| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00223/И |
| Дугаар | 00276 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 00276
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-51 тоотод оршин суух, Галуут овогт Г.Д / /-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 153/Ш3/2020/00223/и дугаар индекстэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1968 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1984 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр хөдөө мал дээр гарч мал малласан.
1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 онд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж амьдарсан.
1990-2000 оны хоорондох нөхөн бичилт хийлгэж авсан. 1990 онд гэр бүл болсон.
Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч анх ажилд орсон гарсан тушаал надад байхгүй, архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд Г.Д намайг 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Малчнаар ажилласан нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна....Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт 1987-1991 он хүртэл ажиллаж байсан талаар нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд хандана....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Д нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаагүй, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт 1987-1991 он хүртэл ажиллаж байсан талаар нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд хандана гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Галуут овогт Г.Д //-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Д нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаагүй, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт 1987-1991 он хүртэл ажиллаж байсан талаар нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд хандана гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ