Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/858

 

 

 

 

 

 

 

 

   2023           11          03                                   2023/ШЦТ/858

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Э.Намуун,

хохирогч С.Оюунчимэг,

шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Ч-н Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нийслэлийн *** дугаар цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:****/, Ч овогт Ч-н Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ***дүгээр хороо, **** шатахуун түгээх станцын зүүн талын замд “Тоёота аллион” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх,байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна, зорчих хэсгээр явж болно” Хорооллын дотор явган зорчигч  давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. 19.5-д Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 дэх заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө. 1.2.18-т “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг, Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам гарч байсан явган зорчигч С.О-н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Б-ийн “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О-н “...Ослын улмаас 4 савхан яс хугарч, 2 нь зөрүүтэй хадаас тавиулсан. 7 дугаар сарын 28-ны өдрөөс 9 сар хүртэл өвчиндөө шаналсан... Сэргээн засах эмчилгээнд орох ёстой, аарцаг яс далийж 3 сар таягтай явсан болохоор нуруунд суулт өгсөн... Алхаж чадахгүй, өөрөө алхах гэхээр нэг тал руугаа хазайлт өгсөн. Би нийтийн байранд амьдарч, хувиараа хоол хийж зардаг. Өдөрт ихдээ 50 хоол, багадаа 40 хоол хийж зардаг. 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш би ямар ч орлогогүйн улмаас нийтийн байрны сарын төлбөр болох 450.000 төгрөгөө төлж чадахгүй байгаа. Мөн хоол хүнсний хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй болсон. Би 4 сарын хугацаанд төлж чадаагүй байрны түрээсийн төлбөр 1.600.000 төгрөг болон мөн цаашид гарах эмчилгээний зардал,  сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,  

  • Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
  • Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл

/хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагаанд С.О-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай эгч өнгөрчихөөд гаргах гээд өглөө 5 цаг өнгөрч байхад хорооллын эцсийн “Т” шатахуун түгээх станцын ордог замын туслах замыг хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зам гарах гэж байхад зүүн талаас саарал өнгийн “Тоёота Аллион” маркийн суудлын жижиг машин ирээд миний зүүн талаас мөргөхөд би шидэгдээд газарт унасан. Мөргөсөн машины жолооч гээд нэг эмэгтэйтэй машинаасаа бууж ирээд “яасан, зүгээр үү, би таныг толиороо шүргэчихлээ” гэхээр нь би “чи намайг мөргөчихлөө” гэж хэлсэн. Гэтэл миний зүүн талын хөлнөөс цус гараад эхэлсэн. Тухайн жолооч намайг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмч нар нэг өрөөнд оруулаад миний оймсыг тайлж үзэхэд мах нь урагдаад ясан дээрээ тогтож байсан. Би оёдол тавиулчихаад хөлнийхөө зураг авхуулахад миний зүүн хөлийн савхан яснууд хугарсан байна гэсэн. Миний зүүн хөлийн ядам хуруунд 10 оёдол тавьсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Л-н иргэний нэхэмжлэгч/ хариуцагчаар өгсөн: “...Осол гарах үед би байгаагүй. Манай эхнэр Б- над руу осол хийчихлээ гэж залгасан...  Би “Тоёота Аллион” маркийн *** улсын дугаартай машиныг 5-6 жилийн өмнө худалдаж авч байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Жолоочийн буруутай  үйлдэл тогтоогдвол хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 26-28 дахь тал/,

 

- Хохирогч С.С-О-н Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Баянгол дүүргийн 9 дугаар хороо, “Тэс” шатахуун түгээх станцын зүүн талын замд 2023 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчимд “Тоёота Аллион” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Сүхбаатарын О-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэг үйлдэгдсэн байна. Уг гэмт хэргийн улмаас С.О-д Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.166.000 төгрөг гарсныг Ч.Б-ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 ахь тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай ...С.С-О-н биед зүүн шаант ясны дотор хавчаар, зүүн хөлийн 2, 3 дугаар хурууны өлмий ясны зөрүүгүй хугарал, өлмийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

            - “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Баруун урд оврын гэрэл ажиллахгүй, урд нүүр цуурч хагарсан, урд буфер баруун булан хэсгийн түгжээ мултарсан, баруун арыг харах толь хугарсан, хойд буфер зүүн булан хэсгийн түгжээ мултарсан, салхины шил баруун доод буланд цуурч хагарсан гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. Баруун урд оврын гэрэл ажиллахгүй, урд нүүр цуурч хагарсан, урд буфер баруун булан хэсгийн түгжээ мултарсан, хойд буфер зүүн булан хэсгийн түгжээ мултарсан гэх эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн ослоос өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд юм.  Баруун арыг харах толь хугарсан, салхины шил баруун доод буланд цуурч хагарсан гэх эвдрэл гэмтлүүд нь уг зам  тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. “Тоёота аллион” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй. Тоормосны ажиллагаа бүрэн. Тоормос гишгэх үед замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн ойр болон холын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,

 

-  2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 967 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

  • Хохирлын баримтууд хавтаст хэргийн 17-22, 83-95, 103-104 дэх тал/
  • Шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 76-82 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн:

..2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчимд нөхөр Л-н эзэмшлийн тээврийн хэрэгслээр халтуур хийж яваад хорооллын эцэс уруудад “Тэс” петролиум шатахуун түгээх рүү ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад тухайн шатахуун түгээх станцын уулзвараар баруун гар тийш эргэж ороод унаж явсан машины баруун талаас тас хийхээр нь юу болов гээд машинаасаа буугаад харахад эмэгтэй хүн миний унаж явсан машины баруун талд бөгсөөрөө газар унасан байсан. Би тэр хүний биеийн байдлыг асуухад хөл, хөл гээд байсан. Би тэр хүнээс түргэн, цагдаад дуудлага өгөх үү гэж асуусан. Тэр эмэгтэй шууд Гэмтлийн эмнэлэг ормоор байна гэхээр нь тэр эмэгтэйг аваад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр эмэгтэйн зүүн хөлийг гипсдүүлээд хөлөнд нь оёдол тавиулж, зураг авахуулсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 119 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  112 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Тэс шатахуун түгээх станцын зүүн талын замд “Тоёота аллион” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч С.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.С-О-н мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай дүгнэлт, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ч.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Тэс шатахуун түгээх станцын зүүн талын замд “Тоёота аллион” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх,байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна, зорчих хэсгээр явж болно” Хорооллын дотор явган зорчигч  давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. 19.5-д Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 дэх заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө. 1.2.18-т “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг, Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам гарч байсан явган зорчигч С.Оюунчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ч.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэх санал, дүгнэлт тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд хэргийн үйл баримт болон хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогч С.О-т нийт 7.425.000 төгрөг төлж барагдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч С.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-1/ тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 126 дахь талд авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 7.150.000 төгрөгийг хохирогч С.О-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлбөрт нийт 7.425.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-ээс хүлээн авсан...” гэж мэдүүлсэн ба энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул  шүүгдэгч Ч.Б- нь хохирогч С.Оюунчимэгт хохирол төлбөрт 7.425.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогч С.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...нийтийн байрны сарын төлбөр болох 450.000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж чадаагүй тул байрны түрээсийн төлбөр 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                          

   ТОГТООХ нь:      

 

1. Шүүгдэгч Ч овогт Ч-н Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ