Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00370

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00370

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багт оршин суух, - дугаарын регистртэй, Чөөсөг овогт Л-ийн О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.О- нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1969 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн. Миний төрсөн эцгийг Лхагва гэдэг боловч миний төрүүлсэн эх Даваажав нь намайг төрүүлээд 7 хоногийн дараа нас барсан тул Лхагва төрсөн ах Лхамсүрэндээ намайг өргүүлсэн. Тухайн үед эцэг, эх минь төрсний гэрчилгээ авахгүй байсаар 1970 онд төрсний гэрчилгээ авсан. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж байгаад Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1987 оны 6 дугаар сард наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар гарсан. Тус нэгдэлдээ 1993 оны 8 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г.Эрдэнэцогт гэдэг хүнтэй гэр бүл болж тус нэгдэлдээ мөн малчнаар ажилласан. Миний бие нь насаараа мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдөр анх илгээлтээр гаргаж байхад олгосон хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон. Мөн илгээлтээр гаргасан тушаалдаа намайг Лхагва гээд төрсөн эцгээр минь овоглож бичсэн байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Л.О- намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.О-ийн 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.О- нь 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн илгээлтийн эзэн охид хөвгүүдийг ажил үйлдвэрлэлд томилж, хуваарилах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Ховд аймгийн Дөргөн сумын архивын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Л.О-, Б.Лхамсүрэн нарын 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэр лавлагаа,

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000253 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00532 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 126/003223 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 126/003221 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн Г.Мандахын ...Миний бие Ховд аймгийн Дөргөн суманд төрж өссөн. Тэндээ 1980 оноос 2003 оныг хүртэл мал маллаж байсан. Л.О- нь 1970 онд Ховд аймгийн Мянгад суманд Л-ийн 2 дах охин болж төрсөн. Бага наснаас аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсээр 1976 онд сургуульд орж, 1986 онд 8 дугаар анги төгссөн. Улмаар илгээлтээр Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж одоо үргэлжлүүлэн мал маллаж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.О-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чөөсөг овогт Л-ийн О- 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ