Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/841

 

 

 

 

 

 

 

 

     2023          10          30                                   2023/ШЦТ/841

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

хохирогч Ж.А-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Ц-н Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “***”-т лобрант ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, *** дугаар хороолол, 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ****** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ****/, О овогт Ц-н Ц.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.А- Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны хорооллын 24 дүгээр байр *** тоотод 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 03 цагийн орчимд Ж.А-тай үл ялих зүйл буюу “Манай ахыг байхгүйд гэрийг нь эзгүйчилж, ахыг мууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дал, зүүн чих, хүзүү, хэвлий, зүүн бугалга, өгзөгний зулгаралт, баруун бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.А- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явуцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв...” гэв.

 

Хохирогч Ж.А- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 8 цагийн үед найзындаа очсон... Бид нар вино уугаад, бууз жигнэж идээд байж байсан. Гэтэл Ц гаднаас нэг вино, 2 шил пиво авч орж ирээд нөхөртэйгөө маргалдсан гээд ярилцаж байхад би эгчдээ баярлаж явах ёстой гэж хэлэхэд Ц би ийм амьдралтай байх байсан, битгий олон юм яриад бай гэж хэлсэн. Тэгээд Дархан бэрийг авч өгье таньдаг хүн байна уу гээд ярьж сууж байхад гэнэт намайг үсдэхээр нь би болиоч миний нүүр рүү битгий хүр, ярилцъя гэхэд чиний нүдийг сохлоно, чиний найз тийм юм чинь чи ч бас янхан гээд үсдэж аваад шал мөргүүлээд байсан. Н салгах гээд дийлэхгүй байсан. Цагдаа дуудах гэтэл утас өгөхгүй байсан. Тэгээд ах руу нь ярьсан. Гэтэл чамайг алчихъя гээд надаас зуураад байсан. Миний дүү боль гэхэд огт сонсохгүй байсан...” гэв.

 

Эрүүгийн **** дугаартай хавтаст хэргээс:

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.А-гийн хохирогчоор өгсөн: “...би багын найз Н одон авсан мөн Эх үрсийн баяр болж байна гээд найз Н-н дэлгүүр дээр очсон юм. Н бид хоёрыг байж байхад Н-н найз гээд Б гэх эмэгтэй ирсэн. Тэгээд орой 20 цагийн үед дэлгүүрээс нь гэрт нь очсон. Гэрт нь очоод нэг вино уугаад сууж байтал манай нөхрийн хэлсэн. Би виногоо ууж дуусаад архи задлаад дээрээс нь бараг уугаагүй байхад гаднаас нөхрийнх нь дүү А /Ц/ гэх эмэгтэй нэг гоймон, 2 пиво, 1 вино барьж орж ирсэн. Бид нар юм яриад сууж байхад Б “би архи уухгүй, одоо болсон, би өвчтэй хавдартай хүн” гэж хэлж байсан. Шинэ архи задалсан болохоор мөнгөн аяган дотор одон хийгээд дээрээс нь архи хийгээд жаахан амсаад өгчих гэж хэлэхэд Б амсаад өгсөн... Н, А бид 3 архи ууж байхад А, Н нар уурлаад хоорондоо маргалдаж Б-д “яагаад архи уухгүй байгаа юм, хавдартай гээд энэ эмэгтэйгээ өмөөрлөө” гэж байсан. Тэгээд “та нар манай ахыг доромжиллоо ахыг маань эзгүйчиллээ” гэх зэргээр яриад бидний яриа жаахан хазайгаад өөрчлөгдөөд байсан...

...Би А-д чамайг хадмууд чинь үздэггүй гэж байна, чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ үү, яасан гэхээрээ хүлээн зөвшөөрдөггүй юм, энэ хүмүүсийн амьдрал та нарт ямар ч хамаагүй” гээд хэлээд байж байхад А- уурлаад миний үснээс зулгаагаад авахаар нь би бас үснээс нь зулгаасан.

Бид 2 үсдэлцээд байж байхад намайг дарж унагаасан. Тэр үед маажилцаад миний баруун нүд орчим гараараа цохисон. Би “эмэгтэй хүн байж ингэж болохгүй одоо болъё, эгчийгээ одоо больчих” гэж гуйгаад тэврээд намайг тавиад зодохоо болиоч, нөхөр хүүхэд маань намайг юу гэж бодох юм бэ”, гэж хэлэхэд “чи муу Дарханы янхан нөхөртэй ч юм уу, үгүй ч юм уу” гэж хэлээд надтай зууралдаад байсан. Н салгах гэж хичээгээд дийлээгүй. Тэгээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н-н гэрчээр өгсөн: “...Манай найз Ж.А- алдарт эхийн одон авсан юм чинь баяр хүргээд найз нь яваад очъё, тэр өдөр мөнгө байгаагүй юм гэж хэлээд манай ажил дээр ирсэн. Удалгүй манай найз Б орж ирээд бид 3 манай гэр рүү явсан. Манай гэрт вино уугаад бууз идээд хэсэг юм ярьж байхдаа 1 литрийн архи аваад нэг, нэг хундаганд хийгээд сууж байхад гаднаас Ц бэлэн гоймон, 2 пиво, вино барьж орж ирсэн... Ж.А- Дархан бэрийг нь аваад өгчихвөл гэхэд Б А-ыг “чи ахтайгаа их адилхан юм, чамайг хальт харвал ахтай чинь андуурахаар байна, манай Н 4 хүүхэд төрүүлсэн чамаас насаар илүү ч гэсэн чиний хажууд хамаагүй эмэгтэйлэг хөөрхөн юм” гэхэд Ц ямар нэгэн зүйл хэлээгүй, муухай хараад л өнгөрсөн. Гэтэл Б үргэлжлүүлээд манай Н- танай ахыг чинь яаж тоосон юм гэж хэлэхэд А “чамд миний ах ямар хамаатай юм, миний ахын гэрт ирчихээд чи юу яриад байгаа юм, та нар нийлж манай ахыг муулах гэж ирсэн юм уу, манай ахыг байхгүй байхад гэрийг нь эзгүйчиллээ” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан. ...Би дундуур нь ороод А-д “хүн хүний бодол, хүн хүний харах өнцөг өөр битгий хоорондоо маргалдаад бай” гэж хэлэхэд А “та нар юу гэж бодоод байгаа юм, яагаад найзыгаа өмөөрөөд байгаа юм, манай ахын хүчинд Н эгч явж байгаа шүү” гэж хэлэхэд А- эхнэр, нөхөр хоёрын хамтын хүч хөдөлмөр байгаа” гэж хэлсэн...

Ц уурлаад хажуудаа сууж байсан А-гийн үснээс зулгаагаад авахад би дундуур нь орж салгасан. А-, А нар бие биенийхээ үснээс зулгаагаад урд урдаасаа хараад хэвтэж байхаар нь би одоо боль, гараа тавь гээд тэр хоёрын гараас нь татаж байсан. Тэр хоёрын гаранд толгой руугаа цохиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Б-Н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр найз Н алдарт эхийн одонг тэмдэглэхээр болоод орой Н-Н гэрт очсон. Н-Н гэрт нь А-, Н- бид 3 суугаад нэг вино задалж уунгаа хоол унд идээд дахиж нэг архи аваад задлаад байж байхад гаднаас Н-ын нөхрийн дүү Ц гэх эмэгтэй орж ирсэн. А бэлэн гоймонгоо агшааж идээд бид нарын хажууд пиво бариад суухад нь бид 3 архи дотор алдарт эхийн одонг хийж уусан. Юм яриад Н-Г 4 хүүхдийн ээж ийм сайхан эмэгтэй, яаж нөхөр Давагдоржийг тоосон юм" гэх зэргээр ярьж байгаад А-Г “ахтайгаа адилхан юм, танай ахыг манай найз яаж тоосон юм" гэж хэлсэн чинь А уурлаад “чамд миний ах ямар хамаатай юм, миний ахын гэрт ирчихээд чи юу яриад байгаа юм, та нар нийлж манай ахыг муулах гэж ирсэн юм уу, манай ахыг байхгүй байхад гэрийг нь эзгүйчиллээ, манай ах Д-н хүчинд Н эгч явж байгаа шүү” гэж хэлэхэд А- бид 2 нөхрийн буян, хүч чадал гэж байлгүй яах вэ, ар гэрээ авч яваа эмэгтэй хүн гэж байхгүй бол яана гэж, ахын чинь 3 хүүхдийг төрүүллээ, айлд орж ирэхдээ нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг шүү, энэ айлыг хар сайхан айл байна, дагавар хүүхэдтэй байна уу, үгүй байна уу, чи энэ хүмүүсийн амьдралд оролцох ямар ч шаардлага байхгүй... Чиний амьдрал ийм биш болохоор манай Н атаархаад байгаа юм уу гэж хэлсэн. А- ч гэсэн Н-г 4 хүүхэд төрүүлсэн, Дархан бэр авч өгөх хэрэгтэй гэх зэргээр юм яриад А рүү А- чи хүний хүүхдийн дагавар гэлээ гэх зэргээр байн байн хэлээд байсан... А-, А нар хоорондоо маргалдаад байхаар нь би гарахаар болсон... Зодолдсон гэдгийг санахгүй байна. Ц нь бие хүчний хувьд Н-, А- бид гурваас хамаагүй илүү хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ж.А-гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дал, зүүн чих, хүзүү, хэвлий, зүүн бугалга, өгзөгний зулгаралт, баруун бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.А-ын яллагдагчаар өгсөн: “...Би ахынхаа гэрт очиход манай бэр эгч Н-, А-, Б нар хамт байсан. Бид нар архи ууж байхад б бэр эгч Н чинь танай ах Дагвадоржийг яаж тоож суусан юм гэх зэргээр маргалдаад би А-тай муудалцаж үсдэлцсэн... Би Ж.А-г цохиогүй, үсдэж зулгаасан. Дээр доороо ороод үсдэлцэж маажилцсан... Би цаашид эмчилгээний хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ц.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 2-ны шөнийн 3 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хорооллын 24 дүгээр байр ** тоотод үл ялих зүйл буюу “Манай ахыг байхгүйд гэрийг нь эзгүйчилж, ахыг мууллаа” гэх асуудлаас үүдэн хохирогч Ж.А-тай маргалдан муудалцаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дал, зүүн чих, хүзүү, хэвлий, зүүн бугалга, өгзөгний зулгаралт, баруун бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Ц.А- гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Ж.А-, гэрч И.Б нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А-ын өгсөн “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Ж.А-гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Н, И.Б нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ц.А- нь хохирогч Ж.А-гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.А-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ж.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч Ж.А- баримтаар хохирол төлбөрт нийт 289.600 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.А- нь 300.000 төгрөг төлсөн талаарх баримт хавтаст хэргийн 97 дахь талд авагдсан байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас шүүх хуралдаанд “...хохирогч Ж.А-д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх хүсэлт гаргасан тул хохирогч Ж.А- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.А-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.А- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Олхнууд овогт Цогнэмэхийн Цыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.А-д оногдуулсан 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.А-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.А- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ