Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00369

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00369

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянбулаг багт оршин суух, - дугаарын регистртэй, Зазгар овогт Ш-ийн Б-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.Б- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие нь 1962 онд төрсөн. Бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрөөж байгаад Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 1974 онд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. Энэ цагаас хойш эцэгтээ туслан малчнаар ажиллаж байгаад 16 нас хүрээд хувьдаа мал авч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Энэ цагаас хойш миний бие тасралтгүй мал маллан амьдарч байгаад 2007 онд хүүхдүүд их дээд сургуульд суралцах болсон тул Ховд аймагт ирж суурьшсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар нөхөн тооцуулалтад хамрагдаагүй учраас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул 1991 оноос 1994 оны мал маллаж байсан талаарх баримтаа авч хэрэгт хавсаргасан. Иймд Ш.Б- намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ш.Б-ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Б- нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Хүсэлт гаргагчийн 1991 он, 1992 он, 1993 он, 1994 онуудын мал тооллогын баримт, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаартай архивын лавлагаа, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газраас 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ш.Б-т олгосон баярын бичгийн эх хувь,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 126/003268 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 126/003268 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 214 дугаартай лавлагаа,

Иргэн Д.Янсанжавын ...Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын Баян булаг бригадад 1971 онд аймгийн төвийн хоёрдугаар 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд Эвлэлийн илгээлтээр саальчнаар гарсан. Тухайн үед манай ээж Ш.Гэндэнсүрэн нь 15 гунжин үхэр аваад бэлдчихсэн байсан. Тэгээд тэр үеэс эхлэн би саальчин хийж эхэлсэн ба 1974 онд нөхөр Б.Цэдэнбалжиртэй суусан. Манай нөхөр хонь үхэр малладаг, би саальчин хийдэг байсан. Би 1971 оноос 1995 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Ш.Б- нь 1977 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар илтгээлтээр томилогдон ажиллаж эхэлсэн ба 1994 оныг дуустал малчнаар ажилласныг сайн мэдэх тул тодорхойлолт гаргаж байна... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зазгар овогт Ш-ийн Б-ийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ