| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00288/И |
| Дугаар | 00379 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00379
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00379 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 08-15 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Цагаан шувуу овогт Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 06-06 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Боржигон овогт Б-ийн Б- холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Б.Б-ай танилцаж, 2014 оны 06 дугаар сарын 19-ний гэр бүл болсон. Гэр бүл болсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 27-нд хүү Б.Шинэбаяр төрсөн. Бид амьдрах хугацаанд Б.Б- нь эцгийн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, гэр бүлийн зөрчил маргаан ихтэй, үл ойлголцох явдал их гардаг байсан. Үүнээс гадна эхнэрийнхээ нэр хүндийг унагааж, сэтгэл зүйн дарамтад оруулж өөрийн ээж болон ах дүү нартайгаа нийлж гэрээсээ хөөсөн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс бид тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш эвлэрэх цаг хугацаа зөндөө байсан. Б.Б- нь хүн чанаргүй, ёс суртахуунгүй, харилцааг тогтмол үүсгэж байсан. Би дахиж эвлэрээгүй. Хүү Б.Шинэбаяр одоо миний асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байна. Бид хоёр хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Шинэбаярыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь буюу гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Шинэбаярыг өөрийн асрамжид авч өрөө өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа зарим зүйлийг буруу бичиж салалтын шалтгааныг надаас болсон гэж бичсэнд тайлбар гаргая. Бид 2-ын салах болсон шалтгаан Б.Б-ийн бичсэн шиг би гэр бүлийн зөрчил маргаан гаргаж, эцгийн үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй, эхнэрийнхээ нэр хүндийг унагааж сэтгэл зүйн дарамтанд оруулж, ээж болон ах дүү нартайгаа нийлж гэрээсээ хөөснөөс болоогүй.
Миний бие эр нөхөр эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, эхнэрээ хайрлан халамжилж байсан. Бид 2-ын дунд гэр бүлийн маргаан гардаггүй, миний амьдралд ээж маань болон ах дүү нар маань оролцдоггүй байсан. Харин Б.Б- нь миний цалин мөнгө багатай, амьдрал хүрэлцээ муутайг минь өөчлөн намайг хангалуун амьдруулж чадахгүй байна гэдэг үндэслэлээр өөрөө гэрээсээ явсан. Би Б.Б-тай амьдарч байхдаа тусгай дунд боловсролтой, сантехник- гагнуурчний мэргэжилтэй Ховд аймгийн төвд байрлалтай Ззвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэргийн үүрэг гүйцэтгэж ажилладаг байсан. Миний бие ажилдаа сонирхолтой, цаашид ажилдаа амжилт гарган цэргийн мэргэжилтэн болох сонирхолтой байсан тул ажилдаа анхаарлаа хандуулдаг байсан, миний энэ байдал Б.Б-ийн сэтгэлд хүрдэггүй байсан юм. Ер нь Б.Б- миний амьдрал, цалин хөлсийг голж надтай амьдрахаас татгалзсан. Бидний дунд ялихгүй маргаан үүсч Б.Б- гэрлүүгээ явсан ба Б- гэртээ очсоноос 5 хоногийн дараа ээж н.Алтанцэцэг нь Б.Б- бас нэг эмэгтэйгийн хамт портер машинтай ирж Б.Б-ийн хурим хийх үедээ авч ирсэн эд хөрөнгийг аваад явсан. Би Б.Б-тай хэд хэдэн удаа уулзаж уучлалт гуйж, эвлэрч хамтран амьдрахыг хүссэн боловч Б.Б- зөвшөөрөөгүй өдий хүрч байна. Миний бие гэрлэлтээ цуцпуулж Б.Б-аас салах бодол байгаагүй, Б.Б- нь гэрлэлтээ цуцлуулна. Чи шүүхэд өргөдөл өг гэж шахсан тул би эвлэрэх байх гэж бодсон боловч эвлэрч чадаагүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа: Нэхэмжлэгч Цагаан шувуут овогт Б-ийн Б- нь 2014 онд хариуцагч Б.Б-ай танилцсан. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон. 2015 онд хүү Б.Шинэбаяр төрсөн. Б.Б- нь амьдрах хугацаандаа эцэг хүний үүргийг биелүүлээгүй. Б.Б-, Б.Б- нар нь хоорондоо зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрсөн боловч эвлэрээгүй. Хүү Б.Шинэбаяр нь төрсөн цагаасаа хойш эх Б.Б-ийн асрамжид өдий хүртэл байгаа. Б.Б- цэцэрлэгийн багш хийдэг. Б.Б- тусдаа амьдарснаас хойш хүүхдэдээ эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Б.Б-ын зүгээс 2019 оны 6 сард гэрлэлт цуцлуулах өргөдлийг шүүхэд өгсөн байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд эвлэрээгүй. Б.Б- хүү Б.Шинэбаярыг өөрийнхөө асрамжид үлдээх, Б.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг: Боржигон овогт Б-ийн Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Б.Б- нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдээ өөр дээрээ авч өсгөнө гэдэг асуудлыг шүүхэд хэлж өгөөч гэж хэлсэн. Хүүхэд Б.Б-ын асрамжид ирэх юм бол тэтгэлэг нэхэхгүй гэдэг зүйлийг ярьдаг.2019 оны 6 сард Б.Б- гэрлэлтээ цуцлуулах өргөдлийг шүүхэд өгч байсан. Б.Б-, Б.Б- хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас хуулийн дагуу асуудлыг шийдүүлнэ гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.Б- холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Б.Б- нар нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан батлуулсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаяр төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Б.Б- нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаярыг эх Б.Б-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг Б.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаярыг эх Б.Б-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаяртай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Б-, эцэг Б.Б- нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Цагаан шувуу овогт Б-ийн Б-, Боржигон овогт Б-ийн Б- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаярыг эх Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаярыг эх Б.Б-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Б.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Шинэбаяртай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Б-ийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ