| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0787/З |
| Дугаар | 221/МА2026/0190 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0190
2026 03 17 221/МА2026/0190
Б.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Зам, тээврийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай” 11/3885 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Зам, тээврийн сайдад улсын байцаагчийн эрх олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0901 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0787/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Зам, тээврийн сайдад холбогдуулан “Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай” 11/3885 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Зам, тээврийн сайдад улсын байцаагчийн эрх олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2025/0901 дүгээр шийдвэрээр: Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 20.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагчаас улсын байцаагчийн эрх олгохоос татгалзсан үндэслэлээ Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журмын 2.1 дээр 3 төрлийн шаардлага тавьсан байдаг, 2.1.2-т тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангасан байх гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэл тавиад байгаа юм. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нэр томьёоны хувьд тодорхойлсноор бол албан тушаалын тодорхойлолт 6 төрлийн шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг байгаа. Энэ 6 төрлийн шаардлагаас энэ маргаанд хэрэглэгдэж байгаа нь боловсрол, мэргэжил гэсэн 2 ойлголт байгаад байгаа. Нэхэмжлэгчийн тухайд боловсролын шаардлага буюу ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлага хэсэг дээр байгаа боловсрол гэсэн хэсэг дээр бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэж байгаа. Тэгэхээр бакалавр, магистр, доктор гэдэг энэ боловсролын түвшнийг илтгэх баримт бичиг бол боловсролын зэргийг илтгээд байгаа юм. Нэхэмжлэгчийн тухайд Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэдэг зэргийн хувьд 1 дүгээрт хангаж байна. Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад боловсролын зэргийн хувьд хангаж байна.
2 дугаарт анхан шатны шүүхээс хийгээд байгаа нэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Боловсролын зэрэг буюу бакалаврын зэргийг өөрөө яг түүний доод талын хэсэгт заасан мэргэжил буюу менежмент ба удирдахуй, эрх зүй, механик инженерчлэл гээд 4 төрлийн мэргэжил заасан. Энэ мэргэжлүүдээр заавал бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн байна гэдэг тайлбар, дүгнэлт шүүх хийгээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл хэрвээ тухайн мэргэжлүүдээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх шаардлагыг тавьсан бол мэргэжил хэсэг дээр нь тэрийг нь бичих байсан. Мэргэжил хэсэг дээр менежмент ба удирдахуйгаар бакалаврын зэрэгтэй, эрх зүй ба удирдахуйгаар ч юм уу. Боловсролын түвшний хувьд магистр байж болох юм уу, бакалавр байж болох юм уу гэдгийг дээр нь тусад нь ялгаж бичих байсан. Тэгэхээр энэ 2 мэргэжил ба боловсрол гэчихсэн ажлын байрны тодорхойлолт дээр байгаа энэ тусдаа 2 мөрийг нэгтгэж ингэж тайлбарлаад байгаа нь буруу байна гэж үзэж байгаа.
Дараагийн асуудал бол мэргэжил гэдэг ойлголтод хамаарах юм уу, үгүй юү гэдэг дээр шүүх зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжоор мэргэжлийг 2 төрлийн байдлаар эзэмшүүлж байна. Нэг нь бол дээд боловсрол. Энэ нь дотроо 3 төрөлтэй бакалаврын болон магистрын, докторын сургалтаар. Нөгөөдөх нь Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль гээд бидний хэлж заншсанаар коллежийн сургалтаар энэ мэргэжлийг эзэмшүүлээд, мэргэжлийг үнэмлэх, диплом олгодог ийм тусдаа 2 харилцаа байгаа. Тэгэхээр одоо анхан шатны шүүхийн хийж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд явчих юм бол нөгөө тусдаа хууль тогтоомжоор олгогдоод байгаа энэ мэргэжлүүдийг үгүйсгэх үндэслэл гарч ирээд байгаа юм. Зөвхөн бакалаврын 120 багц цагийг мэргэжилд тооцно шүү гэдэг энэ дүгнэлтийг холбогдох бусад хууль тогтоомжоор үгүйсгэгдээд байна. Бусад байдлаар бас мэргэжил олгогдоод байна шүү дээ гэж үзэж байгаа. 2 дугаарт мэргэжлийн чиглэл, индекс батлах эрх Боловсрол шинжлэх ухааны сайдад байгаа. Энэ эрхийнхээ дагуу баталсан 2024 оны А/146 дугаар тушаал дээр 416 төрлийн мэргэжлийн чиглэлийг мэргэжлийн нэр, индекстэй нь баталсан байгаа. Үүнээс 123 нь зөвхөн магистр, докторын боловсролоор олгогддог мэргэжлийн чиглэл байгаа. Тэгэхээр зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн энэ мэргэжлийг л мэргэжилд тооцно, магистр, докторынхыг мэргэжилд тооцохгүй гэдэг үндэслэл байж болохгүй. Энэ 100 гаруй төрлийн мэргэжил бол зөвхөн магистр, докторын сургалтаар олгогдож байна.
Дараагийн асуудал бол энэ мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр гэдэг юм яваад байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны сайдын баталсан тушаал дээр мэргэжлийн чиглэл гээд хаалтад хөтөлбөрийн нэр гэж яваад байгаа. Энэ нь 2024 оны тушаал байгаа. Боловсролын тухай хууль тогтоомж бол багцаараа 2023 онд шинэчлэгдсэн байдаг. Үүнээс өмнө яаж явж байсан бэ гэхээр холбогдох журмуудаар дипломын нүүрэн хэсэг дээр мэргэжлийн нэр жишээ нь бичигддэг байсан. Одоо 2024 онд батлагдаж байгаа журмуудаар дипломууд, түүнээс өмнөх мөн журмын бакалавр, магистрын зөрүүтэй юм нь магистрынх дээр мэргэжлийн нэр гэж бичихгүйгээр хөтөлбөрийн нэр гээд яваад байгаа. Угтаа бол нэг ойлголт буюу мэргэжлийн болон хөтөлбөрийн нэр гэдгийн ард бичигдэх менежмент ба удирдахуй гэдэг л үг хойно нь бичигдэх байгаа юм. Энэ бол тэгэхээр ялгаатай ойлголт биш байна. Мэргэжлийн ба хөтөлбөрийн нэр гэдэг бол нэг ойлголт байна. Дээрээс нь хуульд бол яг мэргэжил гэдэгт ойлгоно, ойлгохгүй гэдэг тодорхойлсон зүйл байхгүй. Хууль хэрэглээ нь бүтцээр нь байдаг юм уу, энэ хуулийн тайлбар хийх замаар тогтоох ёстой ийм ойлголт байхад шууд бакалаврын 120 багц цагийг мэргэжилд тооцно гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь Зам, тээврийн сайдад холбогдуулан “Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай” 11/3885 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Зам, тээврийн сайдад улсын байцаагчийн эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагчаар томилогдсон байх ба Нийслэлийн нийтийн тээврийн газраас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/05/1101 тоот албан бичгээр Б.Бт Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгуулахаар хүсэлт гаргасан байна.
3.2. Гэтэл Зам, тээврийн яамны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/2733 тоот албан бичгээр Б.Б нь дээрх албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байх тул улсын байцаагчийн эрх олгох боломжгүй тухай Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт мэдэгдсэн байх ба мөн яамны 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05/2922 тоот албан бичгээр дээрх асуудлыг тодруулахаар Боловсролын ерөнхий газарт хандсан байна.
3.3. Боловсролын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/2451 тоот албан бичгээр “... төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг нь Автотээврийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад индексийн хувьд тохирч байгаа ч боловсролын түвшний хувьд нийцэхгүй байна” гэсэн хариу өгснөөр Зам, тээврийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11/3885 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.Бт “Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн тодруулгаар магистрын зэрэг нь мэргэжилд тооцогдохгүй харин мэргэшилд тооцогдох тул танд Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох боломжгүйг дахин мэдэгдэж байна” гэсэн хариу өгснөөр энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Дээд боловсролын түвшин нь багц цагаар хэмжигдэх дэд бакалаврын, бакалаврын, магистрын, докторын зэрэгтэй байна”, 20.7-д “Багц цагийн хэмжээ нь дэд бакалаврын зэрэгт 90 багц цагаас доошгүй, бакалаврын зэрэгт 120 багц цагаас доошгүй, магистрын зэрэгт 30 багц цагаас доошгүй, докторын зэрэгт 60 багц цагаас доошгүй байна” гэж тус тус заасан.
4.2. Нэхэмжлэгч Б.Б нь 2015 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Газрын кадастр, зураглал мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэг, 2023 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн хөтөлбөрт суралцаж магистрын зэрэг тус тус эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан D201503*** дугаартай бакалаврын диплом, E20231*** дугаартай магистрын дипломоор тус тус тогтоогдож байна.
4.3. Хэрэгт авагдсан Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтоос үзвэл, тусгай шаардлагад Авто инженерчлэл /0716001/, Механик инженерчлэл /071501/, Менежмент ба удирдахуй /041302-041303/, /041305-041308/, эрх зүй /042/ гэсэн байх ба эдгээр мэргэжил нь Дээд боловсролын тухай хуульд зааснаар бакалаврын зэрэгтэй буюу 120 багц цагаас доошгүй хичээл судалсан байхаар хуульчилжээ.
4.4. Гэтэл нэхэмжлэгч Б.Бийн эзэмшсэн Төрийн захиргааны менежментийн хөтөлбөр нь 32 багц цагийн хичээл судалсан буюу магистрын зэрэгтэй мэргэшил байгаа нь Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байх ба энэ талаар салбарын байгууллага болох Боловсролын ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/2451 тоот албан бичгээр мөн тодорхойлсон байна.
4.5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай” 11/3885 дугаар албан бичиг нь нэхэмжлэгч Б.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
4.6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд илт хууль бус болох үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд маргаан бүхий Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай” 11/3885 дугаар албан бичиг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
4.7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2025/0901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ