Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 0375

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00375

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 10-29 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Таргад овогт Ш-ын О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.О- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1970 онд төрсөн. 1986 онд Улаанбаатар хотын 69 дүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсөөд ар гэрийн гачигдлаар цааш сурч чадалгүй Ховд аймгийн Мянгад суманд шилжин ирсэн ба тус сумынхаа Давшилт нэгдлийн Эх хүлээн авах байрны 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсан учраас зарим нотлох баримтууд нь олдохгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ш.О- намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Эх хүлээн авах байранд1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ш.О- нь 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Эх хүлээн авах байранд үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.О- нь 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Эх хүлээн авах байранд үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.О- нь 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Эх хүлээн авах байранд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1309 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн 454018 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 062734 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000038 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/002870 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/002869 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаартай лавлагаа

Иргэн Л.Баттөмөрийн ...Миний нагац ах Рагчаадорж нь Буянт гэдэг хүний хүргэн байсан. Буянт, О-ийн аав Шагдаг хоёр нь ах дүү нар юм. Би нагац ахтайгаа адуу хариулдаг, айл саахалт байсан учир сайн мэдэж байна. Ш.О- нь Улаанбаатар хотод дунд сургууль дүүргэсэн. 1986 онд Ховд аймгийн Мянгад суманд ирээд Давшилт нэгдэлд ажиллаж байгаад 1991 онд Н.Бадамнямтай гэр бүл болсон бөгөөд Цагаанбулан багт мал маллаж амьдарч байсан... гэх тодорхойлолт

Иргэн Б.Долгорсүрэнгийн ...Ш.О- нь 1986 онд Улаанбаатар хотоос жаахан охин ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн эх хүлээн авах байранд үйлчлэгчээр ажиллаж байсан. Ажилдаа маш нямбай хүүхэд байсан. Би нэгдлийн зочид буудалд ажилладаг байсан учир сайн мэднэ. Ш.О- нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн эх хүлээн авах байранд үйлчлэгчээр 1990 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.О-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Таргад овогт Ш-ын О-ийг 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Эх хүлээн авах байранд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ