Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/821

 

 

 

 

 

 

 

 

    2023         10          18                                    2023/ШЦТ/821

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС­

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа,

шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Б.Солонго,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-н Б-, Н овогт С-н Е- нарт   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, халдвар судлаач мэргэжилтэй, ******-ын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженереер ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, * дүгээр хороолол, *** тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, Улаанбаатар Т  нийгэмлэгийн хүндэт үнэмлэх, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Тэргүүний Т чин, Улсын хяналт шалгалтын тэргүүний ажилтан”, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан гэх Б овогт Д-н Б-  /регистрийн дугаар **/,

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ****  дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Хүндэт Т чин зэрэг шагналаар шагнагдаж байсан, Н овогт С-н Е- /регистрийн дугаар ***/.

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б- **** хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 27.3.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын 3.4. Үйлдвэрлэлийн болон байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага: 3.4.2. /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд аваар осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна./, 3.7. Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3. /Хамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хамгаалах нөхцөлийг хангасан байна/ гэсэн аюулгүйн шаардлагыг хангуулаагүй гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан У  Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан,

 

С.Е- нь “****-ын  даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. /Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна: 28.1.1.үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 28.1.2.үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ гэсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Монгол Улсын стандарт Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 5.7. “Эмнэлэг нь алдаа гарахаас урьдчилан сэргийлэх, алдааг илрүүлэх, гарсан алдааг бүртгэх, мэдээлэх, засаж залруулах арга хэмжээг тухай бүрд авч ажиллана”-ыг, 9.2.1. “Эмнэлэг нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн “ээлтэй” орчныг бүрдүүлж ажиллана”-ыг, 12.6.3 “Эмнэлэг нь гамшиг онцгой байдлын үед ажиллах орон тооны бус Шуурхай удирдлагын бүтэц бий болгох, эмнэлгийн аюулгүй байдлын (барилга байгууламж, хүний нөөц, үйл ажиллагаа) үнэлгээ хийж төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангана”-ыг, 15.1.4. “Гадна орчны тохижилт, барилга, байгууламж, өрөө тасалгаа нь хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна”-ыг, 16.2.1. “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт технологи болон холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана”-ыг, 16.2.5. Үйлчлүүлэгч түүний ар гэр, сахиурт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэл өгч эдгээрийг баримтлан өөрийн аюулгүй байдалдаа хяналт тавих нөхцөл бололцоогоор хангана” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан У  Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “...Прокурорын яллах дүгнэлттэй танилцсан. Яллах дүгнэлтийг 5 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Манай байгууллагын даргын тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажилладаг. Хөдөлмөр хамгааллын үйл ажиллагаа нь байгууллагын түвшинд хамтын шийдвэр байдаг. Ажилтан гээд намайг хамааруулж оруулж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт: прокурор Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигддаг шаардлага болох 4968:2000 гэсэн стандартыг үндэслэл болгоод байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай эмнэлэгт MNS 6392:2013 эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага гэсэн стандарт хэрэгждэг. Энэ стандартын хамрах хүрээнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг аль нэг нь хамаагүй энэ стандартыг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, дотоод гадаад орчин, нөхцөл, эрүүл ахуйн шаардлага хамаардаг. Мөн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж барих, өөрчлөх, ашиглалтад оруулахад энэ стандартыг мөрдөнө. Магадлан итгэмжлэл хийлгэхэд энэ стандартыг баримтална гээд стандартын хамрах хүрээн дээр тодорхой заасан. Тиймээс үйлдвэрлэлийн стандарт нь манай байгууллагад мөрдөгдөхгүй юм. Үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц гэсэн асуудал бас яригдаж байгаа. Эмнэлгийн шат бол үйлчилгээний орчин, үйлдвэрлэлийн талбай биш. Үйлдвэрлэлийн талбайн эмх цэгцийг ажилтан үүргээ биелүүлж аюул, осолгүй байдлаар зохицуулаагүй, үүргээ биелүүлээгүй гээд байгаа. Гэтэл шат болон довжоо нь үйлдвэрлэлийн ажлын орчин биш, үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтны ажлын байрны талбай аюулгүй, осолгүй байх үүргийг хөдөлмөр хамгааллын ажилтан хүлээдэг. Амь хохирогч манай ажилтан биш үйлчлүүлэгч. Хулдаасан хэвлэлийг хамгаалах хэрэгсэл гэж үзэж байгаа. Хамгаалах хэрэгслийн талаар Хөдөлмөр хамгааллын тухай хуульд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болон хамтын хамгаалах хэрэгсэл гэж зааж өгсөн. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нь зориулалтын хувцас, малгай, каск, чихний бөглөө зэрэг ордог. Хамтын хамгаалал нь хоёр ба түүнээс дээш ажилтныг хамтаар нь хамгаалж байгаа зүйлийг хэлдэг. Өлгөсөн хулдаасан хэвлэл нь хамгаалах хэрэгсэлд орохгүй, хамгаалах хэрэгслийг зөв байрлуулаагүй гэснийг мөн няцааж байна. Дөрөвдүгээрт Ажлын байрны тодорхойлолтод үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчилнэ гэж ойлгоод байна. Т ын хөдөлмөр хамгааллын ажилтны ажлын байрны тодорхойлолтод заалт оруулж болно. Гэхдээ хуулиас давсан дүрэм журам гэж байхгүй. Хуульд зааснаар хөдөлмөр хамгааллын ажилтан ажилтнуудын аюулгүй байдлыг хариуцна гэж байгаа. Би зорчигч үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчлэх эрх бүхий албан тушаалтан биш юм. Тавдугаарт  прокурорын яллах дүгнэлтэд ажилтан, ажлын байр, ажлын талбай, үйлдвэрлэлийн орчин гэж дурдагдаад байгаа. Амь хохирогч маань манай үйлчлүүлэгч биш байсан учир субъект, объект маань хуульд тохирохгүй байгаа тул прокурорын яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Е- мэдүүлэхдээ: “...хохирогчийн талд эмгэнэл илэрхийлье. Прокурорын яллах дүгнэлттэй танилцсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт би ажил олгогч биш. У  даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээг замын даргатай байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг замын дарга баталдаг. Хоёрдугаарт хохирогч манай байгууллагаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч бөгөөд хөдөлмөрийн харилцаанд орсон хүн биш учир Хөдөлмөр хамгааллын тухай хуулийн заалтаар яллах дүгнэлт үйлдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын бүтэц хийцийг бид нарт өөрчлөх эрх байхгүй. Тухайн үе ковидын үе байсан учраас Улсын онцгой комисс, Гамшгаас хамгаалах штабын шийдвэрээр шинжилгээний цэгүүдийг нээж ажиллуулж байсан. Эмнэлгийн сул байгаа орон байр болон, Т ын сургууль, цэцэрлэг, вокзал дээр шийдвэр гараад яаралтай гарга гэсний дагуу нээж ажиллуулсан. Т ын дэргэдэх Гамшгаас хамгаалах штабын дэргэд шуурхай удирдлагын нэгж гэж байгаа. Энэ шийдвэрийн  дагуу байгуулж ажилласан. Энэ цэг байгуулагдаад 100.000 гаруй хүн шинжилгээ өгсөн, эмнэлгээр жилдээ 200.000 гаруй хүн үйлчлүүлдэг байсан. Ийм золгүй тохиолдол манай эмнэлэгт гарч байгаагүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг. Шинжилгээний цэг байгуулснаас хойш байнгын хяналт Эрүүл мэндийн яамнаас болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын онцгой комисс, Т ын Гамшгаас хамгаалах байгууллага, Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба зэрэг байгуулага ирж хяналт тавьж дүгнэлтээ гаргаад сайн хийсэн байна гэх үнэлгээг өгч байсан. 2022 оны 04 дүгээр сард манай байгууллага болон бүх эрүүл мэндийн байгууллага дээр хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн мониторинг үзлэгийг хийсэн. Дараа нь судлаад үзэхэд шинжээч нарын бүрэлдэхүүнд орсон хүн тэр комиссын бүрэлдэхүүнд байсан. Танай хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа чинь улсын хэмжээнд жишиг хэмжээнд байна гэж үнэлсэн. 2022 онд ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажилласан шилдэг байгууллагаар шалгарч байсан. Тэгэхээр хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд болон бусад шатанд хохирогчийн эрүүл мэндийн талаас нь нэмэлт шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Яагаад вэ гэхээр энэ хүн хальт гишгээд унасан уу, эрүүл мэндийн шалтгаанаар толгой нь эргээд унасан уу гэдгийг ярьж байсан. Би эрүүл мэндийн салбарт 29 жил ажиллаж байгаа, дотрын тэргүүлэх зэрэгтэй эмч, миний мэргэшсэн мэргэжил юм. Энэ байдалд дүгнэлт хийгээд үзэхэд энэ хүн даралт нь ихсээд толгой нь эргээд унасан. Яагаад вэ гэхээр анхны тусламж үзүүлж байгаа эмч нарын мэдүүлэг болон анхны тусламжийн хуудас дээр 220 гэсэн даралтай байгаа. 220 хүрсэн даралттай хүн зүгээр явахгүй. Эрүүл мэндийн шалтаанаас болоод шатны хонгил руу унасан. Бага тархины уйланхай гэсэн байгаа. Бага тархи маань тэнцвэрийн эрхтэн учир тэнцвэр алдаад унах магадлалтай. Энэ талаар хайгаад үзэхэд тодорхой бичигдсэн. Гэмтэл согог Үндэсний төвд яагаад давтан хагалгаанд орсон  бэ, энэ талаар нэмэлтээр эрүүл мэндийн шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч гаргаж өгөөгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж хэлмээр байна. Хөдөлмөр хамгааллын үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа бол манай дээр мөрдөгдөж байгаа норматив үзлэг хийдэг журам байгаа. Энэ дүрэм журмын дагуу миний бие хариуцаж байгаа бүх объектыг 6 сар тутам нэг удаа оруулах үүргийг хүлээдэг. Энэ үзлэгүүдээ хийгээд явсан. Хууль дүрмийн дагуу бүх ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа...” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- мэдүүлэхдээ: “...маш их харамсаж байна, бид буцааж босгоод ирж чадахгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Үүнд нийт үнийн дүнг 124.899.639 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Үүнээс 25.015.534 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний дансанд орсон. Хэрэг гараад жил гаруй болоод удааширсан тул миний бие өмгөөлөгч авсан. Д.Б- болон С.Е- нарын ярьж байгаа зүйлийг сонслоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаал, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой дүрэм журмуудыг болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн прокурор оруулж ирсэн байна. Ганц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаар хязгаарлагдаагүй гэж бодож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт гэхгүй эрүүл мэндийн байгууллагын стандартыг авч үзэхээр ялгаа байхгүй хэлж байгаагаар нь гадна болон дотор орчны аюулгүй байдал гэсэн зүйл их гарч ирж байна. Ганц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартаар биш эрүүл мэндийн байгууллагын дүрэм журам, стандарт дээр хүн орж гарч байгаа хөдөлгөөн ихтэй байгаа газартаа аюулгүй байдлыг хангаач гэсэн асуудлыг тусгаж өгсөн юм биш үү. Эрүүл мэндийн байгууллагын стандарт журам дээр гадна болон дотор орчинтой холбоотой асуудлууд орж ирсэн. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль дээр 3.1.21 дүгээр зүйл дээр “.. Үйлдвэрлэлийн орчин” гэсэн тодорхойлолт байна. Үйлдвэрлэлийн орчин гэхээр аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа гадна болон дотор орчныг хэлнэ гэсэн. Тэгэхээр танай байгууллага үйлдвэрлэл явуулдаггүй байгууллага байж болно, харин үйлчилгээ явуулдаг байгууллага байгаа. Үйлчилгээ явуулдаг байгууллагын дотор орчинд хүний амь нас эрсэдсэн асуудал гарч ирж байгаа гол шалтгаан. Түүнээс ажлаа хийдэггүй, ажилтнуудын аюулгүй байдлыг хангадаггүй гэж прокурор яллах дүгнэлт гаргаагүй байх гэж бодож байна. Манай эмээ маань тархины задралаар амь насаа алдсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр унаад хурц үзүүртэй зүйлд толгойгоо цохисны улмаас тархи задарсан. Ингээд тархины үхжилтээс шалтгаалаад нас барсан байна гэх задлан шинжилгээний дүгнэлт гарсан. С.Е- эгчийн хэлж байгаагаар даралт 200 хүрээгүй, эмнэлэг дээр зүрхний бичлэг хийж хойд талд нь тэмдэглэл хийгдсэн байгаа, даралтыг 10 гаруй удаа үзэхэд нэг 200 хүрээд нэг 60 хүрээд хэлбэлзсэн маягтай байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн эмчээс нь асуухад тархины задралын үед тэгнэ, тархинд их хэмжээний цус хурсан байхад даралт хэлбэлзэх нь аргагүй шүү дээ гэж хэлсэн. Нэг талаасаа даралт нь ихсээд унасан уу, хурц үзүүртэй зүйлд тархиа задруулаад даралт хэлбэлзсэн үү гэсэн ойлголт гарч ирнэ. 1993 онд орсон барилга байгууламжийг өөрчил гэж хэлээгүй. Харин өөрчлөх боломжгүй байсан бол яагаад хулдаасан хэвлэл байрлуулсан бэ гэдэг дээр гомдож байгаа. Хэрвээ хулдаасан хэвлэл тавьж байгаа бол ядаж битүү драк хадаад тавьчихгүй яасан бэ, дундуур нь хөндөл татчихгүй яасан юм бэ. Би бас сонсоод айж байна, энийг тавьж байгаа ажилчид өндөрлөсөн тавцан ашиглаад тавьсан байна. Магадгүй манай эмээ унаагүй бол танай байгууллагын ажилчин түүнийг өлгөж байхдаа уначих магадлалтай байсан байна. Ийм үйл явдал болсноос хойш энэ эмнэлэг арай эмх цэгцтэй болсон. Гомдолтой байна. Нийт 124.899.646 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 25.015.534 төгрөг орж ирсэн. Мөн өмгөөлөгчийн зардал болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Б мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл болон улсын яллагчийн яллах дүгнэлтээр Улаанбаатар Т ыг мөн ажилтнуудыг гэм буруутай гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа учир хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл нь хууль болон захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг гэсэн гурван нөхцөлийг шаардаж байгаа. Тэгэхээр хууль гэсэн нөхцөлд Хөдөлмөрийн аюулгүй байдлын харилцаа гэдэг нь ажил олгогч болон ажилтан хоёрын хоорондын эрх зүйн харилцаа байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дээр Үндсэн хууль, хөдөлмөрийн хууль, энэ хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ гэж заасан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэдэг зүйлчлэл нь үндэслэлгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Мөн захиргааны хэм хэмжээний актад нийцэхгүй байгаа. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн Үндсэн хуультай учир хүмүүнлэг ёсны тусламжаа үзүүлж болно гэж хэлсэн. Үүний дагуу иргэний нэхэмжлэгч М-эр нэхэмжлэл бичүүлсэн. Хавсаргасан баримт нь улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралт хуудсыг өгсөн. Түүний хавсаргаж өгсөн баримтаар 25.015.434  төгрөг тогтоогдсон, түүнээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой ийм баримтаар ийм зүйлийг нэхэмжилж байна гэсэн зүйлийг хавсаргаж өгөөгүй учир У  тусламжийн комиссоос хүмүүнлэг ёсны зарчмаар 25.015.534 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А856 тоот тушаалтаар олгосон. Улаанбаатар Т  нь төрийн өмчит хуулийн этгээд. Төрийн өмчит хуулийн этгээдэд санхүүгийн баримттай үндэслэл бүхий баримтыг ирүүлээгүй байна. Өнөөдрийн хуралдаанаар өмгөөлөгчийн зардал, насны зөрүү, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байна. Хавтас хэрэгт авагдаагүй, ийм хохирол учирсан талаар нотлогдоогүй үйл баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь мөн буруу байгаа. Хэрэг учрал болж байгаа газар, ковидын цэг ажиллуулж байгаа газар нь ердийн хууль тогтоомжийн үйлчлэлийн хүрээнд биш Үндсэн хуулийн 19.2 дахь заалтад зааснаар гамшгийн нөхцөл байдал байгаа. Тиймээс гамшгийн шуурхай штабт шүүгдэгч нар ордоггүй, энэ хүмүүсийг гэм буруутай гэж татаж хэргийг шийдэх боломжгүй...” гэв.

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 6-14 дэх тал/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр миний эмээ Д.Ц  У  харьяа болох Булагтай сувилал явж амрахаар болоод У  төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгсөн ба шинжилгээ өгөөд гарч ирэх үед тус шинжилгээ өгсөн өрөөний баруун гарт байрлах хулдаасан хэвлэлээр халхалсан хонгил руу унасан. Уг хонгилоос гаргаж ирээд шинжилгээ өгсөн өрөөнд оруулж хэвтүүлсэн. Яг энэ үед миний бие байгаагүй, уначихлаа гэхээр нь ирсэн чинь шинжилгээ өгсөн өрөөнд ухаангүй хэвтэж, тухайн үед ам болон хамраас цус гарсан байдалтай уг өрөөний шал дээр хэвтүүлсэн байсан. Тухайн үед хажууд нь шинжилгээ өгөх гэж байсан хүмүүс цагдаагийн байгууллага дуудсан гэсэн боловч насилк бариад ирсэн. Тэгээд насилк дээр хэвтүүлээд У  эмнэлгийн яаралтай түргэн тусламж руу өргөөд явсан. Тэнд очоод анхны тусламж авсан бөгөөд эмч нарт нь танай байгууллагын шат руу уначихлаа гэж хэлэхэд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь ирсэн. Ингээд яаралтай тусламж үйлчилгээний хэсэгт 1 цаг гаруй эмчилгээ хийлгэсэн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү Т ын түргэний машинаар гурван хүний хамт хүргэж очсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод томографаар харахад дагзны яс хугарсан, гавлын ясанд цууралт үүссэн мөн 2,1 см орчим цус хурсан, тархинд цус харвалт өгсөн байна гэж хэлсэн. Тэгээд тухайн эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд ороод гарч ирэхэд тархины эмч Сайнзаяа ганц дан харвалт болоод хугарал биш байна, тархи бяцарсан байна гэж хэлсэн. Маргааш өглөө дахин томограф хийнэ гэж хэлсэн. Түүний дагуу томограф хийлгэхэд бяцарсан хэсгээс дахиад цус алдсан байна, мөн тархины гүн хэсэг рүү цус алдалттай байна гэж хэлээд дахин яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанаас Сайнзаяа эмч гарч ирэх үедээ таны эмээгийн тархи үхэжсэн, дахин хагалгаа хийхгүй, ер нь сэргэхгүй гэсэн хариуг хэлсэн. Тус эмнэлэгт эмчлүүлж байгаад 5 дахь өдөр уушгийг нь угаах шаардлагатай байна гэж эмчлэгч эмч Энхтуяа хэлсэн. Түүний дагуу уушгийг угаалгахаар авч явсан. Гэтэл уушгины зүүн тал нь хэвтрийн хатгалгаа болсон байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 04-ний өглөө жижүүр эмчтэй уулзахад шөнөдөө огт шээс нь гараагүй бөөрний дутагдалд орж байна гэж хэлсэн. Тус өдрийн үдээс хойш даралт нь унасан, тэгээд бие хэвийн байдалд буцаж ороод 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим биеийн байдал нь муудаж даралт нь унаж эхэлсэн. 15 цаг 45 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт нас барсан...

Тухайн үед У  эмнэлгийн шинжилгээ авч байсан өрөөнөөс гарахад яг тэр хонгил баруун гар талд байсан ба коридор нь маш нарийхан байсан. Тэнд тухайн үед шинжилгээ өгөх гээд хүмүүс дугаарлаад зогсож байсан. Зөрөх үедээ унасан юм шиг байна лээ. Шинжилгээ өгч байсан баруун талд Олон Улсын сувилагч нарын баярын мэнд хүргэе гэсэн цэнхэр өнгийн хулдаасан хэвлэлээр хаалт хийсэн, уг хаалгыг налж унаад хонгилын шат руу унасан буюу унах үедээ тархи хэсгээрээ унаад уг шатан дээр хэсэг газар цус урссан байсан. Тэгэхээр толгой тархи хагараад цус гарсан юм болов уу гэж харж шалгахад гадна талдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй буюу тухайн үед хамар, амнаас цус гарсан байсан. Манай эмээ тэр үед халимаг үстэй байсан, халимаг үстэй байсан учир гэмтэл шархыг харахад хялбар байсан. Гэхдээ гадна талд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед шинжилгээ өгөхөөр зогсож байсан хүмүүс л байсан бөгөөд тэд хэлэхдээ дээлийн энгэрээс нь хальт бариад алдсан, дийлээгүй гэж хэлсэн. Тэр үед би байгаагүй гэртээ харих гээд явж байтал эмээ чинь шатны уруу уначихлаа гэж манай хүргэн ах надад хэлсэн. Тэгээд би У  төв эмнэлэг дээр очсон. Би очих үед хөл, гараа эвгүй гишгээд унасан юм байх гэж бодсон...

Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31 дэх тал, 3-р хавтаст хэргийн 9-11, 5 дугаар хавтаст 70-74 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Э-н иргэний хариуцагчаар өгсөн: “...Амь хохирогч Д.Ц-н ар гэрээс уулзаагүй. Манай У  хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ямар нэгэн байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Гэмтэл авсан үед У  Төв эмнэлэг  гэмтэлтэй холбоотой тусламжийг үзүүлсэн...

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б- эмнэлэг болон эмнэлгийн ажилтнуудтай холбоотой хөдөлмөрийн эрх, ажлын байрны орчин нөхцөл эдгээртэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах  үүрэг хүлээдэг болно уг асуудал нь ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд нь тусгаж өгсөн байдаг... Хулдаасан хэвлэлийг 2021 оны 12 дугаар сарын орчим У  Төв эмнэлгийн поликлиникийн зоорины давхар руу орох хэсгийг хаах зорилгоор анх тавьсан. Учир нь зоорины давхарт эмнэлгийн сантехникийн хоолойнууд дамжин өнгөрөх заримдаа эдгээрээс ус алдах, ус алдсан тохиолдолд эвгүй үнэр гарч эмнэлгийн 1 дүгээр давхарт үнэр нэвтэрдэг байсан тул үнэрийг хаах зорилгоор тогтоож битүүлж хаасан болно. Уг хулдаасан хэвлэлийг байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байсан гэж үзэж учир нь хулдаасны наагуур аюултай бүс гэсэн туузыг байршуулсан байсан, тэрнээс гадна гадны хүн нэвтрэхийг хориглосон төмөр хаалт хулдаасны наагуур ил байршуулсан байсан. Уг хулдаасан дээр нэвтрэхийг хориглоно налах түших унах эрсдэлтэйг анхааруулах бичвэрийг наасан байсан. Хоёрдугаарт энэ зоорины давхрын бүс нь У  төв эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын эмнэлгийн үйлчилгээ авах бүсэд хамаардаггүй. Иргэдийн заавал дамжин өнгөрч явах бүсэд хамаарахгүй бүс юм. Эмнэлгийн зүгээс зоорины бүсэд нэвтрэхийг хориглосон боломжит арга хэмжээг авсан байсан гэж үзэж байна...

Уг осолтой холбоотой үйлдвэрийн ослын акт тогтоогоогүй. Учир нь амь хохирогч Ц У  ажилтан биш учраас үйлдвэрийн ослын акт тогтоох үндэслэлгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д.Э-ны гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 29-ний оройн 19 цагаас Т ын Төв эмнэлгийн харуулын үүргийг 30-ны өглөөний 08 цаг 20 минут хүртэл гүйцэтгэсэн. Өглөө 08 цаг 00 минутанд эмнэлгийн хаалга онгойлгож өгөөд харуулын цэг дээрээ сууж байхад нэг танихгүй эрэгтэй хүрч ирээд надад “эмнэлгийн зүүн хойд талын Ковидын шинжилгээний хэсгийн шат руу хүн ухаан алдаад уначихсан байна” гэж хэлсэн. Энэ үед хажууд суудаг хөтөч сувилагч А руу хүмүүс утасдаад энэ тухай хэлж байсан. Би захиргааны хаалга онгойлгож өгөөд шууд тэр хүн ухаан алдсан гэсэн шинжилгээний хэсэгт очиход үүдний шатан дээр ухаан алдсан хүн байхгүй байхаар нь цаашаа яваад ортол шинжилгээний өрөөний голд насилкан дээр 70 гаруй насны эмэгтэй хүнийг хэвтүүлсэн байсан. Намайг очихоос өмнө манай эмнэлгийн эмч нар цааш нь оруулсан байсан. Ингээд тухайн хүнийг насилкатай нь нөгөө 2 эрэгтэй эмчтэй нийлж өргөөд хүлээн авах руу хүргэж өгсөн. Харуулын цэг дээрээ ирэхэд надаас ээлж авах харуул ирсэн байсан тул ээлж хүлээлцээд бууж амарсан... Ямар нэгэн хөдөлгөөнгүй нүдээ аниатай дээшээ хараад хэвтэж байсан. Хүлээн авах руу өргөөд гадаа гарахад нүүрэн дээр нь нар тусах үед гараараа нүүрээ дарахаар нь би ямар ч байсан амьд байгаа юм байна гэж бодсон...

Би рапортоо тэр явдлаас өмнө 08 цагт биччихсэн байсан, тэр хүнийг насилктай нь өргөлцөж өгөөд ирэхэд надаас ээлж авах харуул ирчихсэн, ээлж хүлээлцэх цаг болсон байсан болохоор хүлээлцээд буугаад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д.Э-ны гэрчээр өгсөн: “...Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шатнаас унаж  тархины гэмтэл авсан гэж хэвтэж байсан. Тархины гэмтэлтэй, тархины хатуу хальсан доорх цусыг авах мэс засал хийгдсэн. Тархи тархмал няцралтай, тархины эдийн цусан хангамжийн дутагдлын өөрчлөлттэй эмчлэгдэж байсан. Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 7 хоног эмчлэхэд биеийн байдал маш хүнд хэвээр тархины үйл ажиллагааны сэргэлт байхгүй байсан, сүүлийн 3-4 хоногт зүрх  судасны үйл ажиллагааны дутагдал үүсэж зүрх дэмжих эдийн дэглэмтэй байсан. Ерөнхийдөө тархины цусан хангамж сайжруулах, хаван хөөх үрэвслийн эсрэг зэрэг эмчилгээнүүд хийгдэж байсан...”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

Яаралтай тусламжийн хуудас /1-р хавтаст хэргийн 66-70 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  С.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр У  эмнэлэг дээр 07 цаг 55 минутад ирсэн. Намайг ирэх үед шатны хонгил руу хүн унаад ухаан алдаад хүлээн авах руу явсан талаар сонссон. Миний гар утас руу аж ахуйн дарга М залгаж шатны хонгил руу хүн уначихлаа яаралтай янзлах хэрэгтэй байна гэж утсаар ярьсан. Өглөөний 09 цаг 30 минут болж байхад сангийн гагнуурчин М ирж хаалганы нугасыг гагнаж хаалгыг нь бүрэн бүтэн болгосон, түүнээс өмнө хаалт болон хаалга байгаагүй салсан байсан ба тэр өдөр гагнаж бэхэлсэн мөн вакум хаалгыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 30 минутын орчим талбайн цэвэрлэгч Г болон миний бие хийж бэхэлсэн. Би 2011 онд У  Замын 2 дугаар ангид замчин хийж байгаад, 2012 оны 05 дугаар сард У  төв эмнэлэгт мужааны ажилд орсон бөгөөд одоог хүртэл мужаанаар ажиллаж байна...

Аж ахуйн дарга М 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уг шатны хонгил руу хүн унасан талаар утсаар ярьж мөн хаалт болон вакум хаалга хийх талаар үүрэг болгосон бөгөөд тухайн үед ямар нэгэн зааварчилгаа бичгээр өгсөн зүйл байхгүй, хаалга болон хаалтыг хийх үед Г бид хоёрын хажууд зогсож байсан...

Уг хонгилын хажууд хаалт хийх талаар аж ахуйн дарга М 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байхаа уг шатны хонгилын эвгүй үнэр гаргахаас сэргийлж, хулдаасан хэвлэлээр хаалт хийх талаар бичгээр өрөөндөө зааварчилгаа өгсөн ба гарын үсэг зуруулж ажилд гаргасан. Түүний дагуу мужаан С болон талбайн үйлчлэгч Г нарын хамт хийж гүйцэтгэсэн. Тухайн үед даракн мод нэг талд хадаж нэг талд буюу талаас дээд хэсгээр хананд хадаж бэхэлсэн. Тэр хэсгээр подвалд бохир цэвэр усны шугам байдаг учир доод хэсгийг сангийн ажилтан сөхөж ордог байсан учир доод хэсгийг нь онгорхой орхисон...

2022 оны сарыг нь сайн санахгүй тухайн үед шатны гишгүүр дээр нэг хальт гишгээд хөлөө эвгүй болгож байсан буюу тэр үед миний бие шатны гишгүүрийг нь янзалж байсан, тухайн үед нэг ховил байсан, тэр ховилийг засаж битүүлж байсан. Урьд өмнө уг хонгилыг пүрс модоор арам зангидаад битүүлээд, будаад янзалъя гэж манай мужаан С ах болон миний бие манай байгууллагын аж ахуйн даргад хэлэхэд аж ахуйн дарга Энхмэнд нь түр цэг байх учир үнэр даах мөн хулдаасан хэвлэлээр хадуулж унжуулах талаарх үүрэг чиглэл өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81-83 дахь тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.М-н гэрчээр өгсөн: “...Би өглөөний 07 цаг 30 минутад ажилдаа ирсэн. 08 цагийн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Д өрөөрүү залгаж шинжилгээний цэгийн шат руу хүн уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр би сандраад яваад очтол хүн байхгүй байсан ба Б, Ц нар сууж байхаар нь “яасан бэ” гэж намайг асуухад сая шат руу хүн уначихлаа, тэгээд бид нар татаж, гулдарч гаргаж ирээд хүлээн авах руу явсан гэж ярьсан. Уг подвал руу би 7 хоног болгон очиж шалгадаг юм. Тэгээд тухайн өдөр очиж үзэхэд шатан дээр цус болсон байсан. Очиж үзэхэд уг шатны дээр байдаг хаалт буюу хаалгыг хажуу тийш нь аваад хаясан байсан. Хэрэг учрал болсны өмнөх долоо хоногт би уг подвал руу орж үзсэн, яагаад гэвэл туслах ажилтан С ээлжийн амралттай байсан бөгөөд С-с уг подвал дахь ахуйн складын түлхүүрийг авч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орсон. Орох болсон шалтгаан нь ажлын Т д өмсдөг цамцаа авсан. Тухайн өдөр намайг ороход уг подвал руу ордог шатны гарцын хаалт нь унах гээд санжганасан байдалтай байсныг нь би уяагаар уяж тогтоож янзалсан... Би 1987-1997 оныг хүртэл Улсын гуравдугаар эмнэлэгт хагалгаа эрчимт эмчилгээний сувилагчаар 10 ажилласан. 1997-2021 оны аравдугаар сар хүртэл У  төв эмнэлэгт сувилагч, ерөнхий сувилагч, сувилахуйн менежер, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс аж ахуй хариуцсан менежерээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Уг хулдаасан хаалтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ковидын түр цэг ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд миний бие болон аж ахуйн тасгийн ажилчид, бид нар ирж хараад өндөр цонх байгаа хэсэг болон подвалын үнэр, уур чийгээс хамгаалж хаалт хийчихвэл яасан юм гэж аж ахуйн ажилчдын хамт хоорондоо ярьж байгаад өмнө ашиглаж байсан хулдаасан хаягийг олж ирээд өндөр шат ашиглаж байгаад тухайн үед хулдаасыг манай ажилтан С болон Б нарт үүрэг чиглэл өгч уг хулдаасыг дээрээс унжуулж тогтоосон. Надад ямар нэгэн байдлаар дарга, удирдлагаас албан ёсоор уг хулдаасыг унжуулах талаар үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй бөгөөд уг хулдаасыг унжуулж хаасан талаар дарга, удирдлага нарт танилцуулж байсан. Тухайн үед шинжилгээний явцад эмнэлгийн дарга болон поликлиник хариуцсан орлогч дарга, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер зэрэг хүмүүс ирж харж газар дээр нь танилцаж байсан... Тухайн объектыг уг нь Поликилинк хариуцдаг болохоор Поликлиник хариуцсан орлогч дарга хариуцах ёстой гэж бодож байна... Би урьд өмнө хүн унаж бэртэж байсан гэж сонсож байгаагүй...

Уг хонгилд сантехникийн маш олон шугам, цэвэр болон бохирын шугам, хуучин ашиглагдахгүй байгаа эд хогшил, ковидтой холбоотой тухайн подвалыг хоёр гурван жил цэвэрлээгүй байсан ба маш их хог байсныг цэвэрлэсэн буюу одоо ч гэсэн маш их хог байгаа цэвэрлэж дуусаагүй... Ажил үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд уг хулдаасыг аж ахуйн тасгийн ажилчидтайгаа хамт санаа, санаачлага гаргаж байгаад хаалт хийсэн. Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х, хөдөлмөрийн аюулгүй байдлын Д.Б-, хүний нөөцийн тасгийн дарга Ц.Н, төв эмнэлгийн дарга нар энэ хулдаас эвгүй, үүнд арам зангидаад хаалга болгочихвол яасан юм бэ, ийшээ хүн уначих вий гэж хоорондоо ярьж байсан ба мөн надад ч гэсэн хэлж байсан. Тэгэхээр нь би шинжилгээний цэг буух болоогүй юу гэж асуухад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс Эрхүүгийн Олон улсын галт тэрэг явж эхэлнэ, тэрэнтэй холбоотойгоор түр цэг ажиллана буух болоогүй гэж Е- дарга хэлж байсан... Уг хонгилын тааз нь өндөр тэгээд бас шинжилгээний түр цэг буучих болов уу гэсэн хүлээлттэй байсан учир хаалгыг нь хийж амжаагүй...

Уг осол болсны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө ирэхэд сараалжин хаалгыг аваад хаясан байхаар барилга орон сууцны ЦТП-ийн мастер Лхагважав руу утсаар ярьсан. Тэгээд тэдний ажилтан ирээд гагнуурын аппаратаар уг сараалжин хаалгыг гагнаж бэхэлсэн. Вакум хаалгыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим хийсэн буюу хийсэн талаар поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х болон У  төв эмнэлгийн дарга Е- нарт би өөрийн фэйсбүүк чатаар мэдэгдсэн болно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерт мэдэгдсэн тэгээд инженер өөрөө ирж үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Н.Ц-н гэрчээр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өглөөний 07 цагт ажил эхэлсэн. Тухайн өдөр нэг дэх өдөр байсан бөгөөд Булагтай сувилалд амрах ахмад настнуудаас 1 дэх өдөр болгон шинжилгээ авдаг юм. Тэр үед мөн хэвтэх хүмүүс болон гадаад явах хүмүүс ирж шинжилгээнд хамрагддаг. Тус сувилалд явах ахмад настнуудыг хариуцсан эмч Ц, Б нарын хамт ковидын шинжилгээний багт ажиллаж байсан. ЦэрЦэнжав, Б нар бүртгэлтийн хэсэг буюу үүдэнд байсан, цаад талд нь сорьц авах ажилтнаар миний бие байсан. Тэгээд сорьцоо аваад байж байтал нэг чимээ гарсан юу болов гээд гартал Б бүртгэлтийн хэсэгт ойрхон байсан болохоор гүйгээд хамгийн түрүүнд очсон. Харин би сорьц авч байсан болохоор сорьцоо авч дуусаад араас нь гүйгээд очтол нэг настай хүн шатан дээр унасан байсан. Бид гурав тэнд байсан хүмүүсээс асуухад наад хүн чинь хана гэж бодоод налчих шиг боллоо гэж ярьсан шиг санагдаж байна. Тэгээд тэр настай хүнийг Б араас, миний бие урд талаас буюу гараас татаад бид хоёрын хамт нэг эрэгтэй хүн араас өргөлцөөд шинжилгээ авч байсан өрөөндөө оруулаад хөдөлгөөнгүй хэвтүүлсэн. Ц эмч хүлээн авах тасаг руу утсаар залгаж яаралтай түргэн дуудсан. Тэр настай хүний ам, хамраас цус гарсан болохоор нь нэрийг нь дуудаад амыг нь ангайлгасан чинь аманд нь хиймэл шүд байсан. Түүнийг нь авч амьсгалын замыг нь чөлөөлсөн. Түргэн дуудсаны дараа хүлээн авахын нэг сувилагч ирээд тухайн хүний даралтыг нь үзэхэд тэр хүний даралт их байна гэх шиг болсон. Тэгээд тэр хүний гар цүнхэнд даралтын эм нь байсан учир даралтын эмийг нь цүнхнээс авч, тэр настай хүнд усаар даруулж уулгасан. Тэгээд насилкан дээр хэвтүүлээд яаралтай хүлээн авах руу аваад явсан. Шинжилгээний өрөөнд орсны дараа энэ хүний ар гэрээс хүн байна уу гэхэд нэг залуу орж ирчихээд гараад явсан. Дараа сонсоход хүргэн нь байсан. Тэгээд удалгүй байж байтал нэг эмэгтэй ирсэн, ирэх үед нь хүлээн авахын эмч болон сувилагч, гэмтлийн эмч, дотрын эмч бүгд байсан...

Миний мэдэж байгаагаар 35 орчим хүн хамрагдсан гэж бодож байна. Тухайн өдөр бүртгэл хийсэн хүн нарийн тоог нь мэдэж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 07 цаг 20 минутын орчим шинжилгээнд хамрагдаад гараад явсан буюу тэгээд буцаж орж ирэх үед энэ үйл явц болсон гэж үүдэнд байсан хүмүүс хоорондоо ярьж байсан. Тухайн шинжилгээ авч байсан газар  камер байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Б-н гэрчээр өгсөн: “...Би өглөөний 06 цаг 40 минутад ажил дээрээ очсон бөгөөд ажлын бэлтгэлээ хангаж эхэлсэн. Тэгээд хаалгаа нээгээд подвал руу орсон хулдаас сөхөгдсөн байхаар нь хулдаасаа янзалсан. Өмнө нь төмөр орны толгой шиг хаалга урд нь байдаг байсан ба хулдаас янзалж байхад тэр орны толгой шиг сараалжин төмөр нь харагдахгүй байсан.  Хулдаасаа засаж дуусаад өглөөний 07 цагийн орчим ковидын шинжилгээ авч эхэлсэн. Тухайн өдөр Булагтай сувилал явах иргэдийн шинжилгээг бүртгэсэн.  Ц гэдэг хүн орж ирээд өөрийнхөө регистрийн дугаарыг мэдэхгүй байсан. Тухайн үед хамт явсан хүн байхгүй байсан. Явах хүмүүсийн регистрийн дугаар Ц эмчийн бүртгэл дээр байсан учир тухайн хүний регистрийн дугаарыг Ц эмчээр хэлүүлж байгаад мөн утасны дугаарыг тулгаж шалгаад гэрэгэ системд бүртгэсэн. Ц- шинжилгээ өгч дуусчихаад өрөөнөөс гараад явсан. Тэр үед би 15 минутын дараа таны гар утсанд шинжилгээний хариу очно гэж тайлбарлаж хэлээд гаргаад явуулсан. 07 цаг 30 минутын орчим шинжилгээ бүртгээд сууж байхад хажууд юм унаж байгаа юм шиг чанга чимээ гарсан. Юу болов гээд гүйж очиход шатан дээрээс шатны уруу унасан байдалтай мөн хамар болон амнаас цус гарч байсан. Тэгэхээр нь очоод толгой хэсгээс нь өргөж босгох гэтэл тухайн үед дийлээгүй байж байтал миний араас нэг залуу ирээд надтай хамт тухайн настай хүнийг өргөсөн. Тэгээд бид хоёр дээр Ц  эгч ирж хамт өргөлцсөн. Шинжилгээ өгөхөөр орж ирж байгаа хүмүүст зайгаа барь, нэг нэгээрээ орж ир гэсэн шаардлага тавиад оруулж байсан. Ц- гэдэг хүнийг бид гурав өргөж шинжилгээний өрөөндөө оруулаад анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед амьсгалын замыг нь чөлөөлөөд хажуу талаар нь хэвтүүлсэн. Тэгээд Ц эмч хүлээн авах руу залгаж дуудлага өгсөн, удалгүй хүлээн авахын яаралтай тусламжийн баг хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101-103 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Н-ын гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр У  төв эмнэлэгт очиж ковидын шинжилгээ өгөх зорилгоор очерлоод зогсож байтал нэг эмээ гартаа иргэний үнэмлэхээ барьчихсан, эмчтэй орж уулзах гээд миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд явж байгаад шатны хонгил хаасан цагаан өнгийн хулдаасан хаалтыг хана гэж бодоод гараа түших гээд цаашаа налаад унасан. Миний ард талд манай нөхөр шинжилгээ өгөх гээд зогсож байсан. Мөн хамгийн залуу эрэгтэй хүн байсан болохоор шатны хонгил руу унасан эмээгийн араас орж өргөж гаргаж ирэх гээд тухайн хонгил руу орсон. Тэр эмээ тухайн шатны хонгилын 4-ээс 5 дахь гишгүүр дээр хэвтэж байсан ба эмээгийн цээж хэсгээс манай нөхөр өргөөд тэнд очерлоод зогсож байсан нэг эмэгтэйн хамт өргөлцсөн үү, яг сайн санахгүй байна, манай нөхөр даахгүй шахуу өргөж гаргаж ирсэн. Тэгээд шинжилгээний эмчийн өрөөнд тухайн эмээг оруулж хэвтүүлсэн. Би нөгөө эмээг хэвтүүлсний дараа яаралтай түргэн рүү хэл хүргэх гээд явсан. Би эмнэлгийн цаад талаар нь тойроод очиход түргэний эмч аль хэдийн ирсэн байсан. Эмнэлгийн араас буцаж тойроод ирэхэд манай нөхөр гараа угаасан байдалтай байж байсан. Учир нь тэр эмээ нь унасны дараа хамар, амны аль хэсгээс цус гарч байгаа нь мэдэхгүй ямар ч байсан цус гарчихсан байсан ба манай нөхөр тэр эмээг өргөх үед гар нь цус болсон байсан. Тухайн шинжилгээ авч байсан өрөөний хаалга хаалттай байсан учир дотор ямар процесс болсон талаар мэдэхгүй байна, бид нар шинжилгээ өгөх гээд дахин очерлож байхад 15 минутын орчмын дараа тухайн эмээг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан уу эсвэл өөр өрөө рүү оруулсан уу мэдэхгүй, шинжилгээ авч байсан өрөөнөөс аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд  О.Б-н гэрчээр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр У  тов эмнэлгээс Булагтай сувилал явах хүмүүсийг яаралтай цуглар гээд мөн явах хүмүүс нь ковидын түргэвчилсэн шинжилгээ өг гээд У  Төв эмнэлэг дээр шинжилгээ өгөх гээд төв хаалганы хажууд очсон ба тэр үед нэг настай ягаан өнгийн дээлтэй эмэгтэй хүн яараад урдуур очер дайраад гарсан. Гэтэл хүмүүс хүн уначихлаа гээд бүгд орилох чимээ гарсан. Тэнд байсан хүмүүс хөгшин хүмүүс байсан болоод хөдлөх шинжгүй зогсож байсан. Тэр дотор хамгийн залуу нь би байсан болохоор шатны хонгил руу унасан эмгэн рүү очсон. Намайг явж очих үед эмээ 5-6 орчим шатны гишгүүр дээр баруун талаараа толгой хэсэг нь доошоо унжсан, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би шатны өөд хоёр эрэгтэй хүмүүсийн хамт өргөж шинжилгээ авч байгаа өрөөнд оруулж газар хэвтүүлсэн. Өрөөндөө байхдаа тэр эмгэн бүдэгхэн дуугаар 60, 60 гэж дуугарч байсан эмч юм асуух үед нөгөө эмгэн ярьж чадахгүй байсан. Тэр настай хүнийг өргөх үед амнаас гарсан цус нь миний гар дээр гоожиж хатсан байсан. Тэгээд түргэвчилсэн тест авч байсан өрөөнд гараа угааж байхад ямар нэгэн байдлаар түргэн ирээгүй бөгөөд Т ын эмнэлгийн түргэн дуудаад ирэхгүй 20 орчим минут болсон. Т ын яаралтай түргэн тусламж нь яарсан үед маш хойрго ажилладаг санагдсан. Түргэн нь эмнэлгийн байран дотроо ажилладаг байж удаан ирсэн. Мөн эмч нар нь хойрго хандсан гэж бодож байна... Тухайн шатны хонгилыг арга хэмжээнд зориулаад хэвлэсэн хулдаасан хэвлэлээр хаалт хийсэн байсан ба дээр хэсгийг нь бэхэлсэн доод хэсэг ямар нэгэн бэхэлгээ байхгүй, хөшиг маягаар унжуулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай Талийгаачийн цогцост үзлэг хийсэн шинжилгээгээр суурийн баруун ар хонхрын цөмөрсөн, дээш дагзны төвгөрийн баруун хэсэг шугаман хугарал, зүүн зулай чамархайн хатуу хальсан дээрх дух, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн духны суурь, зулайн урд хэсгийн тархины эдийн цус хуралт, няцралт, аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гавал тархины гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эмчилгээ хийгдсэн тул цусанд согтууруулах, мансууруулах, хордуулах төрлийн бодис байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна. Гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

 

Хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт гаргасан шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын хамрах хүрээнд аж ахуйн нийт салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд тавих аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг тогтооно гэж заасан байдаг. У  Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрийн болон  ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана/-ыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу У  төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хяналт тавих үүргийг төв эмнэлгийн дарга С.Е- хариуцна.

М-н У  даргын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ заасны дагуу төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр Д.Б-г томилж түүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго, ажлын байрны  үндсэн зорилтод зааснаар У  Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй байна.

У  Төв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х-н ажлын байрны тодорхойлолтын 3.4, 3.5-т У  удирдах газар болон эмнэлгийн даргын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган хяналт тавьж ажиллах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль дүрэм, журам стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлж ажиллах үүрэгтэй гэж заасан байна.

У  Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан тухай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа үүрэг чиглэл өгч байсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын дагуу ажлын байран дахь урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглогдсон анги танхимд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т ажил олгогч нь ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх үүрэгтэй гэж заасан байна.

У  Төв эмнэлэг нь Ковидын түр шинжилгээний цэгийг байгуулан үйл ажиллагаа явуулахдаа /цэгийн дэргэдэх шатны хонгилыг хулдаасан хэвлэлээр хаасан/ ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор тухайн ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийхгүй байна.

У  Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл хэргийг зөв сонгосноор хангагдана/-ыг ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор тухайн ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийхгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг хангаж ажиллаагүйгээс осол гарсан байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 139-142 дахь тал/,

 

Нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 170 дахь тал/,

Төв эмнэлгийн дарга С.Е-ийн ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

 

Хөдөлмөрийн гэрээ /1-р хавтаст хэргийн 777 дахь тал/,

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б-гийн ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 182-187 дахь тал/,

 

Хөдөлмөрийн гэрээ /1-р хавтаст хэргийн 188-191 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /2-р хавтаст хэргийн 55-205 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-н иргэний хариуцагчаар өгсөн: “...Ажлын байрны тодорхойлолтод заагдсан Төв эмнэлгийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго, үндсэн зорилтод зааснаар У  төв  эмнэлгийн Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй байна.

Тухайн үед цар тахлын үе байсан учраас яаралтай горимоор эмчилгээ үйлчилгээ явуулах зориулалттай биш подволын хажууд шинжилгээний цэг нэмэлтээр байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай подвол халуун уур чийг үнэртдэг хэсгийг хулдаасан хэвлэлээр хааж онцгой горимоор шинжилгээ авах цэг ажиллуулсан. Тухайн хулдаасан хэвлэл дээр хана биш налахыг хориглоно гэсэн бичвэр тавигдсан байсан. Эмнэлгийн бусад эмчилгээ явуулах барилга байгууламж нь хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн шаардлагыг хангасан тул Д.Б- нь ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ...

...Энэ хэрэгтэй танилцахаар Хөдөлмөр аюулгүй ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж байгаатай санал нийлэхгүй байна. Осолдсон этгээд нь Улаанбаатар Т тай хөдөлмөлийн эрх зүйн харилцаанд этгээд биш үйлчилгээ авч байгаа этгээд байна. Тухайн Ковидын шинжилгээ авах түр цэг нь ердийн хууль тогтоомжийн “Эрх

зүйн” харилцаа биш гамшгаас хамгаалах онцгой байдалд үүссэн хууль тогтоомжийн

хүрээнд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарна гэж үзэж байна. Улаанбаатар Т тай хөдөлмөрийн эрх зүйтэй орсон этгээд үйлдвэрлэлийн осолд орсон хүчин зүйл байхгүй. Осол гарсан гэсэн мэдээлэлтэй танилцаж байхад тухайн шатны хонгилыг хааж гагнуур хийсэн, хулдаасан хаалтаар налах түших дархыг хориглоно гэсэн санамж анхааруулгыг хийсэн байсан. Тэгэхээр манай ажилтнууд ямар буруу үйлдэл хийсэн гэдэг нь хавтас хэрэгтэй танилцахад ойлгомжгүй байна. Тухайн үед онцгой нөхцөл  байдлын улмаас У  Төв эмнэлэг дээр удирдах албан тушаалтнууд чөлөөтэй орж гаргах эрх хязгаарлагдсан байсан, тухайн үед эмнэлэг улаан бүс зарлагдсан байсан учир төлөвлөгөөт шалгалт хийх ямар ч боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 14-15, 161-162 дахь тал/,

 

Хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт гаргасан шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай “... У  Төв эмнэлэгт Д.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ковидын шинжилгээ өгч гараад хөндий хана руу буюу том хулдаасан хэвлэл наасан хэсэг рүү налж унан гэмтсэн, Гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим нас барсан осол нь Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр дүрэм”-д хамаарагдах осол биш болно.

Ковидын шинжилгээ өгөхөөр очсон амь хохирогч нь У эмнэлэг  тэй хөдөлмөрийн харилцааны оролцогч биш, У  төв эмнэлэгт ковидын шинжилгээ өгөхөөр очсон үйлчлүүлэгч болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилтыг тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 /...хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино/-д хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангана гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилтыг тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 /...ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино/-д ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байна.

Үйлдвэрлэлийн осол гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 / "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/-д хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан.

У эмнэлэг   нь ковидын шинжилгээг өгөх иргэнд өдөр тутмын зааварчилгааг өгөх үүрэг хүлээхгүй болно. Харин У эмнэлэг   нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй.

У-ын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана/-ыг хангаагүй байна.

У эмнэлэг   нь Ковидын түр шинжилгээний цэгээр үйлчлүүлж буй иргэн эмнэлгийн хаалгаар ороод үйлчилгээгээ аваад буцаад гарах хүртэл аюулгүй үйлчлэх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй.

У-ын Төв эмнэлгийн ажлын байр нь хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр  байгааг тогтогдоо Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэн тогтоолгох үүрэгтэй.

У эмнэлэг   нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын хамрах хүрээнд аж ахуйн нийт салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл  ажиллагаанд тавих аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг тогтооно гэж заасан байдаг.

У-ын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл шаргийг зөв сонгосноор хангагдана/-ыг хангаагүй байна.

Барилга байгууламж нь Барилгын норм ба дүрмийн стандартын шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг барилгын техникийн хяналтаас гаргах боломжтой.

Үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шүүхийн байгууллага тогтооно. Үйлчлүүлэгч өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх үүргийг хүлээх үүрэггүй болно.

 У-ын Төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 20-24 дэх тал/,

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Н-ын гэрчээр өгсөн: “...Манай дарга ажилдаа их махруу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг, өөрийн боловсрол, эрдэм мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарч ОХУ-д докторын зэрэг хамгаалсан тэргүүлэх зэрэгтэй их эмч байгаа юм. Ажилтнуудынхаа төлөө байнга санаа тавьж ажилладаг. Мөн ажлын цагийг сайн баримталдаг, хэлсэн үгэндээ хүрдэг гэх мэт манай тэргүүний удирдагч гэж бодож байна. С.Е-д ямар нэгэн хорт муу зуршил байхгүй. Манай дарга 1995 оны орчим тус эмнэлэгт их эмчээр орсноос хойш эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагын алдаа зөрчил гаргаж байгаагүй. Сахилгын шийтгэл авч байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Х-н гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн хүнийг нас барсан талаар мэдээгүй, тэр өдрийн дараа буюу нөгөөдөр нь зүрх судасны М эмчтэй утсаар ярьтал би жижүүрээс буух ёстой байж байсан амбулаторид хүн гэмтээд тэр өдрөө бууж чадалгүй байж байгаад өнөөдөр амарч байна гэж хэлэхээр нь юун хүн гэмтсэн юм гэж асуухад амбулаторид сувилалд явах гэж байсан хүн гэмтээд тэр хүнийг хүлээн авах дээр үзэж хараад яаралтай тусламж үзүүлээд тэр жижүүрийн амралтаа аваагүй байсан тул өнөөдөр амраад байж байна гэж хариулсан... Тэр өдөр Е- дарга дээр орж асуусан чинь дарга харин тиймээ гэж хэлээд нарийн юм яриагүй. Сүүлд даргын өрөөнд хуралдаад энэ асуудлаар ярьсан буюу Ковидын шинжилгээ өгч яваад шат руу хүн унаж гэмтсэн талаар танилцуулж уг асуудлаар хурал хийж протокол хөтөлсөн.

2014 оны 01 дүгээр сарын эхээр эмнэлэгт сургалтын менежер, Эрүүл мэндийн даатгалын эмч хийж 2017 онд Поликлиник хариуцсан орлогч даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Амбулаторид дотрын, ахмад, нарийн мэргэжлийн, үйл оношны кабинетууд болон шугам замын нэгжүүдийг шууд удирдлагаар миний бие хангадаг. Намайг анх ажил авах үед лабораторийн болон эм зүйн тасаг миний удирдлагад байсан, тэгээд У  даргын 2019 оны У  Төв эмнэлгийн шинэ бүтэц батлагдсан тэр үеэс лаборатори, эм зүйн тасаг нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д хариуцаж ажилладаг болсон. Ээлжийн амралтаас орж ирэхэд урт удаан хугацаагаар явж байгаад ирэхэд Ковидын шинжилгээ өгдөг байсан учраас түр шинжилгээний цэг рүү орсон. Тэр хэсэг нь хуучин кофе шоп байсан бөгөөд кофе шоп гарахдаа их бохир байсан бай, шинжилгээ өгдөг цэг рүү орох үед будгийн сав байсан, тэгэхээр нь урсгал чинь буруу байна, Ковидын шинжилгээ өгсөн хүмүүс өөдөөс гарч ирээд байсан эмнэлгийн орчин аягүй бохир байна гэж хэлээд Амбулаторийн бага эмч Н, аж ахуйн тасгийн дарга М хоёрыг дуудаж байгаад хэлсэн чинь Н бага эмч би мэдэхгүй байна, надад хэн ч хэлээгүй гэж хариулсан. М харин тиймээ яаралтай шинжилгээ авах гээд орсон, одоо будаад дуусаж байгаа будгийн савуудыг хаячихна, одоо энд хаалт хадуулна гэж ярьж байсан. Тэр өдөртөө даргын өрөөнд орж уулзаж байхдаа түр шинжилгээний цэгийг урсгал нь муухай байна, өөдөөс Ковидтой хүмүүс гарч ирээд байх юм, хуучин шинжилгээ авч байсан байранд уламжлалтын эмчилгээний тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг үйл ажиллагаа нь эхлээд кофе шоп түрээсэлж хоосон өрөөг ашигласан гэж тэнд оруулсан гэж ядаж төв эмнэлгийн хаалгаар оруулахгүй гэж ярьж байсан. М дараа нь надад хонгилын шатыг цэвэрлээд хаалт хийгээд уг хонгилын шатны наад хэсэгт хаалт хийж хадсан талаар хэлсэн. Уг хулдаасан хэвлэлийг байрлуулах талаар хэн үүрэг өгсөн талаар мэдэхгүй байна... Шатны хонгилд хулдаасан хэвлэл байрлуулснаас хойш түр цэгээр очиж ажилтай танилцаж ороогүй. Дээрээ орлогч даргатай, тасгийн эрхлэгчтэй лабораторийн тасаг руу орж үүрэг чиглэл өгөх шаардлагагүй байсан. Тухайн үед лабораторийн тасаг шинжилгээний цэгээр ашиглаж байсан учир лабораторийн тасаг хариуцах ёстой гэж бодож байна.

...Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг чанарын алба хариуцаж хяналт тавьдаг харин ажилчдын аюулгүй байдлын асуудлыг ХАБ-ын инженер хариуцдаг. Үйлчлүүлэгч болон ажилчдын хөдөлмөр аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах ажлыг хариуцан ажилладаг...

Уг шатны хонгилыг ямар зорилгоор ашиглаж байсныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 154-156 дахь тал/,

 

2023 оны 4 дүгээр сарын 19-ний №ХАБ-23/*** дугаартай шинжээчийн “...1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын 1.Хамрах хүрээ /Энэ стандарт нь аж ахуйн нийт салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд тавих аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг тогтооно/ гэж заасан байх бөгөөд энэхүү стандартын 2. Ерөнхий шаардлага 2.1. Үйлдвэрлэл, үйлчилгээ явагдах бүх хугацааны туршид Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй нь: Үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана/ гэж тогтоосон байна. Иймд У  Төв эмнэлгийн Ковидын шинжилгээ авах түр цэг (ажлын байр)-ийн орчинд байсан шатны хонгилыг хулдаасан хэвлэлийн материал эд зүйлээр хааж, хашлага хаалт болгон ашигласан нь иргэд /ажилтан, үйлчлүүлэгч/- ийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангаагүй болох нь энэхүү стандартын 3.4. Үйлдвэрлэлийн болон ажлын байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага,: 3.4.2. /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна./, 3.7. Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3. /Xамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хамгаалах нөхцөлийг хангасан байна./ гэсэн аюулгүйн шаардлагыг хангаагүйгээс хүн /үйлчлүүлэгч/ унаж, осолдсон байна.

2. А/ Хэрэг авагдсан баримтаар Д.Б- нь У  Төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн албан тушаалд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилогдон, ажил олгогч /Д.Жигжиднямаа/-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажиллаж байсан.

У  Төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б- нь 2019 оны 04 дүгээр  сарын 26-ны өдөр “МКЛ” ХХК-ийн сургалтын төвд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-д суралцаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн №20191617 дугаартай сертификат, мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн сургалтын төвд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-д суралцаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн №2021/02/22 дугаартай сертификат тус тус авсан байна. Иймд У  Төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б- нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй болно.

Д.Б- нь ажил олгогч /Д.Жигжиднямаа/-тай хөдөлмөрийн гэрээний 4.1. Ажилтны үүрэг: 4.1.5-д /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын мэдлэгтэйгээр ажиллаж, Хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, зааварчилгааг тухай бүр авч, нарийн мөрдөж ажиллана/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн Ажлын байрны тодорхойлолт: Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: Хариуцсан нэгжийн хэмжээнд мөрдөгдөх ХАБЭА-н эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг бүрдүүлж, батлуулах, хэрэгжилтийг хангуулах, Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг үндэслэн ХНН УБТЗ-ын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, заавар, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: УБТЗ-ын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулна, Улирал бүр УБТЗ-ын даргын тушаалаар батлагдсан нийт ажилтны “ХАБЭА-н өдөр” сургалтыг зохион байгуулна, Жил бүр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан журмын дагуу хариуцсан нэгжид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах ажлыг зохион байгуулна, сap бүр ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа, ээлжит бус давтан зааварчилгаа, өдөр тутмын зааварчилгаа, аюултай ажил гүйцэтгэх зөвшөөрөл, наряд батлагдсан журмын дагуу өгөгдсөн, баримтжуулагдсан эсэхэд хяналт тавина, Ажлын байрны 6 дугаар үндсэн зорилтын хүрээнд. Ажил эхлэхээс өмнө буюу ээлжийн туршид ажлын байр ...хамгаалалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалгах, илэрсэн зөрчил дутагдлын талаар ажил удирдагчид мэдээлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулах/ гэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Б. У  төв эмнэлгийн дарга С.Е- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад ажилтан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүрэгтэй болно.

С.Е- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна: 28.1.1. үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах; 28.1.2. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах;/ гэсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Мөн У  төв эмнэлгийн даргын Ажлын байрны тодорхойлолт: Ажлын байрны гол үйл ажиллагаа: 8.1.3. /Монгол улсын стандарт Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартыг хэрэгжүүлэхэд хамт олныг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, 8.1.4. /Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг сахиулах../, 8.2.1. /Эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох стандартуудын дагуу чанартай үзүүлэх, дүрэм, журам, заавар, норм нормативыг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж батлан мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах.../, 8.2.3. /Үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэх, эмнэлгийн орчин, барилга байгууламж.... эрүүл ахуйн дэглэм, засвар үйлчилгээг стандартын түвшинд байлгахад анхаарч ажиллах/ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

3. “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 стандартын 4.1/ Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: 1.Урьдчилсан зааварчилга, 2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3.Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг.

У  төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б- нь энэхүү стандартын 4.8 ажлын байран дахь анхан шатны заваарчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил гэх...зэрэг/-д заасан агуулгаар, биечлэн үзүүлэх журмаар өгөх, 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэсэн хэлбэрээр У  төв эмнэлгийн /лабораторийн 2 ажилчдаас/ бусад нийт ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй/ MNS 4969:200-аар батлагдсан бүртгэлийн маягт 2, 3-аар хөтөлсөн баримт хэрэгт авагдаагүй/ байна.

Мөн У  төв эмнэлгийн нийт ажилтнуудад Хөдөлмөрийн сайдын 2019 оны А/370 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам", хоёрдугаар хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-т заасан шаардлагад нийцүүлэн сургалт зохион байгуулж, шалгалт авах үүргээ биелүүлээгүй байна.

Ё.Б /аж ахуйн дарга М-н үүрэг чиглэл өгсний дагуу уг шатны хонгилын эвгүй үнэр гарахаас сэргийлж хулдаасан хэвлэлээр хаалт хийсэн/, Б.М /ажилтан С.С, С.Б нарт үүрэг чиглэл өгч, уг хулдаасыг дээрээс унжуулж тогтоосон, Надад ямар нэгэн байдлаар дарга удирдлагаас албан ёсоор уг хулдаасыг унжуулах талаар өгсөн зүйл байхгүй бөгөөд уг хулдаасыг унжуулж хаасан талаар дарга, удирдлага нарт танилцуулж байсан. Тухайн үед шинжилгээний явцад эмнэлгийн дарга болон поликлиник хариуцсан орлогч дарга, ХАБ-ын инженер зэрэг хүмүүс ирж харж газар дээр танилцаж байсан болно/ гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд:

У  төв эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнууд /эмнэлгийн дарга, ХАБ-ын инженер/ нь шатны хонгилыг хулдаасаар битүүлж түр хаалт хийсэн талаар мэдээлэл авсан, санамж тэмдэг тавьсан гэх боловч уг хулдаасан халхавч нь ажилтны болон үйлчлүүлэгчийн эрүүл аюулгүй орчны сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ болж чадаагүй байна.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/566 тушаалаар баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрсдэлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах заавар”-ын 4.7.1. /Эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер нь байгууллагын эрсдэлийн багийн гишүүдтэй хамтран үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдалтай холбоотой гадаад дотоод орчны эрсдэл, эмнэл зүйн эрсдэлийн удирдлагын бодлогыг боловсруулна/, 4,7.6. /Барилга байгууламжийн засвар үйлчилгээний өмнө, засварын явцад, засварын дараа гарч болох эрсдэл гэх мэт гадаад болон дотоод орчны эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрсдэлийн багтай хамтран урьдчилан төлөвлөн шийдвэрлэж хэвшүүлнэ/ гэсэн зааврыг У  төв эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнууд бүрэн хэрэгжүүлээгүй байна.

 У  төв эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №А-20 тушаалаар баталсан “Хуваарь маягт батлах тухай””, уг тушаалын 2-р хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нормативийн шалгуур үзүүлэлт, хөтлөх маягт”, мөн даргын баталсан “У  төв эмнэлгийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах чиг үүрэг, гүйцэтгэх хугацаа”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө”, “У  төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэх хуваарь”, 2022 оны 03- дугаар сарын 23-ны өдөр “Эрүүл мэндийн ажилтны ажлын байрны эрсдэлийн хүчин зүйл, үр дагавар, тайлбар, давтамж”, “Эрсдэлийг бууруулах, арилгах, дэмжих үйл ажиллагаа” гэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээр батлан гаргасан боловч аюул эрсдэлийг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээг аваагүй байна.

У  төв эмнэлгийн удирдлагаас өөрийн эмнэлгийн ажилчдад шатны хонгилыг хулдаасаар түр хаалт халхавч хийсэн эсэх талаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон энэ чиглэлээр үүрэг өгөөгүй, мөн үйлчлүүлэгчдэд эмнэлгийн үйлчилгээний явцад аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

4. У  төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн Ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: /УБТЗ-ын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулна./ гэсэн үүргийн дагуу эмнэлгийн нийт ажилтнуудад Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх ажлыг хариуцан ажиллаж байсан.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.3.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын холбогдох хэсгүүд, мөн Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 5.7, 9.2.1, 12.6.3, 15.1.4, 16.2.1, 16.2.5, “Унаж бэртэх эрсдэлийг үнэлэх түүнээс урьдчилан сэргийлэх арга MNS 5095:2017” стандартад заасан шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна.

6. А/ Д.Б- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах; 27.3.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;/ гэж заасан хуулиар тогтоосон чиг үүргээ биелүүлээгүй.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын 3.4. Үйлдвэрлэлийн болон ажлын байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага,: 3.4.2. /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд аваарь осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна./, 3.7. Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3. /Хамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хамгаалах нөхцөлийг хангасан байна / гэсэн аюулгүйн шаардлагыг хангуулаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./ гэж заасан шаардлагын дагуу нийт ажилчдад сургалт зохион байгуулаагүй, шалгалт аваагүй, “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 стандартад заасан шаардлагад нийцүүлэн нийт ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй /хэрэгт баримт авагдаагүй/ байна. / Д.Б- нь ажлын байрны тодорхойлолтоор үүрэг хүлээсэн/

Д.Б- нь У  төв эмнэлгийн даргын 2020 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн №А-20 тушаалын 3-р хавсралтаар баталсан Хавсралт маягт №1-д 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр /Нормативт үзлэг шалгалт хийгдсэн тасаг нэгжийн нэр: Шинжилгээний цэг Хаалт хамгаалалт, аюултай бүсэд байх хориглосон тэмдэг тэмдэглэгээ, аюулгүйн замнал, гарц тэдгээрийн арчилгаа, үйлчилгээ холбогдох шаардлагад нийцсэн/хэвийн бус/ орох хэсэгт шатны хонгилд тэмдэглэгээ тавих” гэж тэмдэглэл үйлдэж, аюултай эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлсэн боловч уг аюул эрсдэлийг бууруулах, арилгах /аюулгүй болгох/ арга хэмжээ аваагүй, төв эмнэлгийн даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Эрүүл мэндийн ажилтны ажлын байрны эрсдэлийн хүчин зүйл, үр дагавар, тайлбар, давтамж”, “Эрсдэлийг бууруулах, арилгах, дэмжих үйл ажиллагаа” гэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээр батлан гаргасан боловч аюул эрсдэлийг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээг аваагүй байна.

Б/ У  төв эмнэлгийн дарга С.Е- нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 5.7. /Эмнэлэг нь алдаа гарахаас урьдчилан сэргийлэх, алдааг илрүүлэх, гарсан алдааг бүртгэх, мэдээлэх, засаж залруулах арга хэмжээг тухай бүрд авч ажиллана./-ыг, 9.2.1. /Эмнэлэг нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн “ээлтэй” орчныг бүрдүүлж ажиллана/-ыг, 12.6.3 /Эмнэлэг нь гамшиг онцгой байдлын үед ажиллах орон тооны бус Шуурхай удирдлагын бүтэц бий болгох, эмнэлгийн аюулгүй байдлын ( барилга байгууламж, хүний нөөц, үйл ажиллагаа) үнэлгээ хийж төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангана/-ыг, 15.1.4./Гадна орчны тохижилт, барилга, байгууламж өрөө тасалгаа нь хөдөлмөр эрүүл ахай, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна/-ыг, 16.2.1. /Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт технологи болон холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана/-ыг, 16.2.5. /Үйлчлүүлэгч түүний ар гэр, сахиурт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэл өгч эдгээрийг баримтлан өөрийн аюулгүй байдалдаа хяналт тавих нөхцөл бололцоогоор хангана/-ыг тус тус биелүүлээгүй байна.

“Унаж бэртэх эрсдэлийг үнэлэх түүнээс урьдчилан сэргийлэх арга MNS5095:2017” стандартын 1. Зорилго: Явганаас унах эрсдэлийг үнэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, унах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, уналтаас үүсэх бэртэл гэмтлээс сэргийлэхэд оршино./

2. Хамрах хүрээ: Энэхүү стандартыг Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эрүүл мэндийн байгууллагууд, өмчийн хэлбэр үл харгалзан төр, хувийн хэвшил, олон нийтийн болон төрийн бус байгууллага, асрамжийн газар, сувилахуйн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, сэргээн засах төв, сувиллын удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нар үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно./ гэж тогтоосныг хэрэгжүүлэх үүрэгтэй болно...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 177-183 дахь тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 223, 3-р хавтаст хэргийн 219 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 232, 3-р хавтаст хэргийн 221 дэх тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хавтаст хэргийн 224 дэх тал/, өргөмжлөл, сертификат /2-р хавтаст хэргийн 235-240 дэх тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-, С.Е- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо, гэмт хэргийг хоёр хүнд холбогдуулан яллах дүгнэлт бичихдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг, үйлдэл оролцоог яллагдагч тус бүрээр тодорхой тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгаагүй, хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- үйл баримтын талаар: “...Хөдөлмөр хамгааллын үйл ажиллагаа хамтын шийдвэр байдаг. Ажилтан гээд намайг хамааруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.  Манай эмнэлэгт MNS 6392:2013 эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага гэсэн стандарт хэрэгждэг, үйлдвэрлэлийн стандарт мөрдөгдөхгүй. Эмнэлгийн шат үйлчилгээний орчин, үйлдвэрлэлийн талбай, үйлдвэрлэлийн ажлын орчин биш. Амь хохирогч манай ажилтан биш үйлчлүүлэгч. Би үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчлэх эрх бүхий албан тушаалтан биш юм. Өлгөсөн хулдаасан хэвлэл нь хамгаалах хэрэгсэлд орохгүй, хамгаалах хэрэгслийг зөв байрлуулаагүй гэснийг мөн няцааж байна...” гэж, 

 

шүүгдэгч С.Е-: “...би ажил олгогч биш. У  даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөр хамгааллын тухай хуулийн заалтаар яллах дүгнэлт үйлдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковидын үе байсан учраас Улсын онцгой комисс, Гамшгаас хамгаалах штабын шийдвэрээр шинжилгээний цэгүүдийг нээж ажиллуулж байсан. Амь хохирогч хальт гишгээд унасан уу, эрүүл мэндийн шалтгаанаар толгой нь эргээд унасан уу гэдгийг тогтоох шаардлагатай, золгүй явдал гэж үзэж байна...” гэж прокурорын яллах дүгнэлтийг тус тус няцаан мэдүүлэв.

 

Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч нар энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулах ёстой. Гэтэл илт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөн шүүхээс шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй. Шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул Д.Б-, С.Е- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлт тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Амь хохирогч Д.Ц- У  харьяа Булагтай сувилалд амрахаар 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М  Т -ын Төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан үйл баримт хэрэгт авагджээ.

 

Энэ үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н мэдүүлэг, дээр дурьдсан гэрч Х.Э, Д.Э, С.Б, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.Н, О.Б нарын мэдүүлэгээр мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, Хэрэг бүртгэлтийн хэрэгт гаргасан шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, Хэрэг бүртгэлтийн хэрэгт гаргасан шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний №ХАБ-***/*** дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй, харилцан уялдаатай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Амь хохирогч тус эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү буюу хөндий хана руу том хулдаасан хэвлэл наасан хэсэг рүү налж унан гэмтсэн, уг гэмтлийн улмаас гавал тархины гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан үр дагаварт амь хохирогчийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, үүнийг золгүй явдал буюу хууль зүйн агуулгаар учрал гэж үзэхгүй болно.

Тодруулбал, амь хохирогч тус эмнэлэгийн ажилтан биш боловч 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М  Т -ын Төв эмнэлэгээр үйлчлүүлэн Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ гэмтэж, гэмтлийн улмаас амь хохирсон болох нь Ц.Н-н гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр У  төв эмнэлэгт очиж ковидын шинжилгээ өгөх зорилгоор очерлоод зогсож байтал нэг эмээ гартаа иргэний үнэмлэхээ барьчихсан, эмчтэй орж уулзах гээд миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд явж байгаад шатны хонгил хаасан цагаан өнгийн хулдаасан хаалтыг хана гэж бодоод гараа түших гээд цаашаа налаад унасангэх мэдүүлгээс, О.Б-н гэрчээр өгсөн: “...шатны хөндийрүү яваад очиход эмээ 5-6 орчим шатны гишгүүр дээр баруун талаараа толгой хэсэг нь доошоо унжсан, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлгээс тодорхой байна.

Түүнчлэн, У  Төв эмнэлгийн Ковидын шинжилгээ авах түр цэг (ажлын байр)-ийн орчинд байсан шатны хонгилыг хулдаасан хэвлэлийн материал эд зүйлээр хааж, хашлага хаалт болгон ашигласан нь иргэд /ажилтан, үйлчлүүлэгч/- ийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангаагүй болох нь энэхүү стандартын 3.4. Үйлдвэрлэлийн болон ажлын байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага,: 3.4.2. /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна./, 3.7. Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3. /Xамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хамгаалах нөхцөлийг хангасан байна./ гэсэн аюулгүйн шаардлагыг хангаагүйгээс хүн /үйлчлүүлэгч/ унаж, осолдсон байна гэх зэргээр тодорхой гаргасан дүгнэлтээр тогтоогдоно.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байдлаар М  Т -ын Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр, шүүгдэгч  С.Е- тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтоор М  Т -ын Төв эмнэлгийн хэмжээнд буюу өөрийнхөө байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтийг хангуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын зохистой орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг уялдуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг байжээ.

 

Хэрэгт авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 19-ний №ХАБ-23/*** дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар шүүгдэгч Д.Б- Шинжилгээний цэг, хаалт хамгаалалт, аюултай бүсэд байх хориглосон тэмдэг тэмдэглэгээ, аюулгүйн замнал, гарц тэдгээрийн арчилгаа, үйлчилгээ холбогдох шаардлагад нийцсэн /хэвийн бус/ орох хэсэгт шатны хонгилд тэмдэглэгээ тавих” гэж тэмдэглэл үйлдэж, аюултай эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлсэн боловч уг аюул эрсдэлийг бууруулах, арилгах /аюулгүй болгох/ арга хэмжээ аваагүй, төв эмнэлгийн даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Эрүүл мэндийн ажилтны ажлын байрны эрсдэлийн хүчин зүйл, үр дагавар, тайлбар, давтамж”, “Эрсдэлийг бууруулах, арилгах, дэмжих үйл ажиллагаа” гэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээр батлан гаргасан боловч аюул эрсдэлийг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээг аваагүй байна.

 

Шүүгдэгч С.Е- М  Т -ын дарга, ажил олгогч /Д.Ж/-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан У  Төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан ба тус гэрээгээр ажил олгогч /эмнэлэгийн дарга/ нь ажиллагчдын өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй, ажлын байрны тодорхойлолтод заасан: Ажлын байрны гол үйл ажиллагаа: 8.1.3. Монгол улсын стандарт Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартыг хэрэгжүүлэхэд хамт олныг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, 8.1.4. Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг сахиулах, 8.2.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох стандартуудын дагуу чанартай үзүүлэх, дүрэм, журам, заавар, норм нормативыг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж батлан мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, 8.2.3. Үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэх, эмнэлгийн орчин, барилга байгууламж.... эрүүл ахуйн дэглэм, засвар үйлчилгээг стандартын түвшинд байлгахад анхаарч ажиллах гэж заасан үүргээ биелүүлээгүй буюу өөрийн хариуцсан газартаа ажлын байрны аюулгүй байдлыг сахиулж, хангуулж чадаагүйн улмаас үйлчлүүлэгч тухайн эмнэлэгт үйлчлүүлж байхдаа амь насаа алдсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасан тул шүүгдэгч С.Е- аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн мөн байна.

 

Өөрөөр хэлбэл энэ хэргийн тухайд У  төв эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнууд /эмнэлгийн дарга, ХАБ-ын инженер/ нь шатны хонгилыг хулдаасаар битүүлж түр хаалт хийсэн талаар мэдээлэл авсан, санамж тэмдэг тавьсан гэх боловч уг хулдаасан халхавч нь ажилтны болон үйлчлүүлэгчийн эрүүл аюулгүй орчны сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ болж чадаагүй ба түр хаалтыг аюулгүй байдлаар бэхэлсэн байсан бол хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан бол хүн шатны хөндий рүү унаж, гэмтэл авсан, гэмтэл авсаны улмаас нас барахгүй байсан гэж шүүх үзэв.

 

Иймд хохирогчийн амь нас У  төв эмнэлэг буюу шүүгдэгч нарын хариуцлагагүй байдалтай шалтгаант холбоотой, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.

 

Улсын яллагч шүүгдэгч Д.Б-, С.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий ба энэ гэмт хэргийн объектив шинж нь “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь нас хохироосон” гэсэн хоёр диспозиц хэм хэмжээнээс бүрддэг байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог бөгөөд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хүний амь насыг хохироосон” гэж үйл баримтаа дүгнэснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хүний амь нас хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-, С.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал дүгнэлт гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч нарын өмгөөлөгчөөс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь ял шийтгэл гарцаагүй байх зарчмыг хангана гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-, С.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд хандаж “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх хүсэлт тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч нарыг өмгөөлөгч нараас гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

    Гурав. Хохирол, хор уршиг:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- шүүх хуралдаанд “...Оршуулгын зардал 39.649.648 төгрөгөөс хүлээн авсан 25.015.534 төгрөгийг хасаж 14.634.114 төгрөг, сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөг, насны зөрүү 2.750.000 төгрөг, нийт 124.899.646 төгрөг болон өмгөөлөгчийн зардал болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 25.015.534 төгрөгийг хүлээн авсан...” гэж мэдүүлэв. 

 

Хавтаст хэрэгт иргэний хариуцагч М-н Т-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д 25.015.534 төгрөг төлсөн талаарх баримт /5-р хавтаст хэргийн 67 дахь тал/ авагдсан байна.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт  оршуулгын зардалд 14.634.114 төгрөг, сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөг, насны зөрүү 2.750.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал болох 5.000.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Б-, С.Е- нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Т  дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг цагаан өнгийн хулдаасан хэвлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Н овогт С Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

шүүгдэгч С.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, С.Е- нар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, С.Е- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийнн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хариуцагч болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.  Шүүгдэгч Д.Б-, С.Е- нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Т  дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг цагаан өнгийн хулдаасан хэвлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ