Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00378

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00378

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой багийн 10-30 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Дээд чоно овогт Ц-ийн М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 02-29 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Шонхор овогт Д-ийн Б-од холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-той 1995 онд танилцаж, 1996 онд хуримаа хийж гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Бөхболд, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Болорхундага, 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэг нар төрсөн. 2015 оноос эхлэн Д.Б- бид хоёр зан харьцааны таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарч эхэлснээс хойш би 2 хүү нэг охиноо өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүлсэн бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Хоёр том хүүхэд насанд хүрч 11 настай бага охин миний асрамжид одоо болтол эрүүл саруул өсөж хүмүүжиж байна. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй бөгөөд хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би одоо өөр нэг хүнтэй хамтран амьдардаг бөгөөд Д.Б-той цаашид хамтран амьдрах, дахин нийлэх боломжгүй, мөн тус тусдаа амьдраад 5 жил гаруй болсон эвлэрэх боломжгүй байна. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй тул биднийг эвлэрүүлэн зуучлагчид хандалгүйгээр гэрлэлтийг цуцлах нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.М-тай 1995 онд танилцаж, 1996 онд хуримаа хийж гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Бөхболд, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Болорхундага, 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэг нар төрсөн. Бид тусдаа амьдраад удаж байна. Бидэнд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Д.Б-од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч Д.Б- нар нь 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан батлуулсан нь 85 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар, 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Бөхболд, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Болорхундага, 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэг нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч Д.Б- нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэгийг эх Ц.М-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг Д.Б- нь 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэгийг эх Ц.М-ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэгтэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ц.М-, эцэг Д.Б- нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-ад олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Дээд чоно овогт Ц-ийн М-, Шонхор овогт Д-ийн Б- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэгийг эх Ц.М-ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Д.Б- нь 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэгийг эх Ц.М-ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Д.Б- нь 2009 оны 10 сарын 01-ний өдөр охин Б.Нандинцэцэгтэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ц.М-ын зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-ад олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ