манай механикжсан хадлангийн салаанд трагторчноор ажилд орсон. Яг хаана ямар ТМС төгсөж ирснийг мэдэхгүй байна. Б.Ж нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуй нь 1990 онд Бүтээл ХК болоход ажлаасаа гарсан. 1990 он хүртэл хүртэл тракторчиноор ажилласан. Б.Ж нь тракторчноос өөр ажил хийгээгүй....” гэх мэдүүлэг, гэрч Ү.Мухамедийн “.....Б.Ж нь тракторын курс төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор томилогдож ирсэн. Б.Ж нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуй тартал тракторын жолоочоороо ажилласан. Б.Ж нь тракторын жолоочоос өөр ажил хийж байгаагүй. Өвөл трактороо тавьчихаад Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн аар саар ажил хийдэг байсан. Гэхдээ тушаал өөрчлөгдөхгүй....” гэх мэдүүлэг, гэрч А.Мухамедийн “....Б.Ж нь манай Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1978 оны намар тракторчноор ажилд орсон. Үүнээс хойш Б.Ж нь тус байгууллагад Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуй 1992 оны 12 дугаар сарын сүүлээр тарах хүртэл тракторчноор ажилласан. Бид хамтдаа трактор барьж, газар хагалж, хадланд явдаг байсан. Манай Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуй нь 2 бригадтай, 4 салаатай байсан. Би Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн 2 дугаар бригадын нэг салааны ахлагчаар ажиллаж байсан. Салааны нэршлийг санахгүй байна. Миний ахалж байсан салааг Мухамедийн салаа гэж нэршдэг байсан....” гэх мэдүүлэг, гэрч А.Мухамед, Ч.Цагаан, Ү.Мухамед нарын ажиллаж байсан байдлын талаарх Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн 00089 дугаартай тракторч машинчийн үнэмлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-9, 17, 40-47, 76-79, 51-53, 54-56, 73-75, 81 дүгээр тал/
Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгйин Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2229 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн тракторчин Б.Жы 1985-1989 онуудын цалингийн түүвэр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 11-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Цагаан, Ү.Мухамед, А.Мухамед нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Б.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жантекей тайлах овогт Б.Ж//-ы Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сараас 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ