Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 9-10 тоотод оршин суух, Хэт тамгат овогт Ш.Ц/ /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ //-д холбогдох,

цалин 170,000 /нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00240/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...170,000 төгрөгийн цалин өгнө гэж хэлээд намайг өөрөө ажилд авсан. Ховд аймгийн Цамбагарав багт байрлах Оюу мандал орон сууцны 2 байрны орц цэвэрлэсэн. Сүүлд нь цалингаа өгөх болсон чинь хариуцагч намайг ажлаа хийж чадахгүй байна гээд цалингаа өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Иймд 170,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цамбагарав 19сууц өмчлөгчийн холбоонд 1 сар л ажилласан....170,000 төгрөг өгнө гэж хэлсэн тэгээд тохирсон....2 орц цэвэрлэхээр тохирсон. Хөдөлмөрийн гэрээндээ орцоо цэвэрхэн байлгахаар л тохирсон....2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан....2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байсан....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Ш.Ц 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд ороод хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ нь одоо надад байна. Би Ш.Цг ажилд ороход нь манайх шинэ байр учир өндөр шаардлагатай, манайх төсвийн байгууллага биш учир айлуудаасаа үнэлгээ авч цалинждаг. Тиймээс өдөрт 3 удаа хогоо авч, 1, 3, 5 дахь өдөр цэвэрлэгээ хийнэ гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай Оюу мандал байранд дулааны доголдол гараад би 7 хоног гадаа шугамаа янзлуулахаар гадаа зогссон. Намайг гадаа байх хугацаанд Ш.Ц надад нэг ч удаа харагдаагүй. Хамгийн сүүлд нэг ирчихсэн хогоо аваад явж байхад нь манай оршин суугчид намайг дуудаад надад гомдол гаргасан. Таны энэ ажилд авсан хүнь чинь хөдөө хээр мал маллаад явж байгаа юм шиг өмсөж зүүсэн хувцас нь зохимжгүй, амаа битүү боочихсон, зузаан гутал өмсчихсөн орцонд явж байна гэж хэлсэн. Би өдөр болгон байраа шалгаж байж хүмүүсийн цалинг өгдөг. Би Ш.Цг ажилдаа ирэхгүй болохоор нь дуудаад яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар асууж байсан. Ш.Цг дуудаад чи одоо байраа цэвэрлэ, хогоо гаргаж хая гэж хэлчихээд орой 10 цагийн үед байраа шалгахаар ирсэн чинь манай байрны 1 дүгээр давхарын 06 тоотын оршин суугч Оюунаа эгчээ 3 давхраас ус алдаад байна гэхээр нь би яараад дээшээ гарсан чинь Ш.Цгийн тавьсан усыг хүүхдүүд тоглож байгаа асгаад хаячихсан. 3 давхраар дүүрэн ус болчихсон байсан. Тухайн үед 3 оюутан цагийн ажил хийе гээд ирэхээр нь би тэр 3 оюутнаар орцоо цэвэрлүүлсэн. Маргааш нь манай байцаагч ирэхээр нь Ш.Цг дуудаж байгаад чиний ажил ийм байна. Бид нар оршин суугчдаас цалинждаг болохоор ажлаа сайн хийж байж мөнгөө авдаг гэж хэлсэн. Ш.Ц бол ажлын үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүй....Миний хувьд ажлаа хийгээгүй хүнд 170,000 төгрөг өгөх боломжгүй....Эвлэрүүлэн зуучлах дээр Ш.Цтай уулзах гэж би энэ хүнийг 3 цаг хүлээсэн. Ш.Ц өөрөө ирээгүй. Сүүлд зах дээр явж байхаар нь дуудсан чинь надаас зугтаад явчихсан.

Ш.Ц би нөхрөөсөө салах гэж байна, би шүүх дээр хуралтай байна гэхээр нь би асуудлаа шийдчихээд ажлаа хийх байх гэж бодоод би 7 хоног хүлээсэн. Ш.Ц нь миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир надад Ш.Цд өгөх мөнгө байхгүй.

Корона вирус гээд хүн бүхэн хямралтай байгаа. Ш.Ц ажлаа хийж байгаад цалингаа аваад хэрэв ажлаасаа гарах болсон бол би ажлаасаа гарлаа гээд гэрээгээ цуцлаад гарах ёстой байсан. Ш.Ц ажлаас гарахдаа авсан шүүр, саван, бээлий гэх мэт материалуудаа хүлээлгэж өгөөгүй....Нэхэмжлэлийн шаардлага буюу 170,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна....2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн....2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажлаад ажлаас нь гаргасан. Яагаад гэвэл Ш.Ц ажил хийгээгүй. Цэвэрлэх ёстой байсан орц нь хогоор овоорцон байсан....Ш.Цг ажлаа хийсэн бол би цалинг нь өгнө. Анхнаасаа шүүх гэж хүн хүний ажил хүндрүүлж байхаараа эхлээд надтай уулзах ёстой байсан. Би энэ сарын өөрийн цалин дээрээ Ш.Цд 30,000 төгрөг өгвөл өгнө....Ш.Цгийн хийгээгүй ажлыг өөр хүмүүс хийгээд цалингаа аваад явсан. Миний хувьд өөрийн зүгээс 30,000 төгрөг өгье гэж хэлсэн....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц нь Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-д холбогдуулан цалин 170,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц нь “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан цалин 170,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах....” гэж, хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаарлагаас 30,000 төгрөгийг зөвшөөрнө гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Оюунгэрэл нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь тухайн СӨХ-ны харьяа 2 байрны орцыг цэвэрлэхээр, хариуцагчийн төлөөлөгч нь нэг сард 170,000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Ш.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-д ажилласан, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн ажилласан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь хэд хоног ажилласан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-оос 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-оос 30,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-оос 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,750 /таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Цамбагарав-19СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамж 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ