| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00415/И |
| Дугаар | 00372 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00372
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00372 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, 05-15 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Боржигон овогт Д-ийн Б-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Б-, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б- нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1961 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Дамбийням овогтой Д-ийн ууган хүү болон төрсөн. Миний бие нь бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1971 онд 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 2 ангидаа 1 жил завсардаад 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд илгээлтийн эзнээр хувиарлагдаж тракторчны 3 сарын курст явж тракторчин болсон. Тракторчин мэргэжил эзэмшээд нэгдэлдээ ирэхэд жолоодох трактор хүрэлцэхгүй учраас "Шинэ зам нэгдлийн удирдлагууд ярилцаад Баянхайрхан бригадад тэмээчин аав Д.Д-ийн суурьт туслах малчнаар томилон ажиллуулсан. Миний бие нь нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажилласан. Тэр үед миний аав бог мал маллаж байсан. Д.Б- миний бие нь 1997 онд Ховд аймгийн Чандмань сумын иргэн Г.Мөнхцэцэгтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Намайг анх төрөхөд ээж Ч.Нямхүүгээр овоглож Бадрах гэдэг нэрээр бүртгүүлсэн байсныг аав Д.Д-аар овоглож, нэрийг Б- болгон өөрчилсөн. Миний бүх бичиг баримт Даваа овогтой Б-аар бүртгэгдсэн байдаг. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Боржигон овогт Д-ийн Б- намайг 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Б- нь 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хүсэлт гаргагч Д.Б- нь 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 775 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадын 1977 оноос 1983 он, 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0351860 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002832 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, хавсралтын хамт, хүсэлт гаргагчийн малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг, Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын зөвлөлөөс 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн эх хувь,
Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3454 дугаартай албан бичгээр ирүүлсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 126/003005 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 126/02362 дугаартай ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 203 дугаартай лавлагаа
Иргэн Б.Өлзийгийн ...Д.Б- нь дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь үнэн.. гэх тодорхойлолт
Иргэн В.Намхайн ... Д.Б- нь дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Д-ийн Б- нь 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд Д.Б-ыг 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ