Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0951/З/ |
Дугаар | 370 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 370
Я.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Я.С нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0430 дугаар магадлалтай, Я.С-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т тус тус заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0430 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Я.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэрэг нь “эцэслэн шийдвэрлэгдээгүй” байна гэж нэг талыг барьж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Энэхүү асуудал бараг нэг жилийн өмнө шийдвэрлэгдсэн бөгөөд хавтаст хэрэг нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт хадгалагдаж байгаа болно. ...Анхан болон давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/29 дүгээр тогтоолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэл муутай байна. ...Баян-Өлгий аймгийн Засаг даргын санал болгосон Б.С нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа буюу төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан зохицуулалт нь төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчид холбоотой заалт юм.
Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.С-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоход Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэсэн ба хариуцагчийн тайлбарт дурдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан зохицуулалтыг баримтлаагүй байна. ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан тоотыг хэрхэн хангасан талаар Төрийн албаны зөвлөлд одоо хүртэл хариу өгөөгүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байна.
Нөгөө талаас Я.С намайг ажлаар хангах талаар харьяа агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт үүрэг өгсөн боловч намайг тус газар ямар нэгэн ажлын байраар хангаагүй 8 сар болж байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарууд хууль зүйн үндэслэл муутай, миний нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. “Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/121 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн прокурор Т.Б-д, дараа нь Улсын ерөнхий прокурорын газарт тус тус гомдол гаргасан нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээх хүртэл үр дагаврыг бий болгохоор байх тул хариуцагчийн татгалзал хууль бус гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлтийг хийсэн нь илт нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн нөхцөл байдал, цаг хугацааны ойлголтыг буруугаар ойлгож дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус шүүхэд хандан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба уг маргааны үндэслэл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь хуульд заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилох шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгохыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “нэхэмжлэгч нь гэм буруутай, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг өгсөнтэй холбогдуулан “Өршөөлийн хуульд хамруулсан хэсгийг өөрчлүүлэх шаардлагатай юм байна” гэх шалтгаанаар дээд шатны прокуроруудад гомдол гаргасан ба ийнхүү гомдол гаргасан үйлдлийг нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг хамгаалах үндэслэл болгож, хариуцагч байгууллагаас уг асуудлаар маргаагүй байхад анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруугаар үнэлсэн гэж үзэж байна.
Хэрэв хариуцагч байгууллага хууль зөрчилгүйгээр миний гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн тохиолдолд гомдол гаргах шаардлага бий болохгүй байсан гэтэл үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. “...Баян-Өлгий аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн нэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу санал болгоогүй, Б.С-ыг санал болгосны дагуу томилсон нь уг хуулийн заалттай нийцэж байна...” гэх дүгнэлт нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг дордуулсан байдлаар тайлбарлаж, хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйн талаар хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.
Учир нь нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлэх эрхийг 2012 оны 8 дугаар сард түдгэлзүүлсэн байдаг ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа дуусаж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дүгээр тогтоолоор албан үүргээ биелүүлэх эрхийг нь түдгэлзүүлсэн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Товчхондоо нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах, албан үүргээ биелүүлэх эрх нь сэргэсэн байхад сүүлд орсон хуулийн зохицуулалтын дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргаас заавал санал авах ёстой гэж нэгэнт сэргээгдсэн эрхийг нь дахин шүүхээс хязгаарлах байдлаар хуулийг тайлбарлаж байгаа нь буруу юм.
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь тухайн газрын бүтцийн болон хуулийн процессын шинжтэй өөрчлөлтөөс үл хамааран бүрэн томилох эрх, үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрээ гаргахдаа дээрх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
Тодруулбал, хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Б.С-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилохдоо Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэсэн ба хариуцагчийн тайлбар болон шүүхийн тайлбарласан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан заалтыг баримтлаагүй тушаалаа гаргасан байдаг. Үүнээс үзвэл Засаг даргын санал нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан үүргээ гүйцэтгэх эрхээ үргэлжлүүлэн эдлэхэд ямар нэг саад болохгүй байхад заавал уг ажиллагааг хийлгэх, нэхэмжлэгчид чирэгдэл учруулах байдлаар хуулийг тайлбарлаж байгаа нь албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн үйл ажиллагааг зогсоосны дараах үр дагаврыг үгүйсгэсэн тайлбар болсон гэж үзэж байна.
Хариуцагч байгууллага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно, хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хугацаанд шийдвэрлээгүй, хууль бус эс үйлдэхүйг гаргасныг анхаараагүй, бүтэц орон тооны өөрчлөлт, санал болгоогүй гэх шалтгаанаар хариуцагчийн хууль бус үйлдлийг хамгаалах байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Я.С нь Нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, томилох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “намайг холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, албан үүргийг биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон,... ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй” гэж маргажээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийг баримтлан Я.С-ийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг биелүүлэхийг 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-гийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дугаартай тогтоолоор Я.С-д холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, уг тогтоолын 3 дахь заалтаар “Я.С-ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн” мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосноос үзвэл нэхэмжлэгч Я.С-ийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолын үйлчлэл 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Дээрх тогтоол үйлчилж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс” гэж өөрчилсөн байх ба Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу тус байгууллагын “дарга”-ыг аймгийн Засаг даргатай зөвшилцөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга томилж, чөлөөлөхөөр, харин Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн хэлтэс шинээр байгуулан ажиллуулсан, уг байгууллагын даргыг аймгийн Засаг даргатай зөвшилцөн Хөдөлмөрийн сайд томилж, чөлөөлөхөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заажээ.
Эндээс үзвэл, Я.С-ийн ажиллаж байсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс өөрчлөн байгуулагдаж, эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/ нь үгүй болсон байх тул дээрх 2 байгууллагын аль нэгний даргаар Я.С-ийг томилон ажиллуулах эрх зүйн боломжгүй болсон байна.
Өөрөөр хэлбэл, “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн” тогтоолын үйлчлэл уг тогтоолын агуулгаар “түр хугацаа”-аар боловч бодит байдал дээр 3 жил 11 сарын хугацаагаар хэрэгжсэн, Я.С-ийн “Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс”-ийн даргын албан үүргээ биелүүлэх эрх сэргэсэн хэдий ч тус хэлтэс өөрчлөгдөж Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болсон, уг өөрчлөн байгуулагдсан хэлтэст “үргэлжлэн” ажиллах эсэхтэй холбогдох маргаан нь энэ маргаанд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан өөр харилцаагаар зохицуулагдахаар байна.
Түүнчлэн мөрдөн байцаагчийн “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”-ыг хүчингүй болгосноос хойш Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар болсон, үүгээр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсийн тус тусдаа хэрэгжүүлж байсан төрийн чиг үүрэг, үйлчилгээг нэгтгэх замаар тус байгууллагууд нь өөрчлөн байгуулагдсан байх бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.С-ыг томилуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “санал” болгосны дагуу тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.С-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилжээ.
Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын “санал” болгоогүй /аймгийн Засаг даргатай зөвшилцөн томилох албан тушаал/ Я.С-ийг “томилох” шийдвэрийг хариуцагч гаргах хууль зүйн боломжгүй учир хариуцагчийн “томилоогүй” гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, томилох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...нотлох баримт буруу үнэлсэн, ...нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг дордуулсан байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0293 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0430 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ