Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00765

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Ж.Эсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Ж.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00914 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1480 дугаар магадлалтай,

Ц.Бийн нэхэмжлэлтэй

Ж.Эд холбогдох

Гэрээний үүрэгт 12,630,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ц.Б нь Ж.Эд холбогдуулан гэрээний үүрэгт 12,630,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00914 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ж.Ээс 8 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 780 833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1480 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00914 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “8 850 000” гэснийг “10 050 500”, “3 780 833” гэснийг “2 580 333” гэж, 2 дахь заалтын “156 550” гэснийг “175 758” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 66 160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 62 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал хяналтын гомдолдоо: магадлалаар шийдвэрийн өөрчилж хариуцагчаас алданги 2,950,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1,200,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалын хариуцагчаас алданги 2,950,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1,200,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт, Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй тухайд: Магадлалын 6 дугаар хуудас дахь 4, 5 дахь догол мөрөнд “...анхан шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн №10059, 2019.10.01-ний өдрийн №10738, 2019.12.18-ны өдрийн №15048 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах болсон зайлшгүй шаардлагатай болсон үндэслэлээ өмгөөлөгчид хандаж, хууль зүйн зөвлөгөө авсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй. Иймд өмгөөлөгчийн хөлс 1,200,500 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гаргасан зардал гэж үзэж хариуцагчаа түрээсийн төлбөр алдангид нийт 10,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.31-ний өдрийн №249 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь Д.Майдритай 2020.03.05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэж байгуулсан байхад /хх-ийн 27/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчид хандаж, хууль зүйн зөвлөгөө авсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж өмгөөлөгчийн зардлыг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитой үнэлээгүй үндэслэлгүйгээр өмгөөлөгчийн зардалд 1,200,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнд нийцэхгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, Хоёр шатны шүүх Талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасан алданги төлөхтэй холбоотой заалт нь ойлгомжтой. мөн ямар үнийн дүнгээс хэдэн хувиар тооцохоор тохиролцсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан агуулгын хүрээнд тайлбарлах, тодорхойлох боломжтой гэж үзэж алданги гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хянаж өгнө үү. Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Ж.Э нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.2 дахь хэсэгт “Хэрвээ Хөлслөгч хөлсөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” /хх-13 дахь хуудас/ гэсэн Иргэний хуулийн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан байна. Хуулийн дээрх алдангийн талаарх зохицуулалтаас үзвэл алдангийг ямар үнийн дүнгээс хэдэн хувиар төлөхөөр тохирсон болохоо тодорхой тусгаж гэрээг бичгээр хийх хуулийн зохицуулалттай гэж ойлгож байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “Хэрвээ Хөлслөгч хөлсөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж алдангийн ямар үнийн дүнгээс тооцох талаар тохиролцоогүй байхад хоёр шатны шүүх алдангийн зохицуулалт хуульд нийцэж байна гээд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,900,000 төгрөг, алданги 2,950,000 гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрээр алданги 2,950,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг, магадлалаар хариуцагчаас алданги 2,950,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1,200,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянаад, хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ж.Эд холбогдуулж орон сууцны хөлс 5,900,000 төгрөг, алданги 2,950,000 төгрөг, ашиглалтын зардал 632,933 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,500 төгрөг, шүүхэд хандахад гаргасан зардал 547,400 төгрөг нийт 12,630,833 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь үүдний өрөөг өөрөө ашиглаад байсан тул үүнээс болж  төлбөрийг 400,000 төгрөг байх ёстой гэж маргаан үүссэн, дараа нь сарын төлбөр 800,000 төгрөг гэж тохироод 2019.10.31 гэхэд байрыг суллаж өгөхөөр тохирсон, гэтэл 9 сард нь байранд хүмүүс оруулсан байсан, хадгалалтын болон өмгөөлөгчийн зардлыг зөвшөөрөхгүй, өөрсдөө эд хөрөнгийг саатуулан барина гээд өгөөгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх орон сууцны хөлсний дутуу 5,900,000 төгрөг, алданги 2,950,000 төгрөг, нийт 8,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн хөлс 1,200,500 төгрөгийг хохирол гэж үзэн, 10,050,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

8. Талуудын хооронд 2018.05.28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээг 2019.05.28-2019.10.31 хүртэл сунгахдаа сарын хөлсийг 800,000 төгрөгөөр тохирсон, гэрээгээр тохирсон хөлсний хэмжээ, гэрээг цуцлах хүртэл хугацааны хөлслөгчийн үүрэг, хөлслөгч үүргээ зөрчсөн байдал, алданги төлөх үүрэг, гэрээг цуцалснаас учирсан хохирол зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 302 дугаар 302.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас өмгөөлөгчийн хөлсийг гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна. Өмгөөлөгчийн хөлс нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гаргасан зардалд хамаарч, зайлшгүй эрх зүйн туслалцаа авах болсон баримтуудад тулгуурлан давж заалдах шатны шүүх уг зардлыг гаргуулжээ. Иймд өмгөөлөгчийн хөлсийг гаргуулсан нь хууль зөрчсөн гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй дээр дурдсан гэрээг орон сууц хөлслөх гэрээ гэж дүгнэж, хуулийг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх хууль хэрэглээг өөрчлөөгүй атлаа “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв” гэж үзсэн нь буруу болсон, энэ талаарх дүгнэлтийг залруулах шаардлагатай байна.

Гэрээний зүйл нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байхад хөлслөгч буюу хариуцагч нь оффис ажиллуулсан боловч энэ талаар талууд маргаагүй, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг орон сууц хөлслөх гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зориулалтын хувьд үр шим олох буюу аж ахуй эрхлэхэд зориулагдаагүй, тийм ч учраас талууд үүргээ орон сууц хөлслөх гэрээний үүрэг гэж тодорхойлсон, гэрээг маргаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг  үндэслэлтэй гэж үзнэ.

10. Орон сууц хөлслөх гэрээний 3.2 дахь хэсэгт “Хэрвээ хөлслөгч хөлсөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” /хх-13/ гэж заасан, шүүх алдангийг гаргуулахдаа гэрээний дээрх нөхцөлд тулгуурласан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан хуулийн шаардлагыг талууд гэрээ байгуулахдаа баримталсан, гэрээний уг нөхцөл хүчин төгөлдөр байна. Хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Хариуцагч нь гэрээнд “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн” гэж заагаагүй тул хуульд нийцээгүй, тиймээс алданги тооцохгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Гэрээнд “хөлслөгч хөлсөө төлөөгүй бол” гэж заасан нь “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн” гэх ойлголттой агуулга нэг бөгөөд гэрээний 3.2-т заасан нөхцөл нь хуулийг зөрчсөн, алдангийн тохиролцоог үгүйсгэх үндэслэл болоогүй байна. Иймд алдангийг төлөхгүй гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 03-ны өдрийн 1480 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 81,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ