Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/0229/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б , 

Улсын яллагч З.Н ,

Хохирогч О.Б ,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Г,

Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц-д холбогдох эрүүгийн 2339000000358 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар  сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Цнь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Бурхантын булаг" гэх газарт "үхэр хөөлөө" гэх шалтгааны улмаас хохирогч О.Б-тай маргалдаж улмаар зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохиж, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ц-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000358 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч М.А-н (хх-ийн 13-14-р хуудас), насанд хүрээгүй гэрч Ц.М-ын (хх-ийн 27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч А.Ц, хохирогч О.Б  нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Т-н 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас),

Хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд,

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн СD 1 ширхэг, гэрэл зураг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тоолуулсан тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62, 65-79, 87-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000358 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Н  шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...А.Ц нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Бурхантын булаг" гэх газарт "үхэр хөөлөө" гэх шалтгааны улмаас хохирогч О.Б-тай маргалдаж улмаар зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохиж, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч А.Цшүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би А.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч А.Ц нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Бурхантын булаг" гэх газарт "үхэр хөөлөө" гэх шалтгааны улмаас хохирогч О.Б-тай маргалдаж улмаар зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохиж, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд манай саахалт айл Цогтгээрлийн үхрүүд  манай гэрийн гадуур бэлчээд манай гэрийн гадна тогоо антен шөргөөж дуранг маань эвдсэн.  Тухайн үед үхрүүдийг хөөж холдуулсан... Тэгтэл Ц гэгч нь Батноров сумын төвөөс ирээд яагаад манай үхрийг хөөгөөд байгаа юм бэ гадны хоёр минь гэхээр нь би танай үхэр чинь манай гадаа ирж тогоо антен эдвэлчихлээ байнга ингэх юм гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан болоод би мотоциклоосоо бууж Ц дээр очиж заамдаж аваад чи хүн байнга байх юм гэж хэлсэн чинь Ц бууж ирээд намайг татаж унагаад газар унах үед миний зүүн нүдний зовхин тус газар 1 удаа, мөн тус газар 1 удаа өшиглөж би босох гэтэл босгохгүй ална шүү гэж 2 удаа хэлсэн... Тэгээд манай эхнэр А-н барьж явсан малын шилбүүрийг булааж аваад миний зүүн хонгон дээгүүр шилбүүрийн мод хэсгээр 3 удаа цохиж, өгзөг хэсэгт мөн 1 удаа модыг хугартал цохисон.... Тэгээд миний бие өвдөөд байхаар нь сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлж карт нээлгэсэн. Тэр өдрөөс хойш миний даралт ихсээд байгаа эм уугаад ч буухгүй байгаа мөн Цд зодуулснаас хойш толгой байнга өвдөж байна... Би эмчилгээний зардалд 107,000 төгрөг, унааны зардалд 936,893 төгрөг, утасны ярианы төлбөр 51,900, түрээсийн төлбөр 523,200 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20 сая төгрөг нийт 22,417,793 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай хойд гэрийн гадна айлын олон тооны үхэр гэрийн гадаа очсон байсан. Тухайн үед би гэрийн гадуур байсан айлын үхрүүдийг гэрээс холдуулахгүй бол гэрийн гаднах эд хогшил эвдээд сүйтгээд байдаг болохоор тухайн үхрүүдийг гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийш ойрхон тууж холдуулаад явж байхад Ц нь манай үхрийг хөөлөө та муу хоёр гадны цагаачин биздээ манай нутгаас зайлаараа гэх байдлаар бид хоёрыг хэл амаар доромжлоод манай нөхөр Баярсайханыг газарт унагааж хэд хэдэн удаа өшиглөж нүүрэн хэсэгт зүүн нүдний дээд хөмсөг хэсэгт, мөн хөл гуя, хэсгүүдэд хэд хэдэн удаа өшиглөсөн...Миний барьж явсан модыг булааж аваад манай нөхрийг модоор зүүн хөлний гуя хэсэгт нь 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр аавтайгаа үхэрт явж байсан тэгэхэд Б  гэдэг ах, А  эгч хоёр манай үхрийг хөөгөөд явж байхаар нь аав очоод үхэр яагаад хөөгөөд байгаа юм бэ гэхэд Баяраа ах манай аавыг мотоцик дээрээс татаад унагаасан...Тэгээд аав Баяраа ах хоёр хоорондоо зодолдоод байсан...Манай аав Баяраа ахын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиж байсан...А  эгч аавын гуя хэсэг рүү шилбүүрдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т-н 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дугаартай дүгнэлтэд:

1. О.Б-ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд, доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ц-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч А.Цнь хохирогч О.Б-ы зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохисон, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогч О.Б-ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд, доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүгээс шүүгдэгчийн үхрийг хөөсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.Цнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч А.Цнь хохирогч О.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 107,000 төгрөг, унааны зардалд 936,893 төгрөг, утасны ярианы төлбөр 51,900, түрээсийн төлбөр 523,200 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20,800,000 төгрөг нийт 22,417,793 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.

Эмчилгээний зардалд: Монгол эм импекс концерн ХХК-ний эмийн сангийн 9,357, 2,000, 5,200, 24,100, 850, 45,326, 12,900 төгрөгийн Е баримт, Өргөө фарм эмийн сангийн 27,900 төгөргийн Е баримт нийт 127,633 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Монгол эм импекс концерн ХХК-ний эмийн сангийн 960 төгрөгийн Е баримт нь хохиролтой хамааралгүй зүйл авсан байх тул нотлох баримтаар тооцоогүй болно.

Утасны ярианы төлбөр 2500, 7000, 6500, 100, 6900, 7000, 6900, 15,000 төгрөгийн Е баримтууд нийт 51,900 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 127,633 төгрөг,  утасны ярианы зардал 51,900 төгрөг нийт 179,533 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Цээс гаргуулж хохирогч О.Б-д олгох нь зүйтэй байна.

    Хохирогч О.Б-ы унааны зардалд нэхэмжилсэн 936,893 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Учир нь шатахуун авсан Е баримтууд хэрэгт байх боловч хэний эзэмшлийн ямар маркийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь тогтоогдохгүй байна.

    Хохирогч О.Б  нь эрүүл мэндээрээ хохирсны улмаас жолооны сургуульд суухаар бүртгүүлж гэрээ байгуулсан байсан 32 хүний гэрээг цуцалж 2023 оны 8, 9 дүгээр саруудад олох байсан орлого 20,800,000 төрөгийн хохирлыг нэхэмжилж байх ба уг хохирлыг гаргах үндэслэлгүй байна. Учир нь сургалтын гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх боловч уг гэрээнүүдэд гэрээг байгуулсан огноо бичигдээгүй байх тул гэрээг хэзээ байгуулсан хугацаа тодорхойгүй байна. Мөн жолооны курст суухаар бүртгүүлсэн хүмүүсийн бүртгэл байх боловч уг бүртгэлд жолооны ямар нэртэй сургуульд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

     Хохирогч О.Б нь эрүүл мэндээрээ хохирсоны улмаас 2023 оны 8, 9 дүгээр саруудад жолооны хичээлээ орж чадаагүй гэх боловч “Ашдын чуулга” авто сургуулийн ирц сэдвийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар 2023 оны 8, 9 дүгээр саруудад жолооны хичээлээ орж чадаагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Тодруулбал ирц сэдвийн бүртгэлийн хуулбарт 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хичээл орж ирц бүртгэгдсэн төдийгүй багш О.Б заасан сэдэв бичигдэж багшийн гарын үсэг хэсэгт О.Б  нь гарын үсэг зурсан байна.

    Мөн хохирогч О.Б  нь 2023 оны 8,9 дүгээр сарын түрээсийн төлбөр 523,200 төгрөгийг нэхэмжилж байх ба 2023 оны 8,9 дүгээр сард “Ашдын чуулга” авто сургууль нь хэвийн үйл ажиллагаа явуулсан болох нь ирц сэдвийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

   Иймд хохирогч О.Б  2023 оны 8, 9 дүгээр саруудад олох байсан орлого 20,800,000 төрөгийн хохирол, 2023 оны 8,9 дүгээр сарын түрээсийн төлбөр 523,200 төгрөгийн хохирол, унааны зардал 936,893 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаа шүүгдэгч А.Ц-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

    

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ц-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч А.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ц-нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ц-нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирох төдийгүй улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Ц-нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц овогт А.-Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар шүүгдэгч А.Ц-ээс 179,533 (нэг зуун далан есөн мянга таван зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж хохирогч О.Б  олгосугай.

 

6. Эрүүгийн 2339000000358 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Б  замын зардал 936,893 төгрөг, түрээсийн төлбөр 523,200 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20,800,000 төгрөг нийт 21,460,093 төгрөгийн нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Ц-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УУГАНБАЯР