| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00246/И |
| Дугаар | /00291 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар /00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 К банкны байранд байрлах, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2/60 айлын орон сууцны 58 тоот оршин суух, Их хунт овогт Г.Ч/ /,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2/60 айлын орон сууцны 58 тоот оршин суух, Боржигон овогт Ш.Ц/ / нарт холбогдох,
үндсэн зээл 703,003.57 төгрөг, зээлийн хүү 484,569.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,356.58 төгрөг, нотариатын хөлс 10,500 төгрөг, нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00246/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ш.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ хоёр шаардлагыг дэмжиж байна. Зээлдэгч Г.Ч нь К банктай 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ-2015/033 тоот зээлийн гэрээ байгуулж 2,500,000.00 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн гэр бүл ахуйн хэрэглээний зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатайгаар авсан.
Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1,796,996.43 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 962,297.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45,597.06 төгрөг, бүгд 2,804,891.15 төгрөгийг төлсөн.
Зээлдэгчийн тус банктай байгуулсан №ЗГ-2015/033 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллыг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлийн №ЗГ-2015/033 тоот гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 703,003.57 /долоон зуун гурван мянга гурван төгрөг 57 мөнгө/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 484,569.63 /Дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун жаран есөн төгрөг 63 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 81,356.58 /наян нэгэн мянга гурван зуун тавин зургаан төгрөг 58 мөнгө/ төгрөг, нотариатын хөлс 10,500.00 /Арван мянган таван зуун/ төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг 78 мөнгө/ төгрөгийг Гончиг овогтой Ч, Шарав овогтой Ц нараас гаргуулах, барьцааны №БГ2015/033 тоот гэрээг үндэслэн барьцааны хөрөнгө болох Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлалтай хариуцагч Г.Чын өмчлөлтэй 16.5 мкв талбай бүхий орон сууц (улсын бүртгэлийн Ү-1617000144 дугаартай, ГД:000128318 тоот гэрчилгээний дугаартай)-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү….Барьцаа хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа....гэв.
Хариуцагч Ш.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2,500,000 төгрөгийн зээл авсан. Үлдэгдэл 1,279,429.78 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгана. Барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн зээлээ төлөөд банкийг хохиролгүй болгоно. Тухайн орон сууц нь Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлалтай хариуцагч Г.Чын өмчлөлтэй 16.5 м.кв талбай бүхий 1 өрөөтэй. Нөхөр бид хоёр оюутан сургаад боломжгүй байж байгаад одоо төлөх боломжтой болж байгаа....2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээл авсан нь үнэн....Зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг байх ёстой байсан. Гэтэл 2, 3 жил төлөхгүй байсан учраас 1,279,429.78 төгрөг болсон байна....гэв.
Хариуцагч Г.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлага болох 1,279,429.86 төгрөгийг төлж барагдуулахын хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Г.Ч, Ш.Ц нарт холбогдуулан үндсэн зээл 703,003.57 төгрөг, зээлийн хүү 484,569.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,356.58 төгрөг, нотариатын хөлс 10,500 төгрөг, нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Ш.Ц шүүх хуралдаанд “....Үлдэгдэл 1,279,429.78 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгана. Барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн зээлээ төлөөд банкийг хохиролгүй болгоно....” гэж тайлбарлав.
Хариуцагч Г.Ч тус шүүхэд “....Нэхэмжлэлийн шаардлага болох 1,279,429.86 төгрөгийг төлж барагдуулахын хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулна....” гэх тайлбарыг ирүүлсэн болно. /хх-ийн 29 дүгээр тал/
К банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, К банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, К банкан дахь Банкны эрх хүлээн авагчийг үйл ажиллагааны хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилээр тогтоосон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, М.Адилбишийг К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5-6 дугаар тал/
Мөн К банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сунгаж, мөн хугацаагаар М.Адилбишийг К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар улируулан томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 32 дугаар тал/
Иймээс К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч Г.Ч, Ш.Ц нар нь К банкны Ховд салбарын Хишигт тооцооны төвөөс 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-2015/033 дугаартай зээлийн гэрээ байгуулан үсчиний тоног төхөөрөмж авах зориулалтаар 2,500,000 төгрөгийг жилийн 28.80 хувийн хүүтэйгээр, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Ү-1617000144 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000128318 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 16.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалан авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-2015/033 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ-2015/033 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10, 11-14 дүгээр тал/
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 2,500,000 төгрөг авч, 2,804,891.15 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Г.Ч, Ш.Ц нар нь үндсэн зээл 703,003.57 төгрөг, зээлийн хүү 484,569.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,356.58 төгрөг, нотариатын хөлс 10,500 төгрөг, нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Г.Ч, Ш.Ц нараас үндсэн зээл 703,003.57 төгрөг, зээлийн хүү 484,569.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,356.58 төгрөг, нотариатын хөлс 10,500 төгрөг, нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь барьцааны гэрээнд заасан Ү-1617000144 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000128318 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 16.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд хариуцагч Ш.Ц нь эс зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг хангуулахгүй, зээлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлнө гэж мэтгэлцэв.
К банкны Ховд салбарын Хишигт тооцооны төв нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нартай Барьцааны гэрээ байгуулж, Ү-1617000144 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000128318 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 16.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ-2015/033 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан.
Иймээс хариуцагч Г.Ч, Ш.Ц нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Ү-1617000144 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000128318 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 16.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.Ч, Ш.Ц нараас 1,279,429.78 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,256 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Г.Ч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Ч, Ш.Ц нараас үндсэн зээл 703,003.57 төгрөг, зээлийн хүү 484,569.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,356.58 төгрөг, нотариатын хөлс 10,500 төгрөг, нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг гаргулан нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Ч, Ш.Ц нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 1,279,429.78 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-1617000144 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000128318 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 58 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 16.5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Ч, Ш.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 35,256 /гучин таван мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ