| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00422/И |
| Дугаар | 00376 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00376
с
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00376 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, 07-01 тоотод оршин суух, Үхэртынхэн овогт М-ийн Д-ын нэхэмжлэлтэй,
садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, прокурор Т.Өсөхболд, нэхэмжлэгч М.Д- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жигж овогтой М- нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдан 1938 оны 04 дүгээр сарын 22-ны Онц бүрэн эрхт комиссын 15 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43,44,45,47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Дээд шүүхийн цэргийн Коллегийн 39 дүгээр магадлалаар цагаатгасан юм. Жигж овогтой М- нь миний төрсөн аав юм. Иймд МУ-ын Дээд шүүхийн цагаатгалын магадлал, ТЕГ-ын архивын лавлагаа, Ч.Баатар, О.Баттулга нарын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Жигжийн М-ын төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн Үхэртынхэн овогт М-ийн Д-ын нэхэмжэлтэй хэлмэгдэгч Жигжийн М-ын төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт прокуророор оролцож байна. Иргэн М-ийн Д-ын хэрэгтээ прокурорын зүгээс танилцахад хэрэгт тодорхой нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байна. Хэрэгт Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанууд, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, Монгол Улсын Дээд Шүүхийн 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай тогтоол, зууны мэдээ сонины 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаар зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд иргэн М-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жигжийн М-ын төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хангаж буюу иргэн М-ийн Д-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жигжийн М-ын төрсөн хүүхэд мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэн М-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жигжийн М-ын төрсөн хүүхэд мөн болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д- нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Жигжийн М- нь 1938 оны 03 дугаар сарын 07-нд улс төрийн хэрэгт баривчлагдан 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Онцгой бүрэн эрхт тусгай комиссын 15 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 45, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Ж.М-д холбогдох хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/742 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Үхэртынхэн овогт М-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жигжийн М-ийн төрсөн охин мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2019/00055 дугаартай шийдвэрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/742 дугаартай архивын лавлагаа, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-4/319 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай магадлалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1253 дугаартай лавлагаа, иргэн Ч.Баатар, О.Баттулга нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 126/003324 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зууны мэдээ сонины 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарын эх хувь, Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай шийдвэрийн хуулбар, 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 598 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгч Үхэртынхэн овогт М-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жигжийн М-ийн төрсөн охин мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Үхэртынхэн овогт М-ийн Д- /ПВ53090709/ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жигжийн М-ийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ