Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/849

 

   

 

    2023          11          01                                   2023/ШЦТ/849

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Ц.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Ц-н Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “**” ХХК-д тогооч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны 4 тоотод оршин суудаг гэх, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Г овогт Ц-н Т- /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Т- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ц.Т- 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 4 цагийн орчим Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокегоор үйлчлүүлж байхдаа Ө.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цагийн үед ажлаа тараад ажил дээрээ 0.7 литрийн лекор хоёр шилийг хоёр найзын хамт гурвуулаа хувааж уусан. Ууж дуусаад манай 2 найз явсан. Би зөөгч Т-н хамт ажлын салбар болох Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** гэх караокед 03-04 цагийн үед очсон. Тэнд очоод дахиад нэг шил лекор Төрбат болон Төрбатын хоёр найзын хамт хувааж уусан. Тэрнээс хойш миний ухаан санаа балартсан. Би маргааш өглөө нь түр оршин суух Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 26-4 тоот гэртээ өглөө сэрсэн. Өглөө сэрээд байж байтал захирал над руу залгаад чи асуудал тарьсан байна, зөөгч охины хөмсгийг сэтэлсэн байна гэж хэлсэн. У- над руу залгаад эм тарианы 50.000 төгрөг авсан. Дахиж эмчилгээ хийлгэсэн бол хохирлыг нь бүрэн барагдуулна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,

 

Хохирогч Ө.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “*” нэртэй караокед ажлаа хийгээд байж байсан. Шөнө 02 цагийн үед ** караокены тогооч Т- согтуу ажил дээр орж ирсэн байсан... Тухайн үед манай найз Б мөн ирсэн байсан. Би найзтайгаа юм яриад сууж байгаад ажлын цаг дуусаад 04 цагийн үед хувцасаа солих гээд Виза”-гийн үүдэнд очтол Т- өөртэй нь юм яриагүй байхад яасан гэнээ гэхээр нь би эргээд хартал над руу лаазтай ундаа шидсэн. Тэр нь миний баруун хөмсөг хэсэгт онож цус гарсан... ...Тухайн хүн надад хохирол төлбөр болон сэтгэл санааны хохирол гэж 2.000.000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  13-15 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Ө.У-гийн биед баруун хөмсөгт няцарсан шарх, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар нутаг дэвсгэрт байрлах “**” караокед ажлаа хийгээд байж байсан... У-, Т- хоёр хоорондоо муудалцаагүй. Т- ах орой ажил дээр согтуу ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан. Шөнө 03-04 цагийн үед ажил тарж байх үеэр У- гаднаас нэг эрэгтэй найзтайгаа орж ирсэн. Тэр үед ажлын үүдэнд Т- ах гартаа лаазтай ундаа барьчихсан явж байхад У-гийн хамт явж байсан эрэгтэй найз Т- ахын хажуугаар өнгөрөхдөө санамсаргүй мөрлөчих шиг болсон. Тэр үед Т- ах уурлаад барьж байсан лаазтай колагаа эргэж хараад шидтэл У-гийн дух орчим оносон. У-гийн духнаас цус гарахыг хараад Т- ах гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүнтэй маргаж, муудалцаагүй. У-гийн ажил дээр согтуу ах ирчихсэн юм яриад байж байсан. У- бид хоёр 03-04 цагийн үед гадаа сууж байгаад харих гээд У- хувцасаа солихоор орж ирэхэд тэр тогооч ах чанга чанга яриад бахираад байсан. Тэр үед нь би та жаахан чимээгүй бай гэж хэлэхэд чи муу юу гээд байгаа юм гээд ууж байсан ундааныхаа савыг над руу чиглүүлээд шидэхэд У-гийн нүүрэн дээр оносон. У-гийн баруун хөмсөг хэсгээс цус гарч эхэлсэн. Бид нар цусыг цэвэрлэж байхад тэр ах гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Шүүгдэгч Ц.Т-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дэх тал/,

-    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст

хэргийн 28 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ц.Т-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ө.У- нь шүүгдэгчээс хохирол төлбөрт баримтаар нийт 160.930 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн...” гэж, хохирогч Ө.У- мөрдөн шалгах ажиллагаанд “...хохирол төлбөр болон сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 13-15 дахь тал/ гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овогт Ц-н Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Т- нь хохирогч Ө.У-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ

849