| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00375/И |
| Дугаар | 00368 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00368
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00368 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Гүвээ багт оршин суух, - дугаарын регистртэй, Шарга морьт овогт Ц-ын О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.О- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1970 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд айлын 5 дахь хүүхэд болон төрсөн. Манайх ам бүл 11-үүлээ байсан. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1986 онд Зэрэг сумын 8 жилийн сургуульд 8 ангиа төгссөн. 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1-р бригадад илгээлтээр малчнаар гарч тухайн үед саалчин хийж байсан ба одоо хүртэл мал маллаж байна. Тухайн үед аав болох Ш.Ц- нь аймгийн 2 удаагийн аварага малчин, улсын мэнд сүрэгтэн шагналаар тус тус шагнагдаж байсан. Сумандаа нэр хүндтэй малчин байсан. Тухайн үед миний ажиллаж байсан Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж өөрчлөгдөж байсан. Миний бие 1991 оны 06 дугаар сарын 17-д Баядаахан овогт Шагдарын Ганбалсантай гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1993 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Шарга морьт овогт Ц-ын О- намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин болон саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.О-ийн 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.О- нь 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1096 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ буюу 1 дүгээр бригадын 1986 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 1376005 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000485 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126/002818 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126/002815 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182 дугаартай лавлагаа,
Иргэн Х.Баярсайханы ...Миний бие Ц.О-тэй Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оноос эхлэн 1993 оныг хүртэл хамт мал маллаж байсан нь үнэн.. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Иргэн Д.Галсандоржийн ...Миний бие Ц.О-тэй Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оноос эхлэн 1993 оныг хүртэл хамт мал маллаж байсан нь үнэн.. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.О-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шарга морьт овогт Ц-ын О-ийг 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ