Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 00000 1570 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***********” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ******* дугаар гудамж 17 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 cap 9 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ********,******,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй... Цаашид гарсан хохирлыг төлж барагдуулна. Хохирогчоос уучлалт гуйсан байгаа...” гэв.

 

Эрүүгийн 2308 00000 1570 дугаартай хэргээс:

 

Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11256 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 18 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой лавлагаа, баримтууд (хавтаст хэргийн 20-27 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 28-29 дэх тал), хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо ******* дугаар гудамж 17 тоотод хохирогч ******** маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд уруул, салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1, доод баруун 1, зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ***** “...Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян-***** дугаар гудамжны ******* тоотод хашаа байшинд амьдардаг. Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ найз ********* байж байхад гаднаас ********* аав Н***** ирсэн ба намайг урд өдөр нь согтуу ирж гэрт бөөлжсөн гээд шалтаглаад ****** нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. Надад үүдэн дээд 1 шүд хөдөлсөн, уруулын дотор тал язарсан шарх гэмтэл учирсан. Би буцааж цохиогүй, өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

гэрч ******* “...найз *****н гэрт хоёулаа 0,5 литрийн Хараа архи задлаад ууж эхэлж байхад гаднаас түүний хамаатны залуу болох ****** аав ******* орж ирээд ********* яагаад давраад байгаа юм бэ гээд У.Билгүүн нүүр рүү нь гараараа хэд хэд цохисон. *****н уруулын дотор тал нь язарсан, 1 шүд нь хөдөлсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11256 дугаартай “...****** биед дээд уруул, салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1, доод баруун 1, зүүн 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн “...уг прокурорын тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би ****** нүүр рүү нь гараараа цохисон чинь газар уначихсан ба амнаас нь цус гараад байсан... миний биед гэмтэл учраагүй, *******н биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), гэмт хэргийн талаарх “...манай нөхрийг ах гэрт ирээд зодчихсон байна...” гэх шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газарт нь гараараа давтамжтай цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирол, хор уршгийн зардлаа нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй, хохирлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол, хор уршгийн зардлаа гэм буруутай этгээдээс гаргуулах эрхийг хөндөхгүй ба хохирогч ********* нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаагаар төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс ялын төрөл, хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********,***********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч ********* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРАНЖАРГАЛ