| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0740/З |
| Дугаар | 221/МА2026/0206 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0206
Б.Цийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Ц
Хариуцагч: Боловсролын сайд, Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Ц нь Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд холбогдуулан "дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сургалтын зээлийг магистр, докторын түвшний оюутнуудын дунд зарлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, нөхөн зарлахыг даалгуулах"-аар, Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан "Б.Цийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхийг даалгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0044 дүгээр шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0740/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.Ц нь Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд холбогдуулан "дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сургалтын зээлийг магистр, докторын түвшний оюутнуудын дунд зарлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, нөхөн зарлахыг даалгуулах"-аар, Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан "Б.Цийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхийг даалгуулах"-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0044 дүгээр шийдвэрээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 8 дугаар зүйлийн 8.4, 22 дугаар зүйлийн 22.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1-д "Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 8 дугаар зүйлийн 8.4, 22 дугаар зүйлийн 22.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-т заасныг баримтлан ..." гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалт нь тухайн хэргийн маргаантай харилцааг зохицуулсан, тухайн харилцаанд ямар нэгэн байдлаар огт хамааралгүй хэм хэмжээ байна.
3.2 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан бөгөөд тухайн зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:
А. Шүүх тухайн хэргийн эрх зүйн маргаантай харилцааг буруу тодорхойлсон
Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх” хэсгийн 9-д "Энэхүү маргааны гол зүйл нь журамд гадаадын сургалтын байгууллагад магистр, докторт суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох зохицуулалт шинээр орсны улмаас тус журмыг заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хариуцагч захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх эсэх, холбогдох хууль, журамд нийцүүлэн санхүүжилтийг шийдвэрлээгүйн улмаас хууль бус татгалзал гарсан эсэхийг тогтооход оршино." гэжээ.
Аливаа иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг эрх зүйн маргаантай харилцаа гэж үздэг.
Шүүх (1) нэхэмжлэлийн болон хариу тайлбарын үндэслэлийг нарийн судалж, талуудын хэн алины байр суурийг тогтоох, (2) үндэслэл тус бүрийг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг олох, (3) нэхэмжлэл, тайлбарын үндэслэл эрх зүйн хэм хэмжээний агуулгад гипотез, диспозици, санкци тохирч буй эсэхийг шалгах (4) хэргийн нөхцөл байдал тодорхой болсон эсэхийг шалгах, (5) хэргийн нөхцөл байдал эрх зүйн ямар хэм хэмжээний агуулгад тохирч буйг шалгах зэрэг эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлоход шаардлагатай процессын эрх зүйд нэгэнт тогтсон эрх зүйн шалгалтуудыг хийгээгүйн улмаас журмын "... хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хариуцагч захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх эсэх, холбогдох хууль, журамд нийцүүлэн санхүүжилтийг шийдвэрлээгүй нь улмаас хууль бус татгалзал гарсан эсэхийг тогтооход оршино." гэж хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийхээр хязгаарласан нь үндэслэлгүй байна.
Үүний улмаас шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй асуудлыг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилго биелүүлэхэд процесс ажиллагаа чиглээгүй гэж үзэхээр байна.
Дээр дурдсан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаанууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчил болно.
Б. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
Тухайн хэрэгт хариуцагч Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн захиргааны үйл ажиллагааны талаар №1 дугаар бүхий ганц тэмдэглэл авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс бусад тэмдэглэлүүдийг нотлох баримтаар гаргуулан авч, захиргааны үйл ажиллагааны талаар бодит байдлыг тал бүрээс бүрэн, бодитой тогтоох ёстой гэж үзэж хүсэлт гаргасан боловч хангаагүй, уг хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаан оролцуулаагүйн улмаас маргааны зүйл болох захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хувьд бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
В. Хэргийн оролцогчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцож, тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжоор хангаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 17-д "Тус захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч О.Сд мэдэгдсэн, тухайн үед О.С нь ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн хариу тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэв." гэжээ.
Дээрх асуудалд хариуцагч Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөгч О.С нь ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор энэ хариуцагч этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх өөр этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, тайлбар, мэдүүлэг гаргах, хэргийн оролцогчтой мэтгэлцэх зарчмыг хангах байтал шүүх хүчээр хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж эзгүйд шийдвэрлэж буй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсгийг шүүх хэрэглэх эрхгүй бөгөөд хэрэглэсэн нь дээрх ноцтой зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй болно.
Үүний улмаас нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох шаардлагад хамаарах маргаантай үйл баримтыг тодруулах, тайлбар авах, хариуцагчаас асуулт тавих, мэтгэлцэх эрхийг мөн адил хязгаарласан гэж үзэж байна.
3.3. Шүүх маргаантай харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, талуудын маргааны зүйл нь Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-д заасан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг явуулаагүй тухай, сонгон шалгаруулалтын системд хүргүүлсэн материал бүхий хүсэлтийг үнэлээгүй, үнэлэхээс татгалзсан нь хууль ёсны эсэх асуудал байсан. Гэтэл шүүх үүнийг зөв тодорхойлоогүйн улмаас маргаантай харилцааг зохицуулсан, хэрэглэх ёстой эрх зүйн хэм хэмжээ болох "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-ыг "тогтоох" хэсэгт огт баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Түүнчлэн "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-д зааснаар дээрх харилцаа нь (1) сонгон шалгаруулах, (2) гэрээ байгуулах, (3) санхүүжүүлэх гэсэн бие даасан тодорхой хэдэн үе шаттай үйл ажиллагаа байна.
Гэтэл шүүх дээрхийг анхаарахгүйгээр өмнөх процессуудад маргаж байхад сүүлийн шат болох санхүүжүүлэх асуудалд анхаарлаа хандуулж, хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэсэн №128/ШШ2026/0044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Б.Ц нь Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд холбогдуулан "дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сургалтын зээлийг магистр, докторын түвшний оюутнуудын дунд зарлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, нөхөн зарлахыг даалгуулах"-аар, Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан "Б.Цийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхийг даалгуулах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0044 дүгээр шийдвэрээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 8 дугаар зүйлийн 8.4, 22 дугаар зүйлийн 22.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
3. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дээрх журмын 10.3, 10.3.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх буюу магистрт суралцагчийн сургалтын зээлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг хүсэж Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд өргөдөл гаргасан. Улмаар маргаан бүхий Боловсролын сайдын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3199 тоот, Боловсролын зээлийн сангийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/438 тоот албан бичгээр “...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д ... заасны дагуу уг хөтөлбөр хэрэгжих боломжгүй” гэсэн үндэслэлээр магистрын түвшинд сонгон шалгаруулалт зарлахаас татгалзсан нь үндэслэл бүхий болжээ.
4. Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Боловсролын сайдын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/127 дугаар тушаалаар баталсан хяналтын тоонд үндэслэн гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтыг зөвхөн бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчдын дунд 2025 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд зохион байгуулсан байна.
Гэтэл нэхэмжлэгчээс магистрт суралцагчийн сургалтын зээлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой гэж үзэж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалтын цахим системд өргөдлөө гаргасан боловч ажлын хэсгээс “...журмын шаардлага хангаагүй, оноогоор үнэлэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчдын дунд сонгон шалгаруулалт зарласан байхад Б.Ц нь магистрын хөтөлбөрөөр оролцсон байна. Хэрвээ тухайн тохиолдолд Б.Цийн хөнгөлөлттэй зээлийн өргөдлийг үнэлсэн бол хуулийн дагуу өргөдлөө ирүүлсэн бакалаврын түвшний хөтөлбөрөөр суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байжээ.
5. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад сонгон шалгаруулалт зарласан шийдвэртэй маргахгүй, зөвхөн магистрын түвшинд сонгон шалгаруулалт зарлахаас татгалзсан үйл баримтад холбогдуулан маргаж байгаа талаар тайлбарласан бөгөөд шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.
6. Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байхыг шаардана.
Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж буй хууль зүйн үндэслэлээс гадна, хариуцагчийн татгалзал, түүний хууль зүйн болон бодит үндэслэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэх ёстой.
Нөгөө талаар шүүхийн шийдвэр дараагийн маргааны эх үүсвэр болох учиргүй төдийгүй биелэгдэх бодит боломжтой байх ёстой.
7. Хэдийгээр нэхэмжлэгч талаас “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “шүүх маргаантай харилцааг буруу тодорхойлсон” гэж гомдолдоо дурдсан боловч нэхэмжлэгчийн зорилго нь дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сургалтын зээлийг магистр, докторын түвшний ... суралцагчдын ... дунд нөхөн зарлахыг даалгуулах, өөрийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхийг даалгуулах, улмаар түүнд хамрагдах явдал байна.
Энэхүү маргааныг шийдвэрлэхэд Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-н зохицуулалтаас гадна зайлшгүй Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалт, зохицуулалтыг анхаарах шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хамаарал бүхий харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн нь “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-д зааснаар дээрх харилцаа нь (1) сонгон шалгаруулах, (2) гэрээ байгуулах, (3) санхүүжүүлэх гэсэн бие даасан тодорхой хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа байна.
Санхүүжүүлэх боломжтой, төсөв нь батлагдсан хүрээндээ сонгон шалгаруулалт зарлах, материал хүлээн авах, үнэлэх, гэрээ байгуулах үйл явц өрнөж байхад огт санхүүжилтгүй, эсхүл зарлаагүй хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хүлээн авах ёстой, улмаар шийдвэрлэх, үнэлэх ёстой гэж дүгнэх боломжгүй.
9. Захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөх хугацааг тусгайлан заагаагүй бол захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн хугацаанаас дагаж мөрдөнө гэж нэхэмжлэгч талаас тайлбарлах хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно.” гэж заажээ.
Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам” хүчин төгөлдөр байгаа эсэхэд талууд маргаагүй учир журам хүчин төгөлдөр болох үед хэрэгжүүлэх бодит санхүүгийн эх үүсвэр байсан уу гэдэгт дүгнэлт хийх ёстой.
10. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан байна”, 31.1.1-д “санхүүжилтийг үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр тодорхойлсон байх” гэж тус тус заажээ.
Энэ тохиолдолд “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам” нь 2025 онд батлагдсан, Боловсролын зээлийн сангийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.2.1-д заасан арга хэмжээнээс үзэхэд сургалтын зээл олгохдоо бакалаврын түвшинд олгохоор буюу өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан журмын дагуу арга хэмжээгээ төлөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл өмнөх оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төсвийн төсөлд санал авах, төсвийн хүрээний мэдэгдэл гаргах зэрэг үйл явцыг дамжаад улмаар 2024 оны 11 сарын 15-ны өдөр эцэслэн батлагдсан байх ёстой /хуулийн хугацаагаар/ тул 2025 оны төсөвт магистр, докторын хөтөлбөрт хөнгөлөлттэй зээл олгохоор тусгагдаж, батлагдсан байх боломжгүй нөхцөл үүсэж байна.
11. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Хэргийн оролцогчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцож, тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэжээ.
Гэвч энэ талаар хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй байна.
Нөгөө талаар энэхүү хэрэг нь захиргааны байгууллага болох Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох бөгөөд дарга О.С өөрчлөгдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой нөлөөлсөн гэж үзэхгүй.
12. Дээрх үндэслэлээр Боловсролын сайд, Боловсролын зээлийн сангийн дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах сургалтын зээлийг магистр, докторын түвшний оюутнуудын дунд зарлахаас татгалзсан татгалзал болон Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг үнэлэхээс татгалзсан татгалзал хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР