Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 25

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,  

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарги тайж овгийн Лонжидсүрэнгийн Чулуун-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201615000209 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 11-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дарги тайж овгийн Лонжидсүрэнгийн Чулуун-Эрдэнэ. РД: ЙЖ88030112

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жирмийн олон худаг”  гэх газар нутаглах иргэн М.Амаржаргалын гэрт нэвтэрч, авдарт байсан эмэгтэй хүний хуучин хэтэвч 1 ширхэг, бэлэн 150000 төгрөг, цахим үнэмлэх 1 ширхэг, 5.5 инчийн хэмжээтэй, үндсэн тагштай, сууриараа мөнгөтэй аяга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, машин механизм хэрэглэн хулгайлж, 678500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хэргийг хийгээгүй. Би тухайн үед гэрээсээ ч гараагүй. Лхагвасүрэн байцаагч надаас байцаалт аваагүй. Намайг дуудаж ирээд гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурсан. Би хулгай хийгээгүй. Би хохирогч Амаржаргалтай найзууд, би тэднийхээс хулгай хийгээгүй” гэв.

Хохирогч М.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Богд сум руу саахалт айлын хүнтэй нутаг үзэх гэж явсан. Тэгээд маргааш шөнө нь 23 цагийн үед ирээд эхнэр саахалтынд ирсэн байхаар нь Ц.Намжирынд шөнө болчихлоо маргааш харъяа гээд тэндээ хоночихоод өглөө нь Ц.Намжиртай хамт аймаг руу явсан. Тэгээд араас 13 цагийн үед манай эхнэр Долгормаа утсаар залгаад гэртээ ирсэн чинь хулгай орчихсон байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. ...Манайхаас эхнэрийн эрээн өнгийн түрийвч, дотор нь бэлэн 150.000 төгрөг, иргэний үнэмлэх, ёроолдоо мөнгөтэй хуучны модон тагш алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч М.Амаржаргалыг дахин байцаасан тэмдэглэл: “... Манайхаас хуучны ёроолдоо мөнгөтэй модон дунд зэргийн тагш 1 ширхэг гэрийн бурхны доорх авдарт байсан. Эхнэрийн түрийвч хажуудах авдар дотор нь байсан, тэр дотор бэлэн 150.000 төгрөг бичиг баримтын хамт байсан. Бүгд алга болсон байсан. Манай эхнэрийн иргэний үнэмлэх байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч П.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 06 дугаар сарын 04-нд манай нөхөр М.Амаржаргал Богд сум руу саахалтын Ц.Намжиртай хамт яваад маргааш нь шөнө ирсэн. Би хүүхдүүдээ аваад саахалтындаа ирчихсэн байсан. Тэгээд тэндээ хоноод маргааш өглөө нь Амраа аймаг яваад би 11 цагийн үед гэртээ очиход гэрийн 2 авдар онгичсон, бурхан тахил тараачихсан байсан. ...Мөнгөн суурьтай бор тагш, миний түрийвч, бэлэн 150.000 төгрөг, иргэний үнэмлэхтэй алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... М.Амаржаргал тэр өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш отроор нүүдэллэх газар үзнэ гээд явсан. Эхнэр, хүүхдүүд нь манайд ирж хоносон. Эхнэр Долгормаа нь өглөө манайхаас гараад гэртээ харьсан. Өдөр нь гэрт хулгай орчихсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Ц.Намжирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим намайг гэрт байхад манай саахалт айлын М.Амаржаргалын эхнэр Долгормаа 2 хүүхэдтэйгээ ирж хоносон. М.Амаржаргал отроор нүүдэллэх газар үзэх гээд Богд сум руу явсан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь Долгормаа гэр лүүгээ явсан. Үдээс хойш таарахад гэрт хулгай орчихсон байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд: “... Хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймаг, Гучин-Ус сум, 1-р баг, Жирмийн олон худаг гэх газар байв. Тус газарт ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай цагаан өнгийн бүрээстэй гэр байв. Гэрт ороход зүүн гар талаас хоолны шүүгээ, ор, авдар, зурагт, авдар, ор гэсэн дарааллаар эд хогшил нь байрласан ба авдраас эд зүйлүүдийг гаргасан байдалтай байв...” /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №06/23 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 119-120 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77, 79-82 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэний ял шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 69-72, 112-113 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жирмийн олон худаг”  гэх газар нутаглах иргэн М.Амаржаргалын гэрт нэвтэрч, авдарт байсан эмэгтэй хүний хуучин хэтэвч 1 ширхэг, бэлэн 150000 төгрөг, цахим үнэмлэх 1 ширхэг, 5.5 инчийн хэмжээтэй, үндсэн тагштай, сууриараа мөнгөтэй аяга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, машин механизм хэрэглэн хулгайлж, 678500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Амаржаргалын “...Тэгээд араас 13 цагийн үед манай эхнэр Долгормаа утсаар залгаад гэртээ ирсэн чинь хулгай орчихсон байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. ... Манайхаас эхнэрийн эрээн өнгийн түрийвч, дотор нь бэлэн 150.000 төгрөг, иргэний үнэмлэх, ёроолдоо мөнгөтэй хуучны модон тагш алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13/, хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл “... Манайхаас хуучны ёроолдоо мөнгөтэй модон дунд зэргийн тагш 1 ширхэг гэрийн бурхны доорх авдарт байсан. Эхнэрийн түрийвч хажуудах авдар дотор нь байсан, тэр дотор бэлэн 150.000 төгрөг бичиг баримтын хамт байсан. Бүгд алга болсон байсан. Манай эхнэрийн иргэний үнэмлэх байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39/, гэрч П.Долгормаагийн “... Тэгээд тэндээ хоноод маргааш өглөө нь Амраа аймаг яваад би 11 цагийн үед гэртээ очиход гэрийн 2 авдар онгичсон, бурхан тахил тараачихсан байсан. ... Мөнгөн суурьтай бор тагш, миний түрийвч, бэлэн 150,000 төгрөг иргэний үнэмлэхтэй алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14/, гэрч Д.Уртнасангийн “... Эхнэр Долгормаа нь өглөө манайхаас гараад гэртээ харьсан. Өдөр нь гэрт хулгай орчихсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15/, гэрч Ц.Намжирын “... Тэгээд маргааш өглөө нь Долгормаа гэр лүүгээ явсан. Үдээс хойш таарахад гэрт хулгай орчихсон байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №06/23 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 119-120/, шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 69-72, 112-113/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Энэ хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа “Л.Чулуун-Эрдэний яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байгаа, “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан мөр нь Чулуун-Эрдэний 81-55 ӨВА улсын дугаартай ниссан булсар маркийн автомашины 5 ширхэг дугуй мөрний хээтэй тохирохгүй байна” гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байгаа боловч хэрэг учралын газарт үзлэгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийж тээврийн хэрэгслийн мөрийг бэхжүүлж авсан ч түүнээс хойш 5 сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шинжилгээ хийсэн байгаа нь шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй, мөн шүүгдэгчийн яллагдагчаар удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч М.Амаржаргал, гэрч П.Долгормаа нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлэгт дурьдагдсан эд зүйл нь шүүгдэгчийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэхдээ хохирогчийн гэрээс авсан гэх эд зүйлстэй таарч тохирч байгаа, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тухай хохирогчийн хүсэлт, эд зүйл алдагдсан цаг хугацаанд шүүгдэгч нь Гучин-Ус суманд явж байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар давхар тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ болон өмгөөлөгчийн энэхүү хүсэлт үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнийг орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 700.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Л.ЧулуунЭрдэний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 81-55 ӨВА улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашин хурааж улсын орлого болгохыг тус тус дурьдав.

       Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Л.Чулуун-Эрдэний эзэмшлийн 81-55 ӨВА улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дарги тайж овгийн Лонжидсүрэнгийн Чулуун-Эрдэнийг орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Дарги тайж овгийн Лонжидсүрэнгийн Чулуун-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Дарги тайж овгийн Лонжидсүрэнгийн Чулуун-Эрдэнэд оногдуулсан 2 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 700.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Л.Чулуун-Эрдэний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-55 ӨВА улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн автомашиныг хурааж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Л.Чулуун-Эрдэний эзэмшлийн 81-55 ӨВА улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Чулуун-Эрдэнэд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн   хугацаагаар хянан харгалзсугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Л.Чулуун-Эрдэний цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг Л.Чулуун-Эрдэнэд мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Чулуун-Эрдэнэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.МАНДАХБАЯР