Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/833

 

 

 

  2023          10          24                                     2023/ШЦТ/833

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Хэнтийн аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2339000000048 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Marlaan Cherry” гэх хаягаас “Хэнтий аймаг зар” гэх фэйсбүүк группэд Годон гутал зарна гэж зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон ***г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гутал зарна гэж 100.000 төгрөгийг иргэн ***гийн эзэмшлийн хаан банкны /***/ тоо дансаар шилжүүлэн авч, улмаар туханй залилан авсан мөнгөө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Чингисийн талбайн замын урд талд байрлах “Гранд оффис”-н зүүн жигүүрийн 1 давхарт байрлах “Кореабул” хоолны газрын менежер ***рүү шилжүүлэн, тухайн мөнгөө АТМ-с бэлэн мөнгөөр гаргуулан авч, тус ресторанд хоолны тооцоо хийж бусдыг “Залилах”,

- Фэйсбүүк цахим орчинд “Marlaan Cherry” гэсэн фэйсбүүк хаягаас “За сайн байцгаан уу, Арьс үйлдвэрлэл Монголиа” гар хийцийн брэнд маань зөвхөн 7 хоног цааны арьсан гутлаа 50 хувь хямдруулж байна, хувь лизинг хийж болно, үнэ 500к” гэсэн зар байршуулсны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын *** байхад нь холбогдсон иргэн ***ыг хуурч, түүний гутал худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар бусдын Хаан банкны *** дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би сургуулиа төгсөөд найзуудтайгаа уулзахаар болоод, хэсэгхэн зуур өөрийнхөө фэйсбүүк зураг нэрийг солиод, годон гутал зарна гэсэн аккаунтын постыг кофе паст хийгээд хуурамч хаягаас зар оруулсан юм. 100,000 төгрөгийг авчхаад цагдаагийн газраас дуудахаар нь айгаад ээждээ үнэнээ хэлсэн. Хүн рүү нь утсаар яриад шилжүүлье гээд шилжүүлсэн. Шүүх дээр ирсэн чинь 500,000 төгрөгийн талаар цагдаа залгасан. Эрүүгийн хэрэг үүсэж байгаа гэж хэлсэн. 500,000 төгрөг авсан өдрийнхөө маргааш нь буцаагаад өгсөн. 100,000 төгрөгийн талаар ээждээ хэлсэн. 500,000 төгрөг авсныхаа дараа цагдаагаас дуудсан” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрөөд гэртээ фэйсбүүк ороод байж байхад Хэнтий аймаг зар гэх фэйсбүүк групп-д “Marlaan Cherry” гэх хаягаас Годон гутал 500.000 төгрөг болон хямдарлаа гэсэн зар байсны дагуу хий гэхэд дагуу би тус хаяг руу чат бичихэд над руу урьдчилгаа 100.000 төгрөг өгөөд орон нутгийн унаанд өгч болно гэсэн. Тэгэхээр нь би очоод видео дуудлага хийе гэхэд та дугаар өг гээд надад холбоо барих дугаар өгөхгүй байсан. Тэгэхээр нь өөрийн дугаараа өгөхөд над руу нэг дугаараас залгаад өнөөдөр 21:00 цагт хямдрал дуусна та авна гэвэл одоо унаанд тавилаа гээд байсан. Би тэр холбоо барьсан дугаарыг санахгүй байна, хадгалаагүй ...Тэгээд би за гээд мөнгөө хийхээр болоод чи яг унаанд тавих уу гэхэд найдвартай гэхээр нь би за гээд дансыг нь авахад *** тоот Мөнхдалай гэсэн данс байсан. Би тэр данс руу 100.000 төгрөг хийгээд удаагүй байтал миний фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан. Би тухайн үед над руу холбогдсон дугаар руу залгаад ярихад мэдэхгүй байна миний гар утсыг хүн гуйж ярьсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Marlaan Cherry” фэйсбүүк хаягаас “Заа сайн байцгаана уу, АРЬС ҮЙЛДВЭРЛЭЛ МОНГОЛИА” гар хийц брэнд маань зөвхөн энэ 7 хоногт цааны арьсан гутлаа 50% хямдруулж байна. Хувь лизинг хийж болно. Үнэ: 500к гэсэн зарын дагуу өөрийнхөө *** дугаарын данснаас Хаан банкны *** ...*** гэсэн хүний дансанд 500.000 төгрөгийг 19 цаг 06 минутад шилжүүлж залилуулсан юм. Түүнээс хойш одоог хүртэл миний утасны дугаар фэйсбүүк хаягийг блоклоод харилцаа тасарсан юм. Би *** гэсэн дугаартай хэрэглэгч эмэгтэйтэй мессеж чатаар харилцсан. Тэгээд би мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлэх гээд залгатал урдаас учиргүй уурлаж би мэдэхгүй, хүн гүтгэлээ гээд утсаа салгасан. Дахин миний дугаарыг салгасан, блоклосон. Тэгэхээр нь би дахин мессеж бичээд орхисон. Намайг мөнгө шилжүүлээд дуусангуут “Marlaan Cherry” фэйсбүүк хаяг чатаас мөн блоклосон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 163/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр найз Сүхбаатарын камре 40 маркийн автомашинтай Сонгинохоайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр өдрийн 15 цаг 30 минутын орчим зогсож байхад яг хэдэн настайг нь мэдэхгүй байна, өөрийн санаж байгаагаар бага насны хүүхэд таксинд явах уу гэж асуухаар нь урдаас нь хаа хүрэхийн гэж асуусан. Тэгтэл тэр хүүхэд Сүхбаатарын талбай урд байрлах Кореа ресторан оръё гэж хэлсэн. Тухайн хүүхэд замд явж байхдаа би Хаан банкны карт байхгүй. Та надад гар утсаа өгч байгаач, би тань руу таксины мөнгө болон хоолонд орох мөнгө гаргаад авчихъя гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгтэл тухайн хүүхэд миний хаан банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлж, надад бэлэн 80.000 төгрөг өгсөн. Тэгээд би Кореа рестораны үүдэн очсон ба зохион байгуулагч залуугийн Хаан банкны данс руу 165.000 төгрөг шилжүүлж өгчхөөд явсан. Би шилжүүлсэн дансаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 19-20/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие Улаанбаатар хотын төв талбайн замын урд байх “Кореа” ресторанд зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17-18 цагийн орчим ажил дээрээ байхад нэг охин орж ирээд дүүдээ хоол авах гэсэн юм карт байхгүй, карт байна уу гэж асуухаар нь би баяр болох гэж байгаа юм чинь тусалъя гэж бодоод өөрийнхөө Хаан банкны *** тоот дансаа өгөөд 165.000 төгрөг шилжүүлэхээр нь ойрхон дотор байх АТМ-с 165.000 төгрөгийг бэлнээр аваад карт асуусан эмэгтэйд өгсөн. Миний дансанд 165.000 төгрөг шилжүүлсэн ах яваад өгсөн. Мөнгө бэлнээр авсан эмэгтэй 3 эмэгтэйн хамт миний ажилладаг “Кореа” ресторанд ороод хоол унд идэж байгаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 23-24/,

Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын дунд байх одоо бол сайн санахгүй байна, миний түрээслэж байсан бичил хороололд хамт амьдардаг ***гийн нутаг Дорнод аймгийнх гээд *** гэдэг нэртэй залуу ирээд танилцсан. Манайд унтаж байгаад ээж дуудаад байна гээд үүрээр явахад нь *** бид хоёрт Хаан банкны данс байхгүй тул дансны дугаар пин кодыг нь ***оос авсан. Танил ахаас 150.000 төгрөг орж ирэх байсан юм. Тухайн өдөр ***гийн найз миний зүс таньдаг *** нэг эмэгтэй найзыгаа дагуулаад ирсэн. Удалгүй араас нь ***гийн 2 найз болох ***, *** ирсэн. *** гэх охин бас ирчихсэн байсан. Хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Би сарын тэмдэг ирээд ариун цэврийн хэрэгсэл авах гээд дэлгүүр орчихоод гэртээ орж ирээд гутлаа тайлж амжаагүй байхад *** “миний цалхин орчихлоо, чи хувцастай байгаа юм чинь гараад картаараа миний мөнгийг бэлнээр гаргаад өгчих, чамд 20.000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд ***, *** бид 3 Бичлийн хаан банкны АТМ орж *** гадаа үлдэж *** бид 2 АТМ-с ***ын Хаан банкны картаар 500.000 төгрөгийг бэлнээр авч ***д 480.000 төгрөгийг өгсөн. Би ахын явуулсан 150.000 төгрөгийг дараа нь картаар авсан. Гэртээ ороод байж байхад ***, ***, ***, *** нар гарч кино үзье гэхэд нь *** бид 2 ядраад байна гээд үлдсэн. Тэр хэд яваад юу хийснийг бол мэдэхгүй. Тэр өдрөөс хойш тэд нартай холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 191-192/,

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын яг хэдэн гэдгийг одоо бол санахгүй байна. *** *** гэх 2 охины түрээсэлдэг байранд *** *** бид 3 очиж хоносон. Маргааш өдөр нь манай үеэл *** хүрч ирээд бид хэд юм идээд хийх ажилгүй байж байхад ***, ***гаас даргатайгаа яриад өгье гээд утсыг нь аваад хүнтэй яриад байсан. Ярьсныхаа дараа та хэдэд данс байна уу гэхэд *** надад нэг данс байгаа гээд дансаа ***д хэлсэн. Тухайн карт нь ***гийн өөрийнх нь карт биш найзынх нь ээжийн карт байсан тул мөнгө шилжигдсэн талаар мэдээлэл ирээгүй. *** жоохон байж байгаад миний цалин орчихлоо, чи ***тай яваад данснаас нь миний цалинг авчих бөөнөөрөө кино үзье гэж хэлсэн. Би ***тай хамт Бичлийн Хаан банкны АТМ-с 500.000 төгрөг аваад буцаж байран дээр ирэхэд байрны эзэн ***, *** хоёр гарахгүй гээд ***, ***, *** бид 4 кино үзэх гэж гарсан. *** тэндээс гараад харилаа гээд явчихсан. Бид 3 яваад Өргөө-1 кино театрт кино үзэж зураг даруулж тоглоом тоглож хоолонд ороод *** бид хоёр тэдний аавын талын эгчийнд очиж хоносон. ...цалин орсон л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 193-194/,

Гэрч П.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед миний хүү болох Б.*** миний эзэмшлийн *** дугаартай дансны картыг авч явж байсан. Миний гар утсан дээр хаан банкны орлого, зарлагын мэдээлэл ирдэг тул тэр үед 500.000 төгрөг орлого бэлнээр орсон. Төд удлагүй зарлага хэлбэрээр гарсан. Би энэ талаар хүүгээсээ асуутал “Би найздаа түр картаа өгсөн” гэж хэлсэн. Ийм мөнгө орж гараад байна шүү найзаасаа картаа аваарай гэж хэлсэн. Надад интернет банкаа хүнд ашиглуулсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 202-203/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 1, 152/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 2/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 49-55, 69-78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Marlaan Cherry” гэх хаягаас “Хэнтий аймаг зар” гэх фэйсбүүкт группэд Годон гутал зарна гэж зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон ***г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гутал зарна гэж 100.000 төгрөгийг иргэн ***гийн эзэмшлийн хаан банкны /***/ тоо дансаар шилжүүлэн авч, улмаар туханй залилан авсан мөнгөө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Чингисийн талбайн замын урд талд байрлах “Гранд оффис”-н зүүн жигүүрийн 1 давхарт байрлах “Кореабул” хоолны газрын менежер ***рүү шилжүүлэн, тухайн мөнгөө АТМ-с бэлэн мөнгөөр гаргуулан авч, тус ресторанд хоолны тооцоо хийж бусдыг “Залилах”,

- Фэйсбүүк цахим орчинд “Marlaan Cherry” гэсэн фэйсбүүк хаягаас “За сайн байцгаан уу, Арьс үйлдвэрлэл Монголиа” гар хийж брэнд маань зөвхөн 7 хоног цааны арьсан гутлаа 50 хувь хямдруулж байна, хувь лизинг хийж болно, үнэ 500к” гэсэн зар байршуулсны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын *** байхад нь холбогдсон иргэн ***ыг хуурч, түүний гутал худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар бусдын Хаан банкны *** дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, *** нарын мэдүүлэг, гэрч ***, ***, ***, П.***, насанд хүрээгүй гэрч *** нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулг***уд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааын тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь “Годон гутал зарна” гэж зар баршуулж хохирогч нарыг хуурч нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч нарын эд хөрөнгийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлснийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.2 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд  дараах ял оногдуулна. 1.1-т нийтэд тустай ажил хийлгэх, 1.2-т зорчих эрхийг хязгаарлах, 1.3-т сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж, 8.3 дугаар зүйлийн 2-т “шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-с дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарын хохирлыг барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуульд зааснаар  өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу ял оногдуулсан.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР