Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/815

 

 

    2023          10          17                                     2023/ШЦТ/815

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305028311688 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** дүгээр байрны *** тоотод “2023 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр ***ыг цохиж зодсоны улмаас түүний биед зүүн зовхи, шанаа, чих, хөхлөг сэртэн, уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим манай гэрт хадам ээж ***, нөхрийн дүү *** эхнэр *** тэдний охин *** /5 настай/ гэх хүмүүс ирсэн ба тухайн үед манай гэрт манай ээжийн эгчийн хүүхэд болох Золзаяа хамт байсан ба нийт 8 хүн байснаас насанд хүрсэн хүмүүс нь 0.7 литрийн Эдэн гэх нэртэй архи хувааж уугаад шөнийн 01 цаг өнгөрч байхад хадам дүү болох *** гэр бүлийн гишүүдээ дагуулан гэртээ харихаар явсан. Хадам ээж манай гэрт үлдсэн. Би хадам ээж *** гэх хүнтэй харилцаа муутай байдаг ба манай гэрт олон удаа ирж байгаагүй бөгөөд ойрын үед өвдөг нь өвчтэй эмчилгээ хийлгэж байсан болохоор манай гэрт өнөөдрөөс эхлэн 3 сарын хугацаатай байхаар боллоо гээд хадам дүү *** хадам ээжийг манай гэрт авчирсан. 2023 оны 7 дугаар сарын 19-ний шөнийн 02 цаг өнгөрч байхад би нөхөртэйгээ хадам ээж ***тай харилцаа муу байдаг гээд хоорондоо маргалдаж байхад манай нөхөр намайг газар унагааж миний дээр суугаад зүүн гараараа миний 2 гарыг нийлүүлэн толгой дээр барьж баруун гараараа олон удаа /хэдэн удаа гэдгийг санахгүй байна/ цохиж байхад хадам ээж *** миний эмзэг эрхтэнийг баруун гараараа атгаж татаж зулгаагаад байснаа миний нүүрний зүүн хацраас баруун гараараа маажиж зулгаагаад байхаар нь би эсэргүүцэл үзүүлж нүүр рүү нь хөлөөрөө жийж холдуулахад миний нүүрнээс дахин гараараа базаж татаад байх үед миний ам руу орж таараад ...би шүдээрээ хурууг нь хазсан. Тэгээд цус нь гараад манай нөхөр миний хоолойноос 2 гараараа базаж, миний хүзүү хэсгийг баруун тийш нь 2 гараараа дарж хугалах гээд байхад манай хүү *** “Аав аа боль, ээжийг минь амьд үлдээ” гэж хэлж байхад нь би хүүдээ хандаж “Цагдаа дуудаарай “гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хадам ээжийг “гарч зугт” гэж хэлэхэд хадам ээж хаалгаар гарахад манай нөхөр миний дээрээс босож араас нь зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 9125 тоот дүгнэлт: “...***ын биед зүүн зовхи, шанаа, чих, хөхлөг сэртэн, уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүлд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх болможтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдадууалхгүй...” гэжээ /хх-н 26-27/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-51/, хохирогчийн өргөдөл /хх-н 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***нь Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** дүгээр байрны *** тоотод “2023 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр ***ыг цохиж зодсоны улмаас түүний биед зүүн зовхи, шанаа, чих, хөхлөг сэртэн, уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хохирогч ***тай маргалдаж түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч ***нь эхнэр ***ыг цохиж, зодсон тухайн үйл явдал тодорхой хугацаанд үргэлжилсэн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд хохирогчид гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР