Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2018/0038

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 06 өдөр Дугаар Төв аймаг

123/ШШ2018/0038

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хажидмаа даргалж, шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ч.Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХБ  ХХК

Хариуцагч: Д аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХБ  ХХК-ийн захирал Н.Батбаяр, түүний өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагч Д аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр, гуравдагч этгээд С.Дэжид, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Минжүүрдорж, иргэдийн төлөөлөгч Т.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ  ХХК-ийн захирал Н.Батбаяр шүүхэд ирүүлсэн болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ нь Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот захирамжийн холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн С.Дэжид нь 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр "ХБ " ХХК-ийн захирал Цэрэвсамба овогтой Саранцэцэгтэй "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулан дэлгүүр, граж, уурын зуух болон гэрээний хавсралтад заагдсан бусад дагалдах эд хөрөнгийг худалдан, автомашины тохижуулсан талбайг эзэмшлийн гэрчилгээтэй болгон Ц.Саранцэцэгийн мэдэлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн байдаг. Мөн үүнтэй холбогдуулан "Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх" гэрээ хийгдсэн ба гэрээ болон холбогдох баримтуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот захирамжаараа худалдааны төвийн үйлчилгээний болон автомашины зогсоолын талбайн газруудыг "ХБ " ХХК-д шилжүүлэн олгосон. С.Дэжид нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, газрын эрх шилжүүлэх гэрээнүүдтэй холбогдсон хэд хэдэн төрлийн шаардлага гарган иргэний журмаар удаа дараа шүүхэд хандан маргаан үүсгэж байсан ба хэргийг анхан шатны шүүхээс Улсын Дээд Шүүх хүртэл хянан хэлэлцэж талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон. Д аймгийн Сум дундын шүүхийн 2013.06.17-ны өдрийн 500-р шийдвэрт: "...Нэхэмжлэгч нь Засаг даргын захирамж хууль бус гарсан гэж үзэж байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй ба газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан Засаг даргын захирамж хууль бус гарсан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна..." Мөн Монгол Улсын Дээд Шүүх нь 2013 оны 10 сарын 03-ны өдрийн 529 тоот Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоороо "...2008 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр иргэн С.Дэжид Д аймгийн Мандалговь хотод байрлах 7949 ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг "ХБ " ХХК-ий захирал Ц.Саранцэцэгт үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирч, энэхүү гэрээний 5 дахь хэсгийн нэмэлт нөхцөлд "үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болох"-ыг зааж талууд гарын    үсэг   зурж   баталгаажуулсан    болох   нь    нотлох    баримтуудаар тогтоогджээ..." гэж дүгнэсэн Тогтоолууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Мөн Аймгийн Засаг дарга С.Од-эрдэнэ нь "Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай" А/391 тоот захирамжийг гаргахдаа дараах холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн.

1. 2008 оны 281 тоот захирамжийн үндэслэл болсон дээрх гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр үйл баримтаар хангалттай нотлогдсоор байхад тэрээр Газрын тухай хуулийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн. Тухайн зүйл хэсэгт заасан заалтыг хэн гэгч этгээд хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Засаг дарга нь "Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"- ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "г" хэсэгт зааснаар иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт заасан "Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа" эсэхийг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан.

3. Газар эзэмших, ашиглахтай холбоотой нэг ижил шатны Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.2.7 дахь хэсгийг зөрчсөн

4. Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, газрын зориулалтыг хууль бусаар өөрчлөн бусдын эзэмшил газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

5. Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэний 2014.06.24-ий А/391 тоот захирамжийн 1 дэх хэсэгт "...газрын хэмжээ байршил зэргийг нягт тооцолгүйгээс..." иргэн аж ахуй нэгжид чирэгдэл учруулсан байна гэж үзжээ. Үүнээс үзэхэд хохирсон аж ахуйн нэгж нь "ХБ " ХХК байхаар байна. Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариуг ирүүлээгүй тул уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын дагуу гомдлоо гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймгийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр А/391 тоот захирамж гаргасан байдаг. Энэ захирамжаар ХБ  ХХК-ийн эзэмшилд байдаг газрыг 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр тусдаа шилжүүлж авсан байдаг. Энэ захирамж нь хууль зөрчиж гаргасан захирамж байгаа. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх байдаг. Энэ бүрэн эрхэд заагдсан эрхийнхээ дагуу захирамж гаргаагүй.

Мөн Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газар хашааг нийтийн эзэмшилд оруулахад ямар журам барих юм гэдгийг тодорхой заасан байгаа. Гэтэл 2014 онд байсан Засаг дарга нь ХБ  ХХК-ийн захирал Б.Батбаяртай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүйгээр түүний эзэмшилд байгаа газрыг нийтийн эзэмшилд авах захирамж гаргасан. Энэ нь ХБ  ХХК-ийн эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа учраас 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2014.06.24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүйд тооцуулах тухай Сайнцагаан сумын иргэн Н.Батбаярын нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Засаг даргын 2014.06.24-ний өдрийн А/391 тоот захирамж нь дээрх нэхэмжлэлд дурдсан газартай холбоотой хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамжийг засч залруулах зорилготой гарсан. Уг захирамжаар "Бөхт" ХХК-ны 018 дугаар гэрчилгээтэй 7949 м.кв газрыг "ХБ " ХХК-д шилжүүлэхдээ дээрх 018 тоот гэрчилгээнд ямар газрууд багтаж байгааг нягт тооцолгүй алдаа гаргасан байсныг залруулсан. Түүнээс аль нэг иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцүүлэх, эсвэл бусдыг хохироох зорилго агуулаагүй болно. Цаашид маргаан үүсгээд байгаа 2005 онд анх автомашины зогсоолын зориулалтаар олгогдсон 1786,0 м.кв /0,1786 га/ талбай бүхий газрыг нийт ард иргэдийн эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшилд шилжүүлэх, мөн 40, 20 айлын орон сууцны барилгын 4180.0 м.кв /0,4180 га/ талбай бүхий газрыг одоогийн зориулалтын дагуу оршин суугчдын эрх ашгийн үүднээс албан ёсоор нийтийн эзэмшлийн газар болгохоор тус тус зохицуулах талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/ГХБХБА/-т даалгасан юм.

Гэвч захирамжийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх талаар аймгийн ГХБХБГ-аас хариуцлагагүй хандсаны улмаас өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй байна. Ойрны хугацаанд уг асуудлыг шийдвэрлэж дахин тайпбар хүргүүлэх болно. Авто машины зогсоолын талбайг олон нийтийн эрх ашгийн үүднээс 2013 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХСА/-гийн 90 гаруй сая төгрөгөөр засварлан тохижуулсан. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө нь Орон нутгийн өмч болж бүртгзгдсзн байх учиртай энэ ч учраас уг авто машины зогсоолын талбай нийтийн эзэмшил /төрийн өмч/-ийн байх нь хэрэгтэй. Дээрх захирамжийг хүчингүйд тооцвол иргэд олон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий болох тул дээрх захирамжаа хүчингүй болгох боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Д аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бөхт ХХК , ХБ  ХХК-нь хоорондоо худалдаа наймаа хийснээс болоод газрын  асуудал үүссэн. Анх Бөхт ХХК-д эзэмшүүлсэн газарт одоо нэхэмжлэгчийн маргаад байгаа автомашины зогсоолын газар байсан учраас нийтийн эрх ашгийн үүднээс энэ асуудлыг хүчингүй болгосон байгаа. Үүнийг 2 аж ахуйн нэгж хаана орсон ороогүй байсныг мэдэхгүй ойлгохгүй явснаас болж ийм асуудал үүссэн байдаг. Үүнтэй холбоотой гаргасан шинжээчийн дүгнэлт, шинжээчээс нэмэлт тайлбар авснаар илүү тодорхой болсон байгаа. Одоо ийм маргаан үүсгээд байгаа асуудал нь 1780 метр квадрат автомашин зогсоолын газар нь анхны 018 тоот гэрчилгээнд байгаагүй байсан. Анх 7929 метр квадрат газар олгосон байгаа. Түүнд 1980 метр квадратаас ороогүй байсан гэдгийг шинжээчийн дүгнэлт дээр байгаа гэв.

Гуравдагч этгээд С.Дэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамж үнэний хувьтай байгаа учраас үнэн зөв захирамж гарсан байгаа. Гэрээ хийсэн газар нь 7949 метр квадрат газар байгаа. Нарийвчлаад үзэхэд 7929 метр квадрат газар болчхоод байгаа юм. Бөхт ХХК-ийн хашаалсан газар, энэ нь уурын зуухтай залгаа газар байгаа бөгөөд би анх Батбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй байгаа. Сая нотлох баримтаар 2 бичиг магадлал өгч байна. Энэ хэрэг нь хяналтын шатаар явж байгаа. Хурал нь зарлагдаагүй байгаа. Энэ захирамж гарсантай холбогдуулж 7929 метр квадрат газарт 1780 метр квадрат газарт ороогүй гэдэг нь харагдаж байгаа. Д аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хурлын материал багтаагүй гэдэг нь тусгагдсан байгаа. Мэдүүлэг тайлбар өгөхдөө Газрын гэрээ 2 хувь байсан. Нэгийг нь Саранцэцэгт  өгч нэгийг нь архивд хийсэн гэсэн байдаг. Ингээд гэрээн дээр нэг өгүүлбэр нэмж бичсэн байгаа. Тэр нь машины зогсоолын талбайг дээрх хэмжээнд багтсан болно гэж нотариат хуйвалдаж бичсэн байдаг. Шинжээч томилоод тогтоох гэхээр тогтоогдохгүй байсан.

Дахин шинжээч томилоод шинжээчээс тайлбар гаргуулж авсан байгаа. Тэгэхэд шинжээч тойм зураг гаргаад 1780 метр квадрат багтаагүй гэсэн талаар бичсэн байгаа. 4 өнгөөр ялгаад 4 талбар өнгөөр ялгаад гаргасан байгаа. Ийм учраас 1780 метр квадрат нь гэрээ хийгдсэн тоонд ороогүй байгаа юм. А/391 дүгээр захирамж байгаа. Үүнд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа юм. Би 45 машин чулуу, 25 машин хайрга, маш олон тонн цемент ашиглаж байж олон хүний бүрэлдэхүүнтэй машины талбай бий болгосон. Би өөрийн хөрөнгөөр тохижуулаад татварын албанд татварын мэдээ тайлангаа өгч байсан. Тэгэхэд Татварын хэлтсээс танайх үл хөдлөх хөрөнгө байгуулсан учраас Үл хөдлөх хөрөнгийн татвар авна гэж хэлээд татвар авч эхэлсэн. Нэхэмжлэгч Б.Батбаяр нь аливаа нэг зүйл болбол шүүх гэж гүйгээд байдаг. Надад нэг материал байна. 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр талд 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэр байгаа. Энэ шийдвэрт Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалтаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэсэн тул гурилын бөөний худалдааны барилга, автомашины зогсоолын газрын үндсэн бүрдэл хэсгийн нэг байна. Бөхт ХХК-ийн газраас үйлчилгээний зориулалттай 4180 метр квадрат, автомашины зориулалттай 1780 метр квадрат, гээд газрыг Д аймгийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар гаргасан байна. Иргэний хуульд заасан газар эзэмших эрх тухайн газар дээр барилга байгууламж эзэмших эрх нь салгаж үл болох эрх байх ба газар эзэмших эрх нь ХБ  ХХК-нд шилжсэн тул нэхэмжлэгчийг салгаж тогтоох үндэслэлгүй гэж үзлээ гэсэн байгаа. Гурилын бөөний дэлгүүр нь манайх л төлбөр төлдөг, гэрчилгээ байхгүй, татварт мөнгө төлдөг тийм жижигхэн байшин байгаа. Эрх ашиг яагаад хөндөгдөж байгаа вэ гэхээр татварын албанаас шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт сая шүүхэд өгсөн.

Үүнд сард 440.000 төгрөгийн түрээсийн төлбөр аваад байж байгаа. Татварын байцаагч Оюунжаргал тогтоож байна гэсэн бичиг байгаа. Энэ хүн 1 сард  440.000 төгрөгийн түрээс авсан байгаа. Энэ нь 1968 онд баригдсан болохоос 2002 онд баригдсан барилга биш байгаа. Энэ хүн 70-80 сая төгрөгийн ашиг олсон байхад миний эрх ашиг хөндөгдсөн байгаа нь харагдаж байгаа. үүний өмнөх шүүх хурал дээр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Чанцалням гэж хүн захирамж гаргаж өгөөд нэхэмжлэлээ татаж авч байсан. Энэ нь шүүхийн материалд байгаа. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан болоод 09 тоот захирамж гарсан байдаг. Ингээд газартай холбоотой захирамж нь гарсан байсан учраас нэхэмжлэлээ татаж авсан болохоос захирамж гараагүй бол хэргээ дуусгах ёстой байсан. Нотлох баримт нь архивд байгаа.

Түүний нөгөө талаар шүүгч нар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг авч хэлэлцдэг юм. 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 тоот захирамж хавсралттай юу үгүй юу гэсэн асуулт тавьсан байдаг. Энэ 2 хоорондоо ямар холбоотой талаар ярихад 1997 онд тийм зураглал гарахдаа 2000 онд оруулна гэж захирамж гаргаагүй. Урьд болсон зүйлийг ирээдүй цагтай холбогдож захирамж гараагүй. Энэ захирамж нь хариуцлагагүй хүмүүсийн хариуцлагыг сайжруулах гэж гарсан захирамж байгаа. Энэ захирамжид хавсралт байхгүй нь хараад л ойлгогдохоор байгаа учраас ийм гаргасан байдаг. 1991 он анх Монгол улс даяар хувьчлал болж худалдааны салбараас эхлээд хувьчлагдаж ирсэн. 1992,1993,1994 онуудад хувьчлал явагдсаар байгаад дууссан. Ингээд журамлах болж сумын Захиргаанд газар зохион байгуулагчаар Халтар гэдэг хүн байсан юм байна. Ингээд тэр хүн 1997 онд гарсан захирамжид 2000 онд бариулна гэсэн байгаа. Ингээд энэ захирамжид өмч хувьчлалаар авсан барьсан зүйл маш олон байсан. Ингээд энэ үед аж ахуй байгууллагууд маш олон хашаа авсан би тэр үед мөн адил авсан байсан. Тэр хашаануудыг газрын татвараа авахын тулд захирамж гаргаж авсан байгаа. Энэ захирамж нь Засгийн газрын 1995 оны 143, Газрын тухай хуулийн 30,31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон Мандалговь аймгийн аж ахуй нэгж оршин суугаа газрыг шинэчлэн бүртгэж эзэмшүүлэхээр захирамж гарсан байгаа. Шинэчилсэн бүртгэлийг 2 дугаар улиралд багтаан дуусгахыг газрын даамалд даалгаж өгсөн байгаа. Гэрчилгээ олгохдоо тухайн үеийн Засаг дарга газрын гэрчилгээг олгохдоо би өөрийн биеэр гарыг үсэг зурна гэсэн байгаа. Тэгээд өөрийн биеэр баталгаажуулсан байгаа. Тэгээд тухайн үед бид баталгаатай гэрчилгээтэй болчихлоо гээд татварт төлбөрөө цаг тухайд нь гарч байсан. Үүнийг зөвөөр ойлгох ёстой. 018 тоот гэрчилгээг дараа нь олгосон байгаа. Ингээд миний эрх ашиг ийм ийм зүйлүүд дээр хөндөгдөж байгаа юм. Тэгээд нэхэмжлэгч талд 4180, 1780 метр квадрат газар бие биедээ багтаагүй байгаа. Миний ойлгож байгаагаар 4180 метр квадрат 1780 метр квадратыг нийлүүлэхэд 5966 гаран метр квадрат болно. Гэхдээ энэ газар нь 5424 метр квадрат газартай дүйцэхүйц газар байх ёстой учраас ямар ч хамааралгүй байгаа. Хэргийн материалд байгаа зүйлийг дүгнэлтэд бичсэн байгаа зүйлийг би ярихгүй. Одоо Д аймгийн Газрын албаны Рэнцэндорж гэдэг хүний зурсан зураг байгаа. ХБ  ХХК-ийн газрын зурсан байгаа зарим газар оруулахгүйгээр 4368 байна гэж зурсан байгаа. Гараар метрлэсэн ч ингэж алдахгүй. Гэтэл удаагүй 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ахиад Батцэцэг гэдэг хүнээр зуруулаад Рэнцэндорж гэж хүн өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан байдаг. Шүүхийг иймэрхүү хүмүүс их гутааж байгаа. Хэдхэн хоногийн дараа Батбаярын газрыг 4368 дараа нь 4768 гэсэн өөр өөр хэмжээс гаргасан байдаг. Тэгээд нэхэмжлэгч 600 квадрат метр газрын татварыг өнөөдөр хүртэл төлөхгүй явж байгаа. Ингэж юу ч мэдэхгүй хүүхэд доромжилж байгаа юм шиг зүйл хийж болохгүй. Шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулна гэж өмнөх шүүх хуралдаан хойшилсон байгаа. Нэмэлт дүгнэлтэд нээх их зүйл бичигдээгүй байсан. 1999 онд гэрчилгээнд бичигдсэн 5425 метр квадрат газар 2005 онд олгож байгаа газрын яаж авах юм. Давхцуулж олгосон байна гэдэг нь ойлгогдохгүй байна гээд дахин тайлбар авсан байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх ёстой гэсэн байгаа. Мөн Газрын тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль зөрчсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж үл болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж барьцаалах үйл ажиллагааг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагын хооронд явагдана. 38.2 дугаар зүйлд эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана гэсэн байгаа гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл нь өөрөө яг ямар хуулийн ямар заалтыг бариад яаж өөрийнх нь эрхийг зөрчөөд байгаа талаарх нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуульд заасны дагуу эдэлбэр газрыг шилжүүлэхдээ дүрэм журам заасангүй гээд байгаа боловч тэр нь ямар дүрмээр тогтоогдож байгаа вэ гэдэг нь байхгүй байгаа юм.

Өмнө нь энэ маргааныг бүхэл бүтэн 5-6 цаг хуралдаад хэлэлцээд энэ асуудлыг ярихдаа саяны С.Дэжид гуай бол маш ойлгомжтой хэллээ. Өнөөдөр Иргэний олон маргаанууд яриад байдаг юм. Энэ хүн яагаад өөрийгөө хохироод байна хохирсон учраас яагаад гуравдагч этгээдээр орж ирээд байна вэ гэхээр тухайн үед энэ хүний засаж сайжруулсан талбай нь 90 сая төгрөгөөр Д аймгийн Тамгын газар засаад сайжруулсан гэдэг зүйл хэлдэг. Ийм нөхцөл байдлаар ийм зүйлийг засаад сайжруулсан байгаа гээд байдаг. Үүнийг 2015 оны өмчлөлийн асуудлаар шийдвэр нь харагддаг. Гурилын бөөний төвийг чинь энэ газраас салгаад таны засаж сайжруулсан гээд байгаа газраар шилжсэн байгаа учраас өмчлөлийн асуудал яригдахгүйгээр үүнийг шийдэх боломжгүй байна гэсэн шийдвэр гараад байдаг.

Үүнтэй холбоотой нэхэмжлэгч бусдыг доромжлох гэсэн зүйл яриад байгаа болохоос өөр зүйл ярихгүй байгаа. Засаг дарга харин зөв зүйл хараад машины талбай гэдэг чинь нийтийн эдэлбэрийн газар юм байна гээд тэрэнд нь шилжүүлсэн. Өөрсдийнх нь худалдаж авсан 7949 газарт нь ороод байгаа үгүй нь шүүх хуралдаан шийдсэн. Ороогүй гээд байгаа талбайдаа нэхэмжлэгч автомашины зогсоол орчихсон гээд байгаа. Харин өнөөдөр маргаад байгаа шалтгаан дээрээ эвлэрээд ороод ирэх ёстой байсан. Энэ хүний бие муу байхад өнөөдөр шүүх хуралдаанд оролцох гэж ирсэн байна. Насыг нь бодсон ч гэсэн өөрийн хийсэн хөдөлмөрийг ямар ч байсан үнэлэх ёстой гэсэн утгаараа ирсэн байгаа. Хэлж амжаагүй явахад нь Засаг дарга зөв зүйтэйгээр гаргаад ирсэн байгааг нь шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл нь өөрөө яг ямар хуулийн ямар заалтыг бариад яаж өөрийнх нь эрхийг зөрчөөд байгаа талаарх нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуульд заасны дагуу эдэлбэр газрыг шилжүүлэхдээ дүрэм журам заасангүй гээд байгаа боловч тэр нь ямар дүрмээр тогтоогдож байгаа вэ гэдэг нь байхгүй байгаа юм. Өмнө нь энэ маргааныг бүхэл бүтэн 5-6 цаг хуралдаад хэлэлцээд энэ асуудлыг ярихдаа саяны С.Дэжид гуай бол маш ойлгомжтой хэллээ. Өнөөдөр Иргэний олон маргаанууд яриад байдаг юм.

 Энэ хүн яагаад өөрийгөө хохироод байна хохирсон учраас яагаад гуравдагч этгээдээр орж ирээд байна вэ гэхээр тухайн үед энэ хүний засаж сайжруулсан талбай нь 90 сая төгрөгөөр Д аймгийн Тамгын газар засаад сайжруулсан гэдэг зүйл хэлдэг. Ийм нөхцөл байдлаар ийм зүйлийг засаад сайжруулсан байгаа гээд байдаг. Үүнийг 2015 оны өмчлөлийн асуудлаар шийдвэр нь харагддаг. Гурилын бөөний төвийг чинь энэ газраас салгаад таны засаж сайжруулсан гээд байгаа газраар шилжсэн байгаа учраас өмчлөлийн асуудал яригдахгүйгээр үүнийг шийдэх боломжгүй байна гэсэн шийдвэр гараад байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч бусдыг доромжлох гэсэн зүйл яриад байгаа болохоос өөр зүйл ярихгүй байгаа. Засаг дарга харин зөв зүйл хараад машины талбай гэдэг чинь нийтийн эдэлбэрийн газар юм байна гээд тэрэнд нь шилжүүлсэн. Өөрсдийнх нь худалдаж авсан 7949 газарт нь ороод байгаа үгүй нь шүүх хуралдаан шийдсэн. Ороогүй гээд байгаа талбайдаа нэхэмжлэгч автомашины зогсоол орчихсон гээд байгаа. Харин өнөөдөр маргаад байгаа шалтгаан дээрээ эвлэрээд ороод ирэх ёстой байсан. Энэ хүний бие муу байхад өнөөдөр шүүх хуралдаанд оролцох гэж ирсэн байна. Насыг нь бодсон ч гэсэн өөрийн хийсэн хөдөлмөрийг ямар ч байсан үнэлэх ёстой гэсэн утгаараа ирсэн байгаа. Хэлж амжаагүй явахад нь Засаг дарга зөв зүйтэйгээр гаргаад ирсэн байгааг нь шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ  ХХК-иас Д аймгийн Засаг даргад холбогдуулан Д аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг  хүсжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай захирамжаараа аймгийн Засаг даргын Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай 2008 оны 281 дүгээр захирамжийн нэгдүгээр заалтын доторх Бөхт ХХК-ы эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180,0 м.кв /0,418 га/, автомашины зогсоолын 1780,0  м.кв /0,178 га/ 2 нэгж талбар газрыг  ХБ  ХХК-д гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /х/х 1-ийн 5/

Шүүх маргаан бүхий захиргааны актын  хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

 Бөхт ХХК-ийн захирал С.Дэжид, ХБ  ХХК-ийн захирал Ц.Саранцэцэг нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ,  Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулжээ. Уг Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээгээр Бөхт ХХК-ий захирал С.Дэжид  Д аймгийн Мандалговьд байрлах 7949 м.кв талбай бүхий газрыг ХБ  ХХК-ий захирал Ц.Саранцэцэгт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохирч энэхүү гэрээний 5 дахь хэсгийн нэмэлт нөхцөлд үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болно гэж, мөн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хавсралтад Үйлчилгээний төвийн өмнөх тохижуулсан машины талбайг эзэмшлийн гэрчилгээтэй болгож, баталгаажуулж  Ц.Саранцэцэгийн мэдэлд шилжүүлнэ гэж тус тус зааж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хариуцагч Д аймгийн Засаг дарга нь дээрх гэрээг үндэслэн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар /1-5/ Бөхт ХХК-ний эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180 м.кв /0418 га/, автомашины зогсоолын 1780 м.кв /0.287 га/ 2 нэгж талбар газрын эзэмших эрхийн гэрчилгээг  ХБ  ХХК-д  шилжүүлж шийдвэрлэсэн байх тул  дээрх  Бөхт ХХК-ийн захирал С.Дэжид, ХБ  ХХК-ийн захирал Ц.Саранцэцэг нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан  Газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүчин төгөлдөр гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, шүүхийн шийдвэрүүдээр  гуравдагч этгээд С.Дэжидийн маргаж байгаа автомашины зогсоолын 1780 м.кв газрын эзэмших эрх   ХБ  ХХК-д шилжигдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг захирамжийг  үндэслэн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь ХБ  ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0208405 /4180 м.кв/, 000303495 /1780 м.кв/ тоот бүхий гэрчилгээнүүдийг олгожээ.

Мөн дээрх  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар С.Дэжид 2013 онд Д аймгийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр түүний  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож улмаар давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар  магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 529 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, дээрх 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон байна. /1-5-10/

Гэтэл хариуцагч Засаг дарга нь "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт заасан "Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа" бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаахаар заасныг зөрчиж иргэн С.Дэжидийн Засаг даргад гаргасан гэх  өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байхад судалж үзэж,  нягтлан шалгалгүйгээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 

Нөгөөтээгүүр иргэн С.Дэжид нь дээрх Д аймгийн Засаг даргын  2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг хүчингүйд тооцуулахаар Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан  байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар /х.х 1-131/ нэхэмжлэгч С.Дэжид өөрөө нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 41 дүгээр зүйлийн 41.3-д заасны дагуу С.Дэжид дээрх Засаг даргын 281 дүгээр  захирамжид заасан асуудлаар дахин маргах эрхгүй гэж үзэх боломжтой байна.

Иймд  хавтаст хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон Газар эзэмших гэрчилгээ шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 3 шатны шүүхийн шийдвэрүүд болон бусад бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээс  дүгнэвэл гуравдагч этгээд С.Дэжидийн Д аймгийн Мандалговьд байрлах автомашины зогсоолын 1780 м.кв газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь маргаан бүхий 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргахдаа Газрын тухай хууль, түүний ямар зүйл заалтаар болон Засаг дарга Газрын тухай хуульд заасан ямар эрх хэмжээний  дагуу ХБ  ХХК-ий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байх тул захиргааны акт хуульд үндэслэсэн байх шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.  Хариуцагч 2014 оны А/391 дүгээр захирамжийн үндэслэлээ  2008 оны 281 дүгээр захирамжийг  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-ийн зарим хэсгийг зөрчсөн гэж  дүгнэсэн байх боловч Засаг дарга 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг гаргахдаа эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн Бөхт ХХК-ийн захирал С.Дэжид, ХБ  ХХК-ийн захирал Ц.Саранцэцэг нарын хооронд газар эзэмших гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээ байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн, эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр, татвар, хураамж төлсөн зэрэг баримтаа бүрдүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож  байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2014 оны А/391 дүгээр захирамжийг гаргах болсон үндэслэлээ иргэд, олон нийтээс гомдол гараад байсан, бид мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэсэн, Бөхт ХХК, ХБ  ХХК  хоорондоо газрын болон эд хөрөнгийн маргаантай байсан учраас захирамж гаргасан гэж тайлбарлах боловч хэн, хэн гэгч иргэдээс хэдийд ямар гомдол гаргасан, ямар үндэслэлээр ямар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан талаараа тайлбарлаж чадахгүй байгаа,  шүүхийн үзлэгээр нотлогдоогүй, баримт материалын бүрдэл, өмнөх захирамжуудын үндэслэл, газрын байршил, хэмжээ зэргийг нягт  тооцож судлаагүй, нотлох баримт байхгүй, Бөхт ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180,0 м.кв /0,418 га/ газар, автомашины зогсоолын 1780,0 м.кв /0,178 га/  газруудын аль хэсэгт ямар маргаантай байгааг шалгаж тогтоогоогүй. тодорхой тайлбарлахгүй, нотлохгүй байх тул уг захиргааны актыг ямарч үндэслэлгүй  байна.

Мөн иргэн С.Дэжид нь Засаг даргад хандан 2008 оны 281 дүгээр захирамжийн талаар 2014 оны 06 дугаар сарын . . . ны өдөр гаргасан гомдлоо хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч захиргааны байгууллага уг гомдлыг хэрхэн хүлээн авсан  бүртгэлгүй, гомдлыг хэрхэн судалж үзсэн, ямар ажиллагаа явуулсан, гомдлыг шийдвэрлэхэд ХБ  ХХК-д мэдэгдсэн, гомдолд хариу тайлбар, нотолгоо гаргах,  газар эзэмших эрхээ хамгаалах талаар боломж олгоогүй болох нь шүүх хуралдаанд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн  иргэдээс ирсэн өргөдөл, гомдол  байхгүй, С.Дэжид ирж Засаг даргатай уулзаад гардаг гэсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь  маргаан бүхий А/391 дүгээр захирамжаар  иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил бүхий газрыг нийтийн эзэмшилд шууд шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус  Газрын тухай хуулийн зохих заалтыг хэрэгжүүлээгүй гэж маргаж байгааг дүгнэвэл:       Маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтаар Дээрх захирамжийн зарим хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан Бөхт ХХК, ХБ  ХХК-уудын хооронд газар эзэмших гэрчилгээг шилжүүлэхтэй холбоотой баримт материалын бүрдэл, газрын байршил, хэмжээ зэргийг нягт судлан тооцож уг газар дээр баригдсан 40, 20 айлын орон сууцны болон автомашины зогсоолын газрын асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нийтийн эзэмшилд шилжүүлж, талуудын эрх, ашиг сонирхлыг бүрэн хангасан байдлаар зохицуулж дахин шийдвэрлэхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Л.Бадамболд/-т даалгасугай гэж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь дээрх компаниудын эзэмшил бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж  шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд шилжүүлэхдээ Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэхээр хуульчилсан байхад эрх мэдлээ хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтээгүүр хариуцагч болон гуравдагч этгээд нар маргаан бүхий автомашины зогсоолын талбайг анх С.Дэжидийн хөрөнгөөр, дараа нь  орон нутгийн хөгжлийн сангаас 90 сая төгрөг гарган  засвар хийж тохижуулсан гэж тайлбарлах боловч үүнийгээ нотлох баримт материал  байхгүй байна. Гэхдээ энэхүү  өмч, хөрөнгийн талаар маргаантай бол иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болно.

Ийнхүү шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж мөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Ер нь нэхэмжлэгч ХБ  ХХК, гуравдагч этгээд Бөхт ХХК-иудын хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой маргаан олон жил, хэд хэдэн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байдал, түүнтэй холбоотой гарсан хэд хэдэн шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл эдгээр компаниудын эзэмшил бүхий газруудын байршил, газар дээрх бодит хэмжилтүүдийг анхнаасаа нарийн шалгаж тогтоох, ямар байршилд байгаа, ямар хэмжээний газрыг хэрхэн шилжүүлэх, нэгж талбар бүрээр кадастрын хэмжилт хийж, цэг тэмдгийг хүлээлгэж өгөх, баталгаажуулах, хувийн хэрэг үүсгэх гэхчлэн Газрын тухай хуульд заасны дагуу  ажиллагааг бүрэн хийдэггүй, хяналт тавьж ажилладаггүй зэрэг хариуцагч Д аймгийн Засаг дарга, газрын асуудал хариуцсан албан тушаалтангуудын буруутай үйл ажиллагааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 42, 46, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХБ  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай А/391 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБ  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБ  ХХК-нд олгосугай.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

Даргалагч, ЕРӨНХИЙ шүүгчИЙН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ХАЖИДМАА

ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

              

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН