Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00377

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00377

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Алагтолгой багийн 9-9 тоотод оршин суух,  - дугаарын регистртэй, Ширэн хөлт овогт Ж-ийн Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 2-30 айлын орон сууц, 15 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Бууралынхан овогт Д-ийн Г-д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж-ийн Л- миний бие нь 2013 онд Д-ийн Г-тэй танилцсан. Улмаар 2014 оны 5 дугаар сарын 14-нд гэрлэлтийн 8401000102 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнэ төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань эх Ж.Л- миний асрамжид амьдарч, өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон.

Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Есөн-Эрдэнийг эх Ж.Л- миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: миний бие нь 2013 онд Ж.Л-тэй танилцсан. Улмаар 2014 оны 5 дугаар сарын 14-нд гэрлэлтийн 8401000102 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнэ төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш салж тус тусдаа амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийн цуцалж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л- нь хариуцагч Д.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.Г- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Л-, хариуцагч Д.Г- нар нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнэ төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Л-, хариуцагч Д.Г- нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж зэргийг харгалзан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнийг эх Ж.Л-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг Д.Г- нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнийг эх Ж.Л-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнэтэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ж.Л-, эцэг Д.Г- нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасан байна. Иймд хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-эс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ширэн хөлт овогт Ж-ийн Л-, Бууралынхан овогт Д-ийн Г- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнийг эх Ж.Л-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Д.Г- нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнийг эх Ж.Л-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Д.Г- нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнэтэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ж.Л-ийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-эс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л-д олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ